Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

         Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг  хохирогчийн өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ц.Б-д холбогдох эрүүгийн 2316000000153 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овогт Ц.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн ............. сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг ............. сумын ... -р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДО.............. регистрийн дугаартай,

 

2. Шүүгдэгч Ц.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Б-гаас хохиролд 2,819,391 (хоёр сая найман зуун арван есөн мянга гурван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б олгож, 3,662,300 (гурван сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 630,000 (зургаан зуун гучин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 180,000 (нэг зуун наян мянга) төгрөгийг тус тус төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 8 (найм) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Хохирогчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Д.Б-ын зүгээс биедээ хөнгөн хохирол авч эмчилгээ хийлгэсэн бөгөөд хохиролтой холбоотой баримтуудыг үнэлж хохирлыг гаргахгүйгээр иргэний журмаар хэлэлцүүлэхээр нээлттэй үлдээж байгаад гомдолтой байгаа бөгөөд хохирлыг бүрэн Ц.Б-гаас гаргуулж өгөхийг хүсч буй учир хэргийг магадлаж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Хэргийн үйл баримтын талаар:

 

6.1. Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ............. сумын нутаг дэвсгэр ........... гэх газар “Хаваржаанаас нүүсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар хохирогч Д.Б-ыг зодож, түүний биед баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимны цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байна.

 

6.1.1. Энэ үйл баримт нь гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед аав Б-н хамтаар хонио эргүүлэхээр явж байхад нь ..... гэх буудлын хажууд Б, Ц, Г гэх 3 хүн хамт сууж байсан. Тэгэхээр нь бид 2 очиж, мэнд ус мэдэлцээд аав Б нь Б-д “Хаваржааны хажууд ойрхон буусан байна. Та одоо нүүгээд намар ирж буухгүй юу” гэж хэлэхэд аавын урдаас “Чи хол очиж хуц. Зайл. Миний 2 адууг чи хулгайлсан. Зөн билгийн тулаанд үзүүлсэн. Чамайг авсан гэж байна билээ.” гэж хэлж доромжилсон тул аавын уур хүрээд мотоциклоосоо бууж очоод нүүр лүү нь 2 цохисон. Хамраас нь цус гараад салсан. Хамар нь шалбарсан харагдаж байсан. Өөр гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

6.1.2. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 26-ны 12 цагийн үед байх Д.Б, Г нарын хамт малынхаа бэлчээрт сууж байтал Б нь хүү Б-ийн хамт ирсэн. Тэгээд буудал бууцны асуудлаас болоод Б Б нар нь хэрэлдээд эхэлсэн. Гэтэл Б нь мотоциклоосоо бууж ирээд Б-ын гуя руу нь 1 удаа өшиглөөд автал Б урдаас нь заамдаад авахаар нь салгасан. Харин намайг явсны дараа дахин хэрэлдээд зодоон болсон гэсэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

6.1.3. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Э-ын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11108 дугаартай “Д.Б-ын биед баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.” гэх агуулга бүхий дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

8.1. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийг цохьсон үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шууд шалтгаант холбоотой байна.

 

8.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байна.

 

9. Давж заалдах гомдлын талаар:

 

9.1. Хохирогчийн өмгөөлөгч Д.А нь Д.Б-ын зүгээс биедээ хөнгөн хохирол авч эмчилгээ хийлгэсэн байхад хохирлын зарим хэсгийг иргэний журмаар хэлэлцүүлэхээр нээлттэй үлдээсэнд гомдолтой байгаа бөгөөд Ц.Б-аас хохирлыг бүрэн гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

10. Шүүгдэгч Ц.Б-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

11. Шүүгдэгч Ц.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

12. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт, эрүүгийн хариуцлага тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцсэн байна.

13. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлохдоо анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо эмчлүүлэхдээ Улаанбаатар хот руу МИАТ-аар зорчсон гэх 404,300 (дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуу) төгрөгийн баримтыг үнэлээгүй  нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд нь учирсан хохирлыг оношлуулж, эмчлүүлэхээр явсан замын зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах тул уг 404,300 (дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуу) төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Б-ын Улаанбаатар хот руу явсан цаг хугацаа, Улаанбаатар хотод шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд нь цаг хугацааны хувьд тохирч байна.

 

14. Анхан шатны шүүх хохирогч Д.Б-ын нэхэмжлэлээс шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигтай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарах эсэхийг тогтоох боломжгүй, тодорхой бус өмгөөлөгчийн хөлс 2,000,000 (хоёр сая) төгрөг, “Дуб” ХХК-ийн нэр үйлчилгээ нь тодорхой бус 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, үзлэгийн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, нэр үйлчилгээ нь тодорхой бус 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн НӨАТ-ын баримт мөн нэр үйлчилгээ нь тодорхой бус Улсын гуравдугаар эмнэлгийн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт, “Долгион” мэдрэлийн хувийн эмнэлгийн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн баримт, Голомт банкны 8,000 (найман мянга) төгрөгийн баримт зэрэг нийт 3,258,000 (гурван сая хоёр зуун тавин найман мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин “Бамбайн үндэс” эмийн сангийн НӨТ-н баримт, “Дуб” ХХК-ийн рентгений зураг авхуулсан баримт, “Ай ти” лабораторийн НӨТ-н баримт, “Грандмед” эмнэлгийн НӨТ-н баримт, “Хангарьд” эмийн сангийн НӨТ-н баримт, “Царам тэнгэр” ХХК-н эмийн сангийн НӨТ-н баримт, Улсын нэгдүгээр эмнэлгийн төлбөрийн баримт, “Монос” эмийн сангийн НӨТ-н баримт, Улсын гуравдугаар төв эмнэлгийн НӨТ-н баримт, тус эмнэлгийн төлбөрийн баримт, зорчих тасалбар захиалсан баримтаар тогтоогдож буй 699,391 (зургаан зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн МИАТ-аар зорчсоны зардал 404,300 (дөрвөн зуун дөрвөн мянга гурван зуу) төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг нийт 3,853,691 (гурван сая найман зуун тавин гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг хохирогчид олгох үндэслэлтэй.

Үүнээс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 630,000 (зургаан зуун гучин мянга) төгрөгийг хасаад 3,223,691 (гурван сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...хохиролд 2,819,391 (хоёр сая найман зуун арван есөн мянга гурван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж...” гэснийг “...хохиролд 3,223,691 (гурван сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж...” гэж, “...3,662,300 (гурван сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж...” гэснийг “...3,258,000 (гурван сая хоёр зуун тавин найман мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж...” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

ШҮҮГЧИД                           Ш.Б

                                                                            Ц.О