Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00945

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00803 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Б- ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 25 472 337 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 340 846.75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Б-" ОНӨААТҮГ-т ачигчаар 2016 оноос хойш 3 дахь жилдээ алдаа зөрчил гаргалгүйгээр ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хэрлэн буян ХХК болон Хүнс-Экспресс ХХК-ийн хашаан дотор Б- ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 63-34 УНӨ улсын дугаартай, хог ачих зориулалттай автомашиныг хог ачих зорилгоор жолоодож явсан Д.Чинзоригт нь ухрах үйлдэл хийх үедээ намайг дайрч, миний аарцаг ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, давсагны урагдал, шээсний сүвний тасрал, хуухнаг, тээрхийн шарх, баруун гуя, умдагны цус хуралт бүхий хүнд хохирлыг эрүүл мэндэд маань учруулсан. Улмаар миний бие ослын улмаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн болон 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тус тус хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоосон бөгөөд миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа билээ. Орлого олох боломжгүйгээс гадна 7 хоногт 3 удаа Нэгдүгээр дүгээр эмнэлэг орж давсагны гуурсаа солиулж, боолт хийлгэдэг ба ийнхүү өөрөө ганцаараа явж эмчилгээ хийлгэж, чадахгүйн улмаас ах эгч, эхнэрийн хамт харгалзах хүнтэйгээр такси унааны зардал тогтмол гарсаар байна. Одоо миний бие дахин мэс заслын хагалгаанд орох ёстой. Надад гэм хор учруулахаас өмнө /2018 оны 01 сараас 04 сар хүртэл/ миний цалин хөлсний дундаж орлого 690 846.75 төгрөг байсан бол одоо би хөдөлмөрийн чадвараа 79% алдсанаар хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж сар бүр 350 000 төгрөг авдаг. Тиймээс миний бие гэм хор учруулсны төлбөрийг хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд сар бүр гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Осолд орсны дараа байгууллагаас 4 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөг, нийт 800 000 төгрөг өгсөн. Харин хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 2019 онд сар бүр 310 000 төгрөг, нийт 3 720 000 төгрөгийн орлогыг, 2020 онд сар сүр 350 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөгийн орлогыг, 2021 оны 1 дүгээр сард 350 000 төгрөгийг буюу 2018 оны 6 дугаар сараас хойш нийт 9 070 000 төгрөгийн орлогыг тус тус олсон бол 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 01 сар хүртэлх 32 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаагүй ажиллаж байсан бол 22 107 096 /690 846.75*32/ төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан бөгөөд дутуу авсан цалин хөлсний зөрүү нь 13 037 096 төгрөг болж байгаа юм. Иймд миний хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 32 сарын хугацаанд дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 13 037 096 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар мөн нэхэмжилж байна. Би ослын улмаас хохирч, эрүүл мэндийн хувьд дахин хэзээ ч өмнөх байдалдаа нөхөн сэргээгдэхээргүй болж цаашид намайг тогтмол эмчилгээ хийлгэж, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай гэсэн ба энэ бүх зүйлээс болж би болон миний гэр бүл сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүү, эд хөрөнгө бүх зүйлээрээ асар их хохирч байна. Үүнээс гадна 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дээрх ослын газар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч ажиллаад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдсэн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 939 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь талд тус тус зааснаар ажил олгогчоос нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж заасныг үндэслэн 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1 сарын 690 846 241.75 төгрөг, нийт 12 435 241.5 төгрөгийг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандсан. Өнөөдрийн байдлаар хариуцагч талаас өмнө нь цувуулж өгсөн 4 776 435 төгрөгийг хасаж, 7 658 806 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү асуудлаар миний бие Б- ОНӨААТҮГ-ын захирал Ж.Галтбаяртай 2020 оны 12 дугаар сарын 25-нд очиж уулзахад хуулийн зөвлөхтэйгөө уулзаж ярилцаад 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирж уулзаарай гэсэн юм. Улмаар мөн хэлсэн өдөр нь очиж уулзахад би хуулийн зөвлөхтэйгөө уулзсан, чи хуулийн хүрээнд шүүхэд хандан тогтоол шийдвэрийг нь авч ирэх юм бол манай байгууллага татгалзах зүйлгүй гэж хэлсэн юм. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 13 037 096 төгрөгийг гаргуулж, үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 7 658 806 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдсан төлбөрт 340 846.75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- ОНӨААТҮГ-аас Б.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдсан төлбөрт хохирлыг нөхөх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн тухайн үеийн ачигч албан тушаалын үндсэн цалингийн дундажтай тэнцэх 18 сарын турш нөхөн төлбөрийг сар болгон 200 000 төгрөг олгохоор 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Цаашид үргэлжлүүлэн олгох болно. Б.Б- нь 2018 оны 5 дугаар 26-ны өдөр ажлын цаг дууссан байхад ажлын хуваарьт заагдаагүй өөр компанийн хогийг дуудлагаар ачиж байхдаа осолд өртсөн. Манай байгууллагын зүгээс үйлдвэрлэлийн ослыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин байгууллагын шинэ удирдлагууд хэрвээ Б.Б- нь хувийн ашиг сонирхлын үүднээс яваагүй байсан бол ийм байдалд орохгүй байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид үйлдвэрийн ослын улмаас учирсан хохирол 4 442 104 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7 558 806 төгрөгийг төлнө. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж байгаа гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Согтуугаар автомашин жолоодсон байх тул 18 000 000 төгрөг төлөх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б- ОНӨААТҮГ-аас 18 906 711 төгрөгийг гаргуулан, Б.Б-ид олгож, энэ өдрөөс хойш 2021 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаагаар нэхэмжлэгчид сар бүр 340 846 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 789 191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б- ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 257 596 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохиролд 7 658 793 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 11 247 918 төгрөг, 2021 оны 3 сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 сарыг дуустал хугацаагаар нэхэмжлэгчид cap бүр 340 846 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар талд Б- ОНӨААТҮГ, Б.Б-ийг ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон гэж 2018 оны 6 сарын 04-ний өдрийн үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон тул хохирогч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан ... 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогчоос нөхөн төлбөр жич нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 9-р талд авагдсан 2018 оны 6 сарын 04-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын 12-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл, жолоочийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болсныг тогтоосон, 14-т комиссын дүгнэлт жолоочийн хайхрамжгүй байдлаас болж осол гарсан боловч ажил үүргээ гүйцэтгэж явсан учир үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж дүгнэсэн. Ажил олгогчид хуулиар 2 үүрэг хүлээлгэсэн. Ажилтныхаа өмнө хүлээх үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, ажилтны үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан бол ажил олгогчийн хариуцлага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үүргийг хүлээж буй ажил олгогч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үүргийг давхар хүлээхгүй. Хуулиар ажил олгогчийн хүлээх үүрэг давхардаж байгаа бол нэхэмжлэгч аль нэгийг сонгох ёстой. Ажил олгогч хоёр дахин хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэгч 2 дахин олговор шаардах нь үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл болох юм. Ийм учраас нэхэмжлэгч нь дээрхээс аль нэгийг сонгож нэхэмжлэлээ гаргах нь хуульд нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар олговор авсан ажилтан, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зөрүүгээр хохирсон байх боломж байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийн Хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 11 247 918 төгрөг, 2021 оны 3 сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 сарыг дуустал хугацаагаар нэхэмжлэгчид cap бүр 340 846 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б- ОНӨААТҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 25 472 337 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 340 846.75 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд сар бүр олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б- ОНӨААТҮГ-аас 18 906 711 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарыг дуустал хугацаагаар нэхэмжлэгчид сар бүр 340 846 төгрөг олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 1 789 191 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг 10 472 337.5 төгрөгөөр багасгаж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сар бүр 340 846.75 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б- ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 15 000 000 төгрөгийг 2 хуваан, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 411028408 тоот дансанд төлөх, хариуцагч нь дээрх хуваарийг зөрчвөл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх-ээр эвлэрсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б- ОНӨААТҮГ-ын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг 10 472 337.5 төгрөгөөр багасгаж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сар бүр 340 846.75 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б- ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 15 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгч Б.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 411028408 тоот дансанд төлөх, хариуцагч нь дээрх хуваарийг зөрчвөл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 731 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ