| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 181/2024/01721/и |
| Дугаар | 318/ШШ2025/00230 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00230
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Э.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Т-т холбогдох,
Хүүхдийн амрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.С, түүний өмгөөлөгч С.Номиндалай,
Хариуцагч Л.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Нид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний төрсөн хүү Н.Чийг Б.Н өөрийн хамаатны эгч гэх Л.Тын асрамжид өгсөн нь Зүүнхангай сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаар захирамжаар тогтоогдож байна. Э.С би өөрийн гэсэн орон байртай, төрийн байгууллагад ажилладаг, тогтмол цалин орлоготой бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх бүрэн чадвартай. Н.Чийг төрүүлсэн ээж нь байхад хөндлөнгийн хэн нэг хүнийг миний хүүхдийн асран хамгаалагчаар тогтоож хууль зөрчиж захирамж гаргасанд гомдолтой байна. Б.Н нь Н.Чий асрамжийг Л.Тт шилжүүлсэн байх тул хариуцагчаа сольж Л.Тыг хариуцагчаар татаж байна. Л.Т нь Н.Чийг сургуульд явуулдаггүй, хөдөө малаа маллуулах, гэр орны ажилд туслуулах зорилготой бөгөөд хүүхдийн сурч боловсрох, эцэг эхтэйгээ амьдрах эрхэд халдаж, үүнээс гадна миний хүү өнөөдөр 14 настай хэдий ч нэрээ бичиж чадахгүй байдалтай байна. Иймд Л.Тын асрамжинд байгаа миний төрсөн хүү болох Н.Чийг эх Э.С миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн тайлбар, хариултаас дүгнэхэд Л.Т нь Н.Чийг асран хамгаалахад хэцүү, маш хүндрэлтэй байдаг талаар тайлбарлаж байна. Анх сүү цагаан идээнд гаргахаар асран хамгаалж байгаа талаар тайлбарлах боловч өнөөдрийг хүртэл хүүхэд эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд асуудалтай хэвээрээ байгаа юм байна. Хүүхэд сургуульд сурдаггүй гэж байгаа нь хүүхэдтэй харьцаж чаддаггүй, өөрөөсөө төвөгшөөсөн байдал харагдаж байна. Э.Сд өгөхгүй авга нарт нь өгнө, цаашид малчин болгохгүй гэх боловч Н.Ч байхгүй байсан ч би ганцаараа амьдарч чадна гэх тайлбар гаргасан. Хариуцагч өөрөө 5 хүүхэдтэй байж 5 хүүхдийнх нь нэг нь ч хажууд нь мал маллаад байдаггүй. Н.Чээс ах эгч зээ нартай ч ач зээ нар нь эмээтэйгээ мал малладаггүй. 20 гаруй үхэр, бог малтай гэж хариулж байна. 20 гаруй үхэр 3 дугаар ангиас гарсан хүүхдэд хүнд хөдөлмөр. Үүнээс харахад Э.Сгийн хадам талын асуудлаас үүдэлтэй өс хонзонгийн нөхцөл байдал ажиглагдаж байна. Мөн өөрсдийн хувийн ашиг сонирхлыг ашиглаж, хүүхдийг хясан боогдуулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Хариуцагч 1957 онд төгссөн. Удаа дараагийн шүүгчийн туслахтай холбогдож асуухад хариуцагчийг Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа, ирээгүй гэх хариулт өгсөн. Н.Чээс санал асуухад цэрэгт явах байх, цаашид аавтайгаа хамт амьдрах байх гэх тайлбар гаргасан. Үүнээс үзэхэд Н.Чий ирээдүйг бодож хүүд хайртай, хүүг сэтгэлээсээ хайрлах талаар тайлбар гаргасангүй. Б.Н нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, төрөлхийн удамшлын сэтгэцийн эмгэгтэй. Э.Стай хамт амьдарч байхад энэ талаар илэрч байсан. Гэрлэлт цуцлахад өвчин нь хүндэрсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн хүүхэд асрах байтугай өөрөө бусдын асаргаанд байсан бөгөөд эмнэлгийн магадлах комиссоор орсон байна. Хариуцагч Л.Тыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаартай захирамжаар хүүгийн асран хамгаалагчаар тогтоосон. Гэр бүлийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр асран хамгаалагчийг тогтоодог. Гэтэл Э.Сгийн ямар нэгэн лавлагаа мэдээлэл авахгүй, амьд сэрүүн байгаа эсэхийг асуухгүй, мөн эх байх эрх нь хасагдсан эсэхийг тодруулахгүйгээр өндөр настай хүнийг асран хамгаалагчаар тогтоогоод захирамж гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад Б.Нийг хариуцагчаар татаад, түүний тайлбар мэдүүлэг гаргаж өгсөн баримтаас харахад Б.Н дээр хүүхдийн асрамж байхгүй. Өөрөө 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Хамаатныхаа өндөр настай хүнийг хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгоод хүүхдээ өгсөн баримтууд байна. Э.Сгийн эх байх эрх нь хасагдаагүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 32 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх эрх нь хасагдаагүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй эх хүн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүүхдийн үндсэн эрх болох сурч боловсрох эрх маш ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах журамт үүргээ биелүүлэхэд Л.Т, Б.Н нар саад учруулж байна. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 42.2.2 дахь хэсэгт заасан хүүхдийг 5 настайд нь сургуулийн өмнөх боловсрол, цаашид Ерөнхий боловсролд заавал хамруулна гэх заалт зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төр, иргэн үйл ажиллагаандаа хүүхдийн язгуур эрхийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах заалт маш ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалах, харгалзан дэмжигчийн үүрэг, 5 дугаар зүйл заасан хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Учир нь Увс аймаг өвлийн улиралд 40 градус хүрдэг. Зундаа маш халуун. Дээрх нөхцөл байдалд Н.Ч малчин хүний хэцүү хүнд хөдөлмөр эрхэлж байхад хорь орчим л үхэр малладаг гэх хариуцагчийн тайлбар харамсалтай сонсогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг заасан. Насанд хүрээгүй, 15 насанд хүрээгүй хүнийг хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглодог. Хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж, хөдөлмөрийн мөлжлөгт ашиглаж байна гэж үзэж байна. Хөдөө орон нутагт мал маллах ажил цаг наргүй, амралтгүй ажил нь насанд хүрсэн хүмүүсийн хийх ёстой ажил. 3 дугаар ангиас гараад, аргагүйн эрхэнд малаа маллахын тулд, мал маллах хүнгүй учраас би хөдөө гарч малаа малласан гэх мэдүүлгийг Н.Ч өгсөн. Н.Ч зуслан, өвөлжөө, хаваржааны хооронд нүүж суудаг, ганцхан найзтай, нийгэмшээгүй, эрүүл мэндийн хувьд асуудалтай. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод Монгол Улс 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэгдэж 2000 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн олон улсын гэрээнд хүүхдийг чухалчилсан. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэдэг асуудлыг маш өндөр хэмжээнд үзсэн. Үүнтэй холбоотойгоор 15-17 насны хүүхдийн эрхэлж байгаа хөдөлмөрийн 88.9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ноцтой зөрчигддөг гэх судалгаа, статистикийн дүгнэлтүүд гарсан. Хүүхэд сайн дураараа хөдөлмөр эрхэлдэггүй. Хүүхэд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг. Энэ нөхцөл байдал Н.Чий хувьд илэрч байна. Өндөр настай эмээтэй хоёулхнаа амьдардаг. Өндөр настай хүн хол явж үхэр хариулж чадахгүй учраас Н.Ч малаа маллахын тулд сургуулиас гарсан. Би сургуульд сурах дуртай байсан гэхдээ ангийн хүүхдүүд 1-3 дугаар ангид шоглодог, дээрэлхдэг, цохидог байсан учраас хөдөө гараад малаа малласан гэх тайлбарыг Н.Ч өгсөн. Л.Т хүүг өөрийн асрамжид авч, тодорхой хэмжээнд асран хамгаалсан. Э.С амьдралын нөхцөл байдал, айлд эгчийндээ амьдардаг, том хүүхдээ дагуулаад төрийн байгууллагад ажилладаг байсан учраас хүүхдээ өөрийн асрамжид аваагүй. 2017-2018 онд эмнэлэгт маш сайн ажилласан гэж хөнгөлөлттэй байр олгосон. Гэтэл барилгын компани гуравдагч этгээдэд зараад гуравдагч этгээдийн өмч болсон байсан. 3 шатны шүүхээр 3-4 жил явж байраа өөрийн эзэмшилд авсан. Э.С өөрийн гэсэн орон байртай, амьдрах орчинтой, тогтсон ажилтай, боломжийн цалинтай болж 2 хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүхдээ өөрийн асрамжид авахаар болсон. Мөн давуу тал нь Э.С Улаанбаатар хотод 1-2 байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд асрагч хийж, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Том хүү нь оюутан болж, ах дүү хоёр дотносоод хамт байж, ээж нь хүүхдэдээ асаргаа сувилгаагаа хийгээд Н.Чийг эмчлэх боломжтой. Сургуулийн өмнөх хоцрогдлыг арилгах албан бус хөтөлбөр дүүрэг бүрт ажиллаж байгаа. 16 дугаар сургуульд сургуулиас завсардсан хүүхдүүдэд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгож, бүрэн бус дунд боловсролтой болгох, цаашид мэргэжил техникийн коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд хандаж хүүхдийг цаашид мэргэжилтэй, мэдлэгтэй болгох бүрэн боломж нь Улаанбаатар хотод Э.Сгийн дэргэд байгаа. Тиймээс Н.Чий хувь заяа, алсын харааг харж, бичиг үсэгтэй болгож, нийгэмшүүлж, хэл ярианы бэрхшээлийг нь засаж, нэг насны хувь заяаг нь шийдэхгүй бол таныг хэзээ нэгэн цагт байхгүй болбол хүүгийн хувь заяа хаашаа эргэх нь асуудал. Тиймээс хүүхдийн ирээдүйг бодож, хоорондын маргаанаа хойш тавьж үзнэ үү гэж хариуцагчаас хүсэж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Н.Чийг эх Э.Сгийн асрамжид үлдээж өгнө үү” гэв.
3. Хариуцагч Л.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хүү Н.Ч миний асрамжид 5 настайдаа ирээгүй. 2 нас өнгөрсөн байхдаа тураалтай, бие муутай хүүхэд ирсэн. Миний бие Н.Чийг 2 настайгаас нь хойш 15 нас хүртэл нь өөрийн хүүхэд шиг өгсөж байна. Н.Ч хөгжлийн бэрхшээлтэй, хүн таньдаггүй шахуу. Би цэцэрлэгт хамруулж, сургуульд сургасан. Хичээл хийдэггүй, ойлгоц муутай. Н.Ч бие муутай, хэсэг эмнэлэгт хэвтэж байсан. Э.С гэр бүлээ орхиж явсан байж одоо хүүхдээ өөрийн асрамжид авах гэж байгааг ойлгохгүй байна. Хүү миний асрамжид ирснээс хойш Э.С нэг ч удаа холбоо бариагүй. Н.Чий аав хөгжлийн бэрхшээлтэй. Хүүг эмч нар хөдөө агаарт гаргаж, цагаан идээтэй газар байлга гэж хэлсэн. Н.Чий өвөө болох Бямбаа миний төрсөн ах. Н.Чтэй аав нь байнга ирж уулздаг. Э.Сг 2010 онд манай бэр болоход нь харснаас хойш дахин хараагүй. Н.Чийг 9 настай байхад нь ирж уулзаад хүүд би чиний төрсөн ээж байна гээд гараас нь атгахад хүү миний ээж та биш, миний ээж гэртээ байгаа гээд зугтааж байсан. Н.Чийг 15 нас хүрсэн байхад одоо яагаад өөрийн асрамжид авна гэж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Хүүг Э.Сд өгөхгүй, авга нарт нь өгнө. Э.Сд хүүгийн бие муудлаа, хүрээд ирээч гэхэд ирээгүй. Би Э.Сгийн хүүхдийг өсгөөгүй, ахынхаа хүүгийн хүүхдийг өсгөсөн. Засаг дарга намайг Н.Чий асран хамгаалагч гэж захирамж гаргасан. Би Н.Чийг 3 дугаар анги хүртэл нь сургуульд сургахад бичиж чаддаггүй, багш, ангийнхан нартайгаа таарч тохирдоггүй. Өглөөд сургуульд хүргэж өгч орой өөрөө очиж авахгүй бол хаашаа ч хамаагүй алга болчихдог байсан. Тиймээс 4 дүгээр ангиас нь сургуулиас гаргасан ч би гэртээ байнга хуулан бичлэг хийлгэдэг. Хүү Э.Сг байхад ч унаж татдаг байсан. Өглөөд хадам аавындаа оруулж орхиод явдаг байсан. Э.С хүүдээ одоог хүртэл мөнгө өгч үзээгүй. Ийм учир би өгвөл аавд нь өгнө” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Н.Чий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/03394 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/21649 дугаартай захирамж, Баянгол дүүргийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 30ё1-3 /698 дугаартай албан бичиг , 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд Н.Чээс хүүхдийн асрамжийн талаар авсан санал, Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Хан туул төвийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагчаар оролцож байсан Б.Ноос УАЗСын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаартай захирамж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар УАЗСын тамгын газраас тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаартай захирамжийг гаргахдаа ямар баримт материалыг үндэслэж гаргасан, үүнтэй холбоотой бүхий л баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.
7. Шүүхийн санаачилгаар насанд хүрээгүй хүүхэд Н.Чээс хүүхдийн асрамжийн талаар санал авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Л.Тт холбогдуулан насанд хүрээгүй нэг хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Нэхэмжлэгч Э.С нь Б.Нтой 2009 онд гэр бүл болж, 2010 онд хүү Н.Чийг төрүүлсэн. 2014 онд хадам эцэг Бямбаа бие махбодид халдаж хүчирхийлэл үйлдсэн тул хүү Н.Чийг эцэг Б.Нийн асрамжид үлдээгээд явсан. Гэвч эцэг Б.Н нь хүү Н.Чийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн төрөл садангийн хүний асрамжид шилжүүлсэн.
2.2. Түүнчлэн, УАЗСа нь хүүхдийн төрсөн эх Э.Сг байсаар байхад тодруулахгүйгээр Л.Тыг асран хамгаалагчаар тогтоосон нь үндэслэлгүй. Мөн Л.Т нь хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон атлаа асран хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүүхдийг сургуульд сургаагүй, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэргээр эрхийг нь ноцтой зөрчиж байгаа тул хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч Л.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
3.1. Н.Чийг бага наснаас нь буюу 2 нас гаруйтай байхаас авч өсгөсөн. Тухайн үед Н.Ч нь унаж татах өвчтэй, эмч нар хүүхдийг агаарт байлгах ёстой гэсэн учраас би ахынхаа хүүхдийн хүүхдийг өсгөөд өгье гэсэн сэтгэлээр өөрийн дэргэд авч өсгөсөн бөгөөд одоог хүртэл хамт амьдарч байгаа. Н.Ч хөгжлийн бэрхшээлтэй буюу сургуульд сургахад хоцрогдол ихтэй, нийгэмшил муутай учраас сургуулиас гаргасан. Э.С нь хүүхдээ өвчтэй байхад нь өөрөө орхиж явчихаад одоо хүүхдээ авъя гэж шаардаад байгааг зөвшөөрөхгүй байна. Цаашид Н.Чийг авга тал нь авч өсгөх байх, би авга талд нь өгөхөөс биш Э.Сд өгөх боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Э.С нь Б.Нтой 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, иргэний гэрлэсний бүртгэлд 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүртгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.Чийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/03394 дүгээр шийдвэр, Н.Чий төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4.2. Э.С, Б.Н нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд нэхэмжлэгч Э.С нь хүү Н.Чийг эцэг Б.Нийн асрамжид үлдээжээ.
4.3. Б.Н нь Э.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг 2019 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Тус шүүхээс нэхэмжлэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахдаа насанд хүрээгүй хүүхэд Н.Чий асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/03394 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.
4.4. Нэхэмжлэгч Э.С нь насанд хүрээгүй хүүхэд Н.Чийг өөрийн асрамжид авах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/21649 дүгээр захирамжаар, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Улмаар нэхэмжлэгч нь Б.Нийн оршин суугаа хаягийг олж тогтоож, түүнд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Нийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нийн хаягийг олж тогтоон, түүнд холбогдуулан хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хүүхэд Н.Ч нь эцэг Б.Нийн асрамжид амьдардаггүй, Увс аймгийн Зүүнхангай суманд эцэг Б.Нийн садангийн хүн болох Л.Тын асрамжид амьдардаг үйл баримт тогтоогджээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Нийг хүүхдийн асран хамгаалагчаар томилогдсон Л.Таар солих тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу Э.Сгийн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчаар иргэн Л.Тыг оролцуулжээ.
Л.Т нь 1957 онд төрсөн, 67 настай, ганц бие, мал маллаж амьдардаг, өндөр настан бөгөөд 2014 оноос хойш Н.Чтэй хамт амьдарсан, УАЗСын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаар захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Н.Чий асран хамгаалагчаар тогтоогдсон байна.
4.5. Н.Чий эцэг Б.Нийн тухайд, F07.8 буюу тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштойгоор хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай бөгөөд хүү Н.Чтэй 2014 оноос хойш хамт амьдраагүй болох нь хариуцагч Л.Тын хариу тайлбар, 2021 онд УАЗСад гаргасан хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлт, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүүхдийн асрамжийн талаар Н.Чээс авсан санал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.6. Хүү Н.Чий хувьд, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 14 нас, 10 сар, 21 хоногтой, Увс аймгийн Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги төгссөн, асран хамгаалагч Л.Тын хамт, ам бүл 2, Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт хар цагаан ус гэх газар 20 гаруй тооны үхэр, бог мал маллаж амьдардаг. Эцэг Б.Нийг таньдаг, өөрийн төрсөн эцэг гэдгийг мэддэг бол эх Э.Сг танихгүй гэх тайлбар гаргасан.
4.7. Нэхэмжлэгч Э.Сгийн тухайд, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Хантуул төвд сувилагч ажилтай, Б.Нтой гэр бүл болох үед хамт амьдарч байсан нэг хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдардаг.
5. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, насанд хүрээгүй хүүхэд Н.Чийг түүний төрсөн эх Э.Сгийн асрамжид шилжүүлэх үндэслэлтэй байна.
5.1. Нэхэмжлэгч Э.С нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос эхлэн нөхөр Б.Ноос тусдаа амьдарсан бөгөөд тухайн үед амьдралын нөхцөл байдлын улмаас хүү Н.Ч болон өөрийн дагавар хүүг өсгөх боломжгүй байсан тул хүү Н.Чийг эцэг Б.Нийн асрамжид үлдээсэн гэх тайлбар гаргасан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.Сг хүүхдийг өвчтэй байх үед хаяад явсан, асран хамгаагүй, тэжээн тэтгээгүй гэж буруутгаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг адил хүлээх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно.
Иймд хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах үедээ бага насны хүүхэд Н.Чийг эцэг Б.Нийн асрамжид үлдээсэн нэхэмжлэгч Б.Сарантуяагийн үйлдлийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн, хүүхдийг хаясан гэж буруутгах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхэд хандаж, маргасан үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
5.2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Э.Сгийн эх байх эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашигласан, хүчирхийлэл үйлддэг, ёс суртахууны хувьд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх бодит нөхцөл боломжгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн хүүхдийн сэргээн засах Хантуул төвд сувилагч ажилтай, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй зэргээр хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд зайлшгүй шаардлагатай ахуйн нөхцөлийг бүрдүүлсэн байна.
5.3. Хэдийгээр хүү Н.Ч нь эх Э.Сг танихгүй, цаашид цэргийн алба хааж ирээд эцэг Б.Нтой хамт амьдрах хүсэлтэй гэх санал гаргасан боловч шүүхээс насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хүүхдийн саналд үндэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэдэг.
Энэ тохиолдолд хүүхдийн эцэг Б.Н нь хүүхдийг асран хамгаалаагүй, хүүхдийн эцгийн хувьд хэрэгжүүлбэл зохих эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүүхдийг өөрийн садангийн хүний асрамжид шилжүүлсэн байх тул түүнийг хүүхдийн асрамжийн талаар маргаагүй гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нид холбогдуулан хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хүүхдийн асран хамгаалагчаар томилогдсон Л.Тыг хариуцагчаар оролцуулсан.
Хэдийн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон боловч Б.Н нь хүү Н.Чий эцгийн хувьд өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул түүнийг насанд хүрээгүй хүү Н.Чий асрамжийн талаар маргаангүй гэж үзлээ.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн санаачилгаар гуравдагч этгээд оролцуулах эрх хэмжээг шүүх хэрэгжүүлэхгүй бөгөөд гагцхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн хүсэлтээр, эсхүл зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.
5.4. Шүүхийн журмаар УАЗСын тамгын газраас тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/112 дугаартай захирамжийг гаргахдаа ямар баримт материалыг үндэслэж гаргасан, үүнтэй холбоотой бүхий л баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тус захирамжийн дагуу ирүүлсэн баримтаас үзвэл, УАЗСа нь иргэн Л.Тын гаргасан хүсэлтийн дагуу насанд хүрээгүй хүүхэд Н.Чий асран хамгаалагчаар түүнийг тогтоосон байх бөгөөд ийнхүү асран хамгаалагчаар тогтоох тухай шийдвэр гаргахдаа насанд хүрээгүй хүүхэд Н.Чий хувьд Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан асран хамгаалалт шаардлагатай хүн мөн эсэхийг тодруулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, УАЗСа нь хүүхдийн эх Э.Сгийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр бага насны хүүхэд Н.Чий асран хамгаалагчаар Л.Тыг тогтоосон байна.
5.5. Хүүхдийн асран хамгаалагч Л.Тын хувьд хүүхдэд бие махбодийн хүчирхийлэл үйлддэг, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашигладаг гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Харин хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээнд хамруулаагүй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар “хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй бөгөөд тус хуулийн 6.3-т зааснаар хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжүүлэх үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүлээнэ.
Энэ тохиолдолд, асран хамгаалагч Л.Т нь асран хамгаалагчийн хувьд хүү Н.Чийг хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, хүү Н.Ч нь 14 настай боловч өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах харилцааны ур чадвар сул, унших, бичих чадвар муу, хэл ярианы хөгжил сул, хөдөө мал маллаж амьдардаг учраас нийгмийн харилцаанд оролцох боломж хязгаарлагдмал, үе тэнгийн найз нөхөдгүй, цаашид нийгмийн харилцаанд бие даан оролцож сурахад гэр бүлийн зүгээс болоод нийгмийн зүгээс дэмжлэг шаардлагатай, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын тусламж авах шаардлагатай болох нь хүүхдийн санал авах үеэр ажиглагдсан болно.
Түүнчлэн, хариуцагч нь шүүх хуралдаан дээр “...бид 20 гаруй тооны бод мал маллаж амьдардаг, энэ нь тийм хүнд хөдөлмөр биш, Н.Ч хүссэнээрээ амьдардаг...” гэх тайлбар гаргасан боловч хариуцагчийн нас, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчин хүний амьдралын онцлогийг тооцвол, бага насны хүүхэд Н.Ч нь хөдөлмөр эрхэлдэггүй гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцэхгүй байна.
6. Иймд хүүхдийн одоо амьдарч байгаа нөхцөл байдал, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзвэл эх Э.Сгийн асрамжид шилжүүлэх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Таас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Элжгэн овогт Нямдоржийн Чингүүнийг эх Э.Сгийн асрамжид шилжүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Таас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА