Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 158/ШШ2025/0013

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа,

Хариуцагч: мөн аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч /Б.*******/-д холбогдох 

Гомдлын шаардлага: “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаа, хариуцагч мөн аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаа /цаашид “Прокурор” гэх/ нь мөн аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.******* /цаашид “улсын байцаагч” гэх/-д холбогдуулан “Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Хариуцагч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа холбогдогч Г.*******-*******ыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Техникийн хяналтын гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй, тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан” зөрчил үйлдсэн гэж түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 5-д зааснаар 20 /хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 (хорин мянга) төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

3. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч Г.*******-*******оос мэдүүлэг авах ажиллагаа явуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

4. Прокурор нь эрх бүхий албан тушаалтан Б.******* хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж, Г.*******-*******ын үйлдсэн зөрчлийг харьяалал зөрчин шийдвэрлэсэн гэж 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ханджээ. Тэрээр дүгнэлтдээ улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

    1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Зөрчлийн талаарх 43 дугаартай гомдол мэдээллийг шалгах явцад цугларсан холбогдогч Г.*******-*******ын “...Миний жолоодож яваа тээврийн хэрэгсэл * ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх * гэрчилгээ нь * дугаартай “*******” загварын суудлын зориулалттай автомашин юм. Би техникийн үзлэгт хамруулаагүй, тэнцээгүй /хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлт/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан. ...” гэх мэдүүлэг болон техникийн тодорхойлолт зэрэг баримтуудаар холбогдогч Г.*******-******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.
    2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-д заасан “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, мөн зүйлийн 10 дахь хэсгийн 10.3-д заасан “техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан бөгөөд холбогдогч Г.*******-******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр техникийн хяналтад ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д заасан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж, шийдвэрлэх зөрчлийг харьяалал зөрчин шийдвэрлэсэн байна.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 5-д заасан “Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан зөрчлийг шалгахаар хууль тогтоогчоос тогтоосон.

Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэж,

мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 -д “Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж,

Мөн хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3-д “Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах үүрэг хүлээнэ:

191.3.1-д ."техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах” гэж эрх зүйн үндэслэлийг хууль тогтоогчоос тогтоосон байна.

4.3 Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох техникийн хяналт хийсэн гэрчилгээний техникийн тодорхойлолт гэсэн хэсэгт өмчлөгч Хүрэлтөмөр ******* гэж бүртгэгдсэн бөгөөд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол өмчлөгч Х.*******д шийтгэл оногдуулахаар байхад замын хөдөлгөөнд оролцсон хүнд шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн”  гэв.

5. Хариуцагч Булган аймгийн Автотээврийн газрын улсын байцаагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Булган аймгийн Прокурор газрын ахлах прокурор Ц.Сувдаа нь Авто тээврийн төвийн хяналтын байцаагч Б.******* миний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г.*******-*******т оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан байна. Үүнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүгнэлтийнхээ үндэслэл хэсэгт Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шалган шийдвэрлэх зөрчлийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн. Холбогдох хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дүгнэлтдээ дурдсан байна. Миний хувьд шударга ёсны байх зарчмыг баримтлах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Г.*******-*******т оногдуулсан шийтгэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Тэнцээгүй буюу техникийн хяналтад ороогүй техникийн хувьд хуульд заасан үндэслэлээр тодорхойлдог гэж би ойлгосон. Авто тээврийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлд техник хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техник хяналт үзлэгт хамруулаагүй гэж тодорхой тусгасан байна. Миний хувьд хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Хууль зүйн сайдын баталсан уг журам хүчингүй болсон. Прокурор хуульд заасан журам зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна. Замын цагдаагийн харьяалан шийдвэрлэх зөрчлийг улсын байцаагч шийдсэн. Хууль хэрэглээний хувьд ч мөн адил маргаж байна. Авто тээврийн хэрэгслийг ашиглах, эвдрэл гэмтэл техникийн зөрчлийг авто тээврийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэнэ гэж хуульд тодорхой заасан байна. Улсын байцаагчид дүрэм, журам, стандарт, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хуулиар олгосон. Техник хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд тээврийн хэрэгслийг үзлэгт бүрэн хамруулах ёстой. Үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хангагдаж, хүний амь нас эрүүл мэнд хангагдах ёстой. Миний хувьд хуульд заасан үндэслэлээр арга хэмжээ авсан. Стандартыг шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсонтой холбогдуулан ашиглагч иргэнд шийтгэл оногдуулсан. Холбогдогч этгээдийн өгсөн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний хувьд прокурорыг үндэслэлээ буруу гаргасан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг баримталж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын байцаагчид хуулиар олгогдсон эрх, үүрэггүй байдаг. Цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн гэх энэ үндэслэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар бүлэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн ерөнхий шаардлагын талаар тусгасан байдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь авто тээврийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх буруутай үйлдлийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх үүрэгтэй ажилладаг. Прокурорыг үндэслэлээ буруу гаргасан, хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Прокурор нь бүртгэлийн * дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал” эх баримтыг дүгнэлтдээ хавсарган шүүхэд ирүүлжээ.  
  3. Дээрх материалд авагдсан эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, холбогдогчийн торгууль төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар “А,В” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй Г.*******-******* нь техникийн хяналтын үзлэгт оруулаагүй Nissan X-Trail-T-10 маркийн, улсын ** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдсэнийг автотээврийн хяналтын улсын байцаагч Б.******* илрүүлэн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд холбогдогч Г.*******-******* уг шийтгэлийн 20000 төгрөгийг мөн өдөр нь төлсөн үйл баримтууд тогтоогдлоо.
  4. Шүүх хуралдаанд прокурор Ц.Сувдаа нь “автотээврийн хяналтын улсын байцаагч нь Г.*******-*******т холбогдох зөрчлийн хэргийг харьяалал зөрчин шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Нотолбол зохих зүйлийг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Х.*******д шийтгэл оногдуулах эрхтэй атал зөрчил шалган шийдвэрлэх харъяалал зөрчиж Г.*******-*******т шийтгэл оногдуулсан нь буруу” гэх агуулгаар, хариуцагч автотээврийн хяналтын улсын байцаагч Б.******* нь “Прокурор нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн, гомдлын шаардлагын үндэслэлээ буруу тогтоосон. Г.*******-******* нь техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Автотээврийн тухай хуулийг зөрчсөн. Г.*******-******* нь Автотээврийн тухай хууль зөрчсөн тул автотээврийн улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулна. Хүчингүй болсон “Тээврийн хэрэгслийн тооллого техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг баримталж шийтгэл оногдуулах учиргүй” гэх агуулгаар тус тус мэтгэлцэв.        
  5. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг… замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд …Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа… хүнийг ойлгоно”, 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Тээврийн хэрэгслийг эзэмшигч Монгол Улсад бүртгэлтэй механикжсан тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй”, 22.6-д “Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд …Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”  гэж тус тус хуульчилсан бол
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, “в/ …тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэж журамлажээ.
  1. Г.*******-******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноор дээрх хууль болон дүрмийн зохицуулалтуудыг зөрчсөн байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
  2. Тэд улсын * дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Г.*******-*******, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Х.******* нарын хэн нь зөрчлийн холбогдогч болох, мөн тэдний хэн буруутайд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг[1] болон 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалт[2]-ын алийг нь хэрэглэн, цагдаагийн болон автотээврийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нарын хэн нь шийтгэл оногдуулах байсан тухайд буюу зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын талаар маргав.
  3. Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хуулиудыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад заасан хариуцлагыг оногдуулахаар хуульчилсан байна.
  4. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан замын хөдөлгөөнд оролцогч этгээд дээрх хуулиудыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох үйл ажиллагааг тус хуульд заасан журмын дагуу явуулна. Тодруулбал: Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох, зөрчил үйлдсэн холбогдогчид хариуцлага оногдуулах харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болно.     
  5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж, мөн хэсгийн

- 6.8 дахь заалтад цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нь “...Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7 дугаар зүйл …”-д заасан зөрчлийг, 

- 6.35 дахь заалтад автотээврийн хяналтын улсын байцаагч нь “Зөрчлийн тухай хуулийн … 14.6 дугаар зүйл…”-д заасан зөрчлийг тус тус шалган шийдвэрлэхээр хуульчилжээ.

11. Дээрх хэсгүүдээс харахад цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч болон автотээврийн хяналтын улсын байцаагч нарын хэн аль нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, зөрчил үйлдсэн холбогдогчид хариуцлага оногдуулах шийдвэр гаргах эрхийг эдэлнэ.

12. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр … торгоно” гэх заалтын “автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан” гэдгээс холбогдогч этгээд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг бусдаар жолоодуулж замын хөдөлгөөнд оруулсан байхыг,

  • мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан “…техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно” гэх заалтын “тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсонгэдгээс холбогдогч этгээд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх нөхцөлийг шаардсан байна.
  1. Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас Г.*******-******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулаагүй улсын * дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь нотлогдсон.  
  2. Тэрээр тухайн үйлдлийг хийснээр Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн энэ шийдвэрт тусгагдсан зохицуулалтуудыг зөрчсөн байх тул түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.2 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах учиртай байсан гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
  3. Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл, заалтад холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах эрхийг зөвхөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтаар олгосон тул автотээврийн хяналтын улсын байцаагч Г.*******-*******ын үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй.
  4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн
  • 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, “1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж,
  • 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх”, “2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж тус тус журамлажээ.
  • Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж,
  • 7 дахь хэсэгт “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан…шийдвэрийг хүчингүй болгох… үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зохицуулсан.
  1. Хариуцагч “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар зааж “Г.*******-******* нь улсын * дугаартай техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явснаа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг уг тээврийн хэрэгслийг “ашиглагч”-ийнх тухайд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүнд торгох шийтгэл оногдуулсан” гэх агуулгаар татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлав.  
  2. Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч зөрчил /болсон үйл баримт/ үйлдсэн эсэхийг тогтоохын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд уг ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад үндэслэн зохих шийдвэрээ гаргах учиртай.  
  3. Авто тээврийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3-д “Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч... иргэн дараах үүрэг хүлээнэ”,

191.3.1-д "техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах” гэжээ.

  1. Хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан * дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний “ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ” хэсэгт “Өмчлөгч Хүрэлтөмөр *******” гэж, “ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТЭМДЭГЛЭЛ” хэсэгт бүртгэгдсэн хамгийн сүүлийн тэмдэглэгээнд “2022.05.03” гэж тусгасан байх тул уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах сүүлийн хугацаа 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болно.  
  2. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 191 дүгээр зүйлийн 191.3.1 дэх хэсэгт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-өөр Х.******* нь өөрийн өмчлөлийн улсын * дугаартай тээврийн хэрэгслийг хуульд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулах, оруулаагүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг уг үзлэгт хамруулан зохих зөвшөөрөл олгох хүртэлх хугацаанд өөрөө жолоодож болон бусдаар жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Г.*******-******* нь жолоочийнхоо тухайд дээрх зөрчил бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохгүй байх үүргийг тус тус хэрэгжүүлнэ.    
  3. Гэтэл хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэн /жолоодуулж/ замын хөдөлгөөнд оролцуулсных нь тухайд Х.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийг оногдуулсан шийдвэрийг автотээврийн улсын байцаагч гаргах байжээ. 
  4. Нөгөө талаар хуулиар хориглогдсон тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоныхоо тухайд Г.*******-******* нь мөн дээрх хууль болон журмын зохицуулалтуудыг зөрчсөн бөгөөд тэрээр энэ зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болох нь холбогдогчоос авсан мэдүүлгээр нотлогддог.
  5. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Х.******* болох нь холбогдох гэрчилгээгээр тогтоогдож байгаа тохиолдолд улсын байцаагч нь замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон нөхцөлд байгаа Х.*******ы өмчлөлийн тээврийн хэрэгслийг нь Г.*******-******* жолоодон замын хөдөлгөөнд оролцсон шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагааг гүйцэтгэх учиртай.
  6. Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл нотлох баримтаар тогтоогдвол Г.*******-*******т холбогдох зөрчлийн материалыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллага руу шилжүүлэх саналыг прокурорт гаргах,  тогтоогдохгүй бол Х.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэлийг оногдуулсан шийдвэр гаргах байжээ.
  7. Гэвч тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг[3]-т заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан үндэслэлээ холбогдох нотлох баримтаар шүүхэд нотолж чадсангүй.
  8. Хариуцагч нь Х.*******ы өмчлөлийн улсын * дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд орсных нь тухайд “хуульд заасан хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан” гэж Г.*******-*******ыг буруутган маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргаснаар Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчмыг зөрчжээ. Учир нь: Тухайн зөрчил бүхий тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон этгээдийн “өмчлөх/эзэмших”, “ашиглах” эрхээс хамаарч зөрчилд холбогдогч өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдөхөөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8. дугаар зүйлийн 6 дахь хэсэгт харьяалал заан хуульчилсан байна.
  9. Тиймээс шүүх түүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 болон 6.35 дахь хэсгүүдэд заасан харьяаллыг зөрчиж автотээврийн хяналтын улсын байцаагчид олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн маргаан бүхий ******* дугаартай шийтгэлийг хуудсыг гаргасан гэх дүгнэлтэд хүрлээ.
  10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.35 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ...шийдвэрт гаргасан ...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
  11. Тиймээс хариуцагчийг дээрх хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, “...гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ  гүйцэтгээгүй” үндэслэлээр прокурорын дүгнэлтийг ханган, түүний гаргасан маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон тус зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус баримтлан Булган аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч /Б.*******/-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

[1] Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйл:“Автотээврийн тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “Техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.

[2]Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйл: “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 10 дахь хэсэг “Хуульд заасан журмын дагуу” 10.2 дахь заалт “техникийн хяналтын үзлэгт оруулаагүй… бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр… торгоно” гэж тус тус хуульчилсан байна.

[3] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэлийн үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэжээ.