Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

     2024          01            04                                        2024/ДШМ/46

                       

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, С.Ариунцацрал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1339 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж, С.Ариунцацрал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тт холбогдох эрүүгийн 2208007210473 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

************** овгийн Б.Т, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл *, эмэг эх, эх, дүүгийн хамт ******* аймгийн ****** сум, * дүгээр баг, ** гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Б.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн хойш явдаг автобусны буудлын орчимд хохирогч М.Яийг “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч М.Я гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Хохирогчийн хууль бус үйлдлийн талаар:

Анхан шатны шүүхээс Б.Тт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг” үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулсан. Б.Т нь хувийн байдлын хувьд, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, танхай догшин зан авиргүй бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж анх удаа гэмт хэрэг үйлджээ. Хохирогчийн хууль бус үйлдлийн талаарх нотлох баримт хэрэгт бүрэн цугларсан бөгөөд гэрч Б.Мөнхзул явган хүний гарцан дээр ухаан алдатлаа мөргүүлж унасан, цаашид эмчилгээ хийлгэсэн зэрэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлж байна. Хохирогчийн хууль бус үйлдэл ба хүн хоорондын таагүй харилцаанаас шалтгаалж үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ харилцан адилгүй бөгөөд түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар нь ялгамжтай байдаг. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлийн талаарх хүн болгоны тусгал, хүлээж авч буй байдал харилцан адилгүй байдаг бөгөөд Б.Тийн хувьд үйлдэлдээ хандаж байсан сэтгэхүйн дотоод харьцаа, түүнээс үүсэх үр дагаврыг тооцон бодох байдал дордсон зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон ба эрх зүйн дүгнэлт хийх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдал гэж үзэж байна.

Хоёр. Хохирлын талаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн талаас Б.Тийн үйлдлийн улмаас зүрхний өвчин сэдэрч “Энх-Ундарга" сувиллын зардал зүрхний эмчилгээтэй холбоотой гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаан шалгуулах байр суурийг баримталж байсан боловч анхан шатны шүүх тухайн зардлыг хамрын эмчилгээтэй холбоотой гэж дүгнэсэн. Энэ хугацаанд Б.Тийн зүгээс хохирол төлөхөөс зайлсхийсэн зүйл огт байгаагүй, хохирол, нөхөн төлбөрийг шүүхээс эцэслэн тогтоолгож шийдүүлэх байр суурьтай байсан бөгөөд нөхөн төлсөн. Анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг шилжсэнээс хойш чамгүй удаан хугацаа өнгөрсөн нь талууд хуульд заасан бүрэн эрх, чиг үүрэг, эрхээ хэрэгжүүлж оролцсонтой холбоотой бөгөөд Б.Тийн зүгээс эрхээ урвуулан ашигласан зүйл байхгүй юм.

Иймд Б.Т нь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Ариунцацрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Миний үйлчлүүлэгч Б.Т нь 2013 оноос хойш Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлгийн байнгын хяналтад байсан ба зүрхний хэм алдалт өвчний маш хүнд шатанд байх үед нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-нд эхнэр М.Мөнхзулыг хохирогч М.Я явган хүний гарцаар гарч явахад нь дайрсан байдаг. Тухайн үед Б.Т нь 2 гартаа барьж явсан тортой хүнсээ газар шидээд зүрхний хэм алдах өвчний улмаас хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч М.Яийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин осол гаргасан хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автаж, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үздэггүй болсон. /хууль буцаан хэрэглэх/

Б.Тийн эрүүл мэндийн талаарх баримтууд хавтаст хэрэгт /1хх 209-250, 2хх 7-8/ хангалттай нотлох баримтаар хавсаргаж өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллах, цагаатгах нотлох баримтыг тал бүрээс нь тэнцвэртэй шинжлэн судлалгүй ноцтой зөрчиж гэм буруутайд тооцжээ.

2. Хохирогч М.Яид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан. Хөнгөн хохирол нь 14-21 хоног эрүүл мэндэд нөлөөлөх хохирол гэж Шүүхийн шинжилгээний хуульд заажээ. Гэтэл дээрх шийтгэх тогтоолд:

-М.Яийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Энх-Ундарга” сувилалд зүрх, тархи эмчлэн сувилуулсан төлбөрийг шүүх Б.Төөр төлүүлэхээр гаргасан нь хууль зөрчсөн.

-Мөн тухайн цохиулсан үеийн зөөлийн эдийн хаван /зурагт байгаа/ бүтэн 2 сарын дараа буугаагүй байсныг сувилалд эмчлээгүйг анхаарна уу.

-Улмаар М.Яийн хуучин хамрын хугаралд болон цаашид Иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхгүй талаар тогтоолд өөрчлөлт оруулах.

3. Миний үйлчлүүлэгч Б.Т нь уг хэрэг гарсны дараа “Шастиний 3 дугаар эмнэлэгт зүрхний маш хүнд хагалгаанд орж амжилтгүй болсон тул нэн яаралтай гадны /Турк/ улсад хагалгаанд орох эмнэлгийн заалттай байгаа болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан анхны мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр сэтгэл цочролд зүрхний өвчиний улмаас орсон нь хангалттай нотлох баримт байдаг. Хохирогчид 1.100.000 төгрөг төлсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1339 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.хавтаст хэргийн 116, 118, 128 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Б.Тийн эрүүл мэндийн байдлыг анхан шатны шүүх огт харгалзан үзээгүй. Шүүгдэгч Б.Т нь сүүлийн 10 жилийн хугацаанд Гуравдугаар эмнэлгийн хяналтад байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудаст авагдсан. Хавтаст хэргийн 209 дүгээр хуудаст мөн авагдсан. Шүүгдэгч Б.Т цочрон давчидсан, биеийн байдал хүндэрсэн нь тогтоогддог. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эхнэрийг машинаар мөргөснөөс болж цочрон давчдаж, бухимдсандаа хүний биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хугацаанд төлбөрөө төлсөн. Би 25 настай, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний эрүүл мэндийн байдал хүнд байгаа. 2022 оны 1 дүгээр сард хагалгаанд орсон боловч хагалгаа амжилтгүй болж зүрх дэмжигч суурилуулсан. Яаралтай хагалгаанд орох заалттай. Гуравдугаар эмнэлгээс Монгол Улсад хагалгаанд орох боломжгүй гээд гадаад улс руу явж хагалгаанд орох жагсаалтад оруулсан. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байсан. Б.Тт холбогдох хэргийг урьд нь шүүх хуралдаанаар хэлэлцэж прокурорт буцаасан. Өмнөх шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Тийг цагаатгасан байдаг. Гэм буруу дээр маргаж байгаа гэх үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалттай. Прокурор яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 1 жил 7 сарын дараа гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч нараас цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж байгаа нь гэм буруу дээр маргаж байна гэж үзэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т цочрон давчидсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч М.Я шүүгдэгч Б.Тийн эхнэрийг мөргөсөн үйлдэлдээ зөрчлийн арга хэмжээ авхуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн хойш явдаг автобусны буудлын орчимд хохирогч М.Яийг “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч М.Яийн: “...аваараа татаад зогсоод бүсээ тайлаад буух хооронд хамт явж байсан залуу нь хаалга онгойлгоод миний нүүрэн тус газар руу 4 удаа цохиж зодсон. ...Депогийн автобусны буудлын орчимд гарцан дээр нэг эмэгтэйг санаандгүй байдлаар мөргөсөн. Гэтэл хажуунаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч улмаар миний хамар хэсэг үү 3-4 удаа цохисон” /1хх 7/,

насанд хүрээгүй гэрч Г.Аийн “...Депогийн ойролцоо М.Я хүн мөргөсөн. Тэгэхэд мөргүүлсэн хүнтэй хамт явсан залуу уурлаж урд хаалга онгойлгож М.Яийг нэг гараараа боож, нөгөө гараараа нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон. ...” /1хх 36, 2хх 3/,

Б.Тийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие эхнэрийг мөргөсөн байсан учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их уурласандаа л ийм зүйл хийлээ. ...” /1хх 48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2363 дугаартай “...М.Яийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон ...” шинжээчийн дүгнэлт /1хх 23/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 249-250/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Тийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хохирогч М.Яид хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Тийн хохирогч М.Яийг “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих байдлаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал “...сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автаж, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч Б.Тийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан түүний хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна гэж дүгнэв.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн буруутай үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдэлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур хариу үйлдэл хийсэн байхыг ойлгодог.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч М.Яийн зүй бус үйлдэл, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийсний улмаас шүүгдэгч Б.Тийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацралын “сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1339 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Батхишигийн Б.Тийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР