Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00926

 

 

 

 

 

 

 

 

 

Л.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Б- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00741 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-ын хариуцагч Б- Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б- ИТХ-ын ажлын албанд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж, 2018 оны 6 сараас 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, 2015, 2018 онуудад оны шилдэг ажилтнаар шалгарч, өргөмжлөл, цомоор шагнуулж байсан. ИТХ-ын өргөмжлөл, ЗДТГ-ын өргөмжлөл, Б- 50 жилийн ойн медаль, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар, 2019 онд Б- тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана гэж сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан үндэслэлээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор тус албаны дүрэм, бүтэц, орон тоог баталсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам болон 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Ийнхүү уг шалгалтаар Л.А- нь 40 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Дүүргийн ИТХ-ын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Л.А- гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлж, маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөриин гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь албан хаагчийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажлын албаны дүрэм гээд тусдаа дүрмээр хүний нөөцийн бодлогыг ажлын албаны дарга зохицуулахаар болсон. Нийслэлийн Б- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар баталсан ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам бүхэлдээ бол хүчинтэй боловч холбогдох заалт нь хүчингүй, эрх зүйн үр дагаваргүй. Эрх зүйн актын хувьд хурлын дарга захирамж, тэргүүлэгчдийн тогтоол байгаа. Ажлын албаны дүрэм нь тэргүүлэгчдийн тогтоол юм. Иймд эрх зүйн актын хувьд тэргүүлэгчдийн тогтоол нь дээр байх тул эрх зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.А-ыг Б- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 143 810 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 32 000 төгрөг гаргуулан орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ИТХ-ын ажлын алба нь ажилтны мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж, комисс томилох, дүгнэлт гаргуулах эрх, үүрэг эдлэх чиг үүргийг олгоогүй гэж дүгнэсэн тухайд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-т аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байна гэж заасан бөгөөд төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зэрэг бүрэн эрхтэй. Ийнхүү албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах нь тухай байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ тул ажлын албаны дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох комисс байгуулж, холбогдох арга хэмжээг авах эрхтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаар тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн шийдвэр гарсан байхыг шаарддаг. Ийнхүү ажлын албаны даргын 2020 оны А/03 дугаар тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан. Төрийн албаны тухай хуулийн 45, 46, 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаалаас нь халах шийдвэрийг төсвийн шууд захирагч гаргахаар заасан. Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлогыг төсвийн шууд захирагч тодорхойлж, хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг томилох, чөлөөлөх тушаалыг төсвийн шууд захирагч болох ажлын албаны дарга гаргаж байгаа нь Төрийн албаны болон Төсвийн тухай хуульд нийцэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын ахлах түшмэл хэсэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хамаарахаар заасан. Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно гэж заасан. Үүнээс улс төрийн албан хаагч болох хурлын дарга нь хүний нөөцийн бодлого тодорхойлох, албан хаагчдыг томилох чөлөөлөх эрхгүй болох нь тодорхой байна. Хөдөлмөрийн дотоод журамд албан хаагчдыг томилох чөлөөлөх эрхийг хурлын даргад олгосон нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн зохицуулалтад нийцээгүй учраас тухайн харилцааг зохицуулсан зүйл, заалт нь хууль тогтоомжийг зөрчсөн зохицуулалт болсон байх тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор ажлын албаны дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэгдүгээрт ажлын албаны дүрэмтэй маргаагүй буюу түүний эрх зүйн үйлчлэлтэй холбоотой хууль хяналтын байгууллагад хандаагүй, тухайн тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Эрх зүйн эх сурвалж нь хоорондоо зөрчилтэй бол сүүлд хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжийг, эсхүл доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалжтай нийцэх суурь зарчмын дагуу дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрх зүйн суурь зарчим байдаг. Энэ хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн дотоод журам нь 2019 онд, ажлын албаны дүрэм нь 2020 онд баталсан субьектээр нь авч үзвэл хөдөлмөрийн дотоод журмыг хурлын дарга, ажлын албаны дүрмийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Иймд эрх зүйн эх сурвалжийн хэрэглээний хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ажлын албаны дүрэм буюу дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Тогтоолыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5-д ажлын албаны даргын чиг үүргийг заасан бөгөөд 2.5.3-т Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй гэж заасан. Иймд холбогдох дүрэм, журмаар энэ чиг үүргийг ажлын албаны даргад олгосон байхад шүүхээс комисс томилох эрхгүй гэж үзсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр болжээ. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт заасны дагуу үр дүнгийн гэрээг төсвийн шууд захирагчтай байгуулах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан төсвийн шууд захирагчид хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга нь хамаарахгүй тул үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд байгуулах ч эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд талуудын хооронд үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй байхад уг гэрээний биелэлтийг дүгнэх эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Төрийн албан хаагч нь тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг нь хангах, мөн хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох албан тушаалын тодорхойлолтод заасан 14 үндсэн зорилгын биелэлтийг хангах үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.9, 2.7.10-д заасны дагуу албан хаагчдын үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлгээний багаас дүгнэж, дүгнэлтийн дагуу ажлаас чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээ гэдэг эрх зүйн 2 өөр баримт бичгийн уялдаа холбоог гаргалгүй шүүхээс хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хороодын иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичиг бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан бөгөөд уг тодорхойлолтод чухал шаардлагатай ур чадварт компьютер хэрэглээний программ эзэмшсэн байх, бичиг баримт боловсруулах чадвартай байхыг шаардсан. Энэ дагуу албан хаагчдаас компьютер хэрэглээний программ болон Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим суурь ойлголтоор шалгалт зохион байгуулсан. Төрийн аль ч албан хаагч нь боловсруулж байгаа баримт бичиг нь захиргааны актын шинжтэй эсэх, түүний үр дагавар, ямар тохиолдолд албан бичиг боловсруулахаас татгалзах ёстой зэрэг наад захын хэрэглээг эзэмшсэн байх шаардлагатай тул энз хүрээнд шалгалт зохион байгуулагдсан тул шүүхээс тодорхойлолтод нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Сонсох ажиллагааны мэдэгдэл баримтад ажлаач чөлөөлөх талаар танилцуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд Л.А-ын нэхэмжлэлтэй Б- иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч Б- ИТХ-ын ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон ИТХ-ын ажлын албаны дарга нь ажил авсан цагаасаа намайг ажлаа өг гэж дарамталж, хууль бус шалгалт зохион байгуулан, шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн бол хариуцагч татгалзалдаа ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн шалгалтын үр дүнгээр тогтоогдсон, мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэл заасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч Л.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Б- ИТХ-ын ажлын албаны даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус ажлын албаны хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн хэлэлцүүлэг, сургалт, судалгаа, албан хэрэг хөтлөлт хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байгаад дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4, 49-53-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан тул нэхэмжлэгч Л.А-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал дээрх хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нийслэлийн Б- ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байна. /хх-ийн 93-р тал/.

Өөрөөр хэлбэл, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байхад анхан шатны шүүх ажлын албаны даргад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Б- ИТХ-ын хурлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/138 дугаар захирамжаар батлагдсан ИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг ажлын албаны дарга судлан танилцуулсны үндсэн дээр хурлын дарга захирамжаар томилж, чөлөөлнө гэжээ. Гэвч дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын албаны дүрмийн 2.5.3-т хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц орон тооны дээд хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг ажлын албаны дарга хэрэгжүүлэхээр заасан байна. Иймд цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан ажлын албаны дүрэмд зааснаар ажлын албаны дарга ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. /хх-ийн 60-73, 94-98-р тал/

 

Дээрх 44 дүгээр тогтоолын хүрээнд дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, шалгалт зохион байгуулах комиссийн хурлыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулжээ. /хх-ийн 74-76-р тал/. Тус хурлаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 79-81-р тал/

 

Улмаар дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад нэхэмжлэгч Л.А- нь 40 хувь буюу хангалтгүй үнэлгээ авчээ. /хх-ийн 86, 91-92-р тал/. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлтээ гарган, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга А.Даваажаргалд өргөн барьсан байна. /хх-ийн 87-90-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын тушаалаар албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, комисс байгуулан шалгалт зохион байгуулсныг хууль бус гэж үзэхгүй юм.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шалгалтын үр дүнг үндэслэн, нэхэмжлэгч Л.А-ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж, ажлаас чөлөөлж байгааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлээр танилцуулжээ. /хх-ийн 21-р тал/. Нэхэмжлэгч Л.А- нь тус сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад гарын үсэг зураагүй байх боловч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сонсох ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурахгүй болно гэсэн агуулгатай өргөдлийг ажил олгогчид хандан гаргасан байна. /хх-ийн 22-р тал/

Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Л.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлийг заасан.

 

Б- ИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэж заажээ.

 

Ажилтан Л.А- нь 2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан байх бөгөөд уг гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн болох нь албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэх үнэлгээний багийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 42-45, 101-134-р тал/

 

Ийнхүү нэхэмжлэгч Л.А- нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь дээрх байдлаар тогтоогдсон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Б- ИТХ-ын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Л.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00741 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б- ИТХ-ын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Л.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Б- улсын тэмдэгтийн хураамжийн /100200500941 тоот/ данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ