Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

    2024            01              04                                         2024/ДШМ/45

                       

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

хохирогч Б.Ч,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/947 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 2309008541183 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

************** овгийн Э.Б, **** оны 00 дугаар сарын **-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, **************** 2 дугаар курсийн оюутан, ам бүл *, эх, охины хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн **-*** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Э.Б нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа талбай дээр салсан нөхөр Б.Чтай “...хүүхдүүдийг айлд оруулсан байна...” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар маргааны явцад хохирогч Б.Чын толгой, нүүр хэсэгт гараараа болон барьж байсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б.Ч нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Баас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 19.00 цагийн орчимд өөрийн нөхөр Б.Чын биед халдсан үйлдэл гаргасан. Гэхдээ хохирогчийн мэдүүлснээр гар утсаар толгойн тус газар руу нь шидсэн үйлдэл гаргаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг тогтоолгохоор байрны камерын бичлэгт үзлэг хийлгэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрчээр асуулгах хүсэлтийг дүүргийн хяналтын прокурорт болон ерөнхий прокурорт Э.Баас, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан Хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна. Учир нь, шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугүй байдал, хохирогчид учирсан бодит хохирлыг үнэн зөв тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор камерын бичлэгт үзлэг хийлгэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргаж байхад, эдгээр хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх аль ч шатанд хангаагүй. Мөн өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, мэтгэлцэх боломжийг олгоогүй, хэт нэг талыг барьсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргаж хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв, эргэлзээгүй байдлыг шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй хүмүүсийг гэрчээр асуулгах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Нэг талын нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн бөгөөд мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Гараар цохиход зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал үүсэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан тул шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би Б.Чын толгой руу гар утсаар цохиж гэмтэл учруулаагүй” гэв.

Хохирогч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Б 3 дугаар сарын 2-ны өдөр намайг зодсон, гар утсаа шидсэн, гар утсаар цохисон. Намайг маш олон удаа зодож байсан. Хяналтын камерын бичлэгийг шалгуулах хүсэлт гаргасан. Би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Миний хамар хугарсан, тархинд цус харвасан” гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хяналтын камерын бичлэгтэй эсэхээс үл хамаарч гэрч Энхсүлд, хохирогч Б.Ч нарын мэдүүлгээр хохирогч Б.Чыг шүүгдэгч Э.Б гараараа болон гар утсаар цохисон нь тогтоогдсон. Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгчийн зүгээс шинжээч эмч оролцуулах хүсэлт гаргаагүй хэр нь гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтэй байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Гар утсаар толгой руу цохисон үйл баримтад маргаж байна. Гар утсаар цохисон нь хавтаст хэргийн 18 дугаар хуудаст хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 20 дугаар хуудаст гэрч Энхсүлдийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн. 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилсон тогтоол үйлдэж 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шинжээч эмчид үзүүлсэн тул гэмтлийг өөр бусад этгээд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг тул үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй тул хохирогчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Б нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа талбай дээр салсан нөхөр Б.Чтай “...хүүхдүүдийг айлд оруулсан байна...” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар маргааны явцад хохирогч Б.Чын толгой, нүүр хэсэгт гараараа болон барьж байсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Чын “...Э.Б миний толгой руу гараараа цохиод байсан, маш олон удаа цохисон, бас утсаар миний дух хэсэгт цохисон. ...” /хх 18/,

гэрч Т.Э “...чимээ гараад байхаар нь цонхоороо харсан чинь Б.Ч ахыг эхнэр нь гэх эмэгтэй нүүр рүү гараараа цохиод байсан, Б.Ч ахыг тэр эгч цохиод зодоод байсан. ...” /хх 20/,

Э.Бын яллагдагчаар өгсөн “...Б.Чыг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... орцны урд Б.Чтай маргалдаад би Б.Чын нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд тэндээсээ яваад 32 дугаар байрны гадна очоод би Б.Чын нүүрний хамар хавьцаа гараараа 2-3 удаа цохьсон, тухайн үед Б.Ч хүүхдийг тэвэрсэн байсан. ...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3213 дугаартай “...Б.Чын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон ...” шинжээчийн дүгнэлт /хх 22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Бын “...хүүхдүүдийг айлд оруулсан байна...” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар Б.Чын толгой, нүүр хэсэгт гараараа болон гар утсаар цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн “...камерын бичлэгт үзлэг хийлгэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрчээр асуулгах, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь нэг талын нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн бөгөөд мэтгэлцэх боломжийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотолбол зохих асуудлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүхээс хохирогч Б.Ч, гэрч Т.Энхсүлд нарын болон Э.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирчээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/947 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР