Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал, ҮД:14-94,

шүүгдэгч С.Г,

хохирогч Б.Машбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд

төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төр захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 6-14 насны 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 хэсэг Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр байрны 315 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 266 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, Б овогт С Г /РД:................/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 1706 0124 50017 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

2017 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нягт оршихуй” ХХК-н борлуулалтын менежерээр ажиллаж байсан С.Г нь харилцагч байгууллага болох “Цэцэнгэрс” ХХК-иас “Нягт Оршихуй” ХХК-д төлөх ёстой байсан зуурмагын мөнгө болох 16.008.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн хувьдаа авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: Би “Нягт оршихуй” ХХК-д 2014 оны 08 дугаар сард орсон ба үүргийнхээ дагуу гадуур хүмүүстэй уулзах, бетон нийлүүлэх ажлыг хийсэн. 2014 онд цалин өгдөг байсан. 2015 оноос хойш цалин гэх зүйл гартаа авч үзээгүй. Утасны мөнгө компаниас төлж байгаа нэртэй ч цалингаас хасагддаг, бензин өгдөг ч түгжрээнд хүрдэггүй байсан. Би 2 хүүхэдтэй, гэр бүлтэй хүн тул эд зүйлсээ ломбарданд тавьж, захиралдаа итгэж 2-3 жил явсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани цалингаа өгдөггүй гэх зэргээр сураг сонсож байсан. Ингээд аргагүй байдалд орж энэ мөнгийг авсан. Гэхдээ уулзахдаа би мөнгийг авсан, өр ширээ өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл мөнгийг бөөнд нь өг гэсэн. Би цувуулаад сар сард нь өгнө гэдгээ хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Машбаяр мэдүүлэхдээ: Өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хохирлоос мөнгө аваагүй байгаа. 12.657.634 төгрөгийн үлдэгдэлтэй ба үүнийг нэхэмжилнэ гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Машбаярын: ...С.Г 2015 онд өөрийн танилаараа дамжуулан “Цэцэнгэрс” ХХК-тай холбогдон бетон зуурмаг нийлүүлэхээр болоод, “Цэцэнгэрс” ХХК болон манай “Нягт оршихуй” ХХК хоорондоо гэрээ байгуулан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бетон зуурмаг нийлүүлж эхэлсэн ба манай компани нь “Цэцэнгэрс” ХХК-д 112.312.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 96.304.000 төгрөгийг нь төлөөд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 16.008.000 төгрөгийн төлбөр үлдсэн байсан. Уг “Цэцэнгэрс” ХХК нь улсаас санхүүжилт орж ирээгүй байна гэх шалтгаанаар мөнгө төлөхгүй явж байсан. Тэгээд наадмын өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын эхээр манай компаниас “Цэцэнгэрс” ХХК руу холбогдоход танай борлуулагч С.Гын “ХААН” банкны дансаар 2017 оны 06 дугаар сард бүх мөнгийг шилжүүлсэн, одоо танай компанитай тооцоо байхгүй гэсэн хариу өгсөн. Ингээд манай гүйцэтгэх захирал Төрмөнх нь С.Г-той утсаар ярьж асуухад С.Г нь би мөнгийг аваад үрчихсэн гэсэн хариу өгсөн. С.Г нь 2017 оны 05 дугаар сараас хойш бараг ажилдаа ирэхгүй, утсаар ярихаар согтуу байдаг байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа дутагдалаар халагдсан байсан юм...

...С.Г-д одоо элэгдэл хорогдлын мөнгө өгөх ёсгүй. С.Г нь тухайн үедээ машины элэгдэл хорогдлын мөнгө гэж мөнгө хүссэн өргөдөл бичиж өгч байгаагүй. Манай байгууллагын нягтлан Ишхандын өгсөн мэдүүлэгт дурдагдсан мөнгөн дүн болох 12.357.634 төгрөгийг С.Г-с гаргуулан авах нь бусад бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, С.Г-н өөрийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй бөгөөд хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг  /хх-ийн 10-13, 124-125 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ишхандын: ...С.Г нь манай компанийн харилцагч байгууллага болох “Цэцэнгэрс” ХХК-с өөрийн дансаар нийт 16.008.000 төгрөгийг өөртөө авч ашигласан байсан. Манай компанийн зүгээс түүнд өгөх ёстой 3.350.366 төгрөгийг дээрх мөнгөнөөс хасаад одоо С.Гоос 12.657.634 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

           - “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 33-38 дугаар тал/,

           - Шүүгдэгч С.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19, 22 дугаар тал/,

           - Шүүгдэгч С.Г-н урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 25-29 дүгээр тал/,

           - С.Г-н “Нягт оршихуй” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, борлуулалтын менежерээр ажиллаж байсан талаарх ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг цуцалсан баримт /хх-ийн 39-47, 48-49, 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд С.Г нь “Нягт оршихуй” ХХК-н борлуулалтын менежерээр ажиллаж  байгаад  ажлаас  халагдсаны дараагаар “Цэцэнгэрс” ХХК-иас “Нягт оршихуй” ХХК-д төлөх ёстой байсан зуурмагын мөнгө болох 16.008.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн хувьдаа авсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч  С.Г нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нягт оршихуй” ХХК-н борлуулалтын менежерээр 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгууллан ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Цэцэнгэрс” ХХК-иас “Нягт оршихуй” ХХК-д төлөх ёстой байсан зуурмагын мөнгө болох 16.008.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн хувьдаа авч бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, “Нягт оршихуй” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “Нягт оршихуй” ХХК-н хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр, “ХААН” банкаар мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокуророос С.Г-н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

          Шүүгдэгч С.Г нь “Цэцэнгэрс” ХХК-иас “Нягт оршихуй” ХХК-д төлөх ёстой байсан зуурмагын мөнгө болох 16.008.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны  дансаар шилжүүлэн хувьдаа авсан үйлдэл нь бусдын хөрөнгийг залилан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

          Иймд Прокуророос С.Г-н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр С.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

          Шүүгдэгч С.Г нь урьд 1 удаа ял шийтгэл хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 22, 25-29 дүгээр тал/

  Шүүгдэгч С.Г нь шүүхийн шатанд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны 100900005406 тоот дансанд 900.000 /есөн зуун мянган/ төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг байршуулсан байх тул хохирогчид олгож, үлдэх төлбөр болох 11.357.634 /арван нэгэн сая гурван зуун тавин долоон мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч С.Гоос гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх үндэстэй байна. /хх-н 157, 165 дугаар тал/

  Шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

           Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б овогт С.Г бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   С.Г-г 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.  

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Г-с 11.357.634 /арван нэгэн сая гурван зуун тавин долоон мянга  зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан штаны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны 100900005406 тоот дансанд байршуулсан 900.000 /есөн зуун мянган/ төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж, “Нягт Оршихуй ХХК”-д буюу хохирогч Батбилэгийн Машбаярт /РД:ЧИ80110606/ олгосугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ