| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2025/0001/з |
| Дугаар | 127/ШШ/2025/0006 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 127/ШШ/2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0001/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “СФ” ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/192 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарчээ. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтын 1-рт бичсэнээр Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Бор-Өндөр сумын 2-р баг, Үйлдвэр 1 гудамж, 104в тоот хаяг байршилд 43 га газрыг анх “СФ” ХХК-нд олгохоор[1] шийдвэрлэсэн байна.
Улмаар “СФ” ХХК нь Бор-Өндөр сумын газрын даамалтай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №02352-2020/00162 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[2] байгуулснаар, газар эзэмших эрхийн гэрчилгээг авчээ.
2.2 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “СФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[3].
2.3 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын дээрх захирамжийг “СФ” ХХК нь эс зөвшөөрч, Хэнтий аймгийн Засаг даргад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/24 дугаартай албан бичгээр гомдол[4] гаргасан байх бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамж гарч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.
2.4 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлж[5], Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авна уу гэсэн байна.
Улмаар Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай захирамж гаргаж[6], аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий актыг гаргасан байна.
2.5 Нэхэмжлэгч “СФ” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын дээрх 2025 оны А/02 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, аймгийн Засаг даргын хувьд дээд шатны албан тушаалтан, байгууллага байхгүй гэж үзээд, нэхэмжлэлээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан.
2.6. Тус шүүх нь 2025 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 127/ШЗ2025/0015 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч “СФ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/192 дугаар захирамжаар холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцон, хамгийн дээд үнэлгээг авсан аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газрыг нэгдүгээр хавсралтад заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээг олгож, уг хавсралтын газар болон эзэмшигчдийн мэдээллийн 1-рт газар эзэмшигч; “СФ” ХХК, регистр: 6575412, хэмжээ /га/: 43, зориулалт: Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж, хугацаа /жил/: 15, байршил /хаяг/: 2-р баг, Үйлдвэр-1 гудамж, 104в тоот гэж тусгажээ.
Улмаар Бор-Өндөр сумын Засаг даргатай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулснаар үйл ажиллагаагаа явуулах болсон.
... Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/98 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 ба түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд Засаг даргын шийдвэрийн талаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл, 49.3, 49.3.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д тус тус заасан.
“СФ” ХХК-ийн зүгээс Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны А/98 дугаар захирамжийг эс зөвшөөрч дээд шатны Засаг дарга буюу Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Ч-т хандаж 2024.06.17-ны өдрийн Гомдол гаргах тухай 03/24 дүгээр албан бичгээр гомдол гаргасан болно.
Хэнтийн аймгийн Засаг даргаас манай компанийн гаргасан гомдлыг хянан үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/192 дугаартай захирамжаар “СФ” ХХК-д эзэмшүүлсэн газрыг тус сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай захирамжаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хангаагүй болох нь тогтоогдсон байх тул Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэн 2024.07.05-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/371 дүгээр захирамжийг гаргасан байна.
...”СФ” ХХК нь 2020 оны 12 сард газар эзэмших гэрчилгээг авснаас хойш газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөлөл, байгаль цаг уур, хөрөнгө оруулалтын шат дамжлага, банк санхүүгийн асуудлууд төсөл хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлүүд бусад компаниудын нэгэн адил манай компанид ч сөргөөр нөлөөлж бүгд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр биелэгдэх боломжоо алдсан юм.
... Тухайн үед ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 39, 63, 64, 177 дугаартай хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоолууд гарсантай холбоотойгоор БНХАУ-ын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосноор манай компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүйн зэрэгцээ, бусад компанийн адил чамгүй алдагдал хүлээсэн.
Гэсэн хэдий ч бидний зүгээс сум орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газартай байнга холбоотой ажиллан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ирсний үр дүнд Үйлдвэрийн газрын 1:1000 масштабтай ТОПО зургийн тайлан, Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, Баяжуулах үйлдвэрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний судалгааны тайлан, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө (2022-2026 он), эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж газрын 4 буланд шав тэмдэг тавьсан, Барилгын инженер-геологийн судалгааны ажлын гэрээ хийгдсэн, Флотацын үйлдвэрийн усан хангамжийн зориулалттай усны хайгуул хийж худаг өрөмдөж паспортжуулан албажуулсан, худгийн усанд Усны хүрээлэнгээр хими, бактерлогийн шинжилгээ хийлгэсэн, Төмөр замын ачиж буулгах анги болон гаалийн хяналтын терминалын зураг төсөл дээр үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам-ын хамтарсан улсын комисс ажиллаж техникийн нөхцөл авсан, 2022.04.28-нд ....... ХХК-тай Эдлэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж 100 ш төмөр бетонон хашаа, 101 ш төмөр бетон хөл худалдан авч 2023.03.10-нд бетонон хашааг хүлээлгэн өгсөн, улмаар тээвэрлэлтийг хийж Хонхорт байрлуулсан.
... Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022.08.11-ний өдрийн А/99 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг “СФ” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газарт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Бор-Өндөр өртөөнөөс салаалсан .......ХХК-ийн эзэмшлийн салбар төмөр замаас салбар төмөр зам салаалах техникийн нөхцөл боломжийг судлан 2022.09.07-ны өдрийн Дагнасан хэрэглээний салбар төмөр зам барих техникийн нөхцөлийн N222/99/48 дугаар дүгнэлтээр Ажлын хэсэг нь “СФ” ХХК-ийн хүсэлтийг газар дээр нь судалж үзээд ... .......ХХК-ийн эзэмшлийн салбар төмөр замын төгсгөл 33 дугаар үед зүүн гарын суман шилжүүлэг тавьж хүсэлт гаргагчийн өөрийн эзэмшлийн үйлдвэрийн талбайд хүрэх салбар төмөр замыг зураг төслийн дагуу салаалах техникийн нөхцөлийн боломжтой гэж дүгнэв" гэсэн дүгнэлтийг гаргасан зэрэг маш олон ажлуудыг хийж гүйцэтгэн асар их хэмжээний зардал гаргасан болно.
Түүнчлэн үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд сум орон нутгийн хэмжээнд эдийн засгийн үр ашигт нөлөөлөх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тууштай ажиллаж ирснээр үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөртэй холбоотой бүхий л техник эдийн засгийн үндэслэлүүд, төмөр зам, тээврийн ТЭЗҮ-г боловсруулан байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар батлуулсан бөгөөд одоо Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жилээр /2026 он хүртэл/ боловсруулан бэлэн болгоод байна.
Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших өөрийн эзэмшлийн газартаа 400м хашаа барин сахиул тавьж, технологийн туршилтын тайланд зориулан Монгол Улсын хилээр 500 кг жоншны хүдрийн дээж гарган туршилт явуулж байгаа болно.
“СФ" ХХК нь Газар эзэмших, ашиглах гэрээ"-ний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ талаарх ажлын тайлан, танилцуулга, хамтран ажиллах хүсэлт, албан бичгүүдийг Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар болон орон нутгийн удирдлагуудад удаа дараа хүргүүлж байсан. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогч бөгөөд ажлын хэсгийн ахлагч Х.Г-ад 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/24 дугаартай албан бичгээр хандаж байснаас гадна сонсох ажиллагаануудад энэ талаар өөрийн хийж хэрэгжүүлж ирсэн цаг хугацаа, зардал мөнгө, хүндрэл бэрхшээл шаардсан ажлын талаар бүрэн дүүрэн тайлбарлаж байсан болно.
... “СФ” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх үүссэнээр улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр газар эзэмших гэрээг байгуулуулж, газрын гэрчилгээгээ авсан, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж ирсэн байхад Бор-Өндөр сумын Засаг дарга нь манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус үндэслэлээр “СФ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн.
... Мөн захиргааны байгууллагын дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд авч, үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөртэй холбоотой бүхий л техник эдийн засгийн үндэслэлүүд, төмөр зам, тээврийн ТЭЗҮ-г боловсруулан байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар батлуулсан бөгөөд одоо Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулсан зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн “СФ” ХХК-д хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна.
... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дээрх албан бичгийг бид мэдсэн даруйдаа уг албан бичгийг хүчингүй болгуулахаар тус компанийн 2024.12.12-ны өдрийн “Гомдол гаргах тухай" 09/24 дүгээр албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, бидэнтэй нэг ч удаа утсаар яриагүй, холбоо бариагүй болно.
Гэтэл манай компанид мэдэгдэлгүй хийгдсэн хяналт шалгалтын үр дүнгээр гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас 2024.10.08-ны өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Ч-т хүргүүлсэн Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 1/2675 дугаартай албан бичигтэй танилцахад ... Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/371 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох арга хэмжээг авна уу гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024.10.08-ны өдрийн 1/2675 дугаар албан бичигт дурдсан “ЭБ” ТББ-ыг бид мэдэхгүй, ямар учиртай байгууллага болохыг ч мэдэхгүй байхаас гадна олон нийтэд нээлттэй ... сайтаас үзэхэд “ЭБ” НҮТББ 2023.08.08-ны өдөр татан буугдсан хуулийн этгээд байх бөгөөд нэгэнт татан буугдсан хуулийн этгээдийн албан бичгийг судалж үзэх, хянаж шалгах боломжгүйгээс гадна Хэнтий аймгийн Засаг даргын 2024.09.25-ны өдрийн 9/1671 дүгээр албан бичиг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2024.06.14-ний өдрийн 498 дугаар албан бичгээр тус тус ирүүлсэн хүсэлт, холбогдох бичиг баримт болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хяналт шалгалт хийх нийтлэг журам-д тус тус зааснаар хяналт шалгалт явуулсан бол эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй “СФ” ХХК-ийг уг хяналт шалгалтад оролцуулаагүй, тайлбар мэдүүлэг аваагүй, холбогдох бичиг баримтуудтай танилцуулаагүй атлаа гаргасан захирамжаа хүчингүй болгох талаар чиглэлийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй болно.
... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас хяналт шалгалт хийж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай 1/2675 дугаар албан бичиг ирж уг албан бичгийн хүрээнд аймгийн Засаг даргын 2024.12.06-ны өдрийн А/638 дугаартай захирамжаар холбогдох арга хэмжээг авч ажиллах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Иймд ажлын хэсгийн дүгнэлтээр захирамж хүчингүй болгох үндэслэл үүссэн тул ... холбогдох тайлбар, нотлох баримтуудын хамт дугтуйлан 2024.12.20-ний дотор яаралтай ирүүлнэ үү гэх бичгийг ирүүлсэн байх бөгөөд хууль бус хяналт шалгалт явуулан аймгийн Засаг даргыг гаргасан захирамжаа хүчингүй болгуулах чиглэлийг өгсөн хууль бус албан бичгийн үр дүнд манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор төрийн захиргааны байгууллагаас мэдэгдсэний дагуу компанийн зүгээс 2024.12.20-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд очиж сонсох ажиллагаанд оролцсон болно.
... Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2024.07.05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
... Бид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дээрх албан бичигтэй танилцаад хяналт шалгалт явуулах юм байна гэсэн ойлголттой байсан боловч аймгийн Засаг даргын 2025.01.03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/2 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хууль бус албан бичгийг үндэслэн манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргын 2024.07.05-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгож эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн нөхцөл байдлыг бий болгож байна.
Нөгөөтээгүүр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024.10.08-ны өдрийн 1/2627 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичигт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар өөрөө хяналт шалгалт явуулж аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдлыг тодруулсан гэх агуулгатай байсан боловч агентлагаас Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2025.01.06-ны 1/16 дугаар албан бичгээр ... хяналт, шалгалт хийж хариу ирүүлнэ үү... гэх агуулгыг тусгасан байгаа нь өмнө нь хяналт шалгалт хийгдээгүй, явагдаагүй болохыг харуулж байна.
... Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үл харгалзан манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж нэг жил хүрэхгүй хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сард газар эзэмших эрх сэргэснээс хойш 7-хон сарын дараа дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа хууль бус, эрх зүйн байдлыг дордуулж буй үйл явдалтай бид хэрхэвч санал нийлэхгүй, гомдолтой байгаа тул Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/2 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай компани 2003 оноос хойш жоншны уурхай борлуулалт гарал үүслийн талаар судалгаа хийж явсаар байгаад 2006 онд анх хайгуулын төсөлтэй болж, 2020 онтой золгосон байдаг.
... 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших гэрээ хийгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээгээ хүлээж авсан. Манай компанийн үйл ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн гэж үзэж болно. Манай компани өөрөө биш боловч миний эзэмшлийн манай охин компани гэж үзэж болохоор Хэнтий аймгийн нутагт 3 ордын хувьцаа эзэмшигч, энэ 3 ордоо үйлдвэрлэлийн түвшинд боловсруулахгүй бол нэмүү өртөг шингэхгүй юм байна гэдэг үүднээс бид анхнаасаа явсан байдаг. Ингээд бид 2021 онд бүтэн, хагас жил ТЭЗҮ-н боловсруулалтын компани сонгон шалгаруулалт, сонгон шалгаруулсан компанитайгаа үйлдвэрийн талаар олон сар ярилцаж, шинжилгээ судалгаа тооцоо хийсний эцэст 2021 оны 07 сард Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн ерөнхий зөвлөлд өргөдлөө өгсөн. Ингээд 7 сард нь Эрдэс баялгийн ерөнхий зөвлөлийн хурлаар орж, 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр манай төслийн ТЭЗҮ тэнцэж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энэ ТЭЗҮ-г хүлээн авсанд тооцсугай гэсэн сайдын тушаал гарсан. Ер нь газартай холбоотой асуудалд бичиг баримтууд хамгийн чухал байдаг. Газрыг худалдаж авсан даруйдаа үйлдвэрлэлийн барилга барих боломжгүй. Хамгийн түрүүнд бичиг баримтын бүрдэл бүрэн байж байшин барих зөвшөөрөл нь олдогддог хууль журамтай. Үүний дагуу манай компани ТЭЗҮ-гээ батлагдсан өдрөөс авхуулаад Байгаль орчны 4 үндсэн бичиг баримт буюу тухайн Бор-Өндөр суманд авсан газар дээрээ байгаль орчны аюулгүйн үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ... бичиг баримтуудаа бүрдүүлсэн. Энэ бичиг баримт нь 2022 онд биежиж, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нарийвчилсан үнэлгээгээ авсан, нарийвчилсан үнэлгээний тайлан батлагдсан. Тайлангийн дараа төлөв байдлын үнэлгээ гэдэг зүйл хийгдсэн. Хамгийн сүүлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2026 оныг дуустал Байгаль орчны яам баталж өгсөн байдаг. Энэ хооронд ТЭЗҮ-гийн компани болон байгаль орчны компанитайгаа нэгдээд усны хайгуул цахилгаан хангамж, усан хангамж, тээвэр, төмөр зам болон авто замын тээвэр зэрэг бүх төрлийн судалгааг яг ном ёсоор нь хийсээр ирсэн.
... Бор-Өндөр сумын газрын зөрчил илрүүлэх, арилгах комиссынхон тухайн үед хүнийг илт үнэгүйдүүлсэн асуудал яригдаад өнгөрсөн байсан. 400м төмөр хашаа барьчхаад байхад ажлын комисс нь “наадхыг чинь ямар хашаа гэдэг юм” гэж ажлын комиссынх нь хүмүүс хэлж байгаа юм. Бид усны хайгуул хийгээд худгаа хийчхээд байхад худгийг ерөөсөө авч хэлэлцээгүй. Тэр худаг 127м гүнтэй, доошоо бүрэн төмөр турбагаар тоноглогдоод хянагдаад Хэнтий аймгийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас паспортыг нь албажуулаад авчихсан, өчнөөн зардал гаргачихсан байхад “наадах чинь ямар хамаатай юм” гэж манай компанийг бүрэн үгүйсгэсэн ч би хийсэн ажлаа тайлагнасан. Ингэж явсаар байгаад 2024 оны 2 дугаар сард ажлын хэсэг байгуулагдсан танай байгууллага зөрчилтэй байна, танайх хийсэн ажлынхаа бүх юмыг санхүүгийн баримттай нь авчир гэсэн албан тоот өгөхөд нь тухайн үед би хийсэн ажлаа бүгдийг нь авчирч үзүүлсэн.
... Тэгээд 3 сард нь дүгнэлт гарсан гэж яриад байсан түүнийгээ надад өгөөгүй. Нэг мэдсэн чинь 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Бор-Өндөр сумын Засаг даргын захирамж гарсан байсан. Захирамж гарсан өдрөө над руу утасдаад “танай газар эзэмших эрхийг цуцалсан” гэхээр нь ямар үндэслэлээр цуцалсан юм бэ гэхэд Газрын тухай хууль зөрчсөн учраас цуцалсан гэж хэлсэн. Миний хувьд газрын төлбөрөө 100 хувь төлөөд явж байсан. Захирамж гарсан 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх зөрүү төлбөрийг хүртэл төлчихсөн явж байгаа. Мөн жил жилийн төлбөрийг онлайнаар нэхэмжлэл үүссэн хэмжээгээр төлөөд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлсөн явж байсан. Ингээд би дээд шатны байгууллага буюу Бор-Өндөр сумын Засаг даргад хандахад “би мэдэхгүй ээ, манай ажлын хэсэг л шийдвэрлэж байгаа учраас би ажлынх хэсгийнхээ шийдвэрийг дагаж байна” гэж Бор-Өндөр сумын Засаг дарга надад хэлсэн. Үүнийгээ албан бичгээр өгөөгүй амаараа хэлж байгаа нь хууль бус юм. Ингээд хуульчдынхаа зөвлөснөөр дээд шатны байгууллагад нь хандах ёстой юм байна гээд Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Бид өөрсдийн хийсэн ажлуудын жагсаалт, эд мөрийн баримттай нь нийт 34 хуудас материал бэлдээд явуулахад тухайн үеийн Засаг дарга илт буруу шийдвэр гаргасан байна гээд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүнээс хойш 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрийнхээ байшингуудын өмнөх ажилчдын түр байрны суурийг бүрэн арматур хийгээд бетондоод, орос технологийн бетон хашаа бариад дуусаж байхад бас дахиад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон захирамж гарч ирсэн учраас бид шүүхэд хандаж байгаа юм” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Засаг даргын "СФ" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хууль бусаар хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.
... Маргаан бүхий Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/2 дугаартай захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд "Засаг даргын шийдвэр"-ийн талаар заасан байх бөгөөд 66, 66.3, Газрын тухай хуулийн 61.1-д тус тус заасныг үндэслэсэн байсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" гаж заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн.
"Хууль тогтоомжид нийцээгүй" гэдэгт өөрийн харьяаллын бус асуудлаар шийдвэр гаргасан, шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, захирамж нь бусад хуулийг зөрчсөн зэрэг тохиолдлууд хамаарч байгаа юм.
Тодруулбал, захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой.
Гэтэл эрх зүйн үйлчлэлгүй, заавал дагаж биелүүлэх шаардлагагүй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг үндэслэн өмнөх аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа.
Тодруулбал, Агентлагийн 2024 оны 1/2675 дугаартай албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 128/Ш32025/0084 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай" 221/ШТ2025/0090 дугаартай тогтоолоор тус тус"... албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй", Газрын тухай хуульд заасан бүрэн эрх хэрэгжүүлдэг захиргааны байгууллага буюу Аймаг, сумын ЗД-д Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үүрэг өгөx, түүнийг заавал биелүүлэх, иргэн, хуулийн этгээдийн хоорондын газрын маргааныг эцэслэн шийдвэрлэх, уг шийдвэрийг нь бусад этгээд заавал биелүүлэх талаар хуулиар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчих үр дагавар үүсгэхгүй, уг албан бичгийн дагуу Газрын тухай хуульд заасан хүрээнд ямар арга хэмжээ авах нь тухайн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна гэх зэргээр дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Иймд эрх зүйн үйлчлэлгүй, заавал дагаж биелүүлэх шаардлагагүй албан бичгийг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.
Агентлагийн дээрх албан бичиг нь "ЭБ" ТББ-аас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №122 дугаартай бичгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлд "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар"-ын талаар заасан байх бөгөөд 26.1-д "Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно" гэж зааснаар "ЭБ" ТББ-ын иргэний эрх зүйн чадвар нь татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болсон болох нь ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нийтэд нээлттэй сайт болох https://www.opendatalab.mn/ сайтаас үзэхэд "Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн жагсаалт"-д "татан буугдсан 2023 оны 08 дугаар сарын 08 гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдож байгаа болно.
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр татан буугдчихаад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр агентлаг албан бичиг илгээж аймгийн Засаг даргын доод шатны засаг даргад буюу сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын шийдвэрийг цуцлах агуулгатай ийм бичиг өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжийг захиргааны байгууллагын албан тушаалтнууд гаргаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар гаргасан захиргааныхаа актын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх мэдэгдэх арга хэмжээг тухайн актыг гаргасан захиргааны байгууллага өөрөө хариуцах ёстой байдаг. Гэтэл маргаан бүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийг аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч компанид албан ёсоор мэдэгдээгүй. Сумын Засаг даргын тамгын газраас илрүүлснийг бидэнд мэдэгдсэнээр бид хамгийн анх танилцсан байдаг. “ЭБ” ТББ-тай холбоотой https://www.opendatalab.mn/ -аас авсан энэ баримтыг бид Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан Сонсох ажиллагаанд нотлох баримтаар энэ баримтыг өгч байсан. Энэ нь Геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримт дунд энэ баримт нотлох баримтын шаардлага хангуулсан хэлбэрээр авагдсан байна лээ. Агентлагийн бичгийн аймгийн Засаг даргын тамгын газар хүлээж аваад ажлын хэсэг томилох тушаал гаргасан байдаг. Энэ тушаалын дагуу Саранхүү захирал болон миний бие 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан сонсох ажиллагаанд оролцож, тайлбар, нотлох баримтуудаа өгч байсан. Гэтэл шүүхээс Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргын 2024 оны А/638 дугаартай захирамж болон уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг ирүүлэхийг шаардсан. Гэтэл Засаг даргын тамгын газрын даргаас ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэсэн ирсэн хариу албан бичгээр нотлогдож тогтоогддог.
... "СФ" ХХК-ийн зүгээс Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны А/98 дугаар захирамжийг эс зөвшөөрч дээд шатны Засаг дарга буюу Хэнтий аймгийн Засаг даргад хандаж 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "Гомдол гаргах тухай" 03/24 дугаар албан бичгээр гомдол гаргасан, уг гомдлыг Хэнтий аймгийн Засаг даргаас манай компанийн гаргасан гомдлыг хянан үзэж сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон үндэслэлтэй, хуульд нийцсэн зөв болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай" А/98 дугаар захирамж гарах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Энэ нь үндэслэл нь юу вэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасан гэдэг заалтаар хүчингүй болгосон байдаг.
Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-т "... "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг.
Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг "ашиглаагүй" гэх үндэслэлээр хүчингүй болгоход ийнхүү ашиглаагүй нь "хүндэтгэн үзэх шалтгаангүй" ба "гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил" гэх хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах (нийлмэл гипотези) бөгөөд захиргаа шийдвэр гаргахын өмнө эдгээр нөхцөлийг бүрэн судалж тогтоох учиртай, нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөлүүд хангагдаагүй учир зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
...Анх сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/192 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгож 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод байгаа юм. Энэ цаг хугацаануудаас үзэх юм бол газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэх хугацааг тодруулбал, анх гэрээ хийгдсэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны хооронд 2 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Дараагийн нэг үндэслэл нь "СФ" ХХК нь төслийн хүрээнд тодорхой үйл ажиллагаа явуулж байснаас гадна Байгаль орчны ерөнхий үнэлгээ болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, ТЭЗҮ хүлээн авсан гэх зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн газрыг ашиглахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байна.
Мөн үүний зэрэгцээ "СФ" ХХК-д газар эзэмшүүлэхээр захирамж гарсан үе буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/192 дугаар захирамж гарсан үе нь /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан үетэй давхацсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна. Хэдийгээр компанийн зүгээс дотоодын хөрөнгө оруулалттай төрийн захиргааны байгууллага компани тухайн уул уурхайн үйлдвэрийн барилга байгууламж барих энэ төслийг дэмжээд газар олгоод явсан боловч ажиллагааны явцдаа хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж, удаа дараа хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай” А/2 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа[7]: “... Бор-Өндөр сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасанчлан хүчингүй болгосон.
Үүний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3152 дугаартай хуулийн хэрэгжилт хангуулах талаар ирсэн албан бичгийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/2 дугаар захирамжаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
... Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/638 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалт хийгдэж байх явцад аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж хүчингүй болгох А/2 дугаар захирамж гарсан тул ажлын хэсгийн дүгнэлт гараагүй.
Мөн аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж хүчингүй болгох А/2 дугаартай захирамжийг Бор-Өндөр сумын Засаг даргад хүргүүлж хариуг мэдэгдсэн бөгөөд “СФ” ХХК-д уг шийдвэрийг хүргүүлээгүй болно.
“СФ” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/25 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтын хүрээнд судлагдах явцад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “СФ” ХХК-аас аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/2 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасантай холбогдуулан тус хүсэлтийн шийдвэрлэлт хүлээгдэж байгаа болно” гэжээ.
|
|
7. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ нэмж хэлэх тайлбар байхгүй. Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/192 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 1-рт бичсэнээр “СФ” ХХК-нд 43га анх газрыг Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгохоор[8] шийдвэрлэсэн байна.
2. “СФ” ХХК нь Бор-Өндөр сумын газрын даамалтай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №02352-2020/00162 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[9] байгуулснаар, газар эзэмших эрхийн гэрчилгээг авчээ.
3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “СФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[10].
4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын дээрх захирамжийг “СФ” ХХК нь эс зөвшөөрч, Хэнтий аймгийн Засаг даргад 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03/24 дугаартай албан бичгээр гомдол[11] гаргасан байх бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамж гарч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.
5. Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлжээ.[12] Уг албан бичигт Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллах талаар тусгасан байна.
Улмаар Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай захирамж гаргаж[13], аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/371 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6. Дээрх захирамжийг нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар, харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус шүүхэд маргалдаж байна
7. Мөн нэхэмжлэгч “СФ” ХХК нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авчээ.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2025/0084 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна[14]. Татгалзсан үндэслэлээ “хуулийн хэрэгжилтийн талаар чиглэл өгч буй агуулгатай, захирамжилсан шинжгүй, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээргүй албан бичиг байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
8. Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч “СФ” ХХК нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2025/0090 дугаартай шүүхийн тогтоол гарч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ[15].
9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, байгууллага хоорондын зохицуулалт агуулсан, гадагш буюу хэн нэгэн иргэн, хуулийн этгээдэд чиглээгүй албан бичиг болох нь тогтоогдож байна.
10. Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай “захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг гаргахдаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай албан бичгийг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байх ба уг албан бичигтэй холбоотойгоор ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр шууд захирамжийнхаа үндэслэл болгосон нь буруу болжээ.
11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2675 дугаартай албан бичигтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Засаг дарга нь 2024 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн А/638 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан[16] боловч, ажлын хэсгээс ямар нэгэн дүгнэлтийг гаргаагүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болох нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-гийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/446 дугаартай тайлбараас[17] тодорхой харагддаг бөгөөд хариуцагч талаас ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, байхгүй гэж тайлбарлаж байна.
12. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3152 дугаартай албан бичгийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлж, “авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тайлбар, баримт материалууд ирүүлэх”-ийг[18], 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/16 дугаартай албан бичгийг Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж “...хяналт шалгалтыг хийж хариу ирүүлэх”-ийг[19] тус тус тусгасан албан бичгүүдийг хүргүүлжээ.
13. Дээрх албан бичгүүдийн дагуу захиргааны байгууллагаас хяналт шалгалтын удирдамж, төлөвлөгөө баталж, хяналт шалгалтыг хийгээгүйн нь Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаануудыг захиргааны байгууллага бүрэн хийгээгүй, захиргааны шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, өөрт оногдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй “СФ” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхээр нь бүрэн хангаагүй гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн эзэмшиж буй газартай холбоотой маргаан бүхий шийдвэрийг Хэнтий аймгийн Засаг дарга гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг хангаагүй байна гэж үзлээ.
14. “ЭБ” ТББ нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаартай албан бичгээр “... Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 371 дугаартай захирамжийг хууль бус гэж үзэж” буй талаар тусгасан гомдлыг[20] Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт гаргасан байдаг.
Нэхэмжлэгч “СФ” ХХК нь шүүх хуралдаанд “..."ЭБ" ТББ-ын иргэний эрх зүйн чадвар нь татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болсон болох нь Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нийтэд нээлттэй сайт болох www.opendatalab.mn сайтаас үзэхэд "Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн жагсаалт"-д 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр татан буугдсан гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдож байгаа ... татан буугдчихаад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны гомдол гаргасан” гэж тайлбарладаг.
Уг нөхцөл байдлыг мөн Хэнтий аймгийн Засаг дарга нь шалгаж тогтоолгүйгээр 2025 оны А/02 дугаартай захирамжаа гаргасан байна.
15. Нэхэмжлэгч “СФ” ХХК-ийг 2020 оны 12 дугаар сард анх маргаан бүхий тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж үзээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргасан байдаг.
16. Хэдийгээр нэхэмжлэгч “СФ” ХХК нь дээрх Бор-Өндөр сумын Засаг даргын захирамжтай маргаагүй ч, уг захирамжтай холбоотой асуудлуудаар Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/371, 2025 оны А/02 дугаартай захирамжууд гарсан байдаг.
17. Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй”, мөн “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байх гэсэн нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.
18. Мөн нэхэмжлэгч “СФ” ХХК нь шүүх хуралдаанд “...2021 оны 07 сард Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн ерөнхий зөвлөлд өргөдлөө өгсөн. Эрдэс баялгийн ерөнхий зөвлөлийн хурлаар орж, 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр манай төслийн ТЭЗҮ тэнцэж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энэ ТЭЗҮ-г хүлээн авсан ... авсан газар дээрээ байгаль орчны аюулгүйн үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан гаргах компанийг бас сонгон шалгаруулсан ... тэгээд бичиг баримтуудаа бүрдүүлж хамгийн сүүлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2026 оныг дуустал Байгаль орчны яамнаас баталж өгсөн ... усны хайгуул цахилгаан хангамж, усан хангамж, тээвэр, төмөр зам болон авто замын тээвэр зэрэг бүх төрлийн судалгааг хийсэн ... 400м төмөр торон хашаа барьсан[21] ... 127м гүнтэй, доошоо бүрэн төмөр хоолойгоор тоноглогдсон худаг гаргаж паспортыг нь албажуулж авсан ... газрын төлбөрөө 100 хувь төлөөд явж байсан ... зөрүү төлбөрийг хүртэл төлсөн[22] ...” гэж тайлбарлаж байна.
19. Иймээс нэхэмжлэгч “СФ” ХХК-ийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тохиолдол үүсээгүй байна гэж дүгнэлээ.
20. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн гэж шүүхээс үзсэн тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар “захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга /аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “СФ” ХХК-нд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас,
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 41 дүгээр хуудас,
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас,
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас,
[5] 2 дугаар хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас,
[6] 2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас,
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас,
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 41 дүгээр хуудас,
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас,
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас,
[12] 2 дугаар хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас,
[13] 2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас,
[14] 2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас,
[15] 2 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас,
[16] 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас,
[17] 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[18] 2 дугаар хавтаст хэргийн105 дугаар хуудас,
[19] 2 дугаар хавтаст хэргийн106 дугаар хуудас,
[20] 2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас,
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас,
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 181-185 дугаар хуудас,