| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 181/2024/07241/И |
| Дугаар | 197/ШШ2025/06110 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/06110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 4 дүгээр баг ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******
Хариуцагч: ******* дүүрэг 1 дүгээр хороо ******* 15, ******* байрлах ХХК /РД:/
Цалин хөлс 11,973,288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 13- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,083,192 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 4,166,384 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ХХК-нд холбогдуулж цалин 11,973,288 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 6,249,576 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
3. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард илүү ажилласан 8 цагийн нэмэгдэл 574,608 төгрөг, 2024 оны 6 сард илүү 56 цагийн нэмэгдэл 2,668,096 төгрөг, 2024 оны 7 сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл 3,006,872 төгрөг нийт 6,249,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хариуцагчаас эрх нь зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, сард 168 цаг ажиллах байтал 2024 оны 5-7 сард ажилласан цагийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлж олгосон гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.
5. Нэхэмжлэгч Э.******* нь ХХК-д баяжуулахын оператораар ажиллаж, сард 1,016 ам.долларын үндсэн цалинтай, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох нь зохигчийн хооронд байгуулагдсан 2014.10.22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022.03.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Э.******* нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх журмын дагуу, тогтоосон хугацаанд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст, дараа нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж хариу авсан, шүүхэд хуульд заасан хугацаанд хандаж нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.1.8-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь уртын ээлжээр буюу 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдөрт 12 цагаар ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин тухайн 12 цаг ажилласны 4 цагийг нь илүү цаг гэж үзэх эсэхэд зохигч маргалаа.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заажээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаас үзэхэд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ журам ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд адил хамаарахаар байх ба ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхой тусгасан байна.
9. Уртын ээлжийн ажилтныг 14 хоног амрааж байгаа нь илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амрааж байгаа гэсэн агуулгагүй тул өдөрт 12 цагаар ажилласны 4 цагийг нь илүү цагаар ажилласан гэж үзнэ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард 8 цаг, 2024 оны 6 сард 56 цаг, 2024 оны 7 сард 56 цаг илүү цагаар ажилласан байна.
12. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ийн 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заажээ.
13. Хөдөлмөрийн гэрээ, дээрх журам, Хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нь сард 168 цаг ажиллаж 1,016 ам.долларын цалин авахаар тохиролцсоны дагуу хариуцагч нь цалин хөлсийг бодож олгосон байх тул 5 сарын 8 цаг, 6 сарын 56 цаг, 7 сарын 56 цагийн хөлсийг 1 хувиар тооцож олгосон байна гэж үзэж, дутуу олгосон 0.5 хувийн нэмэгдлийг тооцон гаргуулах үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч 5 сарын 1 цагийн хөлсийг 47,884 төгрөг, 6 сарын 1 цагийн хөлсийг 31,763.05 төгрөг, 7 сарын 1 цагийн хөлсийг 35,796,10 төгрөгөөр тооцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
15. Иймд 2024 оны 5 сарын илүү цагийн хөлсөнд 8 цаг х 47,884 төг х 0.5 = 191,536 төгрөг, 2024 оны 6 сарын илүү цагийн хөлсөнд 56 цаг х 31,763.05 төг х 0.5 = 889,365 төгрөг, 2024 оны 7 сарын илүү цагийн хөлсөнд 56 цаг х 35,796.10 төг х 0.5 = 1,002,291 төгрөг, нийт 2,083,192 төгрөгийг хариуцагч ХХК-наас гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,166,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 2,083,192 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бааярхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,166,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48,281 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА