| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2316000000097 |
| Дугаар | 2024/ДШМ/02 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/02
М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Д.Б,
Иргэний нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч М.А болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2316000000097 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
У овгийн Б.Д нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Говь-Алтай аймгийн ............. сумын .............. багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДП.............. регистрийн дугаартай,
Д овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............. сумын ............... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ДП................ регистрийн дугаартай,
Ж овгийн М.А нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ................ сум ............... баг ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НВ............... регистрийн дугаартай,
Х овгийн С.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн .............. сум ................ багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДИ................ регистрийн дугаартай,
Б овгийн Д.Г нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Ардын дуу бүжгийн “А” чуулгад бүжигчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............ сум .......... баг ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДА............. регистрийн дугаартай,
Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч У овогт Б.Д, Д овогт Д.Б, Ж овогт М.А, Х овогт С.Б, Б овогт Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машин, тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч 2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 гр жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг гаргаж “Н” ХХК-нд, 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд 69,415 төгрөгийг гаргуулж Д сумын ЗДТГ-т тус тус олгож, үлдсэн мөнгийг улсын орлого болгож, 4,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий малтуур 2 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хадаас авагч 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий зээтүү 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь 2 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн шүүгдэгч М.А миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт иргэн миний “И Ц” ББСБ ХХК-ий өмчлөлд шилжүүлж зээлийн барьцаанд тавьсан 10,319,400 төгрөгний үнэ бүхий Тоёота Ланд крузер 80 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж дүгнэн улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, 3.6 дахь хэсэгт гэмт хэрэгт үйлдэж олсон хөрөнгө орлого гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг хураахдаа холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайн гэмт хэрэгт 5 шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан гэх Тоёота Ланд крузер 80 маркийн автомашиныг миний өмчлөлийнх гэж дүгнэж улсын орлого болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн машины өмчлөгч нь өөр хүн байхад машины үнийг хэргийн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлээгүй нь миний Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх 1.12 дахь хэсэгт хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт иргэний нэхэмжлэгч “И Ц” ББСБ ХХК-ий өмчлөл дээр байгаа Тоёота Ланд крузер 80 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж дүгнэн биетээр машиныг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь тус байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй, 3.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг хураах үндэслэл нь хуульд нийцээгүй дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгийг улсын орлого болгосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар.
1.1. Анхан шатны шүүх шүүгдэгч нараас хураан авсан хөрөнгө болох шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болох 10.319.400 төгрөгийн үнэлгээ бүхий тоёота ланд круйзер 80 маркийн авто машиныг хураан авч уг авто машиныг байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд зарцуулж үлдэх мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
1.2. Ингэхдээ анхан шатны шүүх уг авто машиныг хэний өмчлөлийнх болох талаар болон, яагаад уг авто машиныг биет байдлаар хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ тайлбарлаагүй байна.
2.1. Эрх зүйн дүгнэлт, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд хөрөнгийг үнэлж, үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж хохирлыг төлүүлэхээр тус тус заасан байна.
2.2. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны ХУР төрийн мэдээлэл солилцооны системээс авсан тээврийн хэрэгслийн лавлагаанд ... - ... ГАА улсын дугаартай авто машин нь “И Ц” ББСБ ХХК-ы өмчлөлд бүртгэлтэй гэж тусгагдсан, /1 хх 160/, М.А нь ... - ... ГАА улсын дугаартай суудлын авто машиныг барьцаалан тус байгууллагаас зээл авсан, зээл нь төлөгдөж дуусаагүй болохыг “И Ц” ББСБ ХХК тодорхойлсон /1 хх 162/ байна.
2.3. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болох авто машиныг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэх болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах тухай шаардлагад нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.
2.4. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал буюу үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэгт хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах боломжтойг дурьдах нь зүйтэй.
3. Давж заалдах гомдлын тухайд.
3.1. Шүүгдэгч М.А, иргэний нэхэмжлэгч “И Ц” ББСБ ХХК-ы өмгөөлөгч Ж.Д нар нь “И Ц” ББСБ ХХК-ий өмчлөлд шилжүүлж зээлийн барьцаанд тавьсан 10,319,400 төгрөгний үнэ бүхий Тоёота Ланд крузер 80 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж дүгнээд машины үнийг хэргийн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлээгүй, уг авто машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байна.
3.2. Прокурор хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагч нарт танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх ёстой бөгөөд прокурор нь яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж байгаа бол дээр дурдсан журмыг яллагдагчид танилцуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлэхэд үйлчилдэг, албадлагын арга хэмжээний нэг төрөл болох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг хурааж, эсхүл түүний үнийг гаргуулж улсын орлого болгохыг яллагдагч нарт танилцуулах байтал энэ байдлыг танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй энэ байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгааг дурьдах нь зүйтэй.
3.3. Мөн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтад тулгуурлан шийтгэх тогтоолыг өөрчлөх, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах өөрчлөлт оруулах, хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг шинээр тогтоох боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.
3.4. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.А, иргэний нэхэмжлэгч “И Ц” ББСБ ХХК-ы давж заалдсан гомдлыг хүлээн авч хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.А, иргэний нэхэмжлэгч “И Ц” ББСБ ХХК-ы давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э