| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03470/И |
| Дугаар | 181/ШШ2024/05229 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2024/05229
2024 12 13 181/ШШ2024/05229
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 129,482,223.75 төгрөг гаргуулах, 1.191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С ХХК, М ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Ханги боомт дахь гаалийн хяналтын талбайд Олон улсын тээвэр хийх хүртэл хугацаанд нүүрс буулгах, нүүрсний тонн тутам 45 юань байхаар харилцан тохиролцож 1 жилийн хугацаатайгаар 01-2022-0928 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан билээ. Гэрээт хугацанд манай компанийн зүгээс М ХХК-ийн гаалийн хяналтын талбайд 2,538.75 тонн нүүрсийг буулгаж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 115,600,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөг нийт 185,600,000 төгрөгийг шилжүүлсэн нь 8,400 тонн нүүрсий төлбөр буюу 129,482,223.75 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Мөн гаалийн хяналтын талбайд буулгасан 2,539.79 тонн нүүрснээс 1,348.10 тонн нүүрсийг ачиж авсан бөгөөд 1,191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсний үлдэгдэл төлбөр үлдсэн болно. Манай компанийн зүгээс М ХХК-иас үлдэгдэл төлбөр болон үлдэгдэл нүүрсийг эргүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрий хүртэл буцаан өгөөгүй байна...
Иймд М ХХК-иас С ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01-2022-0928 тоот Хамтран ажиллах гэрээ-ний илүү төлөлт 129,482,223.75 төгрөг гаргуулж, М ХХК-ийн гаалийн хяналтын хашаан дахь үлдэгдэл 1.191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомт дахь гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналтын талбайг эзэмшин нүүрс буулгаж, түр хадгалах, ачих үйл ажиллагаа явуулдаг. С ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу нүүрсний төлбөрийн урьдчилгааг шилжүүлсэн боловч гэрээний 3.4-т Үйлчилүүлэгч гэрээнд заасан урьдчилгааг шилжүүлснээс хойш дор хаяж 10 хоногийн дотор урьдчилгаанд тохирох хэмжээний нүүрсийг гүйцэтгэгчийн гаалийн тусгай талбайд буулгана гэж заасны дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт тохирох хэмжээний нүүрсийг буулгаагүй. Тус явдлаас хойш гэрээний хугацаанд дахин нүүрс буулгаагүй бөгөөд гэрээнээс татгалзах, үүсээд буй асуудлыг шийдвэрлэж буулгасан үлдэгдэл нүүрсийг авах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрсэн. Үүнээс үүдэн манай байгууллага С ХХК-д гэрээний дагуу олгосон талбайн тодорхой хэсэгт үйл ажиллагаа явуулж, орлого олох боломжгүй болсон. С ХХК нь гэрээний үүргийг зөрчсөн буруутай бөгөөд гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжилсэн төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй байна. Харин буулгасан нүүрсний үлдэгдлийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 129,482,224 төгрөгийг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
С ХХК нь шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэрэг хянан хэлэлцэх явцад хоёр тал харилцан тохиролцож эвлэрсэн болно.
1.С ХХК нь илүү төлөлтөд 129,482,223.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч тал болох М ХХК нь хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.
2.С ХХК нь үлдэгдэл 1,191.35 тонн нүүрсийг буцаан авах нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
М ХХК нь С ХХК-д гэрээний төлбөр 129,482,223.75 төгрөгийг 2025 оноос эхлэн өөрсдийн боломжоор төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С ХХК-ийн нэхэмжлэлтэй нь хариуцагч М ХХК-д холбогдох 129,482,223.75 төгрөг гаргуулах, 1.191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар дараах эвлэрлийн гэрээг байгуулсан. Үүнд:
С ХХК нь шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад хоёр тал харилцан тохиролцож эвлэрсэн болно.
1.С ХХК нь илүү төлөлтөд 129,482,223.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч тал М ХХК хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов.
2.С ХХК нь үлдэгдэл 1,191.35 тонн нүүрсийг буцаан авах нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
М ХХК нь С ХХК-д гэрээний төлбөр 129,482,223.75 төгрөгийг 2025 оноос эхлэн өөрсдийн боломжоор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгч С ХХК, хариуцагч М ХХК нарын төлөөлөгчдийн шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь анх шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ...үлдэгдэл 1,191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, ...илүү төлөлтөд 129,482,223.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь зохигчийг эвлэрсэн гэж үзэх бөгөөд зохигчдын ийнхүү эвлэрсэн эвлэрэл нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, М ХХК холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцнэ гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан журмын дагуу хувиарлана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ХХК нь М ХХК-д холбогдуулан 129,482,223.75 төгрөг гаргуулах, 1.191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч ...үлдэгдэл 1,191.35 тонн буюу 238,400,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг буцаан өгөхийг даалгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, ...илүү төлөлтөд 129,482,223.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, гэрээний төлбөр 129,482,223.75 төгрөгийг 2025 оноос эхлэн өөрсдийн боломжоор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,349,950+805,361/ нийт 2,155,311 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамж 2,155,311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч М ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ