Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/51

 

 2024           01            04                                         2024/ДШМ/51

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Х.О,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.О, шүүгдэгч Г.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Аюушжав, Ч.Энхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-д холбогдох 2308 01985 1613 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Г-н Э, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух хаягтай, /РД: ............./,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны хооронд Төв аймагт болон ................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.О-г бусадтай хардах, “цагдаагийн байгууллагад дуудлага өглөө, өвчин халдаалаа” гэх мэт асуудлаар шалтаглан бие рүү нь цохих, газарт унаган өшиглөх, гурилын элдүүрээр гар хөл рүү нь цохих, толгой дээрээс нь бүлээн цай асгах зэргээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг “байнга зодсон”, “байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.О-г цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн мөр, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.Э-тэй 2017 онд танилцаж, гэр бүл болж, 1-5 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд Г.Э нь өөрийн гэсэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ эр нөхөр, эцэг хүний ёсоор авч явж ирсэн. Ингээд гэр бүлийн гадуурх харилцааны улмаас бидний хооронд маргаан гарч, 2 удаа миний биед гар хүрч байсан. Энэ талаар нагац ах М, түүний эхнэр О-т хэлэхэд “цагдаад өг” гээд О нь “ингээд бичвэл цагдаа өргөдлийг чинь хүлээн авна” гээд болоогүй зүйлийг болсон мэт бичиж өгсөн. Миний бие тухайн үед хожмын хор уршгийг ойлгож ухаараагүйдээ харамсаж байна. Мөрдөгч мэдүүлэг авахдаа “чи гомдлоо бичсэн талаар л мэдүүлэг өг, одоо өөр зүйл ярих шаардлагагүй” гэж мэдүүлэг авсан. Би шүүх хуралд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Г.Э-н үйлдлийг шүүхээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж дүгнэсэн нь ах, эгч нарын зааж бичиж өгсөн өргөдлөөс болсон гэж үзэж байна. Түүнээс биш 5 жил амьдрах хугацаандаа Г.Э нь харгис хэрцгий догшин авирлаж байгаагүй. Цагдаад ч дуудлага өгч байгаагүй. Бид эвтэй найртай сайхан амьдарч байсан. Г.Э бид хоёр харилцан ойлголцож гэр бүл, үр хүүхдээ эрхэмлэн үзэж амьдарч байтал шүүхээс нөхөрт маань 1 жил 3 сарын хорих ял оногдуулсныг маш их цочирдож хүлээн авлаа. Энэ хэргийн хохирогч гэгдэх миний буруутай үйл ажиллагаа их байсныг шүүх харгалзан үзнэ үү. Одоо бидний хувьд гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан амьдрал эрхэм чухал болж байна. Г.Э нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж ирсэн. Би хоёр хүүхдээ хараад ажил хийдэггүй. Одоо ч ажил хийгээгүй, хүүхдүүдээ асарч байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж Г.Э-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.О бид хоёр гэр бүл болж амьдарснаас хойш 2 сайхан хүүтэй болж эхнэр маань халамжлан асарч ирсэн. Энэ хугацаанд миний бие хувийн бизнес эрхэлж, хөдөлмөрийнхөө үр шимээр бетон зуурмаг зөөдөг 2 ширхэг “Хово” загварын машинтай болсон. Эдгээр авто машиныг барилгын байгууллагуудад бетон зуурмаг нийлүүлж, орлоготой ажилладаг. Би гэр бүлээ аз жаргалтай сайн сайхан авч явж байсан бөгөөд цаашид бизнесээ өргөтгөж, гэр бүлээ амар амгалан сайхан авч явна гэдэгтээ итгэлтэй байна. Харамсалтай нь залуу гэр бүлийн хааяа болдог маргаан болон эхнэр Х.О-н гэр бүлээс гадуурх хувийн харилцаа үүсгэснээс болж хоорондоо маргалдсан. Миний зүгээс 2 удаа гар хүрч хөнгөн гэмтэл учруулж байсандаа маш их харамсаж байдаг. Би гэр бүлийн маргаанаас болж 2 удаагийн үйлдлээр зодсон нь үнэн. Би Х.О-г байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл хийж байгаагүйг шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Гэр бүлийн харилцаанд бий болсон маргааныг хүчээр шийдвэрлэж болохгүй юм байна гэдгийг бие махбодь, оюун ухаанаараа ойлгож байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба эхнэрээсээ уучлалт гуйж байна. Балчир насны 2 хүүхдийн маань эрүүл мэнд, ирээдүйн залуу гэр бүл бидний амьдралыг бодож оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч П.Аюушжав, Ч.Энхбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч бид анхан шатны шүүхээс Г.Э-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстойг шийтгэх тогтоолдоо дурдсан атлаа хоёр зүйл, хэсгээр ял оногдуулахдаа заасан ялын дээд хэмжээгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэнгүй гэж үзэж байна. Шүүх гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, хохирогч анх өргөдөл, гомдол гаргахдаа мөн мэдүүлэг өгөхдөө хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүй байгаа байдлыг анхаарч үзээгүй 2-5 насны 2 балчир насны хүүхэдтэй залуу гэр бүлийн цаашдын ирээдүй хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал гэр бүлийг цаашид одоогийн байдлаар зөвхөн Г.Э өөрийн бизнесээрээ авч явж 2 хүүхдийн эрүүл орчинд өсч бойжих ямар нэгэн хэрэгцээт зүйлсээр дутагдаж гачигдахгүй байх нөхцөлийг хангаж байх боломжийг алдагдуулж болохгүйг анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх үйлдлийг Г.Э цочирдон хүлээн авч “би ийм аймшгийн үйлдэл хийж байгаагүй” гэж анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамтаар маргаж оролцсон, үүнийг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн нь харамсалтай байна. Одоо Г.Э нь анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн аваад хийсэн гэмт хэрэгтээ гүнээ гэмшин хойшид нийгэм, гэр бүлдээ зөв хүн болон төлөвшиж, бага насны хоёр хүүхэд гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө гэр бүлийн хүнийг уучилж, эхнэртэйгээ эвлэрэн ойлголцож, сайн сайхан амьдарна гэдгээ илэрхийлж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Э-д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг багаар тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа маш дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарлаж, хэргийн нөхцөл байдлыг дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг. Гэвч хэрэгт авагдсан гэрч О, М, Т нарын мэдүүлэг, осол, гэмтлийг бүртгэх хуудас, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн бүртгэл, хохирогчийн анх гаргасан гомдол, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хохирогчийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь үгүйсгэгддэг. Шүүгдэгч, хохирогч нар нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ангийн группээс болж хоорондоо муудалцаж, улмаар шүүгдэгч нь хохирогчийг зодсон. Дараа нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 28-ныг хүртэлх хугацаанд 5 удаа, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус хохирогчийг цохиж зодсон. Зодохдоо ихэвчлэн нүүрэн тус газар нь 3-4 удаагийн үйлдлээр, энд тэнд нь өвдөглөж, өшиглөх, уул руу аваачиж цохиж нүддэг, мөн бүлээн цай толгой дээр нь асгадаг. ... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзаж ял оногдуулсан нь бодит байдалд нийцэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны хооронд Төв аймагт болон .............тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.О-г бусадтай хардах, “цагдаагийн байгууллагад дуудлага өглөө, өвчин халдаалаа” гэх мэт асуудлаар шалтаглан бие рүү нь цохих, газарт унаган өшиглөх, гурилын элдүүрээр гар хөл рүү нь цохих, толгой дээрээс нь бүлээн цай асгах зэргээр “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг “байнга зодсон”, “байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.О-г цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн мөр, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

            хохирогч Х.О-н “... 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... Э уурлаад “чи нэг өөр хүн, би нэг өөр хүн” гээд миний гэдэс хэсэг рүү өвдөглөж унагаагаад нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөж, миний нүд рүү гараараа цохисон. Тэр үед миний зүүн нүд хөхөрсөн байсан ба хадам ээж “нүд яачихсан юм” гэж асуухаар нь “би юм мөргөчихсөн” гэж хэлээд өнгөрч байсан. Би зодуулсан талаараа хэн нэгэнд хэлээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... Э нь миний утсыг хараад хэвтэж байгаад намайг унтлагын өрөөнд дуудаад ажлын газрын хүмүүс болон хамаатны хүмүүстэй хардаад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиод өөрөө хувцсаа өмсөөд хадам ээжид “бид хоёр яваад хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд гэрээс авч гараад хашаан дотор “...чи яадаг болчихсон юм, үнэнээ хэл, үнэнээ хэлэхгүй бол чамайг ална шүү” гэж хэлээд... миний нүүр хэсэг рүү гарын алгаа дэлгэж байгаад нэг удаа цохиод, машинтайгаа хашаанаас гараад гудамжид миний нүүр хэсэг рүү дахин 2-3 удаа цохиод, дээшээ уул руу авч гарсан. Тэгээд дахиад л намайг үнэнээ хэл гээд “ямар үнэн” гэж асуухаар “чи өөрөө мэдэж байгаа, чи надаас айхгүй байна” гэх мэтээр хэлээд намайг хүчээр “...ажлын газрын хүнтэйгээ унтсан, би чамайг хуурсан...” гэж хэлүүлсэн. ... Маргааш өглөө нь 06 цагийн үед босоод Э хамт явъя гээд бид хоёр машинтай ТЭЦ 4-н тийшээ байх, Э-н ажил руу яваад ажлынхаа ойролцоо ирээд мөн л хардаад толгой руу хоёр удаа цохисон. ...Маргааш өглөө нь гэрт хадам ээж Ц болон хоёр хүүхдийн хамт байж байхад Э мөн л хардаад уурлаад ээжийнхээ хажууд “пизда гичий” гэх мэтээр хараагаад миний толгой руу 4 удаа цохисон. Энэ үед ээж нь Э-г “боль” гэж хэлээд болиулсан. Тэгээд ээжтэйгээ хамт гарч явчихаад өдөр нь 13 цагийн үед ирээд намайг нүүрсний амбаарт байхад бээлийгээр хацар луу 3-4 удаа цохиод нүүр хар болсон байхыг хараад “гэр лүү орж нүүрээ угаа” гэж хэлээд гэрт байж байхад толгой руу цохиж, өвдөглөсөн. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Тухайн үед миний баруун нүд бага зэрэг хөхөрсөн байсан ба өөрөөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байхдаа намайг цагдаад өгсөн гээд толгой руу 4 удаа цохисон. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөн л хоёулхнаа байж байхад хэл амаар доромжилж, гурилын элдүүрээр гар хөл руу цохиод, толгой дээрээс бүлээн цай асгаад аяга дээрээс унагаасан. Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд байх төрсөн ээж М-н гэрт очоод 3-4 хоноод буцаад гэр лүүгээ явсан. Намайг зодож цохисон талаар санаа нь зовох нь гэж бодоод хэлээгүй. Гэртээ байж байгаад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 шарын призерийн ойролцоо явж байхдаа миний зүүн гарын булчин хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод миний гарыг хөхрүүлсэн. ...” /хх 15-16/, “... Би 7067 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, эдгээр гэмтлийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Г.Э миний гар, нүүр гэх мэт биеийн хэсэг рүү гараараа цохиж зодсоноор учруулсан. ...” /хх 18/,

гэрч Ц.Ц-н “... Э орон дээрээс босоод О рүү дайрах гэж байхаар нь би “хүн зодох нь уу” гэж хэлээд болиулсан. ... Тэрнээс ойролцоогоор 10-аад хоногийн өмнө тэднийд очиход Э, О хоёр гарчихаад ирье гээд гарцгаасан. ... маргааш нь ирээд гэртээ хоноцгоосон байсан ба О-н нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь яасан талаар асуухад О “хашаа мөргөсөн” гэхээс өөр юм хэлээгүй. ...” /хх 20-21/,

гэрч Д.М-н “... 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хагалгаанд ороод 3 хоноод гэртээ харьсан. ... Манайд О ирэхдээ бие хаа, гар хөл нь хөх эрээн болсон байхаар нь юу болсон талаар асуухад шөнө гэрээсээ дагуулж гараад уулан дээр аваачиж зодсон гэсэн. ... Манайд 7 хонож байхад нөхөр нь О рүү байнга залгаад аваад явсан. ... Би хүү болох М-г очоод аваад ир гэж хэлээд явуулахад О ирэхдээ мөн л өнгө зүс алдсан, сэтгэл санааны байдал нь тогтворгүй, хэд хэдэн удаа цохиж зодсон гэж хэлж байсан. ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд,

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 47/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 54-62/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Х.О-н биед зүүн мөр, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 7067 дугаартай дүгнэлт /хх 31-32/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч Х.О болон гэрч Ц.Ц, Д.М нарын мэдүүлгүүд, шинжээчийн 7067 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Э нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм бурууд тохирчээ.

Хохирогч Х.О-с “... шүүх хуралд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой, ... хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч П.Аюушжав, Ч.Энхбаяр нараас “... гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, энэ байдлаа хохирогч нууж мэдүүлэг өгсөн байж болзошгүйг анхаарч үзээгүй, бага насны хоёр хүүхэдтэй, ар гэрийн нөхцөл байдал, одоо гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, Г.Э-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг багаар тогтоож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол хамтран гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.О нь гэмт хэрэг болсон талаар, уг үйл явц хэрхэн болж өнгөрсөн талаар тогтвортойгоор мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ц.Ц, Д.М нарын мэдүүлгүүд, мөн шинжээчийн 7067 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

Хэдийгээр хохирогчийн мэдүүлэг нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж “... хүний зааж өгснөөр цагдаад өргөдөл өгсөн...” гэх байдлаар мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь дангаар нотлох баримтаар болохгүйн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний өгсөн удаа дараагийн зөрүүгүй мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, харин 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арваннэгдүгээр бүлгийн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргийн хоёр зүйлд заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Иймд хохирогч Х.О, шүүгдэгч Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Аюушжав, Ч.Энхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Г.Э нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хуульд заасан хэмжээний дотор буюу 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял болгон багасгаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Шүүгдэгч Г.Э-н 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/1399 дүгээр шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг  “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял, ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар...” гэснийг “... 9 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жилийн хугацаагаар ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Х.О, шүүгдэгч Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Аюушжав, Ч.Энхбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР