Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

        2023          12              27                                       2024/ДШМ/20

                       

                                                                                         

Б.Д, Б.Б, О.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Р.Машлай,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д, Б.Б, О.Ш нарт холбогдох эрүүгийн 2305012480193 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ********* овгийн Б.Д, **** оны * дугаар сарын **-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хорооллын ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “*****” хотхоны ** дугаар байрны *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

2. ********* овгийн О.Ш, **** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа бичиг хэрэгслийн худалдаа эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Нисэхийн * дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, /РД:**000000000/;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

3. ********** овгийн Б.Б, ******* оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бичиг хэрэгслийн худалдаа эрхэлдэг, ам бүл *, эцэг, хүүхдийн хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн * дугаар хороо, **-** тоотод оршин суудаг, /РД:**00000000/;

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 767 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Б.Д нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Бийн “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, өөрийн танилаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, өөрийн найз А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот дансаар 5.000.000 төгрөгийг хахуульд авсан,

О.Ш нь “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өөрийн найз Отгонбаяраар дамжуулан танилцсан Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Дтэй холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийн хахуулийг өгсөн бөгөөд урьдчилан амлаж Б.Бийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцсон,

Б.Б нь найз Э.Б үүсгэн байгуулсан “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Дгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн танил О.Штэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5009195867 тоот данснаас Б.Дгийн найз А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

О.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан” гэмт хэрэгт, О.Шийг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт, Б.Бийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, О.Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, О.Ш, Б.Б нарт оногдуулсан тус тусын торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, О.Ш, Б.Б нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч Б.Д, О.Ш, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Б.Д, О.Ш, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, О.Ш, Б.Б нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, тус тогтоолын тогтоох хэсгийн “2. ...Шүүгдэгч Б.Дг ... нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, арван найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял” гэх хэсгийг бүхэлд нь үл зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

1. Мөрдөн байцаах болон шүүх ажиллагаа хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

1.1. “О М” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах материал, хүсэлтийг ЭМЯ-д албан ёсоор гаргасан эсэх болон давуу байдал үүсэх нөхцлийн талаар нарийвчлан тогтоогоогүй тухайд: Б.Д би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байсан ба энэхүү албан тушаал нь “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” тусгай зөвшөөрлийг олгох ажиллагаанд оролцох үндэслэлгүй, хамаарал бүхий нөхцөл үүсэх, аливаа байдлаар нөлөөлөх эрхгүй алба юм.

Гэрч А.Дын, хавтаст хэргийн 130-131 дүгээр талд байх мэдүүлэгт дурдсанчлан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд шинжээч ажиллаж үзлэг хийсний дараагаар шаардлага хангаж байна гэж үзвэл тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлж, хамтын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэдэг. Тусгай зөвшөөрөл олгох эсэх эрх мэдэл бүхий комисс нь миний хашиж буй Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын албан тушаалаас эрх, үүргийн хувьд ангид бие даасан байх бөгөөд Б.Д би тус комисст нөлөөлөх эсхүл бусад этгээдэд үйлдэл, эс үйлдэхүйгээр давуу байдал үүсгэх боломж байхгүй юм. Гэтэл мөрдөн байцаалтын явцад энэ нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасанчлан анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн комиссын гишүүдийг тодруулан гэрчээр дуудаж Б.Д намайг ямар нэг хэлбэрээр комиссын гишүүдэд нөлөөлөх оролдлого хийсэн эсэхийг тодруулж мэдүүлэг авах нь хэргийг үнэн зөвөөр тогтооход ач холбогдолтой юм. Гэвч шүүгч зохих байдлыг үнэлэлгүй “...өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн байна” гэж тодорхойлсон байна. Мөн Б.Д би, хахууль өгсөн гэх Б.Б болон бусад этгээд нарын хүсэл сонирхол, бодит байдалд огтлолцохгүй байна. Мөрдөн байцаах ажиллагааны явцад дээр дурдсан Б.Д би тусгай зөвшөөрлийн шийдвэрт нөлөөлөх боломжтой эсэхийг шинжлээгүй нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож чадаагүй, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлтэй байна.

1.2. Б.Д намайг “О М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хянаж, зөвлөгөө өгөх байсан уу?, эсхүл түүний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар амлалт авч, хахуул авч ажилласан уу? гэдгийг тогтоогоогүй тухайд: Хамт олон жил нэг газар ажилласан танил ах Отгонбаяр надад “өөрийн найзын эмнэлэг байгаа юм. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт өгөх гэж байна. Материал нь шаардлага хангаж байна уу, хянаад өг гээд материал өгсөн” юм. Үүнийг би богино хугацаанд гүйлгэж хараад “хүсэлт гаргах хуулийн хугацаа дууссан, зарим бичиг үсгийн алдаа байгаа” талаар Отгонбаяр ахад хэлж байсан. Мөн цар тахлын тархалт ихсэн нийгмийн цаг үеийн байдал хурцадмал байсан тул тухайн баримт бичигт зөвлөгөө өгөх цаг зав байгаагүй.

Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Ц.Ганжаргал нь байгууллагын баримт бичгийг авч ирж өг гэж ярьсны дагуу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би “О М” ХХК-тай холбоотой 24 хуудас баримтыг хүлээлгэн өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1-т “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажилагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” гэж заасны дагуу тухайн үед хөндлөнгийн гэрч оролцуулалгүй мөн өдрөө тус компанийн бичиг баримтуудыг Б.Бт хүлээлгэн өгсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан байна. Ингэхдээ уг баримтууд нь эх хуваариа байсан эсэх, хуулбар хувь байсан эсэхийг тогтоогоогүй, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулаагүй нь анх намайг байгууллагын тусгай зөвшөөрөл хүссэн эх хувь баримтыг өөр дээрээ авсан уу, хуулбар хувь дээр хянаж, зөвлөгөө өгсөн үү гэдгийг тогтоох боломжийг алдагдуулсан байна.

Мөн О.Ш, Б.Б нарын гар утасны мессежинд үзлэг хийсэн байх ба ингэхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, үзлэгт авагдсан мессеж зургуудад Dolgorsuren, Б.Д ЭМЯ гэсэн бичвэр бүхий нэртэй хүнтэй харилцсан байх боловч энд миний утасны дугаар гарч ирэхгүй, харагдахгүй байна. Миний дугаар мөн эсэхийг шинээр тогтоох ажиллагааг шинжээчээр үзлэг хийлгэх шаардлагатай байсан. Хэн ч хэний дугаарыг нэр өгч хадгалах боломжтой бөгөөд түүнийгээ би энэ хүнтэй харилцсан гэж тайлбарлаж, нотлох нь үндэслэлгүй юм. Мөн Н.Отгонбаярыг нас барсан талаар О.Ш нь тайлбар мэдүүлэг өгсөн байдаг ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар мөрдөн шалгах ажиллагаа процессын зөрчилтэй тухай маргахад прокурорын зүгээс “Үндэслэл бүхий тул хүлээн авч байна” гэх хариу өгч, хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Шийн өгсөн мэдүүлгийн зөрүүтэй байдлын тухай: О.Шийн анх өгсөн гэрчийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бүхий л мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх бөгөөд энэ талаар үндэслэлтэй тайлбар гаргаагүй байна. Шүүгдэгч О.Шийн хувьд урьд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаатайгаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан нь тогтоогдсон байна. Мөн энэ удаагийн хэрэг нь түүний ээлжит нэг гэмт үйлдэл байхыг, тус хэргээ нуун далдлах зорилгоор Б.Д намайг хийгээгүй хэрэгт татан оролцуулж байгаа үйлдэл гэж үзэж байна.

2. Б.Д би зөвхөн Отгонбаярт зээлсэн мөнгөө авсан бөгөөд Б.Б, О.Ш нараас мөнгө авч тэдэнд давуу байдал үүсгээгүй байна.

Би Н.Отгонбаяр ахтай танилын харилцаатай байсан. Н.Отгонбаяр нь 2021 оны 01 сард надаас (хүүхэд нь гадаадад суралцдаг, хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон гэж) 5.000.000 төгрөг зээлж байсан. Сүүлд Отгонбаяр ах над руу залгаад “...өмнө авсан зээлээ төлөх боломжтой болсон, дансаа өгчих” гэхэд нь би өөрийн танил А.Нид өглөгтэй байсан тул шууд түүний дансыг өгсөн юм. Миний хувьд тус мөнгийг ямар эх үүсвэртэйг мэдэх боломж огт байгаагүй бөгөөд шалгах шаардлага ч байгаагүй. Отгонбаярыг зээлсэн мөнгөө төлж байна л гэсэн бодолтой А.Нийн дансыг өгсөн.

Мөн уг асуудлыг илүү нарийвчлан тогтоох үүднээс Н.Отгонбаяртай хамт ажиллаж байсан гэрч байх бөгөөд анхан шатны шүүхийн ажиллагаанд гэрчийг оролцуулах хүсэлтэй байсан ч урьдчилсан хэлэлцүүлэг хойшлон, оролгүйгээр гэм буруугийн хуралдаанаар хүсэлтийг хүлээн авалгүй шийтгэх тогтоол гаргасан. Энэ нь хэргийг тал бүрээс нь бодитоор шинжлэх нөхцлийг бүрдүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийг тал бүрээс нь хуульд заасан үндэслэл журмаар бодит байдлыг тогтоон үзэх шаардлагатай байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэл тогтоогдох тул тус хэргийн шүүгдэгч Б.Дд холбогдох хэсгийг тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох;” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Би 2016 оноос 2022 оны 2 дугаар сар хүртэл Эрүүл мэндийн яаманд ажилласан. 2021 оны 9 дүгээр сараас Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажилласан. Намайг албан тушаалаа ашиглаж хахууль авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанд гомдолтой байна. Миний албан тушаал тусгай зөвшөөрөл сунгахад нөлөөлөх боломжгүй. Би “О М” ХХК-ийн бичиг баримтыг аваачиж өгөх, дэмжих, нөлөөлөх гэсэн хүсэлт, ярилцлага уулзалт огт болж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг хянан шийдвэрлэхдээ миний тайлбарыг авч хэлэлцээгүй, хэргийн гол нотлох баримт гэж үзэж байгаа гар утасны мессежний хувьд намайг мөн эсэхийг нягталж үзээгүй. Миний найз А.Нийн мэдүүлэгт байх надаас мөнгөө авсан үйл явдал нь хэрэг болохоос 6 сарын өмнө болсон гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Үүнийг би асуусан боловч техникийн алдаа гэж тайлбар өгсөн. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь шударгаар ял оногдуулах, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Дг амлалт өгсөн, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэж ялласан үйлдлүүд нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн тогтвортой мэдүүлэг өгсөн. Отгонбаяртай холбоотой үйл баримтыг тогтоох боломж байсан. Э.Б хувьд компанийнхаа тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэй, үүнийг нь Б.Б тодорхой ханшаар хийх үүрэг хүлээсэн, үүнийгээ О.Ш гэх хүнээр дамжуулж хийлгэсэн байдаг. Шүүгдэгч О.Шийн хувийн байдлыг харахад өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан байдаг. Эхлээд 15.000.000 төгрөгийн асуудал яригддаг. Сүүлдээ 8.000.000 төгрөг болоод 5.000.000 төгрөгийг зээлсэн мөнгөө буцааж авсан болдог. 3.000.000 төгрөгийг хэн, хэзээ, яаж өгсөн талаар нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөрдөгч хэргийг бүрэн бодитой шалгаж, нотлох баримтыг цуглуулж, прокурор хяналт тавих үүрэгтэй. Энэ ажиллагаа хийгдээгүй байна. Отгонбаяр гэх хүн мөнгийг дансаар шилжүүлж авсан тул үүнийг шалгах бүрэн боломжтой байсан. А.Н ч мөн адил дансаар зээл авч, дансаар буцааж төлсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд тодорхой байгаа. Шүүгдэгч Б.Дгийн албан тушаалын тодорхойлолтыг харахад тусгай зөвшөөрлийг сунгах эрх хэмжээ олгогдоогүй байдаг. Бичиг баримт нь зөв байна уу, дутуу байна уу, стандартад нийцсэн үү гэдэг талаар л шалгуулахаар Отгонбаяр гэх хүн шүүгдэгч Б.Дд бичиг баримтаа өгсөн байдаг. Шүүгдэгч Б.Б, О.Ш нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдлыг шалгаж тодруулаагүй. Мессеж бичсэн хүн шүүгдэгч Б.Д мөн үү гэдгийг ч шалгаж тогтоогоогүй. 8.000.000 төгрөгийн асуудал яригдсан хэр нь 3.000.000 төгрөг нь алга болчихсон. Дээрх баримтуудаас үзвэл хэргийн бодит байдалд нөлөөлөхүйц нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б, О.Ш нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Болор-Эрдэнэ, Долгорханд нарын мэдүүлэг, арилжааны банкны төлбөр хийсэн талаарх лавлагаа, хуулга зэргээр хэргийн талаарх дараах үйл баримтууд тогтоогддог. Шүүгдэгч О.Шээс тусгай зөвшөөрлийг сунгуулахаар “О М” ХХК-ийн захирал Болор-Эрдэнээс Эрүүл мэндийн яамны эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийг албан ёсоор гаргахгүйгээр “О М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах зорилгоор шүүгдэгч Б.Боор дамжуулж шүүгдэгч Б.Дтэй холбогддог. Шүүгдэгч Б.Дтэй холбогдуулсан үйл баримттай холбоотойгоор шүүгдэгч Б.Д сунгалтын материалыг судалж танилцсан гэх нэрийдлээр өөртөө авч шүүгдэгч Б.Б, О.Ш нараас хахуулийн мөнгийг авч А.Нийн данс руу шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж хахууль авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хоёрдугаарт, 8.000.000 төгрөгийн асуудалтай холбогдуулж гомдол мэдээлэл гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 5.000.000 төгрөгийн хахуулийг шүүгдэгч Б.Д нь А.Нийн хаан банкны дансаар шилжүүлэн авч, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хахууль өгөх гэмт хэрэг нь идэвхтэй үйлдэл хийснээр төгсөнө гэж хууль зүйн дүгнэлт хийж байна. Шүүгдэгч Б.Д нь А.Нид мөнгө өгсөн үйл явдал нь хэрэг болохоос 6 сарын өмнө болсон гэж ярьж байна. Хэрэг болох цаг үед мөнгө өгсөн буюу 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болсон гэдэг нь шүүгдэгч Б.Б, О.Ш нарын мэдүүлэг болон арилжааны банкны хуулгаар тогтоогддог. Хахууль өгөх гэмт хэрэгт нэр бүхий гэрч буюу Отгонбаярын лавлагааг гаргуулж авах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Хахууль өгөгч Б.Б, О.Ш нараас “О М” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхолтой байсан. Шүүгдэгч Б.Д тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө гэдэг ашиг сонирхлын нэгдэл үүссэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Д нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.Бийн “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, өөрийн танилаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот дансаар 5.000.000 төгрөгийг хахуульд авсан,

О.Ш нь “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өөрийн найз Отгонбаяраар дамжуулан танилцсан Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Дтэй холбогдож, улмаар түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг,

Б.Б нь найз Э.Б үүсгэн байгуулсан “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Дгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн танил О.Штэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд байхдаа өөрийн Хаан банкинд эзэмшдэг 5009195867 тоот данснаас Б.Дгийн найз А.Нийн Хаан банкинд эзэмшдэг 5926078254 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч А.Нийн “...би 2021 оны 3 дугаар сарын үед зээлсэн таван сая төгрөгөө авах хэрэгтэй байна гэж ярьсан, харин Б.Д над руу дансаа явуул гэж утсаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5926078254 тоот дансыг явуулсан. Миний дансруу 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагт 5.000.000 төгрөг хийсэн. ...” /1хх 13/,

гэрч Э.Б “...Б.Б нь “манай найз О.Ш тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх ёстой материалыг нь бүрдүүлээд тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэсэн” гээд О.Ш нь надаас ирж манай компанийн хүсэлт болон ажлын байрны дүгнэлт, санхүү татварын тайланг авч явсан. ...Б.Б хэлэхдээ Отгонбаяр гэдэг хүнд материалыг чинь өгсөн гэж байна гэж хэлсэн, сүүлдээ Отгонбаяр нь байхгүй болоод Эрүүл мэндийн яаманд ажилладаг Б.Д гэдэг хүнд материалыг чинь өгсөн гэж хэлсэн. Тэгээд Б.Д нь ажлаасаа гарсан гэсэн. ...” /1хх 125/,

О.Шийн яллагдагчаар өгсөн “...Отгонбаяр надруу яриад “Эрүүл мэндийн яамны хүн тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна, энэ данс руу 5.000.000 төгрөг хийчих гэж байна” гэхээр нь Б.Бт хэлээд тэр данс руу нь 5.000.000 төгрөг хийсэн юм. ...” /1хх 99/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...8.000.000 төгрөг өгчих юм бол тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна гэсэн гэхээр нь би зөвшөөрсөн. О.Ш нь одоо 5.000.000 төгрөг шилжүүлчих гэж байна гээд нэг дансны дугаар өгсөн. Тэр данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 115/,

Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...Б.Бийн төслийг бол авах нь авсан, тэр төслийг нь уншаад өгье, юу нэмэх үү, юу хасах уу гэдгийг хэлээд өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтсээс мөрдөгч дуудаад тэр мөрдөгчид Б.Бийн төслийн материал, хүсэлтийг өгсөн. ...” /1хх 92/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дугаартай “албан тушаалд байршуулан томилох тухай”, 2022 оны 8 дугаар сарын 30-ны Б/131 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт /1хх 59-60, 62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Дг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан” гэмт хэрэгт, О.Шийг “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт, Б.Бийг “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, өөрийн танилаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, өөрийн найз А.Нийн Хаан банкны дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг хахуульд авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

О.Ш нь Б.Бийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулахаар Б.Дд А.Нийн дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийн хахуулийг өгч, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор О.Штэй хамтран өөрийн данснаас Б.Дгийн найз А.Нийн Хаан банкны данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Д “...“О М” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах материал, хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор гаргасан эсэх болон давуу байдал үүсэх нөхцлийн талаар нарийвчлан тогтоогоогүй. ... Б.Д намайг “О М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хянаж, зөвлөгөө өгөх байсан уу, эсхүл түүний тусгай зөвшөөрлийг сунгуулахаар амлалт авч, хахууль авч ажилласан уу гэдгийг тогтоогоогүй. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Шийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй, Б.Д би зөвхөн Отгонбаярт зээлсэн мөнгөө авсан бөгөөд Б.Б, О.Ш нараас мөнгө авч тэдэнд давуу байдал үүсгээгүй, А.Нийн мэдүүлэгт байх надаас мөнгөө авсан үйл явдал нь хэрэг болохоос 6 сарын өмнө болсон гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч авч хэлэлцээгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байсан нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх гэж тодорхойлон заажээ.

Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох учиртай.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “О М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулах материал, хүсэлтийг авсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай тогтоолын 8 дахь хэсэгт “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг, мөн “хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгохоор тогтоожээ.

Шүүгдэгч Б.Д нь “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах асуудлыг өөрөө хүлээн авч шийдвэрлээгүй ч өөрийн эрхэлж буй албан тушаалын байдал, хувийн харилцаагаа ашиглан хамт нэг байгууллагад ажилладаг эрх бүхий субьектэд нөлөө үзүүлэн шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлэн өөрийн найзын дансаар О.Шээр дамжуулан Б.Боос 5.000.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс … гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан …” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга нь “уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний арга хэмжээг үндэсний хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах; уламжлалт анагаах ухааны арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах” гэж заасан албан тушаалын зорилт, чиг үүргийн дагуу ажиллах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгч Б.Дгийн “О М” ХХК-ийн “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах ашиг сонирхлын үүднээс “тус компанийн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө” гэж амлаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд О.Шээр дамжуулан хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь Б.Б, О.Ш нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, “99070990 О.Ш” гэсэн гүйлгээний утга бичсэн 5.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан талаар мэдүүлсэн гэрч А.Нийн мэдүүлэг, Б.Бийн дансны хуулгуудаар тус тус нотлогджээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо “О.Шийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй, Б.Д би зөвхөн Отгонбаярт зээлсэн мөнгөө авсан, А.Нийн мэдүүлэгт байх надаас мөнгөө авсан үйл явдал нь хэрэг болохоос 6 сарын өмнө болсон гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч авч хэлэлцээгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” талаар дурджээ.

Хэргийн материалыг судлан үзвэл, О.Шийн гэрчээр өгсөн “...би 9918-тай Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаахын газрын дарга Б.Д гэдэг хүнтэй ярьсан чинь намайг бичиг баримтаа аваад ир, үнэ нь болох 5 сая төгрөг хийчих гэж надад Хаан банкны 5926078254 гэсэн дугаартай дансыг мессежээр явуулсан. Би Б.Дгийн өгсөн дансыг Б.Бт өгч 5 сая төгрөг шилжүүлсэн...” /1хх 10/, мөн түүний яллагдагчаар өгсөн “...Отгонбаяр нь надруу яриад нөгөө Эрүүл мэндийн яамны хүн тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад өгье гэж байна, энэ данс руу нь 5.000.000 төгрөг хийчих гэж байна гэхээр нь Б.Бт хэлээд тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг хийсэн. ...” /1хх 99/ гэсэн тус тус мэдүүлэг нь Хаан банкны 5926078254 тоот дансны эзэмшигч, Б.Дгийн найз гэх гэрч А.Нийн данс руу “99070990 О.Ш” гэсэн гүйлгээний утгатайгаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 21 цагт шилжилж орсон болох нь Б.Бийн Хаан банкны 5009195867 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх 41 120/ нотлогджээ.

Иймд шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21ий өдрийн 2023/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР