| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00351/И |
| Дугаар | 103/ШШ2025/00415 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00415
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00415 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 0 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 55 настай, эмэгтэй, Багануур дүүрэг 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Эрдэнэсувд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсувд нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсувд нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс Багануурын районы хот тохижуулах конторт гагнуурчинаар ажилд орсон. 1990 оны 9 дүгээр сард декритээ авч охин ******* төрүүлж ажлаас чөлөөлөгдсөн. Тус контор нь Багануур ус НӨҮГазартай 2009 оныг хүртэл 2 байгууллага нэгдсэн байсан. Миний тухайн үед ажил орсон гарсан тушаалууд шатаж үгүй болсон. Би Улсын төв архив болон Нийслэлийн архивын газраас дээрх тушаалуудыг шүүлгэсэн боловч олдоогүй. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага үүсээд байна. Иймд Д.Эрдэнэсувд намайг 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануур хот тохижуулах конторт гагнуурчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсувд нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1..5 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 3..0 дугаартай бат илэрхийлэх, Улаанбаатар хотын районы хот тохижуулах конторын даргын 28, 54, 44 дугаартай тушаалууд, тушаалын хавсралтууд, баярын бичгүүд, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1, ХААТР-21 дугаартай маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр М.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Д.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Д.Эрдэнэсувд нь 1970 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Д.Эрдэнэсувд хөдөлмөрийн дэвтэрт түүний ажилд орсон тушаал бичигдсэн хэдий ч ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй, ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архивын болон холбогдох байгууллагаас бүрэн гарч ирээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Д.Эрдэнэсувдад үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4.Д.Эрдэнэсувд нь 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Багануурын районы хот тохижуулах конторт гагнуурчинаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.1..5 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаартай тушаалаар АБЯ-ны харьяа Тээврийн техник мэргэжлийн сургуулийн цахилгаан хийн гагнуурын анги төгссөн тул Улаанбаатар Багануур хот тохижуулах конторын мэдэлд шилжүүлэв, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай тушаалаар Тээврийн яамны томилолтоор ирсэн тул авто гражид гагнуурчинаар авч ажиллуулав гэх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 7 дугаар тал/
б./3...0 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх: МХЗЭ-д элссэн 1985 он 5 сарын 13 , бат илэрхийлэх олгосон Багануурын район гээд 1985 оны 5 дугаар сараас 1990 оны 5 дугаар сар дуустал сарын цалин хөлснөөсөө гишүүний татвар төлсөн талаар тэмдэглэжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
в./Улаанбаатар хотын районы хот тохижуулах конторын даргын 1989 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд: Багануурын гэр хороолол нүүж байрлахтай холбогдуулан оршин суугч хавсралтанд заасан нэр бүхий хүмүүсийн ээлжийн амралтыг олгосугай гээд хавсралтын 2 дугаарт Д.Эрдэнэсувд 26 хоног гэжээ. /хх-ийн 11 дугаар тал/
г./ 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай Болзолт уралдаан дүгнэх тухай тушаалд: Гурав. ...тохижилтын хавсралтад нэр заасан ажилд идэвхи зүтгэл гарган ажилласан байгууллагын удирдах ажилтан, ажилчид, пионер сурагчдын 20 хүн тус бүрийг 50-200 төгрөгөөр шагнасугай гээд хавсралтын 14 дугаарт ХТ конторын гагнуурчин Д.Эрдэнэсувд 60 төгрөг гэж бичигджээ. /хх-ийн 12-13 дугаар тал/
д./1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай Ажилд өөрчлөн томилох, хослуулан ажиллуулах тухай тушаалд: Нэг. ...Хүсэлтийнх нь үндсэн дээр 4 сартай жирэмсэн Дагдан овогтой Эрдэнэсувдыг гагнуурчины ажлаас чөлөөлөн 1990 оны 6 дугаар сарын 4-нөөс дежурын ажилд шилжүүлэх ... гэжээ. /хх-ийн 14 дүгээр тал/
е./Хот тохижуулах конторын 1989.12.01-ний өдрийн баярын бичигт: Хот тохижилт соёлжилтын ажилд идэвхи зүтгэл гарган оролцож төв гудамжны болон байгууллагын тохижилтонд оруулсан хувь нэмрийг тань үнэлж болзолт уралдаанд шалгаруулан баярын бичиг мөнгөн шагналаар шагнаж дурсгав гэсэн байна. /хх-ийн 15 дугаар тал/
ё./Конторын зөвлөлийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн 1989.03.08-ны өдрийн баярын бичигт: Бүсгүйчүүдийн тэмцээнд амжилтай оролцож 2-р байр эзэлсэн тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ. /хх-ийн 16 дугаар тал/
ж./ 1988-1989 онуудад хамт олны зугаалга болон ажлын байран дээрээ ажил үүрэг гүйцэтгэж байхдаа авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 18 дугаар тал/,
3./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Дагдан, нэр Эрдэнэсувд, төрсөн газар, Налайх хот, төрсөн он сар өдөр 1970.2.13, мэргэжил гагнуурчин, ажилладаг байгууллага хот тохижуулах, ажилд орсон 1988 оны 7 дугаар сард гэж, ХААТР-21 маягтад: овог Дагдан, нэр Эрдэнэсувд, ажилладаг байгууллага хот тохижуулах, мэргэжил гагнуурчин гэж бүртгэгджээ. /хх-ийн 33 дугаар тал/
и/.Гэрч М.*******гийн шүүхэд өгсөн: Эрдэнэсувд нь Багануур дүүргийн Хот тохижуулах конторт 1988-1990 он хүртэл ажиллаж байсныг мэдэж байна. Анх ямар ажилд орсоныг мэдэхгүй байна. Сүүлд мод үржүүлгийн хэсэгт ажиллаж байсан шиг санаад байна. Он, сар өдрийг тодорхой сайн санахгүй байна. Гэрэл зургуудын хувьд эхний зурагт дээд талын эгнээний баруун гар талаас 6 дахь хүн нь Эрдэнэсувд, дараагийн зурагт Эрдэнсувд ганцаараа гагнуурчнаар ажиллаж байхдаа авахуулсан байна. Доод талын тракторын өмнө авахуулсан зурагт голын хүн нь Эрдэнэсувд байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/
й/.Гэрч *******ын шүүхэд өгсөн: Эрдэнэсувд нь намайг ажилд ороход Багануур дүүргийн Хот тохижуулах конторт гагнуурчинаар ажиллаж байсан. 1993 онд намайг ажилд орохоос өмнө ажиллаж байсан цаг хугацааг тодорхой сайн санахгүй. Цуг ажиллаж байснаа мэднэ. Гагнуурчнаар л ажиллаж байсан. Гэрэл зургуудын хувьд хэдэн онд авахуулсаныг мэдэхгүй байна. Эхний зурагт дээд талын эгнээний баруун гар талаас 6 дахь хүн нь Эрдэнэсувд, дараагийн зурагт Эрдэнэсувд ажлын байран дээрээ байна. Доод талын зурагт Эрдэнэсувд ачигч залуутай авахуулсан зураг байна, дараагийн зурагт тракторын өмнө авахуулсан зурагт голын хүн нь Эрдэнэсувд байна гэсэн мэдүүлэг./хх-ийн 31 дүгээр тал/
к/ Төрсний бүртгэлийн лавлагаанд: Хүүхдийн нэр ******* Ариунжаргал, эцэг ******* Цогтбаяр, эх ******* Эрдэнэсувд, 1990.10.03-ны өдөр төрсөн гэжээ.
л/.Д.Эрдэнэсувд нь 1990 оны 10 дугаар сарын 03-нд охин Ц.******* төрүүлсэн байх ба 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай Ажилд өөрчлөн томилох, хослуулан ажиллуулах тухай тушаалаар түүнийг 4 сартай жирэмсэн байхад нь гагнуурчины ажлаас чөлөөлж, 1990 оны 6 дугаар сарын 04-нөөс жижүүрийн ажилд шилжүүлсэн байна. 44 дугаартай тушаалыг нөхөн гаргасан байх магадлалтай, 1990 оны 06 сард 4 сартай жирэмсэн байсан, хүүхдээ 9-10 сар тээх боломжтой гэж үзвэл 11 сард төрөх байсан боловч 10 сард дутуу төрсөн талаар тэрээр тайлбар өгсөн. Ажил олгогч 1990 оны 08 сараас хойш төрөхийн өмнөх амралтын болон ажлаас чөлөөлөх ямар нэгэн тушаал гаргаагүй байна. Тухайн үйл баримтаас дүгнэхэд хүсэлт гаргагчийн өөрийнх нь 1990 оны 09 сард ажлаасаа чөлөөлөгдсөнөө тогтоолгох шаардлага үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Дээрх баримтуудыг үндэслэн Д.******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* Эрдэнэсувдыг Багануурын районы хот тохижуулах конторт 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гагнуурчинаар, 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ