Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Мд холбогдох 1706 03205 0411 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 34 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ч.М

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын К-7 дугаар байрны орцонд иргэн Д.Хүжмандалтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хүжмандалын өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 01:30 цагийн орчимд найзтайгаа пабад сууж байгаад ах Батбипэгийн гэр лүү орохоор ганцаараа явж байхад Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, К-7 дугаар байрны хажуу талд үл таних залуу надаас тамхи байна уу гэхээр нь би уг залууд байхгүй гэж хэлэхэд гал байна уу гээд өөдөөс 4 хүүхэдтэй, нэг хүүхэд маань нас барах гэж байгаа гээд утга учиргүй зүйлс ярьж байгаад гэнэт миний нүүр лүү, намайг өөдөөс заамдан авч 2 удаа цохьсон учир би уг залууг барьж авахад миний гарыг тавиулах гээд эрхий хурууг маань хазаж тавиулаад зугатаасан. Би уг залуугийн араас нь хөөж яваад К-7 дугаар байрны урд талын байрны 8 дугаар давхар 34 тоот руу орсоныг нь олж мэдсэн бөгөөд гэртээ оронгуутаа буцаж гарч ирэнгүүтээ надаас зугатаагаад явчихсан... Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж эмч хэлсэн... Уг залуу нь надаас тамхи, гал асуугаад байхгүй гэхэд өөдөөс шууд барьж аваад 2 удаа цохиж миний гарыг хазсан... Би өөрөөсөө гадна 3 хүний хамтаар 4 үүлээ 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан байсан учир гайгүй байсан. Намайг цохьсон залуу халамцуу, уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13930 дугаартай дүгнэлтэд:

“1. Л.Хужмандал-н биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.11/,

Мөрдөн байцаалтад Ч.Мын яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагт гэрээсээ гараад Жулия дэлгүүрээс орж пиво авахаар явж байхад манай байрны дээд талд буюу Баянзүрх захын наад талын буланд үл таних 3 залуу намайг дуудаад намайг гал байна уу гэхээр нь би байхгүй гээд цаашаа явсан. Тэгсэн жижиг хар савхитай залуу намайг барьж аваад ямар пээдгэр амьтан бэ гээд цохиод газар унагаагаад өшиглөөд цохьсон, куртик урагдсан, тухайн үед куртикны халаасанд байсан Хавай П-8 маркийн гар утас алга болсон, унасан байх гэж бодож байна. Тухайн үед миний хамарнаас цус гараад уруул сэтэрсэн байсан. Би тэр 3 залууд ахыгаа явуулчих ах нь 3 хүүхэдтэй шүү дээ гэж гуйж болиулсан. Сүүлдээ яв пизда минь гэхээр нь босоод салгалаад явж байсан чинь ардаас одоо өргөдөл гаргасан гээд байгаа банди гүйж ирсэн. Би энэ хохирогч залууг тэр 2 залуутай хамт явсан гэж бодож байна. Тэгээд манай орцны үүдэн дээр ирээд надаас танайх хэдэн давхар юм бэ гэхээр нь би 8 давхарт гэхэд тэр залуу манайх 2 давхарт амьдардаг гэж хэлсэн. Бид 2 хамт лифтэнд ороод 1 давхараас 8 давхар хүрэх хүртэл бид 2 маргалдаж би 4-5 удаа нүүр лүү нь гараараа цохьсон. Тэр үед тэр хохирогч залуугийн хамар нь гэмтэж хамарнаас нь цус гарсан. Тэр залуу ч мөн 4-5 удаа миний нүүр лүү гараараа цохьж байсан. Би 8 давхарт гараад өөрийн өмсөж явсан фудволкоо тайлж өгөөд хамарнаас нь гарсан цусыг нь арчуулсан. Тэр залууг гэр лүүгээ дагуулж ороод цусыг нь угаах гэхэд манай эхнэр жирэмсэн байсан, цагдаа дуудлаа гээд цаад талын өрөөнөөс орилсон. Манай эхнэрийн дүү нар манайд байсан, тэр залуутай юу болсон талаар ярилцаж байхад цагдаа ирэх байх гэж бодоод би айгаад гараад явсан. Би ингэж зодуулж цохиулсан дээрээ гомдол санал байхгүй, тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би Хүжмандалын хамрыг цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.29-30/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын К-7 дугаар байрны орцонд иргэн Д.Хүжмандалтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хүжмандалын өгсөн: “... Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж эмч хэлсэн... Уг залуу нь надаас тамхи, гал асуугаад байхгүй гэхэд өөдөөс шууд барьж аваад 2 удаа цохиж миний гарыг хазсан...” гэх мэдүүлэг /хх.8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13930 дугаартай дүгнэлт /хх.11/,

Мөрдөн байцаалтад Ч.Мын яллагдагчаар өгсөн: “... Бид 2 хамт лифтэнд ороод 1 давхараас 8 давхар хүрэх хүртэл бид 2 маргалдаж би 4-5 удаа нүүр лүү нь гараараа цохьсон... Би Хүжмандалын хамрыг цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус   оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ч.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Ч.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Хүжмандал нь санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Мын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ч.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Мд сануулсугай.

5. Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 300,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Хүжмандал нь санал гомдолгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР