Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 39

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Б.Алтанцэцэг,

          хохирогч Б.Бийбаатар,

          шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М холбогдох эрүүгийн 1706 009640 162 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч:

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч С.М нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУХТөвийн 138, 139 дүгээр лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа 1.810.700 төгрөгийн бараа, материал хувьдаа завшиж иргэн Б.Бийбаатарт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Би анх зарын дагуу Б.Бийбаатар ах дээр 2017 оны 5 сард утсаар яриад очиж уулзсан. Тэгэхдээ эхнэртэй нь уулзаж ярилцаад ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа өглөө эрт очиж орой буудаг байсан. Анх ажилд орохдоо нөхөртөө туслая, ар гэрийнхээ амьдралыг дээшлүүлье гэж орсон болохоос энэ хүнийг луйвардана залина гэж бодоогүй. Тийм санаа бодол надад ерөөсөө байгаагүй. Ажиллаж байх хугацаандаа бараагаа тоолоогүй. Баяр наадмын өдрүүд дууссаны дараа барааг тоолсон. Эхлээд эхнэр нь тоолоход бараа дутсан. Дараа нь Б.Бийбаатар ах өөрөө тоолоход 2.300.000 төгрөгийн бараа дутсан. Тэгэхээр нь би “ингэж их идээгүй, надад луйвардах санаа зорилго байгаагүй” гэдгээ хэлсэн. Тухайн үед манай нөхөр кузов засвар ажиллуулдаг. Надад өдөр болгон хоол унааны мөнгө өгдөг байсан. Алдсан байх магадлалтай. Тэгэхээр нь би ажлаа хийхээ болиод гэртээ хариад 2-3 хонож байхад Б.Бийбаатар ах над ирж түлхүүр, өдөр болгон хөтөлдөг байсан хар дэвтрийг аваад явсан. Тэгээд цагдаад өгсөн байсан. …Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бийбаатар мэдүүлэхдээ: “2017 онд би анх “Зар мэдээ” сонинд зар тавьсаны дараа нилээн олон хүнд над дээр худалдагчийн ажилд орохоор ирсэн. Манай наймаа бол өвөлдөө ашиг орлого олох жаахан хэцүү. Зун л голдуу ашигтай байдаг. Улирлын чанартай. Зар тависаны улмаас хэдэн хүн худалдагчийн ажилд орохоор ирсэний дунд С.М цуг ирсэн. Залуу хүн сэргэлэн байдаг болохоор би С.Мээс гадна 1 хүнийг сонгосон. Тэгээд хоёуланг нь нэг өдөр хамт зогсоож байгаад С.М ажилд авсан. Анх ажилд орохдоо С.М надад 1 хүүхэдтэй гэж хэлсэн. Хэрэв нялх хүүхэдтэй гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол ажилд авахгүй байсан. С.М 2 сарын хугацаанд ажилласан. Бараа тоолоход 2.300.000 төгрөгийн бараа дутсан. Би өөрт нь хэлсэн. 2-хон сарын хугацаанд тийм их бараа дутна гэж байхгүй. Миний зардаг бараа бол хүүхдийн бэлэн хувцас. 

        Мөн мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийбаатарын өгсөн мэдүүлэг /хх-10-11/, “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /хх-19-25/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-28/, шүүгдэгч С.М иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.М нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУХТөвийн 138, 139 дүгээр лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа 1.810.700 төгрөгийн бараа, материал хувьдаа завшиж иргэн Б.Бийбаатарт хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийбаатарын өгсөн: …С.М нь 2017 оны 5 сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр худалдагчаар ажилласан. Манай эхнэр 2017 оны 7 сард бараагаа тоолсон бөгөөд дутчихлаа гэхээр нь би өөрөө 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараагаа тоолсон. Тэгэхэд 2.300.000 төгрөг дутсан.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

Шүүхэд хохирогчийн бичгээр гаргасан: “С.М хохирлыг бүрэн барагдуулсан болно. Миний бие цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд шүүдэгч С.М нь надтай сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилгасан тул хөнгөрүүлэн шийдвэрлэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсье. /хх- / гэх хүсэлт,

 

-“Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтэд: Хохирогч Б.Бийбаатарт 92 ширхэг барааны үнэ 1.870.700 төгрөгийн хохирол учруулсан байна. /хх-19-21/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад С.М яллагдагчаар өгсөн: “Би 1.810.700 төгрөгийн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Уг хохирлыг сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулах болно.” /хх-40/ гэх мэдүүлэг,   

 

 -Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-46/,

 -Хохирол төлсөн дансны хуулга /хх-52/,

 -Шүүгдэгч С.М ял шалгах хуудас /хх-28/,

 -Шүүгдэгч С.М иргэний үнэмлэхний хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

          Прокуророос шүүгдэгч С.Мийн бусдын эд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

         2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн заасан 71.1 дэх хэсэгт заасан “хохирогчтой эвлэрсэн” үндэслэлээр ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

            Энэ хэрэгт ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 47 хуудас бүхий том дэвтэр 1 ширхэг, 67 хуудас бүхий жижиг дэвтэр 1 ширхэг, жижиг цаасан дээрхи тэмдэглэл 68 ширхэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Халх овогт СМийг бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Прокуророос С.Мд холбогдуулан 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 47 хуудас бүхий том дэвтэр 1 ширхэг, 67 хуудас бүхий жижиг дэвтэр 1 ширхэг, жижиг цаасан дээрхи тэмдэглэл 68 ширхэгийг тус тус хэрэгт хадгалсугай.

5. Шийтгэх сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

             6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС