Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0908/З |
Дугаар | 221/МА2017/0071 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/0071
2017 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2017/0071 | Улаанбаатар хот |
Л.Н, Р.О нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Л.Н, Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд П.Д, Г.Б, гурадагч этгээдүүдийн өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Н, Р.О нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 61 дүгээр зүйлийн 61.10, 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н, Р.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай" дугаар 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд П.Д, Г.Б нар давж заалдах гомдолдоо: Р.О, Л.Н нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэж 763 дугаартай шийдвэр гаргасныг тус хэргийн гуравдагч этгээдүүд болох П.Д, Г.Б бид дараах үндэслэлээр эс зөвшөөрөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа. Үүнд:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 763 дугаар шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарт бодит дүгнэлт хийгээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн оролцогч нарын хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хэргийг хэт нэг талыг барин шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал нэхэмжлэгч нар анх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд "хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн ийнхүү нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулжээ. Харин нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Сонгуулийн дүнг гаргасан хариуцагчийн дараах шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, сонгуулийн хорооны 16-р тогтоолын Г.Б, Д.Д нарт холбогдох хэсэг" гэж, мөн "...нэмэлт санал хураалт явуулахыг даалгах" гэжээ. Харин нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэмэлт санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл ... нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, ... Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын Г.Б, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үлдэж байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07-р тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэр дэвшигч нарыг сонгогдсонд тооцох тухай 16-р тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай" гэжээ. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс хэрэгсэн өөрөө шууд сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болголоо.
Хоёр. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн тухай
Гэтэл нэхэмжлэгчид нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулахгүйгээр, хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр урьдчилсан шүүх хуралдааныг зарласан байгаа нь хавтас хэргээс тодорхой харагдаж байна. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэсэн атал нэг хоногийн өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу нэхэмжлэлээ гардан аваад нэг хонож байхад хуульд заасан хугацаа журмыг зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг товлож хуралдуулсан байна. Гэтэл хавтас хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн гэх баримт бас байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээ гардуулаагүй атлаа урьдчилсан хэлэлцүүлэг товлосон гэж харагдаж байна. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх, үүргийг эрх тэгш эдлүүлэх зарчимтай атал хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа анхан шатны шүүхийн шүүгч ихээхэн явуулсан нь дээрхээс эхлээд хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс тодорхой харагдна.
Тухайлбал 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрчүүд асуулгах тухай хүсэлт гаргажээ. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр (хүсэлт шийдвэрлэсэн тэмдэглэл) шууд гэрчүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гэрчээр оролцуулсан байна. Харин гуравдагч этгээдүүд болох бид нарын гэрч оролцуулах хүсэлтийг огт хүлээн авч шийдвэрлээгүй. Хэргийн оролцогч нарын хүсэлтийг ийнхүү алагчилан хангасан байх бөгөөд энэ талаараа ямар нэгэн захирамж гаргаагүй атлаа гэрчүүдээс мэдүүлэг авсан нь хуульд заасан журмаа ноцтой зөрчлөө.
Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээд буюу П.Д, Г.Б бид нарыг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хуульд заасан эрх үүргийг маань эдлүүлэхгүй, нэхэмжлэгчтэй илтэд нийлсэн байдалтай шүүх хуралдааныг удирдаж, тэдгээрийн үг, өгүүлбэр, асуултыг нь өмнөөс залруулан зааж өгөх маягаар шүүх хуралдааныг даргалж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Энэхүү асуудлаар бид шүүгчийн ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагад гомдол гаргаж, ёс зүйн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх болно.
Хавтас хэргийн материалыг дугаарлахыг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, энэ байдлаараа задгай материалтай шүүх хуралдааныг явуулсан бөгөөд нотлох баримт, процессын бусад бичиг баримтууд аль хуудсанд, хаана байгаа нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудаа хүссэн үедээ хэрэгтээ нэмж хийх боломжоор өөрсдийгөө хангаж байна. Хамгийн сүүлд давж заалдах гомдол гаргахаар хэргийн материал танилцахад мөн л хэргээ дугаарлаагүй байх бөгөөд гэрч оролцуулах хүсэлтийг шийдсэн захирамж, талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, тэмдэглэлүүд асуухад байхгүй байсан бөгөөд шүүгчийн туслах нь хайгаад олохгүй байгаа юм. Харин давж заалдах шатны шүүхэд хэргээ шилжүүлэхдээ тэрхүү баримтуудаа дахин нөхөж хийх магадлалтай байна.
Ийнхүү шүүх хуралдаанаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ илтэд нэхэмжлэгчийн талыг барьж байсан учраас бид шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг дахин гаргахад 2 дахиа татгалзан гаргах хүсэлт гаргаж болохгүй хэмээн, хуулиар өөртөө олгогдоогүй эрхийг эдэлж, өөрөө өөрийнхөө татгалзлыг шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан татгалзлыг өөрөө шийдвэрлэсэн хууль зөрчсөн төдийгүй ёс зүйн ноцтой алдаа юм.
Гурав. Хуулийн үндэслэлийн талаар
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан байдаг.
Анхан шатны шүүх дараах хуулийн заалтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Үүнд: Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-д "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй", 64 дүгээр зүйлийн 64.3-д "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно", 64.4-д "Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ", 106 дугаар зүйлийн 106.1-д "Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна" гэж тус тус заасан байдаг.
Дээрхи хуулийн заалтуудаас харахад Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй байхаар тодорхой заасан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан бүртгэлийг сэргээнэ гэдэг нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоон дээр нэмэгдэнэ гэсэн утга, харагдахгүй байна. Хуулийн нэр томъёог бичигдсэн үг, өгүүлбэрээр нь шууд ойлгох бөгөөд нэгэнт хуульд "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй гэж шууд заасан байхад эсэргээр нь оруулан тооцох ёстой хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Сонгуулийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын ямар нэгэн ажилтан "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгосон, мөн тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдсэн гэх нотлох баримт, үйл баримт хавтас хэрэгт авагдаагүй хуулийн заалтыг нотлох баримтгүйгээр хэрэглэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцох ёстой мэтээр буруу дүгнэсэн байна.
Хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээд бид нарын гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан гэрчүүд нь Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн байгууллага, Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүд бөгөөд энэ талаар мэргэжлийн хүний мэдүүлэг өгөх боломжтой байсан ч үндэслэлгүйгээр гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн болон бодит үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмаа удаа дараа зөрчсөн гэж үзэхээр байна.
Иимд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Р.О, Л.Н нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэж 763 дугаартай шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалаа. Үүнд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 763 дугаар шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийгээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн оролцогч нарын хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хэргийг хэт нэг талыг барин шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал нэхэмжлэгч нар анх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд "хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн ийнхүү нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулжээ. Харин нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр саырн 02-ны өдөр "Сонгуулийн дүнг гаргасан хариуцагчийн дараах шийдвэрүүдийг хүчингүй болгуулах ... нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, сонгуулийн хорооны 16-р тогтоолын Г.Б, Д.Д нарт холбогдох хэсэг" гэж, мөн "...нэмэлт санал хураалт явуулахыг даалгах" гэжээ. Харин нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэмэлт санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл ... нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл, ... Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын Г.Б, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үлдэж байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07-р тойрогт нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн саналын нэгтгэл болон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн нэр дэвшигч нарыг сонгогдсонд тооцох тухай 16-р тогтоолын 07 дугаар хороо буюу П.Д, Г.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай" гэжээ. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс хэрэгсэн өөрөө шууд сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан ч нэхэмжлэлийн шаардлага төдийгүй сонгуулийн хорооны эрх мэдэлд халдан өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн байна.
Хоёр. Анхан шатны шүүх ЗХШХШТ хуулийг удаа дараа зөрчсөн тухай
Гэтэл хариуцагчид нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулахгүйгээр, хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлэх боломжит хугацаа олгохгүйгээр урьдчилсан шүүх хуралдааныг зарласан байгаа нь хавтас хэргээс тодорхой харагдаж байна.
Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэсэн атал нэг хоногийн өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу нэхэмжлэлээ гардан аваад нэг хонож байхад хуульд заасан хугацаа журмыг зөрчин урьдчилсан хэлэлцүүлэг товлож хуралдуулсан байна.
Гэтэл хавтас хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн гэх баримт байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээ гардуулаагүй атлаа урьдчилсан хэлэлцүүлэг товлосон.
Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрх, үүргийг эрх тэгш эдлүүлэх зарчимтай атал хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа анхан шатны шүүхийн шүүгч ихээхэн явуулсан нь дээрхээс эхлээд хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс тодорхой харагдна.
Тухайлбал 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрчүүд асуулгах тухай хүсэлт гаргажээ. Гэтэл шүүхээс тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр (хүсэлт шийдвэрлэсэн тэмдэглэл) шууд гэрчүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гэрчээр оролцуулсан байна.
Гэтэл хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтийг /Тухайн маргаан бүхий акттай холбоотой нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлддэг эрх бүхий улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрч асуулгах хүсэлт, мөн тухайн акттай холбоотой ирц бодох аргачлал бүхий хүснэгтийг баталсан Сонгуулийн ерөнхий хорооноос тус тус гэрч асуулгах/огт хүлээн авч шийдвэрлээгүй.
Хэргийн оролцогч нарын хүсэлтийг ийнхүү алагчилан хангасан байх бөгөөд энэ талаараа ямар нэгэн захирамж гаргаагүй атлаа гэрчүүдээс мэдүүлэг авах талаар хуульд заасан журмаа ноцтой зөрчлөө.
Хавтас хэргийн материалыг дугаарлахыг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, энэ байдлаараа задгай материалтай шүүх хуралдааныг явуулсан бөгөөд нотлох баримт, процессын бусад бичиг баримтууд аль хуудсанд, хаана байгаа нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудаа хүссэн үедээ хэрэгтээ нэмж хийх боломжоор өөрсдийгөө хангаж байна.
Хамгийн сүүлд давж заалдах гомдол гаргахаар хэргийн материал танилцахад мөн л хэргээ дугаарлаагүй байх бөгөөд гэрч оролцуулах хүсэлтийг шийдсэн захирамж, талуудын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, тэмдэглэлүүд асуухад байхгүй байсан бөгөөд шүүгчийн туслах нь хайгаад олохгүй байгаа юм.
Харин давж заалдах шатны шүүхэд хэргээ шилжүүлэхдээ тэрхүү баримтуудаа дахин нөхөж хийх магадлалтай байна.
Ийнхүү шүүх хуралдаанаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ илтэд нэхэмжлэгчийн талыг барьж байсан учраас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргахад шүүгч өөрөө татгалзлыг шийдвэрлэсэн хууль зөрчсөн төдийгүй ёс зүйн ноцтой алдаа юм.
Гурав. Хуулийн үндэслэлийн талаар
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан байдаг.
Анхан шатны шүүх дараах хуулийн заалтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Үүнд: Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.10-д "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй", 64 дүгээр зүйлийн 64.3-р "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно", 64.4-д "Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ", 106 дугаар зүйлийн 106.1-д "Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна" гэж тус тус заасан байдаг.
Дээрхи хуулийн заалтуудаас харахад Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй байхаар тодорхой заасан бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан бүртгэлийг сэргээнэ гэдэг нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоон дээр нэмэгдэнэ гэж заасан байдаг. Хуулийн нэр томъёог бичигдсэн үг, өгүүлбэрээр нь шууд ойлгох бөгөөд нэгэнт хуульд "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй гэж шууд заасан байхад эсэргээр нь оруулан тооцох ёстой хэмээн шийдвэрлэсэн.
Мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Сонгуулийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын ямар нэгэн ажилтан "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгосон, мөн тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдсэн гэх нотлох баримт, үйл баримт хавтас хэрэгт авагдаагүй хуулийн заалтыг нотлох баримтгүйгээр хэрэглэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцох ёстой мэтээр буруу дүгнэсэн байна.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн болон бодит үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмаа зөрчсөн гэж үзэхээр байна.
Иимд Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 1|-р сарын 23-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо түр хасав бүртгэлийг сэргээхдээ тухайн санал авах байранд бүртгэлтэй нийт сонгогчийн тоон дээр нэмэлгүй, харин санал өгөхөөр ирсэн сонгогчийн ирц дээр нэмж сонгогчийн ирц хүрсэн гэж үзсэн нь хууль бус хэмээн маргажээ.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 1958 дугаар хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад санал өгөхөөр бүртгэгдсэн нийт 2627 сонгогчдын тоон дээр түр хасав тэмдэглэгээ хүчингүй болсноор сэргээж санал өгсөн 23 сонгогчийн тоог нэмж 2650 сонгогчдоос, 1959 дүгээр хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад санал өгөхөөр бүртгэгдсэн нийт 2649 сонгогчдын тоон дээр түр хасав тэмдэглэгээ хүчингүй болсноор сэргээж санал өгсөн 19 сонгогчийн тоог нэмж 2668 сонгогчдоос ирцийг тооцоход нийт сонгогчдын ирц тавин хувь хүрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-т Эрх зүйн чадамжгүй, хорих газар ял эдэлж байгаа болон 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын Тайлбар гэсэн хэсэгт Түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ, 61.10-т Түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй, 61.16-д Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно, мөн хуулийн 64.4-т Санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад Түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэнэ гэж тус тус зохицуулжээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад оруулж тооцохгүй, харин түр хасав тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн сонгогчийн нэрийн жагсаалт дээрх нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгож, сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа бүртгэлийг сэргээж, энэ талаар тэмдэглэл үйлдсэнээр сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн тоонд оруулан тооцохоор байна.
Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо тус дүүргийн 7 дугаар хорооны 1958, 1959 дүгээр хэсгүүд дээр түр хасав тэмдэглэгээтэй нийт 42 /1958 дээр 23 сонгогч сэргээсэн, 1959 дээр 19 сонгогч сэргээсэн/ сонгогчийн тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилж, уг тэмдэглэгээг хүчингүй болгон сэргээж санал өгсөн байхад уг сонгогчдыг нийт сонгогчдын тоон дээр нэмэхгүйгээр санал өгсөн сонгогчийн тоонд оруулан тоолж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавин хувьд хүрсэн гэж үзсэн дүнг үндэслэн 7 дугаар хороонд нэр дэвшсэн Г.Б, П.Д нарыг хамгийн олон санал авсан гэж үзэж, нэр дэвшигчдийг сонгогдсон тооцсон тухай 16 дугаар тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна гэж заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн үед сонгуульд оролцох боломжгүй болсон бол сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүйгээр тухайн сонгогчийн нэрийн ард түр хасав гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийх бөгөөд түр хасав тэмдэглэгээ хийгдсэн сонгогч нь нийт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байсан тул түр хасав гэсэн тэмдэглэгээ хүчингүй болсноор бүртгэл нь сэргэж, нийт сонгогчдын нэрсийн жагсаалт дахь сонгогчдын тоонд орж тоологдон нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх сонгох эрх нь нээгдэж байгаа тул хариуцагчийн түр хасав гэсэн тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй, бүртгэлийг сэргээнэ гэдэг нь нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоон дээр нэмэгдэнэ гэсэн утга биш гэсэн гомдолд дурдсан тайлбар үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн, хэргийн оролцогч нарын хүсэлтийг алагчлан хангасан, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ