Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 124/ШШ2025/0025

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н, 

Гомдол гаргагч: И нам,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-д холбогдуулан гаргасан,

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ахлах прокурор С.Н, И намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч И нам болон Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н нараас тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-д холбогдуулан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргасан.

2.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсаар И Хий намд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх буюу 100.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

3.Гомдол гаргагч ахлах прокурор С.Н прокурорын дүгнэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан  хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байна.

И намаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гардан аваад гомдол гаргасан талаар гомдолдоо дурдсан, хариуцагч энэ талаар маргаангүй, гомдлыг шүүх 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан  хугацаанд гомдлоо гаргажээ.
      4.Гомдол гаргагч ахлах прокурор С.Н шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн Увс аймаг дахь төрийн аудитын газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд Увс аймаг аймагт нэр дэвшсэн “И Х” намын сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй үүргээ биелүүлээгүй гэх бүртгэлийн 04 дугаартай гомдол мэдээлэлд, зөрчлийн 253500127 дугаартай хэрэг нээгдэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж “И Х” намд 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0057142 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэгт И Х намыг сонгуульд данс тайлангаа ирүүлээгүй үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр прокурорын дүгнэлт бичсэн. Үүнд И Х намаас 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/25 дугаартай албан бичгээр итгэмжилсэн төлөөлөгчөөр Оийг томилсон. Хууль ёсны төлөөлөгч тогтоох тогтоолд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр От зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөн оролцох эрх, үүргийг нь тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу зөрчлийн холбогдогч болох хууль ёсны төлөөлөгчийг холбогдогчоор мэдүүлэг авахгүйгээр гэрчээр мэдүүлэг авсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн  холбогдогчийн эрх, үүргийг хангах боломжийг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “оролцогч нь зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж тодорхойлсон. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн хуулийн этгээдийг холбогдогч гэж хуульд зааж өгсөн. Мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ; 14 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна” мөн хуулийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрх бүхий албан тушаалд нь хэрэг бүртгэлтийн хугацаа дуусахаас өмнө оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгч зөрчлийн хэрэгт танилцах боломжоор тус тус хангана“гэсэн заалтыг эрх бүхий албан тушаалтан ноцтой зөрчсөн учраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057142 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

5. Гомдол гаргагч И намаас шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.Мгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0057942 дугаартай Шийтгэлийн хуудсыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүлээж аваад, эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

"И" нам нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын (цаашид ИТХ гэх) төлөөлөгчийг сонгох 2024 оны ээлжит сонгуульд Увс аймгийн 19, 22, 23, 28 дугаар тойргуудад намын 4 гишүүнийг нэр дэвшүүлэн оролцсон.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.М нь И Х-ний намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар сонгуулийн зардлын дансны тайланг төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0057942 дугаартай Шийтгэлийн хуудсаар 100,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй байна. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дах заалт нь "Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.

"И" нам нь 2024 оны орон нутгийн сонгуульд оролцохтой холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцох арга хэлбэрээ тодорхойлж, нам сонгуулийн сурталчилгааны зардал гаргахгүй, хандив бүрдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул сонгуулийн зардлын данс огт нээгээгүй. Нэгэнт сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас төрийн аудитын байгууллагад хүргүүлэх сонгуулийн зардлын тайлан И намд байгаагүй.

Манай намын хувьд 2024 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд зориулан зардал гаргахгүй, хандив бүрдүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь дараах дотоод шалтгаан болон хуулийн үндэслэлтэй:

  • Орон нутгийн сонгуульд зориулан аливаа хэлбэрээр зардал гаргах санхүүгийн бодит нөөц боломж намд байгаагүй, 
  • Нөгөөтээгүүр орон нутгийн сонгууль нь олонхын буюу мажоритар системээр явагдаж, сонгогчид зөвхөн тухайн намаас нэр дэвшигчдэд санал өгөх замаар намын бодлого, хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлдэг тул орон нутгийн салбар нэгж нь бүрэн бэхжээгүй, сонгуульд цөөн тооны гишүүдийг нэр дэвшүүлж байгаа жижиг намын хувьд тухайлан хэд хэдэн аймагт сонгуулийн зардлын данс нээлгэж сонгуулийн сурталчилгааны зардалд зориулан хандив бүрдүүлэх бодит хэрэгцээ байхгүй байсан. Өөрөөр хэлбэл намаас нэр дэвшигчид нь намаас санхүүгийн хувьд шууд болон шууд бусаар хамааралгүйгээр хувь иргэнийхээ нэрээр сонгуулийн зардлын данс нээлгэж, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгааны зардлыг гаргах бүрэн боломж хуулиар олгогдсон байсан.
  • Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана", 48.2-т сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн зүйлийн 48.3-т "Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна" гэжээ. Хуулийн эдгээр зохицуулалт нь сонгуулийн зардлын данстай байх хэрэгцээ, зорилго бүрдсэн нөхцөлд буюу нам сонгуулийн зардал гаргахаар шийдвэрлэсэн нөхцөлд сонгуулийн зардлын данс нээх үүргийг үүсгэж байна. Хэрвээ нам нь сонгуулийн сурталчилгаа хийхгүй, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зардал гаргахгүй, хандив бүрдүүлэхгүй бол сонгуулийн зардлын данстай байх хуулиар тодорхойлсон дээрх хэрэгцээ, зорилго үгүйсгэгдэх буюу үүрэг үүсэхгүй болно.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд огт зардал гаргахгүйгээр оролцохыг хориглоогүй бөгөөд энэ нь сонгуулийн зардлын зөвхөн дээд хэмжээг тогтоож, доод хэмжээг тогтоохгүй байгаа хуулийн зохицуулалтын агуулгатай нийцэж байна.

И нам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд намын гишүүдийг нэр дэвшүүлэн оролцохдоо дээр дурдсан бодит шалтгаан, хуулийн үндэслэлээр сонгуулийн зардал гаргахгүй, хандив бүрдүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргаж, сонгуулийн зардлын данс нээгээгүй, аливаа хэлбэрээр сонгуулийн зардал гаргаагүй.

Гэтэл манай намыг сонгуулийн зардлын данс нээгээгүй буюу огт байхгүй сонгуулийн зардлын данснаас огт гараагүй сонгуулийн зардлын тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж торгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хуулийн шаардлагын агуулга нь сонгуулийн зардал гаргах этгээд сонгуулийн зардлын данс нээх үүрэгтэй, нээсэн дансыг бүртгүүлэх үүрэгтэй, сонгуулийн зардал гаргаж, сонгуулийн зардлын данс нээсэн бол түүнтэй холбоотой тайланг хүргүүлэх үүрэг үүсэж байгаа болохоос, огт байхгүй зардал, огт байхгүй данстай холбоотой тайлан хүргүүлэх үүрэг үүсэх боломжгүй юм.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдөр И Хий намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар сонгуулийн зардлын дансны тайланг төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй гэж 100,000,000 төгрөгөөр торгосон "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0057942 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Гомдол гаргагч И намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:” ...И Х-ний нам буюу И нам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд намын гишүүдийг нэр дэвшүүлэн оролцсон. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч Ц.М нь Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн И Хий намд зөрчлийн хэрэг үүсгэж шалгахдаа И намыг хууль ёсоор төлөөлөх эрхгүй этгээдээс мэдүүлэг авсан. Мөн гомдол гаргах эрхийг нь хангаагүй. И Х нам нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохдоо 4 гишүүнийг нэр дэвшүүлсэн. Тус намын гүйцэтгэх дээд байгууллага болох улс төрийн зөвлөлөөс орон нутгийн сонгуульд оролцохдоо хуульд зааснаар сонгуульд зардал гарна. Тухайн зардал нь тухайн нам нь өөрийн үзэл баримтлал хөтөлбөрийг иргэд сонгогчдод сурталчлан таниулах зорилготойгоор сонгуулийн зардал гарна. Зардал гаргах тохиолдолд сонгуулийн зардлын данс нээнэ. Тухайн дансаар сонгуультай холбоотой хөрөнгө хандив зэргийг бүрдүүлэх, түүнээсээ зарцуулалт хийх журам гаргасан. И Х-ний намын тухайд орон нутгийн сонгуульд оролцохдоо намын хувьд өөрийн хөрөнгөөр сонгуульд оролцох, санхүүжүүлэх нөөц бололцоо байгаагүй. Хандив бүрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн учраас намын гишүүдийн зүгээс аймаг орон нутагтаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвшиж, бодлого тодорхойлох хурлын төлөөлөгчөөр ажиллах хүсэлтэй намын гишүүдийн хүсэлтийг харгалзаад тэдгээр гишүүдийг нэр дэвшүүлэх ажиллагааг хийсэн. Намын гишүүд өөрсдөө сонгуулийн зардлын асуудлыг санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн. Мөн хуульд нэр дэвшигч нар өөрсдийн нэр дээр данс нээж болох зохицуулалт байгаа учраас намын зүгээс ямар нэгэн санхүүжилт олгох боломжгүй. Нэгдсэн байдлаар зохион байгуулж И намын нэрээр сонгуулийн хандив бүрдүүлэхгүй гэх нөхцөл байдлыг нэр дэвшиж байгаа гишүүд ойлгож хүлээн зөвшөөрөөд өөрсдөө сонгуулийн зардлын асуудлаа бүрэн хариуцна гэсэн тул тухайн намын гишүүнийг орон нутагт нэр дэвшүүлэх ажиллагааг хийсэн. Сонгуулийн зардлын тайлан гаргаагүй гэх үндэслэлээр зөрчил үйлдсэн гэж үзэж И намыг буруутгаж шийтгэсэн шийдвэр гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол…” гэж заасан. Нэгэнт сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас тухайн данстай холбоотой ямар нэгэн тайлан гаргах боломжгүй байсан. Сонгуулийн зардал гэдэг нь тухайн нам нь өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа сонгогчдод сурталчлах зорилгоор үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардал гаргахаар бол данс нээх ёстой учраас данс нээгдээгүй. Нээгдээгүй данстай холбоотой тайлан мэдээллийг ирүүлээгүйг зөрчил гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна…” гэв.

7.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн "Аймаг, нийслэл, сум. дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх" сэдэвт аудитаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, нэр дэвшигчдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах" зөвлөмжийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн.

Дээрх зөвлөмжийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Н-ээр хянуулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3, 56.5, 80.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 дэх заалтыг баримтлан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд прокурорын дүгнэлт болон И намын гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Гомдол гаргагч ахлах прокуророос “эрх бүхий албан тушаалтан Д.Оийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож тогтоол гаргасан боловч холбогдогчоор биш гэрчээр мэдүүлэг авсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарсан, зөрчилд холбогдогчийн эрхийг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гарган үндэслэлээ тодорхойлжээ.

3.Гомдол гаргагч И намаас “И нам Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцох арга хэлбэрээ тодорхойлж, нам сонгуулийн сурталчилгааны зардал гаргахгүй, хандив бүрдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул сонгуулийн зардлын данс огт нээгээгүй. Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн зардлын данс нээсэн бол тайлан хүргүүлэх үүрэг үүсэж байгаа болохоос огт байхгүй данстай холбоотой тайлан хүргүүлэх үүрэг үүсэхгүй.Мөн И Хий нам нь Улсын дээд шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор И нам болон нэрээ өөрчлөн чиг үүргээ хэрэгжүүлж байна” гэж гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

4.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас ”Увс аймаг дахь төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн, зөвлөмжийн дагуу прокуророор хянуулан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн” гэсэн тайлбар гарган гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

5. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй нь аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн И Хий намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх буюу 100.000.000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

6. И Х-ний намд холбогдох зөрчлийн 2535000127 дугаартай хэрэгт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайлан,И намын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 009/25 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/248 дугаартай “Албан тушаалтан томилох тухай” албан бичиг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн И Х-ний намын хууль ёсны төлөөлөгчөөр Д.О-ийг томилох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Увс аймгийн И Х-ний намын хорооны 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай орон нутгийн сонгуульд оролцох тухай хүсэлт, И Хий намын даргын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай Увс аймгийн Намын хорооны даргаар Д.О-ийг батламжилсан тушаал, И Хий намын улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/383 дугаартай Үндэсний аудитын газраас И Хий нам зардлын дансны тайлан хүргүүлсэн эсэх лавлагаа авах тухай албан бичиг, Үндэсний аудитын газрын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/1130 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг / И Хий нам УИ-ын сонгуулийн зардлын тайланг ирүүлсэн тухай/, Монгол Улсын И хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7/469 дугаартай Нийслэл дэх төрийн аудитын газраас лавлагаа авах тухай албан бичиг, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/310 дугаартай албан бичиг, И намын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 008/25 дугаартай, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 012/25 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны аудитор Р.Ааас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны Д.О-ээс гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Д.О-т хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагджээ.

 7. Гомдол гаргагч И нам болон нэр бүхий нэр дэвшигчид Увс аймгийн орон нутгийн ээлжит 2024 оны сонгуульд оролцсон талаар талууд маргаангүй болно.

8.Увс аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайланг баталгаажуулсан байх ба уг тайлангийн 1-р хавсралтаар төрийн аудитын байгууллагад сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийг, 2-р хавсралтаар сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийг баталсан байна.

Гомдол гаргагч И намын хувьд сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй болон дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бичигджээ.

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана” , мөн хуулийн  50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана”, 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж мөн зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хариуцлага хүлээлгэхээр заажээ.

10.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн шинжийн хувьд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигч банканд нээлгүүлсэн сонгуулийн зардлын дансны тайланг ирүүлээгүй байх нөхцөлийг шаардахаар байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт нээгдээгүй дансанд дансны тайлан гаргах боломжгүй тул зөрчлийн уг заалтаар И Хий намд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасан “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.

11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тодорхойлсон.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор И Х-ний намын нэрийг И нам гэж өөрчлөн улсын бүртгэлд бүртгэсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр өөрчилсөн бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн байхын зэрэгцээ зөрчлийн хэрэгт авагдсан И намаас ирүүлсэн албан бичгүүдэд /итгэмжлэл олгох, тайлбар гаргах/ намын нэрийг И нам гэж бичсэн байтал эрх бүхий албан тушаалтнаас намын нэрийн өөрчлөгдсөн байдалд дүгнэлт хийхгүйгээр И намд бус хуучин нэршлээр И Х-ний намд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэснийг холбогдогчийг зөв тогтоогоогүй гэж үзнэ.

12.Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.О-ийг томилсон мөртлөө гэрчийн мэдүүлэг авч холбогдогчийн эрх зүйн байдлыг тодорхойгүй болгосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн байх бөгөөд энэ талаарх прокурорын гаргасан дүгнэлт үндэслэлтэй.

13.Мөн И намаас хоёр хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байхад нэгийг нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол үйлдсэн, нөгөө үлдэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудлыг шийдвэрлээгүй, эрх бүхий албан тушаалтнаас нотлох баримтаар цуглуулж зөрчлийн хэрэгт хавсаргасан бичгийн баримтууд эх баримтаар авагдаагүй, холбогдох төрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг болон нотариатаар баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбарласан баримтууд байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.

14.Иймд эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсаар И Хий намд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 100.000 нэгжтэй тэнцэх буюу 100.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь гомдол гаргагч И намын эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул гомдол гаргагч И намын гомдол,Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн дүгнэлтийг хүлээн авч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан тул И намаас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажиллаж буй байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70.200 төгрөг гаргуулан гомдол гаргагч И намд олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч И намын гомдол, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн дүгнэлтийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн үйлдсэн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0057942 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч И намын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан И намд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ