Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 120/ШШ2025/0009

 

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 09 өдөр                                 120/ШШ2025/0009                                                  Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга

Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Х.*******, B******* *******, өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1 Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “******* *******” нэртэй газарт орших ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 3/04 дүгээр тогтоолоор “******* ******* *******” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

2.2 Нэхэмжлэгчээс дээрх үйл баримттай холбогдуулан маргаж “Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолын “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2022/0001 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 229 дүгээр магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар тогтоолоор “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан” байна.

2.3 “******* ******* *******” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 340 дүгээр “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хүргүүлсэн бөгөөд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Б. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар (1 дэх хавтаст хэргийн 159-160 дахь тал)  албан бичгээр “...Орон нутгаас нөхөн олговор олгох боломжгүй байгаа тул танай компани ...заалтын дагуу холбогдох газарт хүсэлтээ уламжилж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг хүргүүлсэн.

2.4 “******* ******* *******” ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 344 дүгээр албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3932 дугаар (1 дэх хавтаст хэргийн 58-60 дахь тал) албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд буюу нэг жилийн дотор нөхөх олговрыг төлөөгүй бол мөн хуулийн 14.6-д заасны дагуу дээр дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрч нөхөх олговрыг төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж болно” гэх хариуг хүргүүлсэн байна.

2.5 Мөн “******* ******* *******” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хүсэлт гаргах тухай” 23/32 дугаар албан бичгийг Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн бөгөөд Хурлын дарга Б. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр (1 дэх хавтаст хэргийн 78-81 дэх тал) албан бичгээр “...өөрийн баталсан шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт тусгагдаагүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн газар нутгийг тусгай хэрэгцээнээс гаргах боломжгүй” гэх хариуг өгсөн байна.

3. Ингээд “******* ******* *******” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 24/53 дугаар албан бичгээр Гурвантэс сумын Засаг даргад, мөн өдрийн 24/54 дугаар албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус өргөдөл гаргасан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар албан бичгээр “...54 тоот албан бичгээр, нөхөх олговор олгох асуудлаар ...38 тоот албан бичгээр тус тус хариу хүргүүлсэн байна” гэх, сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/44 дүгээр албан бичгээр “...сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдсэн боловч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хойшлогдсон болно” гэх татгалзсан хариуг (1 дэх хавтаст хэргийн 9-12, 75, 86 дахь тал) тус тус хүлээн авсан.

3.1 “******* ******* *******” ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дугаар тогтоолоор “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/- дугаартай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

Ийнхүү тогтоол баталсан боловч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэхгүй байсан тул бид хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэн удаа дараа нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч “нөхөн олговор олгох боломжгүй" гэх хариуг хүргүүлсээр 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг 1 жилийн дотор олгох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны байгууллага Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад тус газраас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3932 тоот албан бичгээр “...Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр “******* ******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан тухай тогтоол Ашигт малтмалын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй, ...хуульд заасан хугацаанд нөхөх олговрыг төлөөгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно” гэх хариуг өгсөн.

Энэ ч үүднээс бид манай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоол хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн хуульд заасан хугацаанд нөхөх олговрыг олгоогүй тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхээ хэрэгжүүлэх үүднээс Гурвантэс сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн эдэлбэрийн зориулалтаар газар ашиглах эрх олгох хүсэлт удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа үйлдлээрээ тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах эрхийг маань зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалд, хязгаарлалтад ороод байна.

Нөгөө талаар хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар албан бичигтээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэхтэй холбоотой ямар ч зүйл дурдаагүй төдийгүй өмнөх байр сууриа буюу тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхгүй гэж, мөн нөхөн олговор олгохгүй гэснээс үзвэл цаашдаа манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа газар ашиглах асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд батлахгүй байх байр сууриа тодорхой илэрхийлжээ. Энэ ч утгаараа дээрх хариу нь захиргааны акт гаргахаас татгалзсан шинжтэй захиргааны байгууллагын шийдвэр гэж үзэж байна.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах эрхтэй бөгөөд үүнийг Газрын тухай хуульд заасан зохицуулалтаар бус Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх зохицуулалттай. Энэ ч үүднээс бид тус сумын Засаг даргад удаа дараа газар ашиглах эрх олгохыг хүссэн ч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, батлуулсны дараа шийдвэрлэх агуулгатай хариу өгч буй нь мөн захиргааны акт гаргахаас татгалзсан шинжтэй захиргааны байгууллагын шийдвэр гэж үзэж байна.

Ийнхүү дээр дурдсан үйл баримт, нөхцөл байдлаас үүдэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хууль зүйн үндэслэл, эрхтэй гэж үзэн үүнийгээ Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нараар хүлээн зөвшөөрүүлэх хууль ёсны болоод бодит шаардлага байна.

Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар Ашигт малтмалын тухай хуульд зааснаар манай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн хүрээнд газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргах эсэх нь тодорхойгүй, цаашид ч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үргэлжлүүлэн зөрчсөөр байх. Улмаар бидэнд цаг хугацаанаас хамаарсан асар их санхүүгийн хохирол учруулах нь тодорхой байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын М\/- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, өмгөөлөгч У.Мөнхбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас хойш 5 жил болж байна. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд харилцан тохиролцох асуудлаар удаа дараа хандсан. Хамгийн анхны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийн хариунд “нөхөн олговрыг олгохгүй” гэдэг, мөн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбарт өмнөх байр сууриа бид хадгална гэдэг зүйлийг бичсэн байсан. Үүнийг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч энэ асуудлаар өөрсдийн эрхээ хэрэгжүүлэх үүднээс Ашигт малтмал, газрын тосны газар, Шинжлэх ухааны академийн геологи палеонтологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргад удаа дараа албан бичиг явуулж байсан. Холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулах боломжтой байна гэх агуулгатай тайлбаруудыг ирүүлдэг. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зүгээс үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн байр суурь илэрхийлдэг.

Үүнээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/04 дүгээр тогтоолоос болж үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаас харвал ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан, яаж татгалзаж байсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын зүгээс ямар хариу ирүүлж байсан тодорхой харагдаж байгаа учраас өөр нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Тиймээс нийтийн эрх зүйн харилцаа байгаа буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, энэ эрх хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдахуйц байх ёстой гэдгийг шүүхээр заавал тогтоолгохгүй бол болохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговортой холбоотой эрх бүхий байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хандаж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр удаа хандахад “нөхөн олговор олгохгүй” гэдгээ тодорхой илэрхийлсэн. Үүнээс харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлээд байгаа эрх бүхий байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, нөхөн олговор авах сонирхолгүй байна гэх тайлбарууд үгүйсгэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулиар нөхөн олговор олгохтой холбоотойгоор хэн дүгнэлт гаргах юм, хэн хэрхэн шийдвэрлэх юм гэдэг талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Төр тусгай зөвшөөрөл хуулийн этгээдэд олгодог. Гэтэл сумын удирдлагуудаас талбайг нь тусгай хэрэгцээнд авдаг. Үүнээс болж тусгай зөвшөөрөл эзэмшигч маш их хохирч байна.

Өнөөдрийн байдлаар Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд хуулийн дагуу бүртгэгдээгүй тул эрх зүйн үйлчлэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг энэ хуулийн 14.4-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Гурвантэс сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс хүлээн зөвшөөрч байна.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарыг 03-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаартай тогтоолоор хуулийн дээрх заалтуудыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тодорхой тайлбар гаргасан байдаг бөгөөд тус тайлбарт “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын “нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл” гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн ур дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын “нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно.

Нийтийн эрх зүйн харилцааг тогоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил ур дунд хүрэхээргүй байх тохиолдолд.  Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна” гэсэн нь шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад үндсэн төрлөөр эрхээ хангуулах боломж байсан эсэх өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргахаас өөр боломжгүй болсон эсэх нь нэхэмжлэлийг хүлээн авах, шийдвэрлэхэд чухал гэсэн агуулга юм.

“******* ******* *******" ХХК нь Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэдий хэмжээний нөхөх олговрыг хэдий хугацаанд төлөхөөр тогтоож, түүнийгээ заасан хугацаандаа төлөөгүй болох талаар нэхэмжлэлдээ тусгаагүй байгаа нь нэхэмжлэгч бусад төрлөөр нэхэмжлэл гаргах боломжтой байсныг буюу тусгай урьдчилсан нөхцөлөөр Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт “...тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж, 14.7 дахь хэсэгт “...нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх боломж байгааг харуулж байна.

Тодруулбал, талуудыг тохиролцоонд хүрээгүй гэж үзэж төрийн захиргааны төв байгууллагаас нөхөх олговрын хэмжээг тогтоон, түүнийг нь Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлчихвөл ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн шаардлагаар нэхэмжлэл гаргах шаардлагагүй болно гэсэн үг.

Иймээс нэхэмжлэгч нь эхлээд нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар шийдвэрлүүлээд, энэхүү нөхөх олговрыг Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд л харин “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” агуулгаар нэхэмжлэл гаргах нь хуулийн “субсидиар зарчим”-д нийцнэ. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бүртгүүлсэн эсэхтэй холбоотой асуудал яригдлаа. Гэхдээ бүртгүүлсэн эсэхтэй холбоотой асуудал нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралтай гэж хариуцагчийн зүгээс үзэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай холбон тайлбарлаж, нөхөн олговрыг олгоогүй тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, мөн хуулийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага нөхөх олговрын хэмжээ болон олговрыг төлөх хугацааг тохироод, тохирсон хугацаандаа нөхөх олговроо олгоогүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүснэ. Мөн нөхөх олговрын хэмжээний талаар тохиролцож чадаагүй тохиолдолд энэхүү нөхөх олговрын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож болно гэсэн агуулга илэрхийлэгдэж байна. Мөн эндээс нөхөх олговрын хэмжээ тогтоогоогүй тохиолдолд нөхөх олговрыг төлөх хугацааны талаар болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагыг хугацаандаа төлөөгүй гэх асуудал яригдах боломжгүй болох нь хуулийн тус заалтуудаас тодорхой харагдаж байна.

Гэтэл нэхэмжлэгч компани нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар тохиролцоо хийгээгүй, тохиролцоонд хүрээгүй гээд төрийн захиргааны байгууллагаас нөхөх олговрын хэмжээг тогтоосон шийдвэр гаргуулаагүй байж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тодруулбал нөхөх олговрыг тогтоосон хугацаанд төлөөгүй гэж “Ашигт малтмалын ашиглалтын М\/- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “******* ******* *******” ХХК нь хэдий хэмжээний нөхөх олговор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжилж буй талаараа огт байр суурь илэрхийлээгүй бөгөөд манай байгууллага хэдий хэмжээний нөхөх олговрыг хэдий хугацаанд төлөх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд нөхөх олговроо төлөөгүй гэж буй нь ойлгомжгүй байна. Иймээс манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэхээс өмнө нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааг зайлшгүй тогтоож, тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд харин тухайн тогтоосон нөхөх олговортой холбоотой маргаан гарвал сая Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “******* ******* *******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 38 дугаар албан бичгийн утга нь “...Хүрэн ханын нуруу нь зэрлэг ан амьтан, бэлчээрлэх, малчдын мал аж ахуй эрхлэх нэн таатай бэлчээрийн болон Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн зэрлэг амьтдын тархац нүүдлийн замуудтай давхцаж байдаг Говийн экосистемийн чухал зүйлүүдийн амьдрах орчин болсон ...ховор ургамал, ан амьтад устах, цэвэр усны хомсдолд орох аюул байгаа учир ...тусгай хэрэгцээнд авснаа илэрхийлж, “орон нутгаас нөхөх олговор өгөх боломжгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговрынхоо оронд өөр талбайд тусгай зөвшөөрөл авах боломжтой бол энэ асуудлаа холбогдох газраар шийдвэрлүүлнэ үү” гэсэн санал тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

6.1 Хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг гаргахдаа тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хүсэлт, багийн иргэдийн хүсэлт, нутгийн ард иргэдийн хүсэл сонирхлыг үндэслэсэн. Гурвантэс сумын ард иргэд, сумын удирдлагууд энэ газарт ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх хүсэл зориг хэвээрээ, цаашдаа ч хэвээр хадгалагдана гэдгийг хэлмээр байна.

“******* ******* *******” ХХК-иас Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай тогтоолоор авагдсан газарт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөн олговрыг олгоогүй учраас үйл ажиллагаа явуулах эрх нь сэргэх ёстой гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд тухайн газар нутгийг орон нутгийн болон тусгай хамгаалалтад аваад тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдтэй нөхөн орлогын асуудлыг харилцан тохиролцох тухай заалт байгаа. Өнөөдрийн нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбарын хүрээнд яривал Гурвантэс сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “******* ******* *******” ХХК-ийн хооронд нөхөн олговрын хэмжээ, хугацааны талаар тодорхой ярилцсан, харилцан зөвшилцсөн эсвэл үл зөвшөөрсөн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч талаас хоёр удаа нөхөн олговрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн албан бичиг явуулсан байдаг. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манайх одоогоор нөхөх олговрын асуудлаар ярилцах боломжгүй, нөхөх олговор олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт харилцагч хоёр этгээд энэхүү нөхөх олговрын асуудлаар хоорондоо тохиролцож чадахгүй бол эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж заасан. Уг заалтын дагуу нэхэмжлэгч тал Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байдаг. Мөн нөхөх олговрын талаар ярилцсан, харилцан зөвшилцсөн эсвэл мэргэжлийн байгууллагаар нотлуулсан, баталгаажуулсан ямар нэгэн үйл баримт байхгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт дагуу “******* ******* *******” ХХК-ийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх сэргэнэ гэсэн зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Гурвантэс сумын усны эх бүрэлдэх Тос тосон бумбын нуруу, Хүрэн хананы нуруу, Давсны нуур зэргийг хамгаалахаар тогтоол гарсан гэдгийг анхаарч үзээрэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “...тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасны дагуу зохих байгууллагад хүргүүлж, бүртгүүлээгүй тул уг тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй. Мөн хариуцагчаас хуульд заасан хугацаанд нөхөх олговрыг олгоогүй учраас нэхэмжлэгч нь MV- дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн эдэлбэрийн зориулалтаар газар ашиглах эрх олгох хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг маань зөрчиж байна” гэж маргаж байгаа.  

3. Хариуцагч нар “...“******* ******* *******” ХХК сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай нөхөх олговрын хэмжээ болон төлөх хугацааны талаар харилцан тохиролцоогүй, төрийн захиргааны байгууллагаас нөхөх олговрын хэмжээг тогтоосон шийдвэр гаргуулаагүй байж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хэдий хэмжээний нөхөх олговрыг заасан хугацаандаа төлөөгүй болох талаар дурдаагүй, мөн нэхэмжлэлийн бусад үндсэн төрлөөр (хүчингүй болгох, даалгах) эрхээ хангуулах боломж байсан эсэх, “нийтийн эрх зүйн харилцаа байгаа болох”-ыг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байх ёстой” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж буй нь доорх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд үндэслэлгүй байна.

4. “******* ******* *******” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “******* *******” нэртэй газарт 1799.64 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2047 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон. Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 3/04 дүгээр тогтоолоор MV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.

5. Энэхүү Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх (Тодорхойлох хэсгийн 2.2) “Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 3/04 дүгээр тогтоолын “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6. Харин одоо нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-иас хариуцагч нь 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хүргүүлэх, улмаар 14.3-д зааснаар тусгай хэрэгцээнд авсан тухайн газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс уг 3/04 дүгээр тогтоол нь “эрх зүйн үйлчлэлгүй” гэх агуулгаар маргаж буй нь үндэслэлтэй байна.

7. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.1.1-д “тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр”, 14.1.2-т “тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд”, 14.1.3-д “тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго”, 14.1.4-д “тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа”, 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл, эрх бүхий этгээд нь хуулиар тогтоосон журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол тухайн захиргааны актыг холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт хуульд заасан хугацаанд буюу шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй, харин төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэснээр хууль зүйн хувьд хүчин төгөлдөр буюу эрх зүйн үйлчлэлтэй болох хуулийн шаардлага тусгайлан тавигдсан байна.

8. Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 3/04 дүгээр тогтоолын (1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал)  3 дахь заалтаар I) аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон II) Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаанд багтаан уламжилж кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлэхийг сумын Засаг даргад даалгасан байдаг.

9. Гэтэл хариуцагч Гурвантэс сумын Засаг дарга нь уг 3/04 дүгээр тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан хугацаанд хүргүүлээгүй (өнөөдрийг хүртэл), мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд огт бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан доорх баримтуудаар нотлогдож байна.

10. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/5352 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/3385 дугаар, тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/1635 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/1281 дүгээр “...2021 оны 3/04 дүгээр тогтоолыг манай газарт ирүүлээгүй тул ...кадастрын бүртгэлийн УУККСистемд бүртгэлгүй” гэх, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2-50 дугаар “...2021 оны 3/04 дүгээр тогтоолыг ирүүлсэн тухай бүртгэл ...байхгүй” гэх албан бичгүүдээр (1 дэх хавтаст хэргийн 19, 55, 142, 146, 203 дахь тал) тус тус тогтоогдож байна.

11. Мөн хариуцагч Гурвантэс сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн 1/221 дүгээр албан бичигт “...2021 оны 3/04 дүгээр тогтоолыг ...Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, кадастрын хэлтэст явуулсан байх боловч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүргүүлээгүй байсан болно” гэх, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1277 дугаар албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 138-140, 168-169 дэх тал) зэргээр нотлогдож байна.

12. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/04 дүгээр тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, улмаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь (Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн) тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд үүрэг, хариуцлага хүлээхгүй.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 4.1.16-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” гэж тус тус заажээ.

14. Иймд эрх зүйн үйлчлэлгүй 3/04 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх бөгөөд “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаагаа явуулах эрхийг хязгаарлаж байгаа Гурван тэс сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус татгалзал, үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан.

16. Нэхэмжлэгчээс (Тодорхойлох хэсгийн 2.2) шүүхийн шийдвэр гарснаас хойш “нөхөх олговор олгох, авах, нөхөх олговорын хэмжээ, төлөх хугацааг тогтоох, тохиролцох” зэрэг асуудлаар 2022 оны 340, 342, 344 дүгээр, 2023 оны 23/32 дугаар албан бичгээр (1 дэх хавтаст хэргийн 58-59, 76, 78-80, 182-183 дахь тал) төрийн захиргааны байгууллага болон хариуцагчид удаа дараа хандаж байжээ.      

17. Харин хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 38, 54 дүгээр албан бичгээр (1 дэх хавтаст хэргийн 77, 81 дахь тал) “...орон нутгаас нөхөн олговор олгох боломжгүй, ...2021 оны 3/04 дугаар тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгох боломжгүй” гэх хариуг өгч байнаас үзвэл нэхэмжлэгчийн хуулиар тусгайлан хамгаалагдсан, тодруулбал өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.

18. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан Үндэслэл хэсгийн 3-д дурьдсан тайлбар үгүйсгэгдэж байна. Нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасны дагуу “нөхөх олговор олгох, авах, нөхөх олговорын хэмжээ, төлөх хугацааг ...тохиролцон тогтоох” гэх зэрэг нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардахгүй, энэ тохиолдолд хамааралгүй гэж үзлээ.

19. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/3385 дугаар, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн 1/1181 дүгээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3932 дугаар, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/6135 дугаар (1 дэх хавтаст хэргийн 19-21, 55, 60 дахь тал) албан бичгүүдээр “...ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа, ...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй байна, ...хууль заасан нэг жилийн хугацаанд нөхөх олговорыг төлөөгүй бол, ...төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх явуулахаар хуульд заасан” талаар төрийн захиргааны байгууллагаас “******* ******* *******” ХХК-д тухай бүр мэдэгдэж байжээ.

20. Мөн шүүхэд ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/1281 дүгээр албан бичгээс (1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал) үзэхэд “******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна. 

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг (ойлгох)”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг (тодорхойлох)”-оор тус тус заасан. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хувьд ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийн дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

22. Мөн нөгөө талаар нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр, тухайлбал (захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад амжилт олоогүй) даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах боломжгүй байх ба ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д заасан эрхийг (2022 оноос хойш) эдлүүлэхээс татгалзаж буй Гурвантэс сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байгаа тул хуулиар үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тогтоолгох зорилго бүхий “үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.5, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын ашиглалтын - дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ******* *******” ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гурвантэс сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан “******* ******* *******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ЦЭЦЭГМАА