| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/00102/И |
| Дугаар | 191/ШШ2025/03008 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03008
2025 04 10 191/ШШ2025/03008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, дүгээр хороо, Үйлдвэр ХД, дугаар байр, тоотод оршин суух, Б г овогт Ба Э /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, байрлах, О т ХХК /РД:...../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагийн хөлс 17,169,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч З.С
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О т ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Э нь О т ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл, 1 өдөрт ажиллах ажлын цаг 12 цаг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа тул уурхай, олборлох салбарын ажлын гормыг тусгайлан зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-т заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн аргын хүрээнд авч үзвэл
1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж 1 өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан.
2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрч энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу 1 ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ мөн зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм.
Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан 1 ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 (7+1) цагаар тооцохыг тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажилтны илүү цагийн хөлс олгогдохгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр О т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг.
2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж авсан.
Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 5, 6, 7 дугаар сарын илүү цагийн хөлс 17,169,508 төгрөгийг шаардаж байсан.
Гэвч 2024 оны 5 дугаар сард 192 цаг, 2024 оны 7 дугаар сард 180 цаг ажиллаж, 2024 оны 6 дугаар сард илүү цагаар ажиллаагүй байх тул тус сарын илүү цагийн хөлс нэхэмжилсэн 6,246,240 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
2024 оны 5 дугаар сарын 1 цагийн хөлсийг 42,889.34 төгрөгөөр тооцож, илүү цагийн хөлс /1,5/ 3,602,704 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 1 цагийн хөлсийг 87,149.58 төгрөгөөр тооцож, илүү цагийн хөлс /1,5/ 7,320,564 төгрөг нийт 10,923,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О т ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь О т ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр оператор гэдэг албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад, Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсантай холбоотойгоор ажилтны ажил амралтын хуваарьт өөрчлөлт орж 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2023 оны 3 дугаар сард 84 ажилтан илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг О т ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, Б.Э шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Ажилтаны эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдөр нь уртын ээлжээр ажиллаж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эсхүл 2023 оны 3 дугаар сард энэ асуудлаар гомдол гаргаж байсан үе юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд уртын ээлжийг О т ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжүүлсэн. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжийг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандаж, уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж, журамд бүрэн нийцүүлж хэрэгжүүлсэн. Үүнд уртын ээлжийн горим буюу 14/14 ажил амралтын хуваарьт шилжсэнээр ажилтны хувьд ажлын жилд ажиллах хугацаа 25 хувиар багасаж, амрах хугацаа мөн адил хувиар ихсэж байгаа тул үндсэн цалингийн хэмжээ тэр хэмжээгээр буурахаар байсан.
Гэвч Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа санхүүгийн байдлыг дордуулахгүй байх үүднээс үндсэн цалинг бууруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Компанийн холбогдох журмын дагуу олгогдох уртын ээлжийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлт зэргийг хэвээр хадгалж байгаа ба нэмэлтээр уурхайн талбарт ирэх, буцах цагийн олговрыг олгох, шөнийн цагийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бус дундаж цалин хөлсөөс тооцож уртын ээлжийн ажилтанд олгож байна.
Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасныг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаарх тодруулгыг хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлогч, шинэ хуулийн төслийг боловсруулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дүгээр албан бичгээр авсан. Тус албан бичгээр шинэ хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтны амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн тодруулгыг Яамнаас өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлан гаргасан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны сарын дундаж ажлын цаг 168 цаг байна гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байна гэдгийг зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалт нь ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн тодруулгыг үндэслэвэл уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг (зарим ажилтны хувьд 10 эсхүл 11 цаг), сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байх ба ажилтны ажиллах 14 хоногийн хугацаанд ажилласан илүү цагийг хуулийн дагуу амрах хугацаанд нөхөн амраасанд тооцож цалин хөлсний зохицуулалтыг хийж байгаа болно. Ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлс олгож байна.
Уртын ээлжээр ажиллах болсонтой холбоотойгоор ажилтанд үзүүлэх цалин хөлсний нөлөөлөл харилцан адилгүй байгаа ба дийлэнх ажилтнуудын хувьд ажлын байрны онцлог, нөхцөл зэргээс хамааран гар дээр авах цалин хөлс нь буураагүй харин нэмэгдэх тохиолдлууд байна.
Нэхэмжлэгч Б.Эы цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Илүү цагийн тооцоолол, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4-5/, Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт /хх-8-9/, Ажлын байрны тодорхойлолт /хх10-12/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-14-15/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-16-17/, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/25101 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-18-20/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26-27/, О т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/HR дугаар албан бичиг /хх-98/, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-99/, Б.Уранцэцэг профессорийн Хуул зүйн дүгнэлт /хх-100/, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 дугаар албан бичиг /хх-101-102/, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн магадлал /хх-103-106/, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичиг /хх-107-108/, О т ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар /хх-109/
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт. Үүнд: нэхэмжлэгч Б.Эы О т ХХК-тай байгуулсан -хөдөлмөрийн гэрээ /хх47-52/, нэхэмжлэгчийн 2024 оны 05, 06, 07 саруудын ажилласан цагийн бүртгэл, тус саруудын цалингийн задаргаа /хх53-61/, Цалин хөлсний журам /хх-62-69/, Ажлын цагийн тухай журам /хх 71-75/, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хамтын гэрээ /хх76-95/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О т ХХК-д холбогдуулан 2024 оны 5,6,7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөд 17,169,508 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2024 оны 5,7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөд 10,923,268 төгрөгийг хариуцагч О т ХХК-аас гаргуулахаар шаардсан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж заасан нь 1 өдөрт ажиллах дээд хугацааг тогтоосон, мөн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар 1 ээлжийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цаг байх тул нэхэмжлэгч нь өдөрт 4 цагаар илүү ажилласан байна. Ажил олгогчоос ажилчныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмж олгох үүрэгтэй хэдий ч илүү цагийн нэмэгдэл хөлсийг хуульд зааснаар тооцож олгоогүй. 2024 оны 5 дугаар сард 192 цаг ажиллаж, 1 цагийн хөлсийг 42,889.34 төгрөгөөр тооцож 3,602,704 төгрөг, 2024 оны 7 дугаар сард 180 цаг ажиллаж, 1 цагийн хөлсийг 87,149.58 төгрөгөөр тооцож 7,320,564 төгрөг нийт 10,923,268 төгрөгийг илүү цагийн хөлсөд хариуцагчаас шаардах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амралтын хугацааг 14 хоног гэж хатуу тогтоосноос ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байгаа нь тодорхой байх тул хариуцагч хуульд зааснаар илүү цагийн хөлс төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй. 2024 оны 5, 7 дугаар сард нэхэмжлэгч энэ хугацааны ажилласан 1 цагийн цалингаа тооцоод авчихсан. Өөрөөр хэлбэл, ажилтан 168 цагаар тооцож цалин хөлс авсан нь 1 хувийг олгосон гэх үндэслэл болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг зөрчиж хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Э нь 2024 оны 5, 6, 7 дугаар саруудад олгогдох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай гомдлоо бусад 34 ажилтны хамт ажил олгогч компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг тус комиссоос 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тэмдэглэлээр талууд тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ.
Үүний дараа, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасныг хянан, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаартай тэмдэглэл гарч талууд харилцан тохиролцоогүй гэж үзэн хөдөлмөрийн маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч Б.Э нь бусад ажилтны хамт 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хянаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/25101 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа энэхүү нэхэмжлэлийг дахин 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2., 154.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаарх гомдлоо гаргасан нь хуульд нийцсэн тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч О т ХХК-д 2014 оноос хойш оператор /хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор/-оор ажиллаж байгаа болох нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.
Хөдөлмөрийн гэрээ, түүнд оруулсан гэрээний өөрчлөлтөөр нэхэмжлэгч Б.Эы сарын үндсэн цалин нь 975 ам.доллартай /G4/ тэнцэх хэмжээтэй байх, 14 хоног ажилллаж, 14 хоног амрах ба хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ердийн 8 цаг болон илүү 4 цаг ажиллах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг хууль тогтоомж болон ажил олгогчийн дотоод бодлого, журмын дагуу шийдвэрлэх, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байхаар тохиролцжээ.
5.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сард 192 цаг, 6 дугаар сард 48 цаг, 7 дугаар сард 180 цаг ажилласан болох нь талуудын тайлбар, цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.
6. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулсан эсэх, ажилтны 1 өдрийн үргэлжлэх ажлын цаг, нэг сард ажиллавал зохих дундаж цаг хэд болох, уртын ээлжийн ажилтны амрах 14 хоногийн хугацааг илүү цагийг тооцон нөхөн амраасан гэж үзэх эсэхэд тус тус маргаж, мэтгэлцсэн.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэжээ.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар уртын ээлж гэх горимыг зохицуулж өгсөн. Уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь ажилтныг байнга оршин суух газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж 1 ээлжинд 14 хоног ажил үүрэг гүйцэтгэх хугацаа гүйцэтгүүлж, 14 хоног амраахаар зохицуулсан.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1. Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, 84.2 дахь хэсэгт Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 84.4 дэх хэсэгт Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна. гэж ердийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа, дээд хязгаарыг зохицуулсан ба мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж заасан.
Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэжээ.
Дээрх зохицуулалтаас үзвэл ердийн болон уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаас илүүгүй байна, илүү цагаар ажиллавал дээд хязгаар нь 4 цагаас илүүгүй байхаар хуульчилсан гэж үзэхээр байна.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3, 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар буюу 12 цагаас илүүгүй уртасган зохион байгуулж болох хэдий ч энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол илүү цагийн ажлын хөлсийг нэмж олгохоор зохицуулсан.
Уртын ээлжийн ажилтны 14 хоногт тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах хугацааг 14 хоног гэж хуулиар тэнцвэржүүлэн тогтоосон учир нөхөн амруулах боломжгүй, илүү цагийн хөлс шаардах үндэслэл бүрдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан.
Илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг ажил олгогч дотоод бодлого, журмаараа дараах байдлаар зохицуулсан байна.
Ажлын цагийн тухай журмын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж,
Цалин хөлсний журмын 14.1.2 заалтын А-д ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж зохицуулжээ.
Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг гэсэн нь ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй хэдий ч уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэх үндэслэл болохгүй, хуульд заасан 14 хоногийн амрах хугацаанд ажилтныг нөхөн амраасан гэж үзэхгүй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног ба ажлын өдрийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцвол уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /1 ажлын өдөрт 8 цаг х14 хоног/ байна.
11. Хариуцагч талаас дээрх ойлголтын талаар маргаантай байсан хэдий ч шүүх хуралдааны явцад Монгол Улсын Дээд шүүхээс тус хэрэгтэй адил маргааныг дурдсан үндэслэлээр тайлбарлаж, дүгнэн шийдвэрлэсэн байдлыг зохигч талууд хүлээн зөвшөөрсөн.
12. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны 112 цагаас дээшхи ажилласан цагийн нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй байна.
13. Хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тодорхойлолт мэдээлэлд тусгаснаар нэхэмжлэгч Б.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /05 дугаар сард/ 192 цаг,
2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /07 дугаар сард/ 180 цаг тус тус ажилласан байх бөгөөд үүнээс үзэхэд 2024 оны 5 дугаар сард 56 цаг, 7 дугаар сард 56 цаг тус тус илүү цагаар ажилласан байна.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 5 дугаар сард 168 цагаас дээш хугацааны буюу 40 цаг, 7 дугаар сард 27 цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-д зааснаар ажил олгогчоос олгосон байна.
14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.2-т Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно. гэж заасан.
Дээрх журамд зааснаар нэхэмжлэгчийн 1 цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.
15. Гэвч нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сард нэг цагийн хөлсийг 42,889.34 төгрөг, 6 дугаар сард илүү цаг ажиллагаагүй, 7 дугаар сард нэг цагийн хөлсийг 87,149.58 төгрөг гэж шаардахдаа хэрэгт авагдсан ажил олгогч компанийн цалин хөлсний задаргаа, цагийн бүртгэлд тулгуурласан гэсэн бол хариуцагч талаас уг нэг цагийн цалин хөлсний тооцооллыг зөвшөөрч, ажил олгогч Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар цалингийн тооцооллыг гаргадаг гэж тайлбарласан.
Шүүх талуудын зарчимд үндэслэн тэдгээрийн тооцооллоор 1 цагийн дундаж цалин хөлсийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
16. Нэхэмжлэгч тал 2024 оны 5 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тооцоололд дурдсанаар илүү цагийн 1,5-ийн олговор, 40 цаг, 2,573,360 төгрөг гэснийг үндэслэн 1 илүү цагийн нэмэгдэл хөлс 42,889.34 /2,573,360 төгрөг : 40 цаг : 1,5 дахин/ төгрөг, илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлсийг 3,602,704 төгрөг /42,889.34 * 56 цаг * 1,5 дахин/,
2024 оны 7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тооцоололд дурдсанаар илүү цагийн 1,5-ийн олговор, 27 цаг, 3,529,558 төгрөг гэснийг үндэслэн 1 илүү цагийн нэмэгдэл хөлс 87,149.58 /3,529,558 төгрөг : 27 цаг : 1,5 дахин/ төгрөг, илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлсийг 7,320,564 төгрөг /87,149.58 * 56 цаг * 1,5 дахин/ гэж шаардсан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сард 192 цаг, 2024 оны 7 дугаар сард 180 цагийн цалин хөлсийг бүтэн авсан байх тул илүү цагийн хөлсний 1 дахин бодогдох хэмжээ багтсан гэж үзэж, дутуу олгосон үлдэх 0,5 хувийн хөлсийг олгох нь зүйтэй байна.
2024 оны 5 дугаар сард 1,200,901.52 /42,889.34 төгрөг * 56 цаг * 0,5 дахин/ төгрөг
2024 оны 7 дугаар сард 2,440,188.24 /87,149.58 төгрөг * 56 цаг *0,5 дахин/ төгрөг
17. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, шүүх нэхэмжлэгч Б.Эы 2024 оны 5,7 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг 3,641,089.76 / 1,200,901.52+2,440,188.24/ төгрөг гэж тооцон хариуцагч О т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 7,282,178.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,207 төгрөг гаргуулж, улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О т ХХК-аас 3,641,089.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,282,178.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О т ХК-аас 73,207 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ