| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2309005061169 |
| Дугаар | 2024/ДШМ/31 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/31
2023 12 28 2024/ДШМ/31
Д.Нд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оргилболд,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Г.Тамир,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Д.Нд холбогдох эрүүгийн 2309005061169 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн Д.Н, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино телевизийн зураглаач мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл *, эхийн хамт, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Горькийн **-*** тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** байрны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Д.Н нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны В1 давхарт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Этай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг өргөж шидэх, баруун гарыг нь барьж мушгих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь баруун гарын сарвуу, эрхий хуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргасан нэг ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгах талын байр сууринаас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, мэтгэлцэж оролцсон.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлийг заагаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” гэж хуульчилсан.
Шүүхийн 1092 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.1-д “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, ...шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”-ыг, 2.3-т “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ...дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тус тус тусгаж өгөхөөр заасан.
Гэтэл хавтас хэрэгт хохирогч Б.Э “...В1 давхар руу орчихсон, араас нь яваад ортол тэрээр намайг өргөөд шидчихсэн, би босоод иртэл миний баруун гарыг мушгисан, тэгээд орилох үед Д.Н миний гарыг тавьсан.” гэсэн /хх 20-22/,
мөн хохирогч Б.Э “..намайг цээж хэсэг рүү маань түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Д.Нг яаж байгаа юм гэж хэлээд гараараа түлхэх гэсэн боловч гарыг маань шууд барьж аваад хойш дараад гэмтээсэн. ...” гэсэн /хх 25-26/ тус тус мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э өөрөөр мэдүүлэг өгдөг.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаар дүгнэлт “...уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” /хх 39-40/, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн Д.Нгийн тогтвортой өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харьцуулан дүгнэж үзвэл хохирогч Б.Эгийн мэдүүлэг нь илт зөрүүтэй бөгөөд миний гарыг мушгиж гэмтээсэн, аль эсвэл хойш нь дарж гэмтээсэн гэж мэдүүлдэг. Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаар дүгнэлтээр Б.Эгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Эгийн мэдүүлээд байгаа шиг мушгих, хойш дарах үед үүсэх боломжгүй, харин мохоо зүйлд зохигдох механизмд үүсэх боломжтой гэмтэл юм. Иймд хохирогчийн мэдүүлэг нь илт үндэслэлгүй зөрүүтэй байгаа бөгөөд яллагдагч, шүүгдэгч Д.Нгийн тогтвортой өгсөн мэдүүлэгт гараараа хаасан тэр үед гаран дээр цохих үед гэмтэл авсан байх боложтой гэж мэдүүлээд байгаа нь бусад нотлох баримттай харьцуулан дүгнэхээр үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд гэмтэл учруулахыг хүсч зорилгодоо хүрсэн байж гэмт хэрэг төгсөж гэмт хэргийн субьектив тал бүрэн хангагдана.
Гэтэл Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүх хуралдаанд үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж өгч, шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хохирогч гэх Б.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд намайг цохиж нүдээд байсан. Би зугтаахад куртикны араас татсан тул гарыг нь тавиулаад гадаа гарч гүйсэн. Түүнээс надад гарыг нь мушгиж, цохисон зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх гарыг нь мушгисан гэж буруутгасан” гэв.
Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр Д.Н В1 давхар руу ороод намайг өргөж барьж аваад зүүн тал руу унагаасан. Би босож ирээд “яаж байгаа юм бэ” гээд хүрэх гэтэл шууд гар барьж аваад дарсан” гэв.
Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, гэрч Хишгээ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн тухай баримт, хохирогчийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ярианы бичлэгийн сиди зэрэг баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч өөрийн яаж хохирсон талаар тодорхой ярьж байх тул шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд “Цохих” гэдэг үг байхгүй, “Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн байгаа. Мохоо зүйлийн үйлчлэл нь газар унах, мөн гарыг нь мушгихад үүсэх боломжтой” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Н нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны В1 давхарт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Этай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг тэвэрч өргөх байдлаар хүч хэрэглэх үедээ зүүн мөрөөр нь газар унагааж, баруун гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь баруун гарын сарвуу, эрхий хуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Эгийн “...араас нь яваад ортол тэрээр намайг өргөөд шидчихсэн, би босоод иртэл миний баруун гарыг мушгисан, тэгээд би орилох үед Д.Н тавьсан. ...” /1хх 21/, “...намайг цээж хэсэг рүү түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд Д.Нг “яаж байгаа юм” гэж хэлээд гараараа түлхэх гэсэн боловч гарыг минь шууд барьж аваад хойш нь дараад гэмтээсэн. ...” /1хх 26/ гэсэн,
Д.Нгийн гэрчээр өгсөн “...Тухайн үед Б.Э намайг оруулахгүй гээд миний өмсөж байсан куртикны араас зулгаагаад байхаар нь гарыг нь тавиулах зорилгоор куртикээ татаж аваад гарыг нь тавиулсан. ...” /1хх 29/ гэсэн,
мөн түүний яллагдагчаар өгсөн “...Би Б.Эгаас зугтаагаад байрны Б1 давхар руу гүйж орсон чинь Б.Э намайг араас баруун гараараа куртикны ар талын малгайнаас зуураад авахаар нь Б.Эгийн гарыг гараа саваад тавиулаад граж руу машин ордог хаалгаар гүйж гараад тамхи татаад зогсож байхад Б.Э нь би цагдаа дуудчихсан, гэрт чинь оруулахгүй гэж хэлсэн. ... Б.Эгийн хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж Б.Эгийн гарын зургийг авхуулсан, жижүүр эмч зургийг нь хараад ямар нэг хугарал байхгүй, жаахан хавдсан байна, хүйтэй жин тавиарай гэж хэлсэн. ... Би Б.Эгийн гарыг тавиулах зорилгоор баруун гараа дээш нь савж гарыг нь тавиулсан, тухайн үед гарын тохой хэсэгт нь гэмтэл учруулсан байж магадгүй. ...” /1хх 56-57/ гэсэн тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаар “...Б.Эгийн биед баруун гарны сарвуу, эрхий хуруу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 40/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /1хх 63-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Нг хохирогч Б.Эд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Нгийн хохирогч Б.Эг тэвэрч өргөх байдлаар хүч хэрэглэх үедээ зүүн мөрөөр нь газар унагааж, баруун гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгуулын ял нь шүүгдэгч Д.Нгийн гэм бурууд тохирчээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир “...Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүх хуралдаанд үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн шүүхээс шүүх хуралдаанаар тогтоодсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагтаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хохирогч Б.Э, шүүгдэгч Д.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1596 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо харьцуулан шинжлэх судлах байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Нг хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Нгийн тэвэрч өргөх байдлаар хүч хэрэглэх үедээ зүүн мөрөөр нь газар унагаах, баруун гарыг нь мушгих зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдэх боломжтой байх бөгөөд эдгээр гэмтэл авсан нөхцөл байдал нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна.
Анхан шатны шүүх Д.Нд холбогдох хэргийн дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахын зэрэгцээ нотолгооны ач холбогдол, хамаарал бүхий байдалд дүгнэлт хийн үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР