Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 127/ШШ/2025/0007

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2024/0013/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ш-,

Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар нарын хоорондын өндөр настны тэтгэвэр тогтоолттой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш-, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 23.627.200 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах.

1.2 Нэхэмжлэгч С.Ш- нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” гэсэн байдлаар нэмж, тодруулсан болно.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч С.Ш- нь нийтдээ 30 жил 7 сар улсад ажиллаад 2013 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэр анх тогтоолгосон байна. Улмаар 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлж нийт 799,560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлжээ.

2.2 Нэхэмжлэгч С.Ш- нь миний тэтгэврийн хэмжээг Тцб =Ц*(45%+(Ш241+*0.125%)) гэсэн томьёогоор бодохдоо дутуу буюу буруу бодсон гэж Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасан байх ба Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/494 дугаартай албан бичгээр “...тэтгэвэр нь зөв олгогдож байна ... таны тэтгэврийг өөрчлөн бодолт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн хариуг[1], мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд 2024 оны 07 дугаар сард хандаж гомдол гаргахад Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/49 дугаартай албан бичгээр “ ... таны тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу зөв тогтоон, олгож байгааг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг[2] тус тус өгсөн байна.

2.3 Нэхэмжлэгч С.Ш- нэхэмжлэл гаргасныг тус шүүх нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 127/ШЗ2024/0140 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

3. Нэхэмжлэгч С.Ш- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие С.Ш- нь нийтдээ 30 жил 7 сар улсад ажиллаад 2013 оны 6 сард өндөр насны тэтгэвэрт орсон. 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлж нийт 799,560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн. 

Нийгмийн даатгалын газар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25.1.1-д заасны дагуу миний тэтгэврийг Засгийн газрын 238 дугаартай тогтоолоор шинэчлэн бодохдоо 1993-1997 оны цалин хөлсөөр тогтоосон боловч дутуу буюу буруу тогтоож 1,194,045төгрөгөөр бодсон нь буруу, харин энэ аргачлалаар би бодохдоо 2.338.081 төгрөг байх ёстой гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолд дурдсанаар миний тэтгэврийн хэмжээг ... гэсэн томьёогоор бодохдоо дутуу буюу буруу бодсон гэж Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газар, болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч миний тэтгэврийг тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар бодсон нь одоо мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалттай ижил аргачлалаар бодсон гэх боловч миний тооцоолж байгаатай таарахгүй бөгөөд дутуу буюу буруу бодсон гэж үзэж 2024 оны 06 сард аймгийн Нийгмийн даатгалын газар, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж гомдол гаргахад 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/49 дугаартай албан бичгээр хариуг өгөхдөө Таны тэтгэврийг тогтоох үед мөрдөж байсан тэтгэвэр бодох аргачлал буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан аргачлалтай ижил бодогдож байна. Иймд таны тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн дагуу зөв тогтоон, олгож байгааг үүгээр мэдэгдье гэсэн хариуг ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй иргэнд уг томьёогоор бодож байгаа бөгөөд таны тэтгэврийг тогтоохдоо тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дугаар зүйлд заасны дагуу 30 жил 07 сар шимтгэл төлснөөр тооцож, 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тогтоосон байна гэжээ.

... Нийгмийн даатгалын газраас миний тэтгэврийг бодохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээг ... гэсэн томьёогоор бодохдоо 20 жил буюу 241 сарыг хасаж, 10 жил 7 сар буюу 127 сарыг 0.125 хувиар үржүүлэн бодож миний тэтгэврийг тогтоосон нь буруу гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл үндсэн 241 сар дээр 127 сарыг нэмэхээр нийт миний улсад ажиллаж нийгмийн даатгал төлсөн нийт сар 368 сар болж байгаа бөгөөд 368 сарыг 0.125- аар үржүүлж бодох ёстой байтал 241 сарыг хасаж тооцож 127 сарыг 0.125-аар үржүүлж сард олгох тэтгэврийн хэмжээг 799,560 төгрөгөөр шинэчлэн тогтоосон нь буруу юм.

Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолд зааснаар итгэлцүүрийн дагуу тэтгэврийн хэмжээг зөв тогтоосон бол миний тэтгэврийн хэмжээ сард 2.338.081 төгрөг байхаар тогтоогдох байсан ба одоо авч байгаа тэтгэвэр болох 799,560 төгрөгийн зөрүүг хасаж тооцвол сард 1.538.521 төгрөгийг 16 сард үржүүлбэл 23.627.200 төгрөгийн тэтгэвэр дутуу олгосон байна.

Иймд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 23.627.200 төгрөг нөхөн олгуулахаар тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч С.Ш- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...

Дахин шинэчлэн тогтоолгох тэтгэвэр болон одоо авч байгаа тэтгэвэр хоёрын зөрүү буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг 30,529,994 нэхэмжилнэ. Бусад нэхэмжлэлийн шаардлага үндсэн зарчмаа өөрчлөхгүй, мөнгөн дүн өөрчлөгдөнө.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Гомбодоржийн дүгнэлтээр миний цалин тэтгэврийг олгох сарын дундаж цалин түүнтэй адилтгах хөлсийг 1,194,045 төгрөгөөр тогтоосныг би үндэслэлтэй зөв тогтоосон байна гэж хүлээн зөвшөөрч байгаа.

Энэ үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тооцоход 2023 оны  6 дугаар сарын 21-ний өдөр гарсан Засгийн газрын 238 дугаар тогтоолоор 1990 он оноос эхлээд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг он, оноор нь итгэлцүүр гэдгийг шинээр тогтоосон. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт аж ахуй эрхэлсэн орлогч, аж ахуйн дарга гэсэн албан тушаалтай байж байгаад 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэврээ анх тогтоолгосон. Тухайн үед тэтгэвэрт орохын өмнөх 20 жилээс дараалсан 5 жилийг өөрөө сонгодог хуулийн заалттай байсан ба 2015 онд захиргааны хэргийн шүүхээр 1993-1997 оны цалингийн дунджаар тэтгэврийг шинэчилж тогтоолгосон.

... 2023 оны 07 дугаар сарын 01-ны байдлаар тэтгэврийн хэмжээг шинэчилж тогтооход нэмэгдэж 799,560 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон. Энэ 799,560 төгрөгийн тэтгэврийг миний хувьд буруу бодож, тэтгэврийн хэмжээг зориуд бууруулж гаргасан байна гэж үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар цалинд үндэслэсэн аргаар тэтгэврийг буруу бодсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан томьёогоор бодохдоо 241 сарыг хасаж тооцсон байна. Миний хувьд улсад 30 жил 7 сар ажилласан. Илүү ажилласан 10 жил, 7 сарыг 0,125 гэсэн хувиар үржүүлээд үндсэн тэтгэврийн жилийн хөдөлмөрийн энгийн нөхцөлд сарын 1,194,045 төгрөгийн 45 хувиар боддог. Урьд нь ч тийм байсан. Одоо шинэчлэгдсэн хуулиар ч тийм байгаа. Тэгээд 45 хувь дээр 241 сараа оруулаад миний нийт ажилласан жилийг 368 сараар бодох юмыг 241-ийг нь хасаж бодоод  0,125 хувиар үржүүлэхээр бага гарч ирээд байгаа юм. Миний бодсоноор 20 жил ажилласны 45 хувь дээр илүү жил болох 10 жил 7 сараа нэмээд 368 сарыг 0,125 хувиар үржээд 46 хувь гарна.  Тэтгэврийг маань нийт 61 хувь биш 91 хувиар бодох юм аа гэдэг дээр би маргаад байгаа юм.

Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239 дугаартай тогтоолоор ингээд шинэчлэгдээд бодсон тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэсэн тогтоол байгаа.  Мөн одоогийн үнэ цэнтэй ойртуулна гээд 2023 оны 238 дугаар тогтоолоор батлагдсан итгэлцүүрийн 2013 оны 0,83 хувиар үржүүлэхээр би сарын тэтгэврээ 1,988,433 төгрөг байна гэж тооцоолсон. Харин энэ шинэчилж тогтоосон тэтгэвэр маань 799,560 төгрөг. Ингээд зөрүү 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 30,529,994 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

5. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... С.Ш- нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгон авч эхэлсэн байна. С.Ш-гийн өндөр насны тэтгэврийг анх тогтоохдоо “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.1 /Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 45 хувиар тогтооно/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно/ гэж тус тус заасны дагуу 20 жилээс илүү ажилласан 8 жилийг 1.5 /тухайн үед сарын нэмэгдэл тооцдоггүй байсан/ хувиар нийтдээ 57%-аар тооцон 347,070 төгрөгийн дундаж цалингаас тэтгэврийг бодож тогтоосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүрээр дахин шинэчлэн бодож тэтгэвэр бодох дундаж цалин 1,194,045 төгрөг болсон байна. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 заасны дагуу цалинд үндэслэсэн аргаар 7 дугаар зүйлийн 7.1. дэх заалтын дагуу дараах томьёог хэрэглэн Тцб=Ц*(45%+(Ш241+*0,125%)+10%) бодвол /1194045*45%=537320+(189553)+72687/ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 799,560 төгрөг байна. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэмэн 899.560 /найман зуун ерэн есөн мянга таван зуун жаран/ төгрөгийн тэтгэвэр олгож байна.

Иймд С.Ш-гийн өндөр насны тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн дагуу зөв тогтоон, олгож байна” гэжээ.

 

6. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийгмийн даатгалын хэлтэс  тухайн  тэтгэврийг үнэн  зөв тогтоосон. Яагаад гэхээр ганцхан хүн тэтгэврийг тогтоодоггүй. Тухайн байгууллагын бүтэц орон тоогоор 5 хүн хяналт, шалгалт хийж баталгаажуулж байж тэтгэврийг тооцоолж боддог. Шагдарсүрэн гуайн нэхэмжилснээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн итгэлцүүрээр бодохдоо цалинг буруу бодоод, тэтгэврийг дутуу олгоод  байна гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс цалинд суурилсан аргаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан энэ томьёог буруу бодож байна гэж үзээд байх шиг байна. Энэ томьёо нь Монгол Улсын хуульд байгаа томьёо. Түүнээс хэн нэгэн хүн дур зоргоороо өөрчлөөд байдаг зүйл биш. Маш олон судалгаа шинжилгээгээр нотлогдоод гарч ирсэн зүйл.  Монгол Улсын тэтгэврийн насны бүх иргэн, манай аймагт одоогийн байдлаар 13 мянган хүн тэтгэвэр авч байгаа хүмүүс бүгд энэ хуульд заасан томьёогоор тэтгэврээ тогтоолгож авч байгаа.

Мөн  Нийгмийн даатгалын ерөнхий  газар нь  Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирсэн мэдээллийг нийгмийн даатгалын бүх программаар, олон хүний бүрэлдэхүүнтэй хянаж шалгаад дээш нь мэдээлэл, тооцооллоо явуулдаг төвтэй. Түүнийгээ хянаж, шалгаж байдаг дотоод аудит мониторингийн газартай. Миний санаж байгаагаар та Нийгмийн даатгалын газар дээр тэтгэврээ дахин шалгуулъя гэдэг байдлаар олон удаа ирж байсан. Тэр болгонд танд манай байгууллагын зүгээс таны тэтгэврийг гараар болон программ дээр бодож харуулж байсан. Нэмж хэлэхэд тэтгэвэр тогтоож байгаа энэ арга аргачлал нь хуульд заасны дагуу үнэн зөв явж байгаа гэдгийг юугаар нотолж байна вэ гэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас сум орон нутгийн хийж байгаа ажил үйлчилгээ, түр зогсолтын байдал, үйл ажиллагаа зэрэгт нь бүрэлдэхүүнтэй ирж хяналт шалгалтыг 2 жил тутамд хийдэг. Энэ хяналт шалгалтын ажлаар тухайн 2 жилд тогтоогдсон бүх шинэ тэтгэврүүдийг эхнээс нь бодсон аргачлал, болзол журмаа хангасан талаар хянаж шалгаж, дахин баримтжуулдаг. Үүний хүрээнд Шагдарсүрэн гуайн тэтгэвэр 2-3 удаагийн хяналт шалгалтаар ороод бодож тогтоосон нь зөв байна гэдэг тамга тэмдэг дарагдсан тогтоолын хуулбарууд өөрийнх нь хувийн хэрэгт байгаа. Шагдарсүрэн гуайн одоо яриад байгаа Засгийн газрын 2023 оны 238, 239 дүгээр тогтоолоор батлагдсан итгэлцүүр шинэчлэн тогтоох, тэтгэврийг нэмэгдүүлэн өөрчлөх Засгийн газрын тогтоолыг манай байгууллага зөв хэрэгжүүлж ажилласан. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Та аль ч шатны байгууллагад очсон  ч яг энэ үндэслэлээр бодсон нь зөв байна гэдэг ийм л хариу өгнө. Давж заалдах шатны шүүхэд хандах үгүй нь таны эрхийн асуудал гэж харж байна. Эцэст нь хэлэхэд та хуульд байгаа томьёог бид буруу хийгээд байгаа юм шиг тайлбарлаад байна. Монгол Улсын хуульд байгаа энэ томьёо аргачлал нь олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр гарч байгаа тийм зүйл шүү гэдгийг танд хэлэх гэсэн юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Нэхэмжлэгч С.Ш- нь “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч С.Ш- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар миний өндөр насны тэтгэврийг 799,560 төгрөгөөр буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 7.1.1-д заасан томьёогоор бодохдоо буруу бодсон, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын итгэлцүүрийг  буруу хэрэглэсэн” гэж маргадаг.

 Хариуцагч нь иргэн С.Ш-гийн тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"/1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасны дагуу бодож, 2023 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар 799,560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

 

  1. Өндөр насны тэтгэврийг дахин тогтоолгох үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч С.Ш-гийн өндөр насны тэтгэврийг 2023 оны 7 сарын 01-ний өдрийн байдлаар шинэчлэн 799,560 төгрөгөөр бодох үед “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль" /1994 он/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

 Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар уг хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж, мөн өдрөөс эхлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль" /1994 он/-ийг хүчингүй болсонд тооцсон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 /Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоосон тэтгэврийг энэ хуулийн 25.1, 29.3-т зааснаас бусад тохиолдолд өөрчлөн тогтоохгүй/, мөн хуулийн 25.1 /Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно, 25.1.1 тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол, 25.1.2.тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол .../, 29.3./Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно/-т гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй, тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн, дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн өөрчлөн тогтоохоор байна.

Нэхэмжлэгч С.Ш- нь шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ, тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн эсэх дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 30 жил 7 сар төлсөн гэдэг дээр маргадаггүй. Түүнд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож эхэлсэн тэтгэврийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор тогтоосон итгэлцүүрийг үндэслэн шинэчлэн бодсон 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудасны   4 дэх мөрөнд “тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1,194,045 төгрөг гэж тогтоожээ.[3] Мөн нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтээр тэтгэвэр бодох дундаж цалинг 1,194,045 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг.[4] Нэхэмжлэгч нь тэтгэврээ 1993-1997 оны дараалсан 5 жилийн дундаж цалин хөлснөөс бодуулсан байна.[5]

 Иймээс нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоолгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 799,560 төгрөгөөр бодож олгохдоо хуулийг зөв хэрэглэсэн тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 /Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 45 хувиар тогтооно/, мөн зүйлийн 5.2 /Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно/-т гэж заасан.

Уг хуульд зааснаар сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого 1,194,045 төгрөгийн 45% нь 537,320 төгрөг, 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл нь 10 жил*1,5%=15%, үүнд ногдох нэмэгдэл нь 179,106 /1,194,045*15%=179,106/ төгрөг, 7 сар*0,125%=0.875% үүнд ногдох нэмэгдэл нь 10,447 /1,194,045*0.88%=10,447/ төгрөг буюу нийт нэмэгдэл нь 189,553 /179,106+10,447=189,553/ төгрөг болно.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд бүрэн тэтгэврийн хэмжээ нь өндөр насны тэтгэвэр 537,320 төгрөг болон нэмэгдэл 189,553 төгрөгийн нийлбэрээр тогтоогдох ба энэ нь  726,873 /537,320+189,553=726,873/ төгрөг байна. Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалтын дагуу тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэн тооцсон 72,687 /726,873*10%=72,687/ төгрөгийг нэмж тооцвол  799,560 /726,873+72,687=799,560/ төгрөг болж байна. Энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч М.Гомбодоржийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ040125/016 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.[6] Мөн нэхэмжлэгч нь тэтгэвэр бодох дундаж цалинг 1,194,045 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрснийг дурдаж байна.

 

            5. Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг зөв хэрэглэсэн тухайд:

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ... хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр”-ийг баталжээ.  Уг тогтоолын 2 дугаар заалтаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ... хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн  итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодох”-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасан байна.

            Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр гэдэг ойлголт нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм.

            Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын хавсралтаар тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг: 1993 он 215.16,  1994 он 130.16, 1995 он 49.74, 1996 он 37.79, 1997 он 31.86 гэж тус тус баталжээ. Нэхэмжлэгч 1993-1997 оны индексжүүлэн бодсон цалингийн тодорхойлолтыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн.[7] Уг цалингийн тодорхойлолтоос үзэхэд дээрх итгэлцүүрээр 1993, 1994, 1995, 1996, 1997 оны цалинг индексжүүлэн нэмэгдүүлсэн байна. Энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч М.Гомбодоржийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ040125/016 дугаартай дүгнэлт /хавсралт “1993.01.01-1997.12.31 хугацааны С.Ш-гийн 60 сарын цалингийн тооцоолол”/-ээр  тогтоогдож байна.[8]

            Иймээс нэхэмжлэгчийн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор батлагдсан итгэлцүүрийг буруу хэрэглэсэн, тэтгэвэр тогтоолгосон 2013 оны итгэлцүүрээр дахин үржүүлж бодох байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

           

  1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

            Нэхэмжлэгч  нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 799,560 төгрөгөөр бодож олгосон талаарх гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гаргасны хариуг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/49 дугаартай албан бичгээр ирүүлэхдээ хуульд заасан дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах хугацааг зөрчсөн эсэх, гомдлыг хянахгүйгээр буцаах талаар дурдаагүй байна.[9] Энэ нь захиргааны байгууллага гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна гэж үзэн гомдолд хариу өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч С.Ш- нь  хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй болохыг тэмдэглэж байна.[10]

 

            7. Дээрх үндэслэлүүдээр 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг 799,560 төгрөгөөр бодож олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг,  Засгийн газрын 2023 оны 238, 239 дүгээр тогтоолд нийцсэн байх тул Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах шаардлага, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй байна.

 

8. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй.

Иймээс нэхэмжлэгч С.Ш-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “...аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Ш-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч С.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАЯРМАА

 

 

[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас,

[4] Хавтаст хэргийн 130 хуудас тэмдэглэлээс харах,

[5] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудасны арын нүүр,

[6] Хавтаст хэргийн 113-118 дугаар хуудас,

[7] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас,

[8] Хавтаст хэргийн 113-118 дугаар хуудас,

[9] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас;

[10] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас;