Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00923

 

 

 

 

 

 

 

 

 

М.О-, З.У- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00858 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.О-, З.У- нарын хариуцагч О.Ж-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 18 458 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Вива сити хорооллын замд орой 21 цагийн үед болсон. Тухайн зам дээр М.О-, нөхөр З.У-ын хамт Мерседес бэнз GLK-300 маркийн 77-71 УБТ улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон. Тухайн үед жолооны ард нөхөр З.У- сууж явсан. Ингээд 21 цагийн үед 76-93-УНУ улсын дугаартай Мерседес бэнз S-350 маркийн автомашины жолооч О.Ж- мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т заасан шийтгэл хүлээж, энэхүү үйл явдал хуулийн хүрээнд дууссан. Шийтгэлийн хуудсаар хохирогч талд 18 331 400 төгрөгийн хохирол тогтоогдсон байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрсөн О.Ж-ы баримтууд хэрэгт авагдсан. Мөн тэр осолд хоёр автомашиныг мөргөсөн байдаг бөгөөд бид өөрсдийнхөө автомашины хохирлыг нэхэмжилж байна. Ослоос болж нэхэмжлэгч нар эмнэлгээр их явсан баримтуудыг хэрэгт өгсөн. Эмчилгээний зардалд 460 000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 260 000 төгрөг, барианы төлбөр, толгойны зургийг нөхөр З.У-ын хамт авхуулсныг нэхэмжилж байна. Мөн автомашины засвар сэлбэгийн үнийг Хас үнэлгээний газраар үнэлүүлсэн 17 456 400 төгрөг, үнэлгээний зардалд 420 000 төгрөг, 9 удаагийн таксины төлбөр 42 500 төгрөг, автомашин ачуулсны төлбөр 80 000 төгрөг, нийт 18 458 900 төгрөгийг Иргэний хуулийн 499, 505, 510 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч М.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр З.У-ын хамт Мерседес бэнз GLK-300 маркийн 77-71 УБТ улсын дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож байтал 76-93-УНУ улсын дугаартай Мерседес бэнз S-350 маркийн автомашины жолооч О.Ж- замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ирж мөргөөд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн. Миний хувьд осол болох үед төрсөн, нялх биетэй сэтгэл санааны хувьд эмзэг үе дээрээ байсан. Их хожуу анхны хүүхдээ төрүүлсэн. Ослоос хойш толгой өвддөг болсон. Иймээс автомашины засвар, нааш цааш явсан таксиний мөнгийг би өөрийнхөө дансаар шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Нөхөр З.У-ын тухайд эмчилгээний зардалд 230 000 төгрөгийг нэхэмжилж байгаа, миний хувьд Хас үнэлгээний газраар үнэлүүлсэн автомашины эвдрэл, бариа засал, толгойн зураг авахуулсны төлбөрийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Вива сити хороололын замд 76-93 УНУ улсын дугаартай Мерседес бэнз S-350 маркийн автомашиныг жолоодож яваад Мерседес бэнз GLK-300 маркийн 77-71 УБТ улсын дугаартай автомашиныг санаандгүй байдлаар мөргөж иргэнд хохирол учруулан осол гаргасан нь үнэн гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Зогсож байсан машиныг хүчтэй мөргөж гэмтэл учруулсан учир хохирол нэхэмжилж байгаа талтай тохиролцож, учруулсан хохирлыг барагдуулах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ж-аас гэм хорын хохиролд нэхэмжлэгч М.О-т 2 562 500 төгрөг, З.У-т 230 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15 666 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59 630 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн О.Ж- нь бидний унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөснөөс бидний эрүүл мэнд болон автомашинд багагүй хохирол учруулсан тул шүүхэд хандан гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, гэтэл анхан шатны шүүх автомашинд учирсан хохирол нэхэмжилсэн баримтад буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл авсан. Хариуцагч торгуулийг төлсөн атлаа хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Уг зөрчлийн хэргийн улмаас Мерседес бэнз GLK 300 маркийн 77-71 УБТ улсын дугаартай автомашинд Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 265 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашины эвдрэл хохирлын үнэлгээгээр 17 456 400 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх автомашинд учирсан хохирлын хэмжээг төлбөр төлсөн, баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж дүгнэн зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэхээр байна. Хариуцагчид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх эдгээр баримтыг үгүйсгэн нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Мөн хэрэгт өгсөн М.Уранчимэгийн Хаан банкны дансны хуулга баримт дахь зарлагын гүйлгээ дахь хэрэг гарсантай холбоотой автомашины засварт зориулан шилжүүлсэн гүйлгээнүүд болон бусад баримтуудыг дутуу тооцсон. Хэрэгт нийт 3 628 500 төгрөгийн баримт байдаг боловч шүүх 2 792 500 төгрөг хангаж шийдсэн нь ойлгомжгүй байдаг. Иймд энэхүү шийдвэрийг хянан М.О-ийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулан Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 265 дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ баримтаар тогтоогдсон хэмжээгээр хохирол нэхэмжилснийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж авто тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлоо хариуцагчаас зүй ёсоор гаргуулахаар гаргасан энэхүү гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.О-, З.У- нар нь хариуцагч О.Ж-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 18 458 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч О.Ж- нь зам тээврийн осол гаргаж, миний унаж явсан 77-71 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учруулсан, иймд нэхэмжлэгч нарын эмчилгээний зардалд тус бүр 230 000 төгрөг, автомашины засварын зардалд 17 456 400 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 420 000 төгрөг, автомашин ачуулсны төлбөр 80 000 төгрөг, такси үйлчилгээний төлбөрт 42 500 төгрөг, нийт 18 458 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зам тээврийн ослын шалтгааныг үнэн зөв тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч О.Ж- нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Вива сити хорооллын урд замд 76-93 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж заасныг зөрчин, нэхэмжлэгч М.О-ийн жолоодож явсан 77-71 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын баримт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-ийн 83-86-р тал/

 

Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0015959 дугаар шийтгэлийн хуудсаар дээрх зөрчилд нь хариуцагч О.Ж-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. /хх-ийн 13-р тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул хариуцагч О.Ж- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч М.О-ийн унаж явсан тээврийг хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч М.О- нь өөрийн нөхөр болох нэхэмжлэгч З.У-ын хамт явсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч нар нь толгойн компьютер зураг авахуулахад тус бүр 100 000 төгрөг, бариа хийлгэхэд 260 000 төгрөг, нийт 460 000 төгрөгийг төлсөн болох нь Лазер мед болон Грийн мед эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогджээ. /хх-ийн 27, 47-р тал/ Мөн нэхэмжлэгч нар нь ослын газраас автомашиныг ачуулсны төлбөрт 80 000 төгрөг, такси үйлчилгээнд 42 500 төгрөг, Хас үнэлгээ ХХК-иар үнэлгээ гаргуулсны төлбөрт 420 000 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх-ийн 28-36-р тал/


Дээрх зам тээврийн осол болсноос 3 хоногийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч М.О- нь өөрийн унаж явсан 77-71 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Буянт-Оюу ХХК-иар оношлуулсан байх бөгөөд Хас үнэлгээ ХХК нь тус оношилгоонд үндэслэн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг гаргажээ. Уг үнэлгээгээр нэхэмжлэгч М.О-ийн автомашинд нийт 29 нэр төрлийн, 17 456 400 төгрөгийн эвдрэл, гэмтэл тогтоогдсон байна. /хх-ийн 18-25-р тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.О- нь зам тээврийн ослын улмаас автомашиндаа нийт 1 790 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан үйл баримт тогтоогдож байх боловч анхан шатны шүүх 17 456 400 төгрөгийн засвар хийсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдэл болон нэхэмжлэгч М.О-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг холбогдох байгууллагын үнэлгээг үндэслэн нэхэмжилж байгаа тохиолдолд хариуцагч нь баримтаар тогтоогдсон хэмжээгээр хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй. Мөн хариуцагч нь дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, тус дүгнэлт эргэлзээтэй, дутуу хийгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч татгалзалдаа зам тээврийн ослын шалтгааныг үнэн зөв тогтоогоогүй гэх боловч хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх гомдлоо холбогдох этгээдэд хандан гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байх тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. /хх-ийн 14-р тал/

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Зогсож байсан машиныг хүчтэй мөргөж гэмтэл учруулсан учир хохирлыг барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан байна. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролтой хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд тэрээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлд хамаарах дүгнэлтийг холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шүүх харгалзан үзэх учиртай юм. Иймд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч О.Ж-аас гэм хорын хохиролд 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.У-т, 18 228 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-т тус тус олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/00858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... нэхэмжлэгч М.О-т 2.562.500 төгрөг, З.У-т 230.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15.666.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.У-т, 18 228 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-т тус тус олгосугай. гэж,

2 дах заалтын ... 59.630 ... гэснийг 250 244 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ