Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Зхолбогдох эрүүгийн 1838000600059 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 1 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ц.П гэрийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж 425.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 1 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ц.Пгэрийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж 425.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…П өвгөний гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь хажуу айлаас нь асуухад Улаанбаатар хот явчихсан гэхээр нь түлхүүр үлдээсэн үү гэж асуухад үлдээгээгүй гэхээр нь уур хүрээд орох оронгүй гэдгийг мэдсээр байж гэрээ цоожилж явлаа гээд гэрийнх нь цоожийг эвдээд гэрт нь орж хоносон. П ахын гэрт хоночихоод өглөө явахдаа гэрээс нь савхин куртик, саарал өнгийн дээл, хромон гутал, сүх зэрэг эд зүйлүүдийг аваад гарсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч Ц.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Гэртээ ирэхэд манай хаалганы цоожийг эвдээд хулгай орчихсон байсан. Гэрээс маань савхин куртик, нилонон цамц, хөвөнтэй дээл, хромон гутал, сүх, 6 сувгийн станц, орны аравч хивсэнцэр, савхин пиджак зэрэг эд зүйлс алга болсон. Миний алдсан дээлийг хөл муутай З өмсчихсөн явсан гэсэн. Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-10 дугаар хуудас/,

        Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…П ахыг хот явсан хойгуур  тэднийд хөл Зоригоо гэдэг нөхөр мал маллаж байгаад ирлээ гээд шал согтуу манай гадаа ирсэн...Маргааш өглөө нь босоход П ахын цоож нь эвдэрчихсэн байсан. Намайг ажилдаа явах гээд гарахад Зоригоо нэг саарал дээл өмсчихсөн П ахынхаас гарч ирсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

 Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 16 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч              Ц.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000600059 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       Шүүгдэгч Ц.Зт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.     

      Шүүгдэгч Ц.Заас 425.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Пид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.З нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 116 дугаар захирамжаар 5 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 25-49, 56-57 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.З нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 116 дугаар захирамжаар 5 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Ц.З ын эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ц.З хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн  5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Заас 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-32-14 тоотод оришин суух Ц.П-д олгосугай.

     7. Эрүүгийн 1838000600059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР