Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 159/2018/0031/З |
Дугаар | 225 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 225
Л.О-ы нэхэмжлэлтэй, Сэлэнгэ
аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх
Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0220 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, өмгөөлөгч М.А нар
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.О-ыг өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Оюунд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу ажлын 144 хоногийн цалин 7927124 /долоон сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулан олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0220 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ы “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамцын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Л.О, өмгөөлөгч А.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилж цуцлах, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гээд хөдөлмөрийн хууль баримтлан чөлөөлснийг нэхэмжлэгч тал анхан болон давах шатанд ямарваа хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, гэрээгүй гэдгээ мэтгэлцэж тайлбарласан ба үүгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх чөлөөлсөн захирамж нь хууль зөрчөөгүй, Л.О-ы эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Л.Оюун нэхэмжлэгч нь 2018 оныг дуусгаад 55 нас хүрсэн тул 2019 онд тэтгэвэрт гаръя гэж аймгийн Засаг даргад /хариуцагчид/ өргөдөл гаргасан нь 2018-2019 оны хичээлийн жил дуусгаад нэр хүндтэйгээр тэтгэвэрт гарах, Боловсролын салбарт тасралтгүй 5 жил ажилласан тэтгэмж авах эрх нь 2019 онд үүсэх эдийн засгийн ашиг сонирхол байсан гэдгээ мөн л хоёр шатны шүүхэд тайлбарлаж мэдүүлсэн.
4. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх болон эдийн засгийн эрх ашиг сонирхлыг санхүүгийн аудитын дүгнэлтээр шахалт дарамт үзүүлж 2018 оныг дуусгавар болгон тэтгэвэрт гарах хүсэлтэй байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга бичүүлж авсныг нэхэмжлэгч гомдолтой байдгаа тайлбарласан болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 тоот захирамж хууль зүйн үндэстэй эсэхийг өрөөсгөл дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0220 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасанд нийцсэн байна.
6. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.О-ыг “өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн, нэхэмжлэгч нь “... гэнэт чөлөөлсөн, өндөр насны тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргаагүй ” гэж маргажээ.
7. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 9.1.2.боловсрол, ... зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын ..., захирал, ...”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус зааснаас үзэхэд улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийн захирал /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулдаг ба хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана.
8. Иймээс, нэхэмжлэгч Л.О-ы ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хариуцагч нь шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээнд “ажилтны санаачилга”-аар цуцлах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилгүй, уг маргаан нь хөдөлмөрийн гэрээтэй холбоогүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул “...хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, гэрээгүй, Хөдөлмөрийн тухай хууль баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
9. Нэхэмжлэгч Л.О нь 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “... 2018 онд 55 нас хүрч энэ оныг дуусгавар болгон өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэсэн, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “... өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Боловсролын тухай хуулийн дагуу олгодог тэтгэмжийг олгож өгнө үү” гэсэн өргөдлүүдийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан нь тогтоогдсон, Л.О нь өндөр насны тэтгэвэрт гарахтай холбоотойгоор “ажлаас чөлөөлөгдөх”-өөр хүсэлт гаргах нь түүний өөрийнх нь эрхэд хамааралтай, иймээс “тодорхой хугацааны дараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байсан” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
10. Гэтэл анхан шатны шүүх “... Л.О-ыг өөрийнх нь хүсэлт гэж өргөдлийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй болжээ, ... 2018 оныг дуусгавар болтол ажиллан өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уг хүсэлтийг шууд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж ойлгон эрх зүйн акт гаргасан ...” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсний зэрэгцээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ..., 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болох”-оор заасан “боломж”-ийг ашиглаж, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор нэгэнт “ажлаас чөлөөлөгдөх” өргөдлөө албан ёсоор өгсөн нь тогтоогдсон байхад үүнийг үгүйсгэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасантай нийцэхгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... аудитын дүгнэлтээр дарамт шахалт үзүүлж 2018 оныг дуусгавар болгон тэтгэвэрт гарах хүсэлтэй байна гэж бичүүлж авсан, ... шүүх өрөөсгөл дүгнэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
11. Үүнээс гадна маргаан бүхий захиргааны акт нь 4 заалттай, ажлаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан Л.О-ы ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин болон бусад холбогдох тооцоог хийхийг, сургуулийн захирал томилогдох хүртэлх хугацаанд захирлын үүргийг менежерт хариуцуулан түүний цалингийн нэмэгдэл зэрэг асуудлуудыг мөн шийдвэрлэсэн байхад “... баримтлах ёстой хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, ... нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үйл баримтад нийцэхгүй,... хэрэглэх хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж актаар шийдвэрлэсэн асуудал тус бүрт хамааралтай хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу дүгнэсэн байна.
12. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.О өмгөөлөгч А.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0220 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ