Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г-ийн,

Хариуцагч: УАЭМГт холбогдох,

УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч Т.У,

Хариуцагч УАЭМГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2022/00251 дугаартай шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний Б/07 дугаартай Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ажилдаа эргэн орсон. Хэдий тушаал маань 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой байгаа ч миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэтэл намайг ажлаа авахаас 7 хоногийн өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурал хийж, надтай хамтарч ажиллах боломжгүй гэх агууллага бүхий шийдвэрийг гаргасан гэх шалтгаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дахин хууль бусаар, үндэслэлгүй үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Тус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орсон боловч дахин УАЭМГрын дарга Ц.Агийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаал гарч үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Байгууллагын хагас жилийн ажил хангалтгүй биелэгдсэн гэж үзэж намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн байгууллагын ажил ганцхан миний хийсэн ажлын үзүүлэлтээс бус хамт олны ажлын үзүүлэлтээс хамаардаг ойлголт гэж үзэж байна. Иймд Увс аймаг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Агийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Түүнчлэн миний сарын дундаж цалин хөлс 2,028,640 төгрөг бөгөөд өдрийн дундаж цалин 92,210 төгрөг бөгөөд миний бие 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ажлаас чөлөөлөгдөөд 3 сар 16 хоног өнгөрч байх тул энэ хугацааны цалинд 7,561,280 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргаж байна. Нэхэмжлэгчийг УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэхдээ чөлөөлсөн тушаалын үндэслэлийг ярихаас илүүтэйгээр тухайн тушаал гаргах эрх бүхий этгээд өөрөө тушаалыг гаргасан уу гэдэг асуудал байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ажил олгогч ажилтныг чөлөөлөх, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах эрхтэй байхаар зохицуулсан. Ажил олгогч гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлахын тулд ажил олгогч тухайн шийдвэрийг гаргахаар зохицуулж өгсөн байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлөх эрх хэмжээ хэнд олгогдсон гэхээр Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ УАЭМГрын даргын эрх хэмжээний асуудал гэж харж байгаа. Тухайн байгууллагын дотоод журам хэрэгт авагдсан бөгөөд дотоод журмын 3.2-т заасны дагуу байгууллагын даргын түр эзгүйд орлон гүйцэтгэх эрх нь албан тушаалаараа Б.Б орлон гүйцэтгэх эрхтэй байх боловч тухайн хүн орлон гүйцэтгэхдээ ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах вэ? гэдгийг дотоод журмаараа нарийвчлан зохицуулсан байна. Дотоод журмын 3.2.1 дээр орлон гүйцэтгэгч этгээд өөрөө байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахтай холбогдох асуудлаар дараах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2 асуудлыг шийдвэрлэхээр дотоод журамдаа нарийвчлан тусгаж өгсөн байна. Хугацаатай тайлан мэдээ гаргаж холбогдох газруудад явуулах, Дотоод журамд заасны дагуу олгогдох чөлөө, тэтгэмж, тусламжийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон. Харин дотоод журмын 3.2.2-т Орлон гүйцэтгэгчид хориглох зүйлийг зохицуулж өгсөн. Тухайн хориглох зүйлийн 3.2-2.2-т байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, боловсон хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудлыг хориглоно гэж дотоод журмаараа хориглосон. Өөрөөр хэлбэл тухайн хүн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхийг дотоод журмын 3.2-2.2-т зааснаар хориглосон байгаа учраас Б.Б нь УАЭМГрын дарга Ц.Аг ээлжийн амралттай байх хугацаанд түр орлон гүйцэтгэхдээ ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргах эрхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1-т заасан ажил олгогч буюу бүрэн эрхтэй этгээд тухайн тушаалыг гаргаагүй байна. иймд эрхгүй этгээдийн гаргасан тушаал хууль бус учраас тухайн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын хагас жилийн ажил 69%-тай буюу хангалтгүй үнэлэгдсэн гэх шалтгаанаар эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар чөлөөлөх үндэслэл болохгүй. Байгууллагын эрхлэгч буюу Г.Г гэх хүний хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийгдэж байгаа энэ хүний ажлыг дүгнээд байгаа биш тухайн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байгаа. Мөн Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, сайжруулах боломжит хугацаа олгоно гэх зохицуулалттай. Гэтэл байгууллагын ажлыг дүгнээд шууд арга хэмжээ авч байгаа нь хууль бус гэж үзэж байгаа учраас эрхгүй этгээд тушаал гаргасан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэл хангагдаагүй байхад ажаас чөлөөлсөн гэж харж байгаа учраас УАЭМГрын түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар үндэслэлгүй ажлаас халагдсан Ийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтад заасны дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу тооцож гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх буюу 7,561,280 төгрөгийн цалин, хөлс нэхэмжилсэн. Үүнийг гаргаж өгнө үү. Мөн дээрээс нь ажлаас үндэслэлгүй халагдсан учраас ажилгүй байсан хугацааны цалин гарах зохицуулалттай учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж байна ” гэв.

Хариуцагч УАЭМГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаартай тушаалын 3 дугаар бүлэг 3.1 дэх заалтын дагуу Элбэг өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг хагас, бүтэн жилээр 2 удаа дүгнэсэн. Увс аймгийн Засаг даргын 2024 оны А/376 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн үнэлгээний дүн, Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүгийн зөрчилтэй болох нь тогтоогдсон. Элбэг өгөөж өрхийн эрүүл мэндийн төв нь хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй буюу 69.29 хувиар буюу хангалтгүй гэх үнэлгээгээр үнэлэгдсэн. Эрүүл мэндийн сайдын журмын 2.8, 2.9 дэх заалт болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0/146 дугаар зөвлөмжийг үндэслэл болгож албан тушаалаас нь чөлөөлсөн тул тушаалын үндэслэлийг бүхэлд нь хянаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаал, тус газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 294 дугаартай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийн хуулбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичгийн хуулбар, тус албан бичгийн хавсралт, Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаартай зөвлөмжийн хуулбар, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ц.Аг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Бг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авав.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ЭӨ ББН-өөс түүний 2024 оны 5,6,7,8 дугаар сарын цалингийн хүснэгтийг нотлох баримтаар бүрдүүлэв.

Шүүхийн санаачилгаар УАЭМГраас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тус байгууллагад хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн дотоод журам, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Бг томилсон шийдвэр гарсан эсэх талаар баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагч УАЭМГт холбогдуулан, тус газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,561,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Маргаан бүхий тушаал болох Б/52 дугаартай тушаалд зурагдсан үсэг Б.Бгийн гарын үсэг байх боловч Б.Б тухайн тушаалд гарын үсэг зурах эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайн эрх зүйн акт нь Монгол улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаа учраас тухайн тушаал нь ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангах ёстой. Гэвч тухайн тушаалыг Б.Б гаргасан гэж харах боломжгүй, Ц.А гэдэг хүн гаргасан гэж харахаар байна.Мөн Б.Б нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэхдээ тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2.2-т заасныг зөрчиж, хориглосон асуудлаар буюу нэхэмжлэгч Г.Ггийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул тушаалыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргаагүй гэж үзэж байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан үндэслэлээр буюу мэргэжил, ур чадвар, мэргэшлийн хувьд, ажил үүргийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байна гэж үзэж чөлөөлж байгаа бол тухайн хүн тухайн ажлын байран дээр мэргэжил, ур чадвар, мэргэжлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй байгаа талаар албан ёсны дүгнэлт тогтоогдсон байх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийг ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлын албан тушаалд тэнцэхгүй, мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй гэдэг дүгнэлт албан ёсоор тогтоогдоогүй. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож, энэ талаар арга хэмжээ авах ёстой. Үүний дараа боломжит хугацаа олгоод ажлын гүйцэтгэл хангагдаагүй тухайн алдаа зөрчил тасраагүй тохиолдолд чөлөөлөх эрх хэмжээ нээлттэй. Гэтэл ажлыг дүгнэнгүүтээ, мэдэгдэл өгөөд, шууд тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, сайжруулах боломжит хугацаа олгоно гэх зохицуулалтыг бас зөрчсөн учраас үндэслэлийн хувьд 80.1.2-т заасан үндэслэл хууль ёсны байж чадахгүй байна.

2.3. Нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнө авч байсан нэг өдрийн дундаж цалин хөлс 92,210 төгрөг байх тул 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,561,280 төгрөг гаргуулна гэв.

3. Хариуцагч УАЭМГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

3.1. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын 3.1 дэх заалтад заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг жилд 2 удаа үнэлдэг. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны А/376 дугаар захирамжаар томилогдсон үнэлгээний баг ажиллаад ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ хангалтгүй буюу 69,25 хувьтай гэж үнэлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын газрын шалгалтаар санхүүгийн зөрчилтэй гэж үнэлэгдэж, Г.Гд акт тавьсан байсан. Иймд Эрүүл мэндийн сайдын А/122 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.8, 2.9 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул шийдвэр үндэслэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.Г нь УАЭМГрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Увс аймгийн Улаангом сумын ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогджээ.

4.2. УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжийг тус тус баримтлан, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны үйл ажиллагааны хагасж жилийн тайлан хангалтгүй буюу 69,25 хувьтай үнэлэгдсэн тул дарга Г.Гг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч, Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооны хуралдаанаар “талууд тохиролцоогүй” гэх үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ.

5. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

5.1. Нэхэмжлэгч Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын ЭӨ нөхөрлөлийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны хагас жилийн гэрээний биелэлтийг хангалтгүй гэж үнэлсэн үнэлгээний дүнгийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тус үнэлгээ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болжээ.

Тодруулбал, хариуцагч талаас гаргаж өгсөн УАЭМГрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай албан бичигт тус газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй боловч нэхэмжлэгч талаас Увс аймгийн Улаангом сумын ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан буюу гэрээний биелэлт 69.25 хувьтай үнэлэгдсэн үйл баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Г нь хөдөлмөрийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд тус хорооны хуралдааны үеэр “...би үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тухайн үед гомдол гаргаагүй” гэх тайлбар гаргасан бол тус хорооны хуралдаанд хариуцагчийг төлөөлж оролцсон Чимгээ гэх албан тушаалтан “...Гэрээг журмын дагуу хагас, бүтэн жилээр дүгнэдэг. ... бүх ажилтнуудыг цуглуулж, дүнг танилцуулж, үнэлгээг зөвшөөрөхгүй бол 2 хоногийн дотор гомдлоо гаргаж болохыг танилцуулсан. Тухайн үед эрүүл мэндийн төвийнхөн бүгд үнэлгээг зөвшөөрсөн учраас Гэрэлтуяа гарын үсгээ зурж, баталгаажуулсан байгаа” гэх тайлбар гаргажээ.

Иймд нэхэмжлэгч Г.Ггийн даргаар нь ажиллаж байсан Увс аймгийн Улаангом сумын ЭӨ өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны хагас жилийн гэрээний биелэлтийг 69,25 хувьтай дүгнэсэн үнэлгээ хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 2.9 дэх заалтад “Тухайн жилийн 7 дугаар сарын хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, нөхөрлөлийн хурлаар дараагын шинэ даргыг томилно” гэж заасан бөгөөд 6.12 дахь заалтад “гэрээний хэрэгжилтийн ерөнхий дүн 79 хувь ба түүнээс доош бол хангалтгүй гэж тооцно” гэж заажээ.

Энэ тохиолдолд, ЭӨ өрхийн эрүүл мэндийн төв нь 7 дугаар сарын хагас жилийн үнэлгээгээр 69,25 хувь буюу хангалтгүй үнэлэгдсэн боловч үнэлгээний талаар маргаагүй, тус үнэлгээ хүчин төгөлдөр болсон байх тул “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 2.9 дэх заалтын дагуу тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг ажлаас чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн байна.

ЭӨ өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн эрх зүйн хуулийн этгээд боловч нөгөө талаас төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг Эрүүл мэндийн тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 7 дугаар сарын хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй буюу 69,25 хувьтай үнэлэгдсэн Улаангом сумын ЭӨ ББН буюу өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг тус нөхөрлөлийн даргын албан үүргээс чөлөөлөх шийдвэр гаргасныг Эрүүл мэндийн тухай хууль, “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-д нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж дүгнэлээ.

5.2. Нэхэмжлэгч талаас хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй, 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй тул тушаал нь эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч дээрх үндэслэлээр УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дэх заалт, 80.4 дэх хэсгийг тус тус баримталсан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг бодитойгоор дүгнэж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн буюу өрхийн Эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх, гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэх харилцааг нарийвчлан зохицуулсан Эрүүл мэндийн тухай хууль, Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журмыг баримталсан байна.

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоосон эсэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах хугацаа олгосон эсэх,  80 дугаар зүйлийн 80.4-т заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх нь маргаан бүхий эрх зүйн актын агуулгад нөлөөлөхгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг бүхэлд нь эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй.

5.3. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан гаргаагүй, тус шийдвэрт Б.Б гарын үсэг зурсан атлаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А гэх нэрээр гарсан байх тул хууль ёсны гэж үзэхгүй гэж маргасан.

Гэрч Ц.А болон гэрч Б.Б нарын мэдүүлгээс маргаан бүхий УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаартай тушаалыг гаргах үед УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.А нь ээлжийн амралттай байсан бөгөөд түүний албан үүргийг тус газарт Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн (УТСХ) дарга ажилтай Б.Б орлон гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байна.

УАЭМГрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд тус албан тушаалыг түр орлон гүйцэтгэхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэж заажээ.

Гэрч УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А нь “...Би тухайн үед чи өөрөө хуулийн хүн, даргын ажлыг орлож байгаа юм чинь яах талаар сайн судлаад бодоорой гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгээс үзвэл шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох Ц.Аг ээлжийн амралттай байх хугацаанд түүний шийдвэрээр газрын даргын албан тушаалын чиг үүргийг тус газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бгаар түр орлон гүйцэтгүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “...Тухайн байгууллагын дотоод журам хэрэгт авагдсан бөгөөд дотоод журмын 3.2-т заасны дагуу байгууллагын даргын түр эзгүйд орлон гүйцэтгэх эрх нь албан тушаалаараа Б.Б орлон гүйцэтгэх эрхтэй байх боловч тухайн хүн орлон гүйцэтгэхдээ ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах вэ? гэдгийг дотоод журмаараа нарийвчлан зохицуулсан байна. Дотоод журмын 3.2.1 дээр орлон гүйцэтгэгч этгээд өөрөө байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахтай холбогдох асуудлаар дараах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2 асуудлыг шийдвэрлэхээр дотоод журамдаа нарийвчлан тусгаж өгсөн байна. Хугацаатай тайлан мэдээ гаргаж холбогдох газруудад явуулах, дотоод журамд заасны дагуу олгогдох чөлөө, тэтгэмж, тусламжийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдсон. Харин дотоод журмын 3.2.2-т Орлон гүйцэтгэгчид хориглох зүйлийг зохицуулж өгсөн. Тухайн хориглох зүйлийн 3.2-2.2-т байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, боловсон хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудлыг хориглоно гэж дотоод журмаараа хориглосон. Өөрөөр хэлбэл тухайн хүн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхийг дотоод журмын 3.2-2.2-т зааснаар хориглосон байгаа учраас Б.Б нь УАЭМГрын дарга Ц.Аг ээлжийн амралттай байх хугацаанд түр орлон гүйцэтгэхдээ ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргах эрхгүй гэж үзэж байна...” гэж маргасан.

Гэвч төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, түр орлон гүйцэтгэгч нь ямар эрх хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх тул байгууллагын дотоод журмаар уг асуудлыг зохицуулахгүй.

Тодруулбал, байгууллагын дотоод журам гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т зааснаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг ойлгох бөгөөд хуулиар тусгайлан зохицуулсан харилцааны талаар хуульд зааснаас өөрөөр тогтоосон дотоод журмын хэм хэмжээг маргааны үйл баримтад хэрэглэх үндэслэлгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А нь ээлжийн амралттай байх хугацаанд өөрийн албан үүргийг хэлтсийн дарга Б.Бгаар түр орлон гүйцэтгүүлэхдээ тухайн албан тушаалын зарим бүрэн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул Б.Б нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш, тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

5.4. Түүнчлэн, маргаан бүхий тушаалд шийдвэр гаргасан албан тушаалтны нэрийг Ц.А гэж бичсэн боловч түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ алдаа нь баримт бичгийг үүсгэж, боловсруулах талаар албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг зөрчсөн хэлбэрийн шинжтэй алдаа байна.

6. Ийнхүү хэрэгт авагдсан баримтын хүрээнд УАЭМГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Ггийн УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7. Нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггийн УАЭМГрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,561,280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй .

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА