Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 124/ШШ2025/0027

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ............................... тоотод оршин суух, Т овогт Б-ийн Б,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М,

Гомдлын шаардлага: “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, гомдол гаргагч Б.Б, хариуцагч улсын байцаагч Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигч Б.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй нь аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. (Хавтаст хэргийн 22-50 дугаар хуудас)

2.2. Холбогдогч Б.Б шийтгэлийн хуудсыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан ба шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шийтгэврийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд шүүхэд хандсан байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Б.Б миний бие нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт 23 дугаар тойрогт орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд “Их нам”-аас нэр дэвшин оролцсон. Миний бие тухайн сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн тухай хуулиа баримтлан оролцсон бөгөөд тухайн үед төрийн банканд сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн ба ямар ч гүйлгээ хийгдээгүй бөгөөд тухайн үед дансанд ямар нэг хэмжээний орлого ороогүй учир зардлын тайлан гаргахгүй юм байна гэж үзсэн тул зардлын тайлан гаргаж аудитын газарт өгөөгүй болно. Тэгтэл намайг орон нутгийн ээлжит сонгуульд оролцохдоо сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа өгөөгүй гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн намын нэрийн өмнөөс нэр дэвшиж байгаа тул нам маань нэр дэвшигч нартаа хууль дүрмээ танилцуулах сургалт, сурталчилгаа хийгээгүйгээс анх сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигч нар хохирсон гэж үзэж байна. Нам маань нэгдсэн журмаар нэр дэвшигч нарын дансны жагсаалтыг нэгтгэж төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэдэг ойлголтыг нэр дэвшигч миний хувьд авсан байсан. Тэр ойлголтоор намдаа хэт итгэсэн байсан намын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тухайн хуулийн заалтад “...тухайн нэр дэвшигч заавал өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй” гэх заалт байхгүй. Нэр дэвшигч миний бие хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус ажиллагаанаас болж төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд, нам эвсэлд ч нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй болно. Би бусдаас шалтаг хэлэх биш, өөрийн хариуцлагагүй байдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Сайн судлах ёстой байсан. Хүнээс лавлаад огт зарлага гаргаж, орлого ороогүй юм чинь гайгүй байлгүй дээ гэж хариуцлагагүй хандсан байна. Тухайн үед санхүүгийн боломж муу байсан. Одоо ч надад өмгөөлөгч авах, мөнгө төгрөг зарахад үнэхээр хүндрэлтэй байгаа тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож байна. Тиймээс намайг нэг удаа өршөөж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлав.

3.2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн “Аймаг, нийслэл, сум. дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт аудитаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, нэр дэвшигчдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн. Дээрх зөвлөмжийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Нээр хянуулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3, 56.5, 80.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь заалтыг баримтлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж шийтгэврийн хуудас бичсэн” гэж тайлбарлаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагч Б.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг шүүхэд гаргасан.

3. Гомдол гаргагчаас “...тухайн үед төрийн банканд сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн ба дансанд ямар нэг хэмжээний орлого ороогүй учир зардлын тайлан гаргахгүй юм байна гэж үзсэн тул зардлын тайлан гаргаж аудитын газарт өгөөгүй. ...нэр дэвшигч миний бие хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус ажиллагаанаас болж төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд, нам эвсэлд ч нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй” гэж маргаж байна.

4. Хариуцагч улсын байцаагчаас “...Увс аймаг дахь төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн, зөвлөмжийн дагуу прокуророор хянуулан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн...” гэж тайлбарлав.

5. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

6. Б.Бт холбогдох зөрчлийн 2535000123 дугаартай хэрэгт аудитор Р.А-ийн гэрчийн мэдүүлэг, Б.Б-ын холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайлан, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар тойрогт нэр дэвшсэн иргэдийн авсан саналын талаарх аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл зэрэг баримтууд авагджээ.

7. Гомдол гаргагч Б.Б нь 2024 оны Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд “И”-аас нэр дэвшсэн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарласан, мөн сонгуульд Б.Б нь 14 иргэний санал авсан талаарх аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл зөрчлийн хэрэгт авагдсан байна.

8. Увс аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх сэдэвт нийцлийн тайланг баталгаажуулсан бөгөөд 01 дүгээр хавсралтын 01 дүгээрт нэр дэвшигч Б.Б сонгуулийн зардлын дансны тайлан ирүүлээгүй тухай тэмдэглэгдсэн, мөн гомдол гаргагч сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

9. Түүнчлэн, нэр дэвшигч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  сонгуулийн зардлын дансаа нээж, Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлсэн ба иргэн, хуулийн этгээдээс 0 төгрөгийн орлого олж, 0 төгрөгийн зарлага гарсан болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 314 дүгээр албан бичгээр ирүүлсэн Төрийн банкны харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргана”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана”, 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

10.1. Нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, цаашилбал Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах зорилгоор хуулиар хүлээлгэсэн энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.

11. Зөрчлийн хэргийн холбогдогч Б.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

12. Гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан “...дансанд ямар нэг хэмжээний орлого ороогүй учир зардлын тайлан гаргахгүй юм байна гэж үзсэн, ...нам маань нэр дэвшигч нартаа хууль дүрмээ танилцуулах сургалт, сурталчилгаа хийгээгүйгээс анх сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигч нар хохирсон” гэж тайлбарлаж байгаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 53.3-т заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр нэр дэвшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул гомдол гаргагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэл болохгүй.

13. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...шударга ёсыг тогтоох” зарчимтай нийцэх юм.

17.1. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас “...сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар холбогдох байгууллагаас ямар нэг сургалт хийгээгүй, зөвлөмж ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй, санхүүгийн боломж муу байна...” гэх боловч энэ нь хуулиар нэр дэвшигчид өөрт нь хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

18. Иймд гомдол гаргагч Б.Б нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд ийнхүү шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл болохгүй тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Б.Б-ын “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БАТДОРЖ