Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00416

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00416

Улаанбаатар хот

 



2025 05 14 103/ШШ2025/00416

 



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 00 онд Улаанбаатар хотод төрсөн, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Зайсан, Тэнгэр рашааны гудамж 1000/3/27 тоотод оршин суух, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилахуй эрхэлсэн дэд захирал ажилтай овогт ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* миний бие Багануур дүүргийн 0 дүгээр цэцэрлэгт 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарч, 0 дүгээр цэцэрлэгт 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн удаа амаржиж хүүхэд асрах чөлөөтэй байсан ба холбогдох байгууллагуудаас хүүхэд асрах чөлөө олгосон, ажлаас чөлөөлөгдсөн талаар тушаал гаргаагүйгээс миний ажилласан жил тасрахад хүрээд байна. Би одоо 55 нас хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил үүсээд байна. Иймд намайг 1995.01-08 сар хүртэл, 1997.01-1999.08 сарыг дуустал, 2001.04.19-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байсныг, 2000.09.01-ний өдрөөс 131 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажлаас, 2002.07.01-ний өдрөөс 0 дүгээр цэцэрлэгийн ахлах сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, 1993.09.02-ны өдөр 1 дүгээр ясли цэцэрлэгт туслах багшийн ажилд томилогдсон болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 0..0 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 157 дугаартай Архивын газрын тодорхойлолт, 10/335 дугаартай Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, Багануурын районы I цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1983 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 21, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны 01, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70, 1999 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 31, 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай тушаалууд, Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22, 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/26, 2001 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07, 2001 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаартай тушаалууд, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10/332 дугаартай албан бичиг, хүү У.*******, У.******* У.*******, охин У.******* нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанууд, 152639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.О.******* нь 1970 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар тухайн үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч О.******* нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч зарим он сар өдөр засвартай, гүйцэд бөглөгдөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн талаар бичилт хийгдсэн байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг явуулаагүй зөрчилтэй, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал бүрэн гүйцэд гарч ирээгүй, ажиллаж байхдаа хүүхэд төрүүлсэн, хүүхэд асрах чөлөө олгосон тушаалууд гараагүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байна.

3.БНМАУ-ын 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно, 88 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд хүүхдээ асрахад зориулж хүүхдийг 2 /ихэр бол 3 / настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж зааснаар ажил олгогч нь ажилтан О.*******т хүүхэд асрах чөлөөг тушаалаар олгох үүрэгтэй байсан, О.******* нь 1994, 1997, 2001 онуудад хүүхэд төрүүлсэн боловч чөлөө олгосон, эрхийн акт гаргасан эсэх нь тодорхойгүй байсан учраас дээрх үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх О.*******т үүсчээ.

4.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа 55 нас хүрсэн өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

5.О.******* нь 1993.09.01-ний өдөр 1 дүгээр ясли цэцэрлэгт туслах багшийн ажилд томилогдсон, 1995.01-08 сар хүртэл, 1997.01-1999.03.07-ныг дуустал, 2001.04.19-ний өдрөөс тус тус хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2000.09.01-ний өдрөөс 131 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн үүрэг ажлаас, 2002.07.01-ний өдрөөс 0 дүгээр цэцэрлэгийн ахлах сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Архивын газрын 2025 оны 4 дүргээр сарын 10-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолтод: Багануур дүүргийн 131, 139, цэцэрлэгийн эрхлэгчийн 1994, 1995, 2001, 2002 оны тушаалд ******* *******т холбогдох баримт байхгүй байна гэжээ. / хх-ийн 17 дугаар тал/

-Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10/335 дугаартай албан бичигт: 0 цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг шүүж үзэхэд ******* *******т 1994 оны тэтгэмжтэй чөлөө олгосон, 1995 онд ажилд томилсон, 2000 онд ажлаас чөлөөлсөн баримт байхгүй байгааг үүгээр уламжилж байна гэжээ. /хх-ийн 18 дугаар тал/

-Багануурын районы I цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1983 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай тушаалаар *******ийг I/IX-нээс эхлэн багшийн туслахаар томилсон. /хх-ийн 19 дүгээр тал/

-1994 оны 01 дүгээр сарын 10-ны 01 дугаартай Ажилчин албан хаагчдын цалин орон тоог батлах тухай тушаалаар ******* авч байсан 5900 төгрөгийн цалинг 7600 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/

-1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар О.*******т 21 хоногийн ээлжийн амралт олгосон. /хх-ийн 22-23 дугаар тал/

-1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай тушаалаар багш ******* оронд ******* овогтой ******* 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс туслах багшаар томилсон. /хх-ийн 24 дүгээр тал/

-1999 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар багш Алтансувдын оронд *******ийг 1999 оны 8-р сарын 25-наас авч ажиллуулсан. /хх-ийн 25 дугаар тал/

- 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар ******* цалинг 21,500 төгрөг болгосон байна. гэжээ. /хх-ийн 26-27дугаар тал/

- 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалаар О.*******т 20 хоногийн ээлжийн амралт олгосон. /хх-ийн 28- 29 дүгээр тал/

- Багануур дүүргийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ахлах сувилагчаар О.*******ийг 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ахлах сувилагчаар томилсон. /хх-ийн 31 дүгээр тал/

- 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар сувилагч О.*******т тэтгэмжтэй чөлөө олгосон. /хх-ийн 34 дүгээр тал/

- 2001 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаартай тушаалаар О.*******т 18 хоногийн ээлжийн амралт олгосон. /хх-ийн 33 дугаар тал/

-1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 152639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Эрхлэгчийн 1993.12.23-ны өдрийн 26 тоот тушаалаар Багануур дүүргийн 0 дүгээр ясли цэцэрлэгт багшийн туслахаар авч ажиллуулав, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2002.07.01-ний өдрийн Б/97 дугаартай тушаалаар хүлээн авахад ээлжийн сувилагчаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн байх ба он сар сар өдрийг засварласан, баталгаажуулсан тамга тэмдэг дарагдаагүй байна. /хх-ийн 43-45 дугаар тал/

- Хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 40-42 дугаар тал/

- 0..0 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр: 1995-1999.01 сар, 1996.08-2003 он дуустал шимтгэл төлсөн талаарх бичилтийг хийсэн байна. /хх-ийн 8-16 дугаар тал/

- О.******* нь 1991.03.10-ны өдөр хүү *******ыг, 1994.06.30-ны өдөр хүү Мөнхтулгыг, 1997.01.11-ний өдөр хүү Мөнхбаганыг, 2001.04.19-ний өдөр охин *******ыг төрүүлсэнийг нотлох хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-38 дугаар тал/

- БНМАУ-ын 1991 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно, 88 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд хүүхдээ асрахад зориулж хүүхдийг 2 /ихэр бол 3 / настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж заасан. Хүсэлт гаргагч О.******* нь 1997.01-1999.08 сар дуустал хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. О.******* нь 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү У.Мөнхбаганыг төрүүлсэн байх ба дээрх хуулийн зохицуулалтаар амаржсаны дараах 56 хоногийн амралт 1997 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан, хүүхдээ асрах хуульд заасан 2 жилийн хугацаа 1999 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна.

6.Дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг үндэслэн О.*******ийг 1993.09.01-ний өдөр 1 дүгээр ясли цэцэрлэгт туслах багшийн ажилд томилогдсон, 1995.01-08 сар хүртэл, 1997.01-1999.03.07-ныг дуустал, 2001.04.19-ний өдрөөс тус тус хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2000.09.01-ний өдрөөс 131 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажлаас, 2002.07.01-ний өдрөөс 0 дүгээр цэцэрлэгийн ахлах сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийг тус тус тогтоон шаардлагаас 1999.03.07-1999.08 сар дуустал хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж овогт ******* *******ийг 1993.09.01-ний өдрөөс Багануур дүүргийн 1 дүгээр ясли цэцэрлэгт туслах багшийн ажилд томилогдсоныг, 1995.01-08 сар хүртэл, 1997.01-1999.03.07-ны өдрийг дуустал, 2001.04.19-ний өдрөөс тус тус хүүхэд асрах чөлөөтэй байсаныг, 2000.09.01-ний өдрөөс Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн үүрэгт ажлаас, 2002.07.01-ний өдрөөс Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн ахлах сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болохыг тус тус тогтоож, 1999.03.07-1999.08 сарыг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ