| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
| Хэргийн индекс | 158/2025/0005/З |
| Дугаар | 158/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 158/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Магсар,
Хариуцагч: Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын хоорондын “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгон, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Магсар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал, хариуцагч Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмагнай, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганзул, гэрч Т.Пүрэвбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
- Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар зарим нэг төлөөлөгчдийн улс төржсөн болон дарамт шахалтын улмаас хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
- Өөрийн чөлөөлөгдсөн тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаан дээр Хурлын даргаас гардаж авсан буюу хуульд заасан хугацаанд тус тогтоолыг гаргаагүй нөхөж гаргасан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг эс зөвшөөрч байна. ...” гэв.
4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уг тогтоолыг гардаж авсан байдаг. Уг 05 дугаартай тогтоол нь П.Магсарын ажлаас чөлөөлснөөс гадна Н.Батмагнай гэх хүн томилсон гэх зүйл ярьж байна. Гэтэл энэ тогтоол хууль бус байна. Учир нь уг тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан агууламжтай, олон тооны хууль, эрх зүйн зөрчлийг агуулсан, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Захиргааны актад ямар шалтгаан болон үндэслэлээр энэ П.Магсарыг ажлаас чөлөөлж байгаа гэдгийг дурдах шаардлагатай байсан. Мөн энэ П.Магсар гэх хүн өөрийг нь ажлаас чөлөөлж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдлоо хаана гаргах, гомдол гаргах хугацааг нь дурдаж өгөх ёстой байсан. Гэтэл 05 дугаартай тогтоолын хуулийн зүйл заалтууд нь П.Магсартай хамааралгүй, түүнийг чөлөөлүүлэх талаар хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Н.Батмагнайг 4 жилийн хугацаагаар томилсон. Түүнд нэмэгдэл цалин хөлс олгох зохицуулалтыг уг тогтоол дээр тусгасан байна. Захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрт хувийн хэрэг, хяналтын хуудас дагалдах хуудас зэрэг байх ёстой гэж заасан байтал шүүхийн үзлэгээр маргаан бүхий захиргааны актад холбогдох баримтууд байгаагүй. Хувийн хэргийг хөтөлснөөр хувь хүний ямар эрх ашиг нь хөндөгдөж байна. Оролцогчдын санал нь ямар байсан. Сонсох ажиллагаа, хуралдааны тэмдэглэл, шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг дурдах ёстой байсан. Гэтэл захиргааны актад холбогдох дагалдах баримт бичгүүд байгаагүй тул хууль зөрчсөн нөхцөл байдал байна гэж үзэж байна.
Маргаан үүсгэсэн захиргааны акт хоёр өөрөөр гарч ирсэн. Нэхэмжлэгч П.Магсар өмнөх шүүх хуралдааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн болон Н.Батмагнайг сонгосон тогтоолыг би өөрөө гардаж авсан. Гэтэл Батмагнай 2025 оны 03 дугаар сард болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр энэ таны тогтоол байсан байна. Б.Оюун-Эрдэнэ хот руу аваад явсан байна. Гэнэт цүнхнээс нь гарч ирсэн гэдэг байдлаар танилцуулсан байдаг. Хэрвээ тухайн тогтоолыг нөхөж гаргаж ирсэн эсэх, эсхүл өмнөх алдаагаа зассан эсэх нөхцөл байдалд байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд танилцуулж, засвар оруулж, мэдэгдэх хууль зүйн зохицуулалттай байсан. Гэтэл сүүлд гарч ирсэн тогтоол хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр Н.Батмагнай надтай утсаар ярьж уг тогтоолыг авхуулахаар хүн явуулж, би өгч явуулсан гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт шуудангаар явуулсан гэх ойлгомжгүй нөхцөл байдал байна. Хариуцагч энэ талаар тайлбар хэлэх байх. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл өөрийн дураар тогтоолыг дахин гаргасан байгаа нь эрх зүйн зөрчилтэй хууль бус акт гэж үзэх үндэслэл болж байна. Мөн бүтцэд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх асуудалд дурдаагүй. Гэтэл хэлэлцэх асуудлаар П.Магсарыг ажлаас чөлөөлөх асуудлыг оруулж, чөлөөлсөн нөхцөл байдал үүсэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл Н.Батмагнай 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэх асуудалд бүтцэд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Уг хурлаар П.Магсарыг чөлөөлөх, эсхүл Засаг дарга Бямбажавыг огцруулъя гэх байдлаар тодорхой санал гаргаагүй. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.Магсар ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдээгүй байхад хэлэлцэх асуудалдаа оруулсан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, Хурлын даргын захирамжаар батламжлуулах ёстой гэж заасан байдаг. Гэтэл хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон боловч өөрчилсөн нөхцөл байдал харагдаж байна. Хэлэлцэх асуудлыг ерөнхий байдлаар л гаргаж, саналаа оруулахдаа Засаг дарга, эсхүл Хурлын даргын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байдлаар хандсан байна. Хуралд хэлэлцэх асуудал тодорхой байх ёстой. П.Магсарыг ажлаа хийж чадаагүй гэдэг байдлаар тодорхойлох ёстой. Гэтэл хуралдаан даргалж чадахгүй байна гэдэг 1 төлөөлөгч санал гаргаж, хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим авагдсан. Гэтэл энэ эрхээ П.Магсар огт эдлээгүй, түүний эрхийг зөрчсөн. Мөн Н.Батмагнай Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг төсөлдөө хавсаргаагүй, судалгаа, лавлагаагаа хуралдаанаар гаргаж өгөөгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 2 өөр захиргааны акт гарч ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл 2025 оны 03 дугаар сард нөхөж, гаргаж ирсэн асуудал байгаа учраас уг захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна. 2024 оны 10 дугаар сард П.Магсарыг хуралдааны даргаар томилсон тогтоол байдаг. Гэтэл уг тогтоолын загвараар 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгийг нь томилоод, нөгөөг нь чөлөөлсөн нөхцөл байдал байна. Гэрч Б.Оюун-Эрдэнэ 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан дууссаны дараа би тогтоолыг гаргаад явсан гэх мэдүүлэг өгдөг. Гэтэл уг Хурал 21 цаг 36 минутад дууссан талаар тэмдэглэлд дурдагдсан байна. 21 цаг 36 минут Хурал дуусаад уг тогтоолыг гаргаад явсан эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.Магсар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа боловч Хурлын нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нийт 18 төлөөлөгчийн ирцтэй байна гээд гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан байна. 18 төлөөлөгч оролцсон. Гэтэл П.Магсарыг огцруулах тухай саналын үед 19 төлөөлөгч оролцож, санал өгөхөд 10 төлөөлөгч дэмжээгүй гэх нөхцөл байдал яригддаг. Хэргийн материалд авагдсан хуралдааны дэгт ирцэд бүртгэгдээгүй төлөөлөгчийг тасалснаар тооцохоор заасан. 1 хүн ирцэд бүртгэгдээгүй байхад хэлэлцэх асуудал явагдах үед орж ирээд санал өгсөн байдал байна. 18 эсхүл 19 төлөөлөгч байсан эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн баримт нь саналын хуудсыг бүгдийг нь канондоод улаан дардас дарсан байна. Үүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахдаа үндэслэл, тооцоо, судалгаатай байх ёстой. Асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл Хурлын даргыг өөрчлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй нөхцөл байдал байна.
Иймд Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус Хурлын дарга нарт холбогдох “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах, ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
5. Хариуцагч Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Батмагнай шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “П.Магсарыг ажлаас чөлөөлсөн нь олонхын саналаар шийдвэрлэсэн. Би ганцаараа шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг өөрчлөх саналыг гаргасан байдаг. Тус хуралдаанд П.Магсар өөрөө байсан. Огт ярихгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэнэт санал гаргаж, шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч П.Магсар нь энэ талаар мэдэж байсан. 12 хүний гарын үсэгтэй ээлжит бус хуралдаан зарлахыг П.Магсар өөрөө санаачилсан. Бид ээлжит бус хуралдаанаар Хурлын дарга, бүтэц зохион байгуулалт, Засаг даргын асуудлыг хэлэлцэнэ гэж ойлгосон. Иргэний хөдөлгөөний намын төлөөлөгчдөөс П.Магсарыг Хурлыг даргалж чадахгүй байгаа талаар илэрхийлж байсан. Тус хуралдаанаар П.Магсарыг дэгээ баримталж Хурлыг удирдахыг удаа дараа сануулж байсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлаар П.Магсарыг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаар мэдэж, ажлаас халахгүй байх талаараа хэлж байсан. Энэ талаар Хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Улмаар намайг Хурлын даргаар томилох төлөөлөгч нар санал гаргаж, үүнийг дэмжсэн байдаг. Би өөрийгөө томилсон зүйл огт байхгүй. Олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хурлаар бүтцийн асуудлыг хэлэлцэх талаар санал оруулсан. П.Магсарыг ажлаас чөлөөлөх талаар санал оруулсан байдаг. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлаар бүтцийн асуудлыг хэлэлцэхийг П.Магсар мэдэж байсан боловч тамга, тэмдгээ аваад явсан байсан. Ирцийн хувьд хөдөө орон нутагт төлөөлөгчид 30 гаруй километрийн цаанаас ирсэн тохиолдол байгаа. Тухайн үед 1 төлөөлөгч дэлгүүр орох гээд гарсан байхад нь тоолсон нөхцөл байдал болсон.
П.Магсарыг ажлаас чөлөөлсөн тогтоолыг өөрт нь гардуулж өгсөн гэж бодож байсан боловч өгөөгүй байсан. П.Магсар тогтоолтойгоо танилцах талаар хэлэхэд нь энэ талаар тогтоол гаргаагүй байгаа талаар нь хэлсэн. Үүнээс үүдэж уг маргаан үүссэн гэж үзэж байна. Би ганцаараа шийдвэр огт гаргаагүй. Харин төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрийг гаргасан” гэв.
5.1. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ...Тодруулах бус нэмэгдүүлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Учир нь хэрэгт 2 тогтоол авагдсаны нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай 2 заалт бүхий Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Магсарыг ажлаас нь чөлөөлж, Н.Батмагнайг томилсон тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл цалин нийт 15,860,000 төгрөгийг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хавтаст хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл авагдсан. Уг тэмдэглэлээс үзэхэд Булган аймгийн Баян-Агт сумын 2025 оны төсвийн орлогыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа буюу хамгийн сүүлд бүтцийн асуудлыг хэлэлцсэн байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх саналыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, үндэслэлээ тайлбарласан байна. Уг үндэслэлдээ хурлыг удирдан зохион байгуулж чадах чадамжгүй, төлөөлөгч нарыг ажиллах мэдээ мэдээллээр хангаж чадахгүй, анхдугаар хуралдааныг дуусгахгүйгээр тамгаа авч явсан нь төлөөлөгч буюу даргын ёс зүйд нийцэхгүй байгаа учраас түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг гаргасан талаар тусгасан. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлээс анхдугаар хуралдааныг хаахгүйгээр тамгаа авч явсан үйл баримт харагдаж байна.
Мөн Хурлыг зохих журмын дагуу явуулаагүй, Хурлын дарга чадамжгүй байсан гэх үйл баримт хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Тухайн үед Хурлын дарга нь нэхэмжлэгч П.Магсар байсан. Тухайн өдрийн хуралдааныг Засаг дарга Бямбажав нь удирдсан нөхцөл байдал уг тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн анхдугаар хуралдааны тэмдэглэл нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Уг тэмдэглэлийг ёсчилж баталгаажуулах үүрэг нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар буюу ажлаас халагдах хүртэл 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд нэхэмжлэгч нь уг тэмдэглэлийг ёсчлуулаагүй, баталгаажуулаагүй байгаа нь үүрэгт ажлаа дутуу дулимаг хийж явсныг илэрхийлж байна. 2 сарын хугацаанд Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй гэдэг байдлыг ярьж байна. Ажлаа хийж чадахгүй байсан талаараа нэхэмжлэгч П.Магсар нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн байдал хэргээс харагдаж байгаа буюу хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Хариуцагчийн хувьд П.Магсарыг ажлаас чөлөөлөх үндэслэлээ эрх зүйн актад тусгаагүй алдаа байх боловч хууль зүйн үндэслэлээ зөв гаргасан учраас Захиргааны хуульд заасан хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэрэгт ижил дугаар бүхий 2 тогтоол авагдсан. Сүүлд шүүхийн журмаар хэрэгт авагдсан буюу хариуцагчаас гаргуулсан 05 дугаартай 1 заалт бүхий П.Магсарыг чөлөөлсөн тогтоол нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол гэдэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Оюун-Эрдэнэ болон Амарсанаа нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Энэ тогтоол нь тухайн хуралдаанаар нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөхдөө нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн буюу Н.Батмагнайг томилж, өөрийг нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэлийг гаргасан учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд уг ижил дугаар бүхий 2 тогтоолыг хүчингүй болгох боломжтой. Хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тус 2 тогтоолыг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүй буюу нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тухайн Хурлаас гарсан тогтоол биш, сүүлд нөхөж гаргасан тогтоол гэдгийг хариуцагч болон хохирогчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт Хурлын даргыг сонгох, чөлөөлөх гэж заасан. Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх асуудал нь Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал буюу бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг ...гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч ирсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Бүтцийн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг 19 төлөөлөгчөөс санал хурааж, 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч нь гар өргөснөөр 52.6 хувийн саналаар буюу олонхын саналаар дэмжиж шийдвэрлэсэн. Хуульд зааснаар Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай хуралдаан зарлах, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр баталсан. 2024 оны 12 дугаар сарын 29-өөс 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирж, хэлэлцэх асуудлын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед 1 төлөөлөгч нэмж ...ирээд Хурлын ирц 19 болсон байх ба Хурлын дарга П.Магсарыг чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд ирсэн нийт 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч чөлөөлөх санал өгч, 9 төлөөлөгч чөлөөлөхгүй гэсэн санал өгснөөр 52.6 хувийн саналаар П.Магсарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гарч, тогтоолыг уншин сонсгосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг ажлаас чөлөөлсөн 05 дугаартай тогтоол гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж хууль тогтоогчоос тогтоож хуульчилсантай нийцсэн буюу хариуцагч хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
6.Гэрч:
ҮНДЭСЛЭХ нь:
- Эхний хувилбар[2]-ыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, 78 дугаар зүйлийн 78.1, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолын хавсралт, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIX хуралдааны XIX/08 тоот тогтоолын 10 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан П.Магсарыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Батмагнайг сумын ИТХ-ын даргаар сонгосугай. 2...” гэх хоёр асуудлыг шийдвэрлэсэн хоёр заалттай,
- Хоёр дахь хувилбарыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 35.1.2, 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын ИТХ-ын дарга П.Магсарыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх нэг асуудлыг шийдвэрлэсэн нэг заалттайгаар бичгийн хэлбэрээр гаргажээ.
11. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид, тэр дундаа хариуцагчийн төлөөлөгч Н.Батмагнай нь дээрх агуулга бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолын эхний хувилбарт үндэслэн Баян-Агт сумын ИТХ-ын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэн, цалингаа авч байгаа ба түүнийг уг албан тушаалд сонгож, томилсон өөр захиргааны акт гараагүй талаар тайлбарлав.
11.1 Хэдийгээр шүүх Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай тогтоолын үндэслэлийг хянахгүй ч гэсэн тус Хурал нь өөрөөс гаргаж буй захиргааны актаа эрх зүйн зөрчилгүй, асуудлыг салаа утгагүйгээр нэг мөр шийдвэрлэсэн, нэг хувилбараар гаргах үүрэгтэй атал дээрх байдлаар зөрчилтэй байдлыг үүсгэсэн үйл ажиллагааг явуулсан байна.
12. Хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нэхэмжлэгч П.Магсарыг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл, түүнийг нотлох тооцоо судалгаа, үндэслэлийг тодруулсны эцэст “чөлөөлөх эсэх” асуудлыг дахин хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой байх тул Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөл дээрх ажиллагааг хийж гүйцэтгэн, хуралдаанаар хэлэлцэж, дахин шинэ акт /тогтоол/ гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ. Иймд маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
13. Хариуцагчаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь хүчингүй болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчид тус Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх шууд үүсэх бөгөөд тэрээр өөрт учирсан хохирол гэж шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
14. Нэхэмжлэгчийн Төрийн сангийн дансанд төлсөн 70,200 төгрөгийг тухайн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Магсарт олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай “ИТХ-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь хүчингүй болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчид тус Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх шууд үүсэх бөгөөд тэрээр өөрт учирсан хохирол гэж шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Магсарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ