| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2316001770156 |
| Дугаар | 2024/ДШМ/01 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/01
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Д-д холбогдох эрүүгийн 2316001770156 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. У овогтой Б.Д нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, дээд боловсролтой, Говь-Алтай аймгийн Х.............. ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .............. сумын ....... баг .................. ... - ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДГ................ регистрийн дугаартай,
2. Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн ............... сумын нутаг дэвсгэр ............ хорооллын дээд талын засмал замын дээд талын үерийн далангийн ойролцоо Х.М хувцсан дээр пиво асгалаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа нүүр хэсэг рүү нь цохиж, хохирогчийн 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогтой Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.Д-ы өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн гэдэг.
Б.Д-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан эмчилгээ сувилгааны зардлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг.
Иймд Б.Д-ы хувьд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийг хэрэглэх бүрэн боломжтой. Учир нь Б.Д-ы хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид тусламж үзүүлсэн, хохирол төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд энэ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй ял оногдуулсан.
Хуульд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, хууль эрх зүйн боломж байгаа учир Б.Д оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
8. Хэргийн үйл баримтын талаар:
8.1. Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн ............ сумын нутаг дэвсгэр .............. хорооллын засмал замын дээд талын үерийн далангийн ойролцоо Х.М хувцсан дээр пиво асгалаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа нүүр хэсэг рүү нь цохиж, хохирогчийн 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
8.2. Энэ нь гэрч М.М-ын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Б.Д над руу залгаад Х.М тал дээр байгаа хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Солонго хорооллын засмал замын дээд талын үерийн далангийн ойролцоо Х.М ганцаараа сууж байсан. Тэгээд Х.М-ыг гэрт нь хүргэж өгсөн. Х.М нь толгойгоо дарчихсан байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нүдний доод хэсэгт нь шалбарчихсан харагдаж байсан. Нүүрээ дарчихсан байсан учир сайн харагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
8.3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 245 дугаартай “Х.М-ын биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
9. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
9.1. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
10. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлуудыг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлүүдээс торгох ялыг сонгож доод хэмжээгээр оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.
11. Давж заалдах гомдлын талаар: Шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Ж.Д нар төрийн албан хаагч учраас энэ асуудлаас болж ажил албан тушаал хаших эрхгүй боллоо гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж тус тус хуульчилжээ.
13. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахаар зохицуулсан байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн шүүгдэгч Б.Д-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ч.Э
Ц.О