2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03705

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03705

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах, ******* ******* ХХК/*******/-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, гэрч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь ажлын зарын дагуу сонгон шалгаруулалтад орж 2012 оны 12 сарын 16-ны өдөр ******* интернешнл ХХК-ны салбарт харилцааны менежер ажилд томилогдсон. Миний үндсэн цалин 1 сая төгрөгөөс тооцож, ажлын үр дүнгээс хамаарч нэмэгдэл цалин олгохоор тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажиллах явцдаа алдаа дутагдал гаргаагүй үнэнч шударгаар хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

Гэвч 2024 оны 05 сарын 22-ны өдөр Салбарын захирал Ц.ээс Жирэмсний хяналтын үзлэгтээ орох шаардлагатай тул чөлөө хүсэж, чөлөө олгосноор дээр явж байтал яаралтай ир гэж дуудахаар нь тол халсан тушаал танилцуулсан./Өмнө нь огт сануулж мэдэгдэж байгаагүй бөгөөд ажиллах явцдаа захиргааны болоод сахилгын шийтгэл амаар болон бичгээр огт авч байгаагүй/

Тушаалын үндэслэл болсон 80 дугаар зүйлийн 80.1.2 заалтаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь миний үндсэн цалин гэрээ ёсоор 875,000 төгрөг, илүү цаг 125,000 төгрөгий нийт 1,000,000 төгрөг үүн дээр бонус цалин буюу ажлын гүйцэтгэлээс хамааран нэмэгдэл цалин тухайн сарын ажлын үзүүлэлтийг өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулан гаргаж буурсан хувиар бонус буюу нэмэгдэл бодогдон нийт бодогдсон цалингаас НДШ, ЭМД, ХХОАТ суутгагдан үлдсэн дүн гарт олгогддог.

Миний хувьд сар бүр хичээж ажиллан цагын хугацаа хэтрэлтийн хувийг салбартаа хамгийн өндөр хувиар бууруулж ирсэн нь цалингийн задаргаа, сар бүр гаргадаг харилцааны менежрүүдийн ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтээс харагддаг.

3 сар дараалан ажлын үзүүлэлт буурсан гэх үндэслэл гаргахдаа илт буруу гаргаж үндэслэлгүй ажлаас халсан.

Мөн халах тушаалд тусгагдсан Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх ямар тохиолдол байгааг тайлбарлуулъя гэхэд Салбарын захирал Ц. Би мэдэхгүй. Миний гаргасан шийдвэр биш гэж хэлдэг.

Миний бие үндсэн цалинг нэмэгдүүлэх хүсэлт бичгээр 1 удаа, амаар салбарын хурал дээр 1 удаа гаргасан бөгөөд эргээд хариу өгье гэж хэлээд 7 хоногийн дараа халах тушаал танилцуулсан нь шалтаг болсон гэж үзэж байгаа.

Ингээд миний бие М.******* нь  хөдөлмөрийн зохицуулах гурван талт хороонд 2024 оны 06 сарын 05-ны өдөр хандсан тус хороо 2024 оны 07 сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын 06 тоот тэмдэглэлээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн.

Иймд М.******* намайг ажлаас үндэслэлгүй халсан 2024 оны 05 сарын 24-ний 02/Б/461 тушаалыг хүчингүй болгож, М.******* намайг ******* интернешнл ХХК-ны харилцааны менежер ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, НДШ болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч М.*******гийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. Ажил олгогчоос тухайн тохиолдолд хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг буруу ашиглаж, тухайн ажилтанд давхар хөдөлмөрийн дотоод журам болон гэрээг үндэслэсэн байна. А.гийн бэлтгэсэн Банк бусын мэдээг аудитын дүгнэлт ойлгож байгаа гэж бодсон боловч гэрч мэдүүлэгтээ аудитын дүгнэлт биш гэж хэлсэн. Мөн салбарын мэдээ юу, эсвэл нэхэмжлэгчийн мэдээ юу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногт мэдэгдэх ёстой байсан. Ажил олгогч уг үүргээ огт хэрэгжүүлээгүй. Дээрээс нь М.*******г 70-аас доош хувиар ажилласан гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тамга тэмдэг байсан бол ач холбогдолтой байх байсан боловч тамга, тэмдэг хэрэглэдэггүй гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн дотоод журамд салбар, газрын захирал тамга тэмдэг хэрэглэдэггүй талаар байхгүй байгаа. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар жирэмсэн хүнийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохгүй гэж заасан. Хариуцагч тал мөн тухайн үед нэхэмжлэгчийг жирэмсэн байсан дээр маргахгүй гэж хэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* интернэшнл ХХК-ийн салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан. Нэг сарын цалин нь 1,000,000 төгрөг байсан. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 9.3.22 дах заалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн буюу ажил олгогчийн санаачилгаар халсан. Энэ тушаал гарахын өмнө нэхэмжлэгч ажил үүрэг гүйцэтгэхэд 70 хувийн үүрэгт хүрэхгүй, дээрээс нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зөрчил гаргаад байгаа талаар нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Үүнээс өмнө амаар сануулж хэлж байсан. Энэ зөрчлүүд арилаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, хөдөлмөрийн гэрээний 9.3.22 дах заалтын дагуу халах үндэслэл болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-т заасан ноцтой зөрчил бүрдсэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.22-т зааснаар ноцтой зөрчил гэдэгт аудитын дүгнэлтээр 70 хувийн гүйцэтгэлд хүрээгүй учраас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад салбарын тайланг гаргаж өгсөн. Энэ баримтаар нийт чанаргүй зээлийн багцад эзлэх хувийн 2-2.5 хувьд барьж ажиллах ёстой байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 1.4 хувиар өсгөсөн буюу хангалтгүй үзүүлэлттэй ажилласан талаар мэдээг үндэслэж, эрх бүхий хүмүүс нь гүйцэтгэлд хүрээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч огт алдаа зөрчил гаргаагүй, үр дүнтэй ажиллаж байсан тул нэмэгдэл авч байсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл ажлын гүйцэтгэлийн тайлангаар үгүйсгэгдэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тушаалын үндэслэл болоод байгаа 2 хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Гэрч мэдүүлэг өгөхдөө Аудитын дүгнэлт буюу 70 хувийн гүйцэтгэлд хүрээгүй гэдгийг үндэслэх баримт болж байгаа. Эрх бүхий хүмүүс нь уг баримтыг үндэслэж тушаал гаргасан. Нэхэмжлэгч огт алдаа, зөрчил гаргаж байгаагүй, 70 хувиас дээш гүйцэтгэлтэй байсан гэж маргаж байгаа. Гэтэл зөрчил гарсан гэж үзэж, Сахилгын зөрчлийн хуудсыг үндэслэж тушаал гаргасан. Нэхэмжлэгч уг баримттай танилцаад, санал гомдол гаргаж байгаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан М.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* интернэшнл ХХК-ийн Ерөнхий захирлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №02/Б/461 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаартай хурлын тэмдэглэл, М.*******гийн жирэмсний мэдээлэл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай захирамж, М.*******гийн өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлгийн магадлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар,

Хариуцагч талаас баримтаар гаргасан, Сахилгын зөрчлийн хуудас,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарыг дуустлах хугацааны цалингийн задаргаа, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны сарын гүйцэтгэлийн тайланг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* интернэшнл ХХК-д холбогдуулан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №02/Б/461 тушаалыг хүчингүй болгох, салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 14,232,397/арван дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* интернэшнл ХХК нь аудитын дүгнэлт буюу 70 хувийн гүйцэтгэлд хүрээгүй гэдгийг үндэслэх баримт болж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид салбарын харилцааны менежерийн ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн № 30050 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.8, 9-ийн 9.3.22 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь 3 сар дараалан ажлын гүйцэтгэл нь 70 хувиас доош буюу хангалтгүй үнэлгээтэй байсан гэх үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №02/Б/461 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж заасан.

 

2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн № 30050 Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2-т Ажилтан нь дор дурдсан үүрэгтэй. Үүнд:, 6.2.8-д Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж үнэн зөв алдаагүй гүйцэтгэж эргэн мэдэгддэг, тайлагнадаг байх;, 9-ийн 9.3-т ... 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад ... ноцтой зөрчил ... гэдэгт дараах зөрчлийг хамааруулахаар гэрээний талууд харилцан тохиролцов. Үүнд: 9.3.22-т Дотоод аудитын дүгнэлтээр 70 хувиас доош үнэлгээ авсан. гэжээ.

 

Хариуцагч нь Сахилгын зөрчлийн хуудас гэх баримт баримтаар гарган өгч байна.

 

Хариуцагчийн баримтаар гаргасан Сахилгын зөрчлийн хуудас гэх баримтын Зөрчил гаргасан огноо, цаг хэсэгт 2024 оны I, II улирал, Зөрчлийн тухай мэдээлэл хэсэгт Ажлын гүйцэтгэл нь 3 сар дараалан 70%-иас доош буюу 55% үнэлгээ авсан, хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөн эсэх хэсэгт аливаа ажил үүргийг тогтоосон журам, зааварчилгааны дагуу үнэн зөв, алдаагүй гүйцэтгэж эргэн мэдэгддэг, тайлагнадаг байх үүргийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 9.3.22 дахь заалт Дотоод аудитын дүгнэлтээр 70 хувиас доош үнэлгээ авсан гэжээ.

 

Тус Сахилгын зөрчлийн хуудас гэх баримтад тус баримтыг үйлдсэн он, сар, өдрийг тусгаагүй байх ба Танилцсан, ажилтан гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь тус баримтад гарын үсэг зураагүй гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хэзээ өгсөн, ямар ажил үүргийг, ямар журам, зааварчилгааны дагуу үнэн зөв, алдаагүй гүйцэтгэх үүргийг зөрчсөн болохыг тодруулахгүй байх ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.2.8 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн тухайлсан ямар зөрчил гаргасан болох нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч № 30050 Хөдөлмөрийн гэрээний 9-ийн 9.3.22-т зааснаар дотоод аудитын дүгнэлтээр 70 хувиас доош үнэлгээ авсан гэх нотлох баримтыг баримтаар гаргаж өгөөгүй ба хариуцагчийн баримтаар гаргасан ХМ *******гийн ажиллаж байсан ББСБ-н мэдээ гэх баримт нь байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй байх ба тус баримт нь зөвхөн нэхэмжлэгчийн чанарын үзүүлэлт гэх баримтад хамаарахгүй болох нь гэрч А.гийн ... Тухайн үед салбараар нь, ажиллаж байсан мэдээнд үндэслэж гаргасан гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

М.*******гийн ажиллаж байсан ББСБ-н мэдээ-д тусгасан ... чанаргүй зээлийн багцад эзлэх хувийг 2-2.5%-д барин ажиллах төлөвлөгөөтэй ... гэжээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчийн хөдөлмөрийн ямар дотоод хэм хэмжээгээр нэхэмжлэгч нь чанаргүй зээлийн багцад эзлэх хувийг 2-2.5%-д барин ажиллах үүрэг хүлээсэн болохыг баримтаар нотлохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй боловч Хөдөлмөрийн гэрээний 9-ийн 9.3.22-т зааснаар нэхэмжлэгч нь дотоод аудитын дүгнэлтээр 70 хувиас доош үнэлгээ авсан гэх аудитын баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

М.*******гийн ажиллаж байсан ББСБ-н мэдээ гэх мэдээг гаргасан А. нь ******* интернэшнл ХХК-ийн Эргэн төлөлт менежментийн газрын захирал албан тушаалд ажилладаг болох нь А.гийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу дотоод аудитын дүгнэлтээр 70 хувиас доош үнэлгээ авсан гэх ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад заасныг үндэслэн М.*******гийн ажлын гүйцэтгэл нь 3 сар дараалан хангалтгүй үнэлгээтэй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад заасан ажилтан ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс зэрэг албан ёсны дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардана.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг хэрхэн яаж, ямар аргачлалаар, ямар комиссын дүгнэлтээр тогтоосон болох нь тодорхой бус байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс зэрэг дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоосон болохоо баримтаар нотлохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №02/Б/461 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2 дахь заалтад заасныг үндэслэн гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30/гуч/-с доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 30/гуч/-с доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн болохоо баримтаар нотлохгүй байх ба хариуцагч нь 30/гуч/-с доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасан.

 

Хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь жирэмсэн байсан болох нь -ийн жирэмсний эхо зургаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2, 80.1.4 дэх заалтад заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ажил олгогчийн санаачилгаар хөдлөмөрийн гэрээг цуцлах тухай №02/Б/461 тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №02/Б/461 тушаал хууль зүйн үндэслэлгүй байх ба цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул №02/Б/461 тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн салбарын харилцааны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажлын 7 хоног, 11 сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 14,232,397/964,935+1,483,442+1,433,186=3,881,563, 3,881,563:3=1,293,854, 1,293,854:21=61,612, 61,612x7=431,284, 1,293,854x11=14,232,394, 431,284+14,232,394=14,663,678/ /арван дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14,663,678/арван дөрвөн сая зургаан зуун жаран гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөг байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжэгчийн шаардсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.243.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******г хариуцагч ******* интернэшнл ХХК-ийн салбарын харилцааны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* интернэшнл ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 14,232,397/арван дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгон, хариуцагч ******* интернэшнл ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 299,311 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.       Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******г хариуцагч ******* интернэшнл ХХК-ийн салбарын харилцааны менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* интернэшнл ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 14,232,397/арван дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгон, хариуцагч ******* интернэшнл ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.

 

2.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 299,311 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ХИШИГБАТ