| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00272/и |
| Дугаар | 318/ШШ2025/00205 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00205
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Д.Х-ийн,
Хариуцагч: Н.Ц,
Хариуцагч: Н.С нарт холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, орон сууц гаргуулах, орон сууцны ашиглалтын явцад гарсан төлбөрт 770,032 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь ................од байрлах 80 м.кв талбайтай, хоёр өрөө, 2015 онд шинээр ашиглалтад орсон орон сууцыг 112,000,000 төгрөгөөр худалдан авч үүнээс урьдчилгаа болгож 33,600,000 төгрөг төлөөд үлдэгдэл 78,400,000 төгрөг дээр Төрийн банкнаас орон сууцны ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан. Ингээд тус орон сууцандаа 5 жилийн хугацаанд амьдарч байгаад 2022 оны 01 дүгээр сард хариуцагч болох Н.Ц, Н.С нарт өөрийн орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч бичгээр гэрээ хийж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч нар нь надад 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хувь лизинг хийхээр болж, жилийн 8 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай, сар бүр байрны төлбөрт 480,000 төгрөг төлөхөөр тохирч худалдан авч, улмаар гэрээ хийсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн орон сууцандаа амьдрах болсон. Гэтэл гэрээ хийсэн цагаас хойш хариуцагч нар нь байрны төлбөр төлөхдөө гэрээнд заасан хугацааг хожимдуулж хийдэг болсон. Миний бие удаа уулзаж байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх талаар хэлж, сануулдаг байсан боловч тухайн зөрчил арилаагүй, одоо ч гэрээний хугацааг хэтрүүлсээр байна. Миний бие анх тухайн байрыг Төрийн банкны зээлээр авсан тухайн зээлийн гэрээний төлөлт дуусаагүй байгаа, тус гэрээний дагуу би сар бүрийн 10-ны дотор зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байдаг. Хариуцагч нараас авсан мөнгөөрөө би орон сууцны зээлийн төлбөрийг төлдөг юм. Гэтэл хариуцагч нар гэрээнд заасан 10-ны дотор төлөх үүргээ зөрчсөнөөс болоод миний бие Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэл байгаа тул миний бие хариуцагч болох Н.Ц, Н.С нартай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өөрийн орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. Түүнчлэн Н.Ц, Н.С нар нь байрны халаалтын төлбөрийг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сар буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй байх бөгөөд тухайн орон сууцанд хариуцагч нар амьдардаг ч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байдаг бөгөөд гэрээ ёсоор байрны төлбөр бүрэн төлөгдөх үед би гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл тэдний амьдарсан хугацааны халаалтын өр одоо нийт 614.296 төгрөг болсон ббөгөөд өмчлөгч гэдэг утгаар миний нэр дээр төлбөр гарч намайг 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхгүй бол шүүхэд өгөх талаар мэдэгдэл ирээд байна. Энэ талаар би Н.Ц, Н.С нарт удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй өр үүсгээд байна. Мөн байрны юнивишиний хэрэглээний төлбөр 2022 оны 3 дугаар сард 93,535.67 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын төлбөр 62,200 төгрөг, нийт 155,736 төгрөгийн өр үүссэн байх бөгөөд энэхүү өрөө мөн төлөхгүй хаалгаад орхисон байна. Энэ мэтээр Н.Ц, Н.С нараас болоод миний нэр дээр өр төлбөр үүсээд, миний цаашид зээл авах асуудалд ч сөргөөр нөлөөлөх асуудлууд үүсээд байна. Иймд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, байрыг Н.Ц, Н.С нараас гаргуулж, байрны хэрэглээний төлбөрт 770,032 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.С, Н.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Ц, Н.С бид өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлээр Д.Хд гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 33,360,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч хариуцагч бид хавтас хэргийн 17-18 дахь талд авагдсан хэлцэл /хувь лизингээр орон сууц худалдаж авах/ байгуулж, хариуцагч бид .................. улсын бүртгэлийн дугаартай, ................. гэрчилгээний дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, .................. тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр төлөх 50,000,000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүтэй сар бүр 480,000 төгрөг төлж, төлбөр дуусмагц өмчлөх эрхийн гэрчилгээг худалдагч Д.Х нь шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх гэрээг бид 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл сар бүрийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүргийн зөрчилгүй, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч нэхэмжлэгч үл ялих зүйлээр дарамталж байраа буцааж авна гэж дарамт үзүүлж амгалан тайван байдал алдагдуулж байрны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүхэд хандсан. Гэрээ гэдэг нь хүссэн үедээ больж дур зоргоороо авирладаг үйлдэл биш. Иймд Д.Хд 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хэлцлийн /орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/ дагуу хүлээсэн үүргээ биелүүлж /орон сууцыг шижлүүлж өгөх/ орон сууцыг эзэмшиж, ашиглахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Н.С, Н.Ц бид нар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.Хгээс ................................ тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийсэн. 2023 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл нийт 36 сарын 35,280,000 төгрөг төлсөн. Иймд иймд бид гэрээгээ цуцлахаар тохиролцож Д.Хгээс төлсөн мөнгө болох 33,500,000 төгрөгийг ..................... тоот дансанд шилжиж орсны үндсэн дээр байрыг Д.Хд хүлээлгэн өгнө. Тухайн дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд байрыг өгнө гэж тохиролцов. Байрыг ашиглах хугацаанд гарсан цахилгааны төлбөр, дулааны төлбөр болон 2025 оны 3 дугаар сарын төлбөрийг суутгаж хэрэглээнд гарсан жижиг сажиг тухайн төлсөн мөнгөнөөс хасаж тооцож нийт 33,500,000 төгрөг авахаар тохиолцов. Мөнгийг Д.Х 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэхээр тохиролцов. Зохигчид 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байр хүлээлцсэн тухай тэмдэглэлдээ 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Н.Сгийн ............................ тоот дансанд 33,500,000 төгрөгийг шилжүүлж, Увс аймгийн Улаанном сумын 3 дугаар баг, ............................... тоот хаягт байрлах орон сууцны түлхүүрийг хүлээн авч бид өгсөн авсан зүйлээ буцааж тооцоогүй болов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Н.С, Н.Ц нар нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Х хариуцагч Н.Сгийн ..................... тоот дансанд 33,500,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж, Увс аймгийн Улаанном сумын 3 дугаар баг, ............................... тоот хаягт байрлах орон сууцыг буцаан авч, зохигчид өгсөн авсан зүйлээ буцаан тооцоогүй болсон,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Х 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,231 төгрөгөөс 46,615.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 46,615.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд, хариуцагч Н.Ц, Н.С нар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,750 төгрөгөөс 162,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 162,375 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Ц, Н.С нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Н.Сгийн ................. тоот дансанд 33,500,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж, Увс аймгийн Улаанном сумын 3 дугаар баг, ............................... тоот хаягт байрлах орон сууцыг буцаан авч, зохигчид өгсөн авсан зүйлээ буцаан тооцоогүй болсон тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,231 төгрөгөөс 46,615.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 46,615.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд, хариуцагч Н.Ц, Н.С нар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,750 төгрөгөөс 162,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 162,375 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Ц, Н.С нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА