Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 2024           01            04                                         2024/ДШМ/52

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Сонинмөнх,

хохирогч Ж.З, түүний өмгөөлөгч Ө.Учрал,  

шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Нарангарав,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/689 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.З-н өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 2310 01603 0798 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С овогт Б-н Б, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Мишээл гудамжид Ж.З-тай маргалдаж, улмаар биед нь халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд болон ар хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 4.949.958 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.З-д олгож, хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.З-н өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Харин хохирогч Ж.З-н хохирол төлбөр эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор авсан гээд 4.949.958 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хохирогч Ж.З нь БНСУ-д нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, доод хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарлын хагалгаанд орсон, хагалгаанд орсон талаарх эмнэлгийн баримтуудын эх хувийг нотлох баримтаар өгч, өөрт учирсан хохирол төлбөрийг нэхэмжилсэн байтал нотлох баримтын шаардлага хангаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж бидний зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж, хохирогч Ж.З-д олгуулахаар гомдол гаргасан. Б.Б-с 8.369.450 вонн, 71.148 вонн, 50.000 вонны хоёр удаагийн гүйлгээ зэрэг мөнгөнүүдийг гэмт хэрэг гарсан өдрийн ханшаар тооцож гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх миний эмнэлгийн төлбөрийг бүрэн барагдуулах талаар яригдаагүй. Би өчнөөн өр, зээл тавиад эмчилгээ хийлгэхээр явсан. Эмнэлгийн бүх зардлаа яаралтай авах хүсэлтэй байна. 3 сарын дараа дахин очиж үзүүлэх ёстой. Миний нүүрний зүүн тал одоо хүртэл мэдээ ороогүй, эмч “Насан туршдаа мэдээ орохгүй байж магадгүй” гэж хэлсэн. Мэдээгүй удаан явснаас болж шүд, нүүр харлах, арьс үхжих эрсдэл үүсээд байна. Шаардлагатай бол эрчимт эмчилгээ байнга хийлгэх ёстой гэсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэлээр явагдана. Тухайн орчуулга хийсэн байгууллага нь орчуулга хийх эрх бүхий субъект биш байсан тул шүүх уг баримтыг үнэлээгүй. Мөн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэмт хэрэг гарсан үеийн эсхүл төлбөр төлсөн үеийн ханшийн лавлагааг хохирогчийн өмгөөлөгч гаргаж өгөөгүй. Давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг, яаж зөрчсөн талаар тодорхойгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхээс Б.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Үйлчлүүлэгчийнхээ нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх лавлагааг гаргаж өгөөгүйгээс шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Б.Б-н хувьд жижиг бизнес эрхэлдэг ба өөрөө биечлэн хийхгүй бол бизнес нь уналтад орох аюултай байгаа тул түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Прокурор Ч.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Мишээл гудамжид Ж.З-тай маргалдаж, улмаар биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд болон ар хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.З-н “... Би найзын хамт ... сууж байтал дээд давхраас 3 залуу бууж ирээд нэг залуу нь манай найзтай “юу байна хөгшөөн” гээд гар бариад над руу “чи юу юм бэ, мото унадаг юм уу, юу унадаг юм, хаанахынх юм бэ, ах нартай мэнд устай зөрж бай” гэж хэлэхээр нь би “чи согтсон байна, чамайг танихгүй юм байна” гэж хэлэх үед ард нь байсан нэг найз нь аваад гарсан. ... Үүдэнд гараад гараад тэр залуу над руу дайраад “яасан хэгжүүн бацаан бэ, чи унадаг юм чинь юу байдаг юм, чи намайг танихгүй байна уу” гэж хэлээд заамдалцаж, түлхэлцэж байгаад гар зууралдаад газар хоёр удаа унаад өнхөрч байгаад тэр залуу миний дээр гараад гараа далайгаад цохих гэж байтал манай найз Ц гарыг нь бариад татаад босгосон. Газарт унах үед маргалдсан О гэх залуу намайг цохиож гэмтээсэн зүйл байхгүй, харин намайг газраас босох үед О-той хамт явж байсан Б гэх залуу миний нүүр лүү гараа атгаж байгаад маш хүчтэй дарааллаад цохих үед тэр хавьд байсан харуулууд ирээд бид нарыг салгасан. ...” /хх 9-10/,

гэрч Э.Ц-н “...Б нь З-н нүүр лүү гараараа цохиход газар унасны дараа нүүр лүү өшиглөхөөр нь би очоод салгасан. ...” /хх 18/,  

гэрч Г.О-н “... Удалгүй Ж.З нь Б.Б-д зодуулчихлаа, би танай найз О-той зодолдоход миний биед учирсан ямар ч гэмтэл байхгүй, Б.Б чи намайг зодчихлоо гээд орилж хашгираад байсан. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ж.З-н биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 27-28/ гэсэн 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5084 дүгээр дүгнэлт,

Камерийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 74-78/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

            Хохирогч Ж.З-н өмгөөлөгч Ө.Учралаас “...хохирогчийн БНСУ-д хагалгаанд орсон талаарх нотлох баримтыг шаардлага хангаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй тул хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндэд хууль бусаар хохирол учруулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардлыг төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хэрэгт хохирогчийн өвчний түүх, эмчийн магадлагаа, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлсэн гэх баримтууд авагдсан байх ба хохирогч нь 5 төрлийн гоо сайхны эмчилгээ /орчуулгын баримтаар/ хийлгэсэн гэсэн боловч эдгээр баримтуудаар хохирогч Ж.З-н энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор зайлшгүй хийлгэсэн эмчилгээний шууд зардал гэж тодорхойлох боломжгүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 4.949.958 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж, хохирогч Ж.З-д олгохоор, хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/689 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.З-н өмгөөлөгч Ө.Учралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/689 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ж.З-н өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР