Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01329

 

Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан  даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1603 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ц.Алтанцэцэг,

Хариуцагч : Б.Жамбалсүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага: 90.000.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, Ч.Жадамба, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.02.20-ны өдөр зээлдэгч Б.Жамбалсүрэнд 60.000.000 төгрөгийг 2014.5.20-ны өдөр хүртэл сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014.5.24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 2015.10.24-ний өдөр хүртэл тус тус 2 удаа сунгалт хийсэн. Дараа нь 2016.02.20-ны өдөр уг гэрээг 2016.3.20-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Зээлдэгч Б.Жамбалсүрэн нь харилцан тохиролцсон гэрээний дагуу зээлийн хүүг 2015 оны 10 дугаар сар хүртэл төлсөн. Зээлдэгч 2015 оны 10 дугаар сараас хойш зээлийн хүү болон үндсэн зээлийг гэрээнд заасны дагуу төлөлгүй зээлдүүлэгч надад хохирол үзүүлж байна. Б.Жамбалсүрэнгээс үндсэн зээл 60.000.000 төгрөг, 2015.10.24-ний өдрөөс 2016.3.20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 10.500.000 төгрөг, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасны дагуу хохиролд хүү 8.400.000 төгрөг, нийт 78.900.000 төгрөг гаргуулж өгнө үү. Бид зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлээгүй. 40.400.000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг зээлийн хүүний төлөлт гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Алтанцэцэгтэй 2014.02.20-ны өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж 60.000.000 төгрөг зээлж авсан, гэрээний хугацааг 2014.8.24-ний өдөр хүртэл сунгасныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2014.8.24-ний өдөр хийсэн сунгалтыг зээлдүүлэгчийн дарамт шахалтанд хийсэн. Аргагүй эрхэнд Б.Жамбалсүрэнгийн өмнөөс гарын үсгийг нь Б.Батнаран зурсан. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, 3 сарын сунгалтыг мөн нотариатаар гэрчлүүлсэн байхад 2014.8.24-ний өдрөөс 2015.10.24-ний өдөр хүртэлх хугацааны сунгалтыг ийнхүү гэрчлүүлээгүй байгаа нь дарамтанд орж хийснийг нотолж байна. 2016.02.20-ны өдрийн гэх сунгалтыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчийн зүгээс 40.400.000 төгрөгийг төлсөн. Үүнийг үндсэн зээлийн төлөлт гэж үзэж байна. Зээлдэгч нь одоо 45.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнд заасан 3.5 хувийн хүү өндөр байгаа тул шүүх хуульд заасны дагуу хүүг бууруулан тооцож өгөхийг хүсье гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан Б.Жамбалсүрэнгээс 55517476 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулахыг зааж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1603 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэрт өөрчлөлт хариуцагчаас 59.657.521 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын нэрийг сольж бичсэнийг залруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүгч шийдвэрийг танилцуулахдаа шүүхээс ямар шийдвэр гарсан болохыг тодорхой танилцуулаагүй ба шүүгч тогтоох хэсгийн агуулгыг тодорхой хэлэх боломжгүй байгаа шалтгаанаа “...их мөнгөний асуудал байгаа учир тооцоог нарийн бодох хэрэгтэй... яг хэдэн төгрөг гаргуулж, хэдийг хэрэгсэхгүй болгохыг нарийн хэлэх боломжгүй байна, шийдвэрээ бичгээр гаргахдаа тодорхой бичнэ...” гэж хэлсэн. Түүнчлэн, талуудын хооронд хийгдсэн гэх 2014.8.24-ний гэсэн огноотой  сунгалтыг зөвшөөрөхгүй. Үүнийг Б.Жамбалсүрэн үйлдээгүй. Үүнийг Ц.Алтанцэцэг   "...тухайн үед Б.Жамбалсүрэн өөрөө байгаагүй, Б.Батнаран энэ бичгийг үйлдсэн, Б.Жамбалсүрэнг хөдөө явсан гэхээр нь ирэхээр нь гарын үсэг зуруулаад ир гээд явуулсан, өөрөө гарын үсэг зурсан эсэхийг мэдэхгүй" гэсэн тайлбараараа нотолдог. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Ц.Алтанцэцэг нь Б.Жамбалсүрэнд холбогдуулан үндсэн зээл 60 сая төгрөг, алданги 30 сая төгрөг нийт 90 сая төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл шүүх  хэргийг хэлэлцээд хариуцагчаас хэдэн төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн буюу шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг зохигчдод танилцуулаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг зөрчжээ.

Шүүх хэргийг хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргаж, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцсэн тогтоох хэсгийн агуулгыг зохигчдод танилцуулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй буюу хүчинтэй болсон шийдвэрийг уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулах үүрэгтэй юм.       

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1603 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 456.238 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АМАРСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                               Б.УНДРАХ