| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2336000000270 |
| Дугаар | 01 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 01
2024 01 16 2024/ДШМ/01
О.Төмөрхуягт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч О.Төмөрхуяг түүний өмгөөлөгч Д.Алимаа, Д.Нямдорж, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга, Л.Мөнхцоож нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн О.Төмөрхуягт холбогдох эрүүгийн 2336000000270 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Мянганыхан ургийн овогт Отгонбаярын Төмөрхуяг, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн 16-13 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв82011314.
2. Шүүгдэгч О.Төмөрхуягийг 2023 оны 07 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт байрлах гэрч А.Сономцэрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Хүрэлсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас О.Төмөрхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Мянганыхан ургийн овогт Отгонбаярын Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуягийг 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
4.4 Шүүгдэгч О.Төмөрхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.5 Шүүгдэгч О.Төмөрхуягийн зөвшөөрлийг үндэслэн түүнээс 5'701'650 (таван сая долоон зуун нэг мянга зургаан зуун тавин) төгрөгийг гаргуулан хохирогч М.Хүрэлсүрэнд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,
4.6 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч О.Төмөрхуяг түүний өмгөөлөгч Д.Алимаа, Д.Нямдорж нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүдэгч О.Төмөрхуяг нь гэмт хэргийг анх удаа үйлдсэн, мөн үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баритаас үзэхэд хохирогч М.Хүрэлсүрэнгийн архидан согтуурч шүүгдэгчийн эрх чөлөөнд халдаж өдөөн хоргоож хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байж болзошгүй тухайлбал Гэрч А.Сономцэрэнгийн: "...тэгээд хүн хашгирах чимээгээр сэрсэн чинь Хүрэлсүрэн, Төмөрхуяг нар манай гэрт ирчихсэн үлдсэн 10 литр шимийн архийг бараг бүгдийг нь уучихсан, тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд яг сэрээд болохгүй бол босъё гэж бодоод босож байсан чинь тас гэхээр нь харсан чинь М.Хүрэлсүрэн Хуягааг цохичихсон байсан. Хуягаа "чи яахлаараа хүн цохидог юм пиздаа минь гээд эргүүлээд 2 удаа цохиод тэр хоёр зодолдоод явчихсан. Тэр хооронд би гүйж очоод салгахыг оролдсон. Би "ах дүүсийн хүүхдүүд байж маргалдаад хэрэггүй" гэж хэлсэн чинь О.Төмөрхуяг гайгүй намжсан. Тэгсэн чинь М.Хүрэлсүрэн гайгүй болдоггүй орилж хашгираад, Хуягаа руу агсраад намжихгүй байхаар нь би аргаа бараад М.Хүрэлсүрэнгийн хоёр гарыг нь барьж аваад орон дээр дараад авсан. Тэгж байтал О.Төмөрхуяг "хэрэггүй ахаа, одоо бид хоёр зодолдохгүй" гэхээр нь тавьсан чинь М.Хүрэлсүрэн гүйж очоод О.Төмөрхуягийг 2-3 алгадаад авсан. Тэгээд болохгүй байхаар нь би М.Хүрэлсүрэнд "чи болихгүй бол ах нь чамайг хүлэхээс өөр аргагүй" гэж хэлсэн чинь арай гайгүй болсон. Тэгээд М.Хүрэлсүрэн манай гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгсөн" гэх мэдүүлэг, Хохирогчийн нэхэмжилсэн хохирол 7,201,650 төгрөгийг төлж бүрэн барагдуулсан, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлж шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч О.Хүрэлсүрэнгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид өмнө нь 1,500,000 төгрөг төлсөн байсан. Сүүлд 5,500,000 төгрөгийн хохирлыг төлж нийт 7,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан байна. О.Хүрэлсүрэнгийн хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйл байхгүй учраас ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: О.Төмөрхуягт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт дүгнэлт хийж анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ шийдвэр нь үндэслэлтэй байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч О.Төмөрхуягийг 2023 оны 7 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт байрлах гэрч А.Содмонцэрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Хүрэлсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч О.Төмөрхуяг нь 2023 оны 7 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө хохирогч М.Хүрэлсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь “хохирогч М.Хүрэлсүрэн, гэрч М.Байгаль-Эрдэнэ, М.Бадамгарав, М.Бямбасүрэн, А.Содномцэрэн нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүнд” хохирлыг тогтоосон Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Төмөрхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч О.Төмөрхуяг түүний өмгөөлөгч Д.Алимаа нар нь “анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсны дараа хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.
5.1 Хохирогч М.Хүрэлсүрэн нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1,201,650 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,000,000 төгрөг нийт 7,201,650 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Төмөрхуяг хохирлын талаар маргалгүй бүрэн төлж барагдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.
Мөн “шүүгдэгч О.Төмөрхуяг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, түүний хүүхэд Х.Ган-Очир нь Улаанбаатар хотод баруун нүдний хагалгаанд орсон зэрэг хувийн байдал, хохирогч М.Хүрэлсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, О.Төмөрхуягт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуягийг 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3 (гурав) жил 1 (нэг) сар” гэснийг “1 (нэг) жил” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР