Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 21

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох,

“Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 тоот захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Оюунцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жаргалбадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Л.Оюунцэцэг би Шаамар сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай захирамжаар Шаамар сумын 2 дугаар багт 171709702 нэгж талбарын дугаар бүхий 1 га газрыг иргэн Д.Ганбаатараас шилжүүлэн авч одоог хүртэл хүнсний ногоо тарьж хууль журмын дагуу ашиглаж байгаа билээ. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс газраа хагалж төмс, луувангаа тариад дуусч байтал Шаамар сумын газрын даамал ирээд газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдэл бидэнд өгсөн юм. Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан А/58 дугаартай захирамжийн Л.Оюунцэцэг надад холбогдуулан газрын эрхийг хүчингүй болгосон хэсгийг би хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдолтой байна. Учир нь тус захирамжийн хавсралтаас үзэхэд намайг 2015 онд газрын төлбөрт 1158 төгрөг төлөөгүй гэж бичсэн байна. Үүнээс өөр зүйл бичигдээгүй байна. Гэтэл би газрын төлбөрөө төлсөн байсан бөгөөд ямар нэгэн өр байхгүй билээ. /төлбөр төлсөн баримтаа хавсаргав/ Шаамар сумын Засаг даргын А/58 дугаартай захирамж нь 77 иргэн 1 байгууллагад холбогдуулан гаргасан байна. Тус захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5, 40.1.1-р заалтуудыг баримталсан байдаг. Эдгээр заалтууд нь надад хамааралтай эсэх нь ойлгомжгүй байгаа юм. Захирамжийн хавсралтаар бол намайг газрын 1158 төгрөгийн төлбөртэй гэж л бичсэн байдаг юм. Хэрвээ намайг газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэж байгаа бол энэ нь үндэслэлгүй юм. Учир нь 2012-2013 онд байгалийн хүчин зүйл нөлөөлж гол үерлэж усны түвшин нэмэгдсэний улмаас талбай ус ихтэй шаварлаг болсон учир 2014 онд газраа хатаах зорилгоор өнжөөсөн билээ. 2015 оны 04 дүгээр сард миний бие хүндээр өвдөж Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж мэс засалд орж хорт хавдар авахуулсан юм. Би эмнэлгийн хяналтанд байдаг. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байсныг анхаарч үзэлгүй миний газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосонд гомдолтой байна. Би аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч миний гомдлыг барагдуулж өгөөгүй учир арга буюу шүүхийн байгууллагад хандаж байна.

Миний бие анх 2010 онд иргэн Д.Ганбаатараас 2 га газрыг шилжүүлэн авсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр кадастрын зураг хийлгээд газрын гэрээгээ анх шилжүүлж авсан 2га-гаар хийх хүсэлтээ гаргаж газрын даамалд хандсан юм. Би банкинд төлбөрөө тушаагаад очтол газрын даамал гадуур ажилтай гээд явсан байсан болохоор утсаар нь хэлэхэд баримтаа миний ширээн дээр орхичих гэрээний нэг хувиа дараа ирж аваарай гэсэн юм. Тэгээд би төлбөр төлсөн баримтаа ширээн дээр нь үлдээгээд дараа ирж гэрээний нэг хувиа авахаар явсан билээ. Энэ үед миний биеийн байдал муудаж эмнэлгээс шинжилгээний хариу хүлээж байсан бөгөөд шинжилгээний хариу муу гарсан тул миний сэтгэл санаа тогтворгүй болж эмнэлэгийн байгууллагаар явж байсан болохоор тэр үед газрын гэрээгээ очиж авч амжаагүй юмаа. Би гэрээ хийсэн тул 2016 оны хавар ногоогоо тарьж дуусаад гэрээний нэг хувиа авъя гээд очиход гарын үсэггүй, гэрээ хүчингүй гээд өгөөгүй юмаа. Гэрээнд гарын үсэг зурагдаагүй нь миний буруу биш газрын даамалын буруу гэж би үзэж байгаа юм. Би гэрээгээ хийх гээд төлбөрөө төлөөд очиход ширээн дээр баримтаа үлдээгээрэй, гадуур ажилтай байна гэсэн билээ. Шүүхийн байгууллага үнэн зөвийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамжийн Л.Оюунцэцэг надад холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.Оюунцэцэг нь Шаамар сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны 44 тоот захирамжаар 171701702 нэгж талбарын дугаартай 0265425 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 1 га газрыг ногоо, тарих зориулалтаар эзэмшиж байсан. Тус газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Иргэн Л.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2010 оноос хойш газар дээрээ ногоо тарьж байгаа гэж мэдэгдсэн байна. Гэвч иргэн Л.Оюунцэцэг нь тухайн газар дээрээ 2013, 2014, 2015 онуудад ногоо тариагүй бөгөөд үүнийг нь Шаамар сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга, агроном Ж.Баярсайханы гаргаж өгсөн ургацын мэдээнд мэдээ өгөөгүй гэдгээр нь батлагдаж байгаа юм. Тухайн иргэний 2015 оны жилийн эцсийн байдлаар 1158 төгрөгний газрын төлбарийн өр гарсан нь 2012 оны газрын төлбөрийг барагдуулаагүй нь он дамжиж явсаар байгаад жилийн эцсийн байдлаар газрын төлбөрийн өртэй гарсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтанд багтана. Мөн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0265425 дугаар бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд газар эзэмших гэрээг байгуулж хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэнэ гэсэн байдаг гэвч 2012 оны 03 дугаар сарын 31-нд гэрээний хугацаа дуусгавар болсон боловч одоог хүртэл шинээр гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлээгүй нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх заалтанд хамаарч байна.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаад ажилласан зэрэг нь зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Гэхдээ эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэнэ гэсэн байна. Гэвч иргэн Л.Оюунцэцэг нь энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдээгүй учраас газар эзэмших эрхийг хураах үндэслэл болсон байна.

Иргэн Л.Оюунэцэгийн хэлж байгаа гол үерлэж ус ихтэй болсон жил нь 2011 бөгөөд 2012 онд нэмэгдсэн усны түвшин 2011 оны түвшинд хүрч үерлээгүй юм. 2013 онд гол үерлэж үйл ажиллагаа явуулахад үер ус нөлөөлөөгүй байдаг билээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргаад шийдвэрлэж өгөөгүй гэсэн байгаа боловч Сэлэнгэ аймгийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/453 тоот албан бичгээр иргэн Л.Оюунэцэцэгт Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 тоот захирамжийг судалж үзээд хүчингүй болгох үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн байдаг. Анх 2010 онд иргэн Д.Ганбаатараас 2 га газрыг шилжүүлэн авсан гэж байгаа нь үндэслэлгүй зүйл бөгөөд иргэн Д.Ганбаатараас 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр авсан газар нь Шаамар сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 148 тоот шийдвэрээр 1 га газрыг иргэн Д.Ганбаатарт 171701702 нэгж талбарын дугаар, 0106874 тоот дугаар бүхий 60 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгосон байдаг. Иргэн Л.Оюунэцэг нь эрх шилжүүлж авсан 1 га газрыг өөрөө дур мэдэн 1.97 га болгон атар газар тэлж хагалан эзэмшиж түүн дээрээ кадастрын зураглал хийлгэсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтууд, кадастрийн зураглал ба газрын Кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байдаг бөгөөд Шаамар сумын газрын даамалд тухайн иргэн гэрээ сунгах өргөдөл хүсэлт албан ёсоор кадастрын зураг өгөөгүй байна. Тухайн үед газрын даамлыг ажлаар хөдөө явсан байсан учир утсаар гэж байгаа ч тухайн газар эзэмшигч иргэний байхгүйд газрын гэрээ байгуулах боломж байхгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрээ хуульд зааснаар хоёр талын гарын үсэг зурснаас хойш хүчин төгөлдөр болно гэсэн байдаг билээ. Иргэн Л.Оюунцэцэг нь 2015 онд бус Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 тоот газар эзэмших эрх хүчингүй болсоны дараа гэрээгээ хийлгэх гэж ирсэн байдаг ийм учраас гэрээнд гарын үсэг зурагдаагүй нь газрын даамалын буруу бус иргэн Л.Оюунцэцэгийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6-д заасан бусад зүйлийн 6.2-т заасан /....энэхүү гэрээг 2 хувь үйлэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн... /үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.../ гэсэнг зөрчиж байгаа тухайн иргэнээс хамаарсан асуудал гэж үзэж байна гэв.

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5, 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг ноцтой зөрчсөн иргэн Л.Оюунцэцэгийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхааны 1 дүгээр баг 34 км нүхэн гүүрний баруун талд байрлалтай ногоо тарих зориулалтаар олгосон 1га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

             Нэхэмжлэгч иргэн Л.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаартай захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхааны 1 дүгээр баг 34-р км нүхэн гүүрний баруун талд байрлалтай ногоо тарих зориулалтаар олгосон 1га газар эзэмших эрхийг шилжүүлэн 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.Оюунцэцэгт хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 0265425 тоот гэрчилгээнүүдийг олгон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээнүүдийг байгуулжээ.

           Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн газар эзэмших гэрээг ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн гэж үзэж иргэн Л.Оюунцэцэгийн 1га газрыг эзэмших эрхийг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлгүй байна.

            Учир нь гэрээний салшгүй хэсэг болох Газрын байршлын хэмжээ, хязгаар, заагийг харуулсан кадастрын зураггүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид  газар хүлээлгэн өгсөн акт байхгүй, газрын нэгж үнийг гэрээнд тогтоогоогүй, гэрээг хэдэн жилийн хугацаатай байгуулсан нь тодорхойгүй, гэрээг байгуулахдаа гэрээнд заасан бүрдэл хангаагүй гэрээг байгуулсан, гэрээг хэрхэн яаж, ямар цаг хугацаанд хэн дүгнэх, газар эзэмшигч гэрээг дүгнүүлэхдээ ямар эрх, үүрэг эдлэх эсэх нь тодорхойгүй байна.

             Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэжээ. Өөрөөр хэлбэл гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн газрыг зориулалтын бусаар ашигласан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарахаар байна. Гэтэл нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн хувьд удаа дараа ноцтой зөрчсөн асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон зүйл байхгүй.

            Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь газрын төлбөрөө 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу гэрээ байгуулсан үеэс бүрэн төлсөн нь Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн 2016 оны 08 дугаар 29-ний өдрийн 542 тоот албан бичиг, татварын тооцоолсон жагсаалтаар тогтоогдож байх тул газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.     

            Эцэст нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч нь 2013 онд үертэй байсны улмаас 2014 онд газраа зориулалтын дагуу ашиглаж чадахааргүй нөхцөл байдалд хүрч, газраа хатаах зорилгоор ногоо тариалаагүй талаар тайлбарладаг. Хүндэтгэн үзэх шалтгаанд давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсны улмаас газраа зориулалтаар нь ашиглаж чадахгүйд хүрсэн нөхцал байдал хамаарахаар байна. 2013 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт урсах Орхон голын үерийн усны түвшин нэмэгдсэн талаар Сэлэнгэ аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №01/117 тоот албан тоот, хавсралт зургаар ирүүлснээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаар, мөн одоо хүртэл эмнэлэгийн хяналтанд байдаг талаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хавдрын эмч Б.Гандолгор тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн дээрхи нөхцөл байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/58 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Оюунцэцэгт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА