Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2025/0287

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т,

Хариуцагч: Н*******гын Тамгын газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б, Х.Н,

Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б,

Маргааны төрөл: нэхэмжлэгчтэй байгуулсан захиргааны гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Н*******гын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Н*******гын Тамгын газрын дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан “1. “Г” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/”-ын ажлын дугаар гэрээг цуцалсан Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцагч нар нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг хариуцагч нарт даалгах, хууль бус захиргааны акт болон хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 2,449,662,045 (Хоёр тэрбум дөрвөн зуун дөчин есөн сая зургаан зуун жаран хоёр мянга дөчин таван) төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/”-ын ажлын дугаар гэрээг цуцалсан Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж өөрчилсөн байна.

  1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Н*******гын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга нартай байгуулсан.

2.1. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 70/2020 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 54/21 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 31/22 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64/22 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 59/23 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 74/23 дугаар албан бичгүүдээр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээг сунгуулах хүсэлтийг тус тус гаргажээ.

2.2. Дээрх хүсэлтийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2020/20-18 дугаар Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2021 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/1808 дугаар Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2021/34-41 дүгээр Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2022/26-01 дүгээр Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2023/1302 дугаар Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/19-05 дугаар Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/33-15 дугаар Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус алданги тооцохгүйгээр сунгахаар шийдвэрлэсэн байна.

2.3. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БСШУСЯ/2018014226-01, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр БСШУСЯ/2018014226-02, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр БСШУСЯ/2018014226-03, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БСШУСЯ/2018014226-04, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БСШУСЯ/2018014226-05, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн БСШУСЯ/2018014226-НӨ, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн БСШУСЯ/2018014226-НӨ-1, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн БСШУСЯ/2018014226-НӨ-2, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БСШУСЯ/2018014226-НӨ-3 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/”-ын ажилд гэрээний өөрчлөлт оруулах, хугацаа сунгах нэмэлт гэрээг 9 удаа байгуулжээ.

2.4. Улмаар анхы гэрээ болох 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээг цуцлах шийдвэрийг Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. 

  1. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3458 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна. 

3.1. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

3.2. Уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0483 дугаар тогтоолоор дээрх захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэлийн зарим шаардлагад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

“Г” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээ № тоот гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороонд 320 хүний суудалтай сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс нь 3,227,688,848 /Гурван тэрбум хоёр зуун хорин долоон сая зургаан зуун наян найман мянга найман зуун дөчин найм/ төгрөгөөр хийж гүйцэтгэх,

Захиалагч талаас ажлын хөлсний санхүүжилтийн хуваарийг:

2019 онд санхүүжүүлэх нь 1,204,000,000 /Нэг тэрбум хоёр зуун дөрвөн сая төгрөг/, Үлдэгдэл 2,023,688,848 /Хоёр тэрбум хорин гурван сая зургаан зуун наян найман мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгохоор, үүнээс техник хяналтын зардал 54,537,312 /Тавин дөрвөн тэрбум таван зуун гучин долоон мянга гурван зуун арван хоёр/ төгрөг, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон.

“Г” ХХК нь гэрээний дагуу барилгын ажлын зураг төсвийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр магадлал хийлгэн хүлээлгэн өгөх, барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн гэрээг байгуулан “Түлхүүр гардуулах гэрээ”-ний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* барилгын ажлыг эхэлсэн юм.

Гэрээ байгуулсны дараа барилгын зураг төсвийг хугацаанд нь хийж б*******өөр зураг төсвөө шалгуулахад 3,479,000,211 /гурван тэрбум дөрвөн зуун далан есөн сая хоёр зуун арван нэг/-н төгрөг болсон ба анх байгуулсан гэрээний дүн болох 3,227,688,848 /Гурван тэрбум хоёр зуун хорин долоон сая зургаан зуун наян найман мянга найман зуун дөчин найм/ төгрөгийн зөрүү хөрөнгө болох 251,311,363 /хоёр зуун тавин нэгэн сая гурван зуун арван нэгэн мянга гурван зуун жаран гурав/-н төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй ажлыг цааш үргэлжлүүлэх чиглэл өгсний дагуу 2019 онд барилгын ажлыг зохих журмын дагуу эхэлсэн.

Барилгын ажлыг 2019 оны 09 сард эхэлсэн боловч, хүйтний улирал эхэлсэн учраас өвлийн улиралд барилгын ажлыг зогсоож, 2020 онд газар гэсэж, дулааны ажил эхлэхтэй зэрэгцэн барилгын ажлыг зохих журмаар үргэлжүүлсэн боловч дараах шалтгаанаар төлөвлөгөөт ажил захиалагчаас шалтгаалан саатаж эхэлсэн.

Гадна цахилгааны ажил манай байгууллагын анх төлөвлөсөн зураг төсөвт зөвхөн өөрсдийн сургуулийн барилгыг цахилгаанаар хангах зориулалтаар 0.4 кВа хаалттай КТПН барихаар 82,733,347 /наян хоёр сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун дөчин долоо/-н төгрөг төлөвлөсөн байсан.

Захиалагч талын санаачилгаар техникийн нөхцөл өөрчлөгдөж, манай сургуулийн барилгын хойд талд шинээр баригдаж эхэлсэн 250 ортой цэцэрлэгийн барилгыг /Гүйцэтгэгч “*******” ХХК/ давхар цахилгаан хангамжаар тэжээхээр техникийн нөхцөл гарч уг ажлын зураг төсвийг манай компанийг хийлгэхийг даалгасан юм.

Үүний дагуу зураг төсвийг хийж гүйцэтгэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №******* тоот б*******д шалгуулж магадлалаар орж 465,984,375 /дөрвөн зуун жаран таван сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун далан тав/-н төгрөг болон батлагдсан ба энэхүү хөрөнгө нь манай үндсэн ажлын тоо хэмжээ төсөвт өртөгт суугаагүй байсан.

Цахилгаан хангамжийн барилгын ажлын төсөвт өртөг болох 465,984,375 /дөрвөн зуун жаран таван сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун далан тав/-н төгрөг болон үндсэн барилгын ажлын батлагдсан зураг төсвийн дагуу үүссэн зөрүү хөрөнгө 251,311,363 /хоёр зуун тавин нэгэн сая гурван зуун арван нэгэн мянга гурван зуун жаран гурав/-н төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 70/2020 тоот, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12/21 τοστ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 36/2021 тоот, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 37/2021 тоот, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 28/22 тоот, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 31/22 тоот, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30/22 тоот, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64/22 тоот албан бичгүүдээр тус тус хандсан боловч шийдвэрлээгүй ба захиалагч тал болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/3462 τοστ, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/4103 тоот, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/458 тоот албан бичгүүдээр тус тус уг цахилгааны дэд станцын барилга байгууламжийн ажлыг яаралтай хийж гүйцэтгэх шаардлага хүргүүлсний үндсэн дээр бид өөрсдийн хөрөнгөөр /ажлын тоо хэмжээ төсөвт өртөгт огт тусгагдаагүй/ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот улсын комиссын актаар баталгаажиж ашиглалтад оруулсан ба ажлын хөлсийг сүүлд буюу 2022 оны 12 дугаар сард авсан. Захиалагч талын шийдвэр өөрчлөгдсөн шалтгаанаас болж багагүй цаг хугацаа алдсан.

Цахилгааны ажлын төсөвт өртөг нь 2020 онд 465,984,375 /дөрвөн зуун жаран таван сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун далан тав/-н төгрөг байсан ба 2022 онд буюу бид ажлын хөлсөө зураг төсөв батлагдаж гарснаас хойш буюу 2 жилийн дараа авахад инфляцаас шалтгаалж төсөвт өртөг 659,289,094 /зургаан зуун тавин есөн сая хоёр зуун наян есөн мянга ерөн дөрвөн/ төгрөг болсон бөгөөд захиалагчаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаар: *******-1 тоот гэрээний үнэ нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №******* тоот б*******д шалгуулж магадлалаар орж шалгагдан батлагдсан 465,984,375 /дөрвөн зуун жаран таван сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун далан тав/-н төгрөг ба 2022 оны төсөвөөр гадна цахилгааны ажлын зөрүү 193,304,719 /нэг зуун ерөн гурван сая гурван зуун дөрвөн мянга долоон зуун арван ес/-н төгрөгийг шийдвэрлэгдээгүй байна.

Хугацаа алдсан шалтгаан нь зөвхөн манай байгууллага төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанид сөргөөр нөлөөлсөн хамгийн гол шалтгаан нөхцөл болсон. Мөн гүйцэтгэл өгсний дараа дараагийн гүйцэтгэл гэрээгээр тогтоосон хугацаанаас хожимдож ордог байсан нь компани үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлэх нөхцөл бололцоог хангаагүй нэг үндэслэл болсон.

Мөн цар тахлаас гадна манай байгууллагатай холбоогүй буюу захиалагч байгууллагын зарим ажлыг буруу төлөвлөж, барилга барихаас өмнө зайлшгүй хийгдэх ёстой байсан хөрөнгөө хугацаанд нь шилжүүлээгүй, болон төсвийг олон тасалж, он дамнуулан тавьсан зэрэг нөхцөлүүдээс шалтгаалан барилгыг ашиглалтанд оруулах хугацаа өнөөдрийг хүртэл хойшилсон. Товчхондоо:

-Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлаас болсон.

Гэрээ, ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй гадна цахилгааны дэд өртөөний барилга, угсралтын ажлын нэмэлт санхүүжилтийн гэрээ хугацаандаа хийгдээгүй,

Батлагдсан төсөв хугацаандаа орж ирэхгүй, эх үүсвэр нь тодорхойгүй байснаас шалтгаалан барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа тэр хэмжээгээр хойшилж, захиалагч байгууллагын зүгээс ч энэ аргагүй шалтгааныг харгалзан гэрээний хугацааг дараах үндэслэлээр сунгадаг байсан. Үүнд:

Ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний хугацааг “Үлдэгдэл хөрөнгө батлагдаагүй” шалтгаанаар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “гадна цахилгааны нэмэлт ажилтай холбоотой хөрөнгө улсын төсөвт буцаан татагдсан, улсын төсөвт тусгагдаагүй, Ковид-19 цар тахал гарч ажил гүйцэтгэх боломжгүй болсон, 2020 онд санхүүжих нэмэлт хөрөнгө буцаан татагдсан шалтгаанаар 2021 оны 12 сарын 20 хүртэл хугацаагаap, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Ковид-19 цар тахал гарч, хил хаагдсан, бараа материалын хомсдол үүсч, үнийн өсөлт үүссэнээс шалтгаалан гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон, 2020 оны нэмэлт хөрөнгө буцаан татагдсан” шалтгаанаар 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “гадна цахилгааны нэмэлт гэрээ захиалагч талаас шалтгаалан шийдвэрлэгдээгүй” шалтгаанаар 2022 оны 12 дугаар сарын 20 хүртэл, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн шалтгаанаар 2023 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл, 2023 оны 08 сарын 03-ны өдөр “гадна цахилгааны нэмэлт гэрээ оройтож батлагдсан” шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2019 оны зураг төсөв, бараа материалын үнэ 2.6-3 дахин өссөнтэй холбоотой төслийн санхүүжилт хүрэлцэхгүй болсноос шалтгаалан гэрээний хугацаандаа гүйцэтгэх боломжгүй хүндрэл учирсан” шалтгаанаар 2024 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл захиалагч талаас гэрээг сунгасан.

Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн огноотой гэрээ цуцалсан тухай мэдэгдэл ирүүлж барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Захиалагч талаас гэрээ цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 56.3-д заасныг баримталж гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь хууль, гэрээгээ зөрчсөн, манай үйл ажиллагааг илтэд хохироосон, ажил гүйцэтгэх боломжгүй болгосон хууль бус үйлдэл юм.

Бидний хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 37.3-д Давагдашгүй хүчин зүйл үүссэнээс хамааран гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж чадахгүй байгаа, давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаанд гэрээний гүйцэтгэл нь хоцорч байгаа тухай бичгээр мэдэгдэл өгч байгаа талын хүсэлтийг хүлээн авах, гэрээг дуусгавар болгох хугацааг гэрээний ерөнхий нөхцөлийн 40-д заасны дагуу сунгах нь захиалагч талын үүрэг байдаг.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 37.5-д Аль ч талд нь учирсан давагдашгүй хүчин зүйлээс болж үүссэн хугацаа хоцролт, гэрээ гүйцэтгэхгүй байгаа байдал нь дараах зүйлүүдийн үндэслэл шалтгаан болохгүй. Үүнд:

А. Төлбөр хийхгүй байх, гэрээг зөрчих,

Б. ГЕН-ийн 32.2, 38.3 ба, 38.4-д заасны дагуу, хохирлыг барагдуулах, эсвэл энд нэмж гарсан зардал, төлбөрийг төлүүлэх гэсэн байдаг.

Захиалагч талаас гэрээнд заасан төлбөрийг цаг тухайд нь хугацаанд нь төлөөгүй, гэрээнд тусгагдсан ажлаас нэмэлт ажил хийлгэсэн боловч төлбөр, гэрээг нь хийлгүй хугацаа алдуулсан, энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2019 оны зураг төсөв, бараа материалын үнэ 2.6-3 дахин өссөнтэй холбоотой төслийн санхүүжилт хүрэлцэхгүй болсныг мэдсээр байж нэмэлт ажлын санхүүжилтийг шийдвэрлээгүй. 

Энэ талаар гэрээ байгуулсан хугацаанаас хойш манай байгууллагаас: 

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 82/2020 албан бичгээр “гүйцэтгэлийн баталгаа чөлөөлүүлэх тухай, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Гүйцэтгэлийн баталгаа чөлөөлөгдөөгүйн улмаас банкны хүү зогсолтгүй бодогдож байгууллагад санхүүгийн дарамт болж байгаа талаар, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12/12 албан бичгээр “гадна цахилгааны ажил болон барилга угсралтын ажлын зөрүү төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг шийдвэрлүүлэх, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12/21 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гадна цахилгааны ажил болон барилга угсралтын ажлын зөрүү төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг шийдвэрлүүлэх, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13/21 албан бичгээр “Гүйцэтгэлийн баталгааны дүнг бууруулах тухай”, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30/2021 албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газарт “гэрээтэй холбоотой материал, цалин, машин механизм, тээвэр зэрэг зардлууд нэмэгдэж байгаа тул дэмжлэг хүсэх, газар олголтын асуудлыг шийдвэрүүлэх” тухай,

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 68/2020 албан бичиг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 25/2021 албан бичгээр Боловсрол шинжлэх ухааны яаманд “ажлын зөрүү хөрөнгө 717,295,738 төгрөгийг шийдвэрлүүлэх, гэрээтэй холбоотой материал, цалин, машин механизм, тээвэр зэрэг зардлууд нэмэгдэж байгаа тул дэмжлэг хүсэх” тухай албан бичиг,

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12/21 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гадна цахилгааны ажил болон барилга угсралтын ажлын зөрүү төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг шийдвэрлүүлэх,

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 70/2020 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “ажлын зөрүү хөрөнгө 717,295,738 төгрөгийг шийдвэрлүүлэх, гэрээтэй холбоотой материал, цалин, машин механизм, тээвэр зэрэг зардлууд нэмэгдэж байгаа тул дэмжлэг хүсэх” тухай,

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 36/2021 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “гадна цахилгааны ажил болон барилга угсралтын ажлын зөрүү төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг шийдэврлүүлэх” тухай,

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 37/2021 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “2020 онд гүйцэтгэхээр байсан 996,000,000 төгрөг хураагдсан, гэрээ, ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй гадна цахилгааны дэд өртөөний барилга угсралтын ажлын нэмэлт санхүүжилт хийгдээгүй, барилгын ажлын гүйцэтгэл хугацаандаа орж ирээгүй, эх үүсвэр нь тодорхойгүй байгаагаас шалтгаалан гүйцэтгэлийн баталгааг суллуулах, гурван жилийн хугацаанд банкинд мөнгө байршуулж байгаа нь хүндрэлтэй, олон жил дамнан хэрэгжиж байгаа төсөл тул инфляцийн өсөлтөөр зөрүү гарч барилгын материал 1.6-2 дахин өссөн шалтгааныг шийдвэрлүүлэх,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 31/22 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “гадна цахилгааны нэмэлт гэрээ шийдвэрлэгдээгүй байгаа тул гэрээний хугацааг сунгуулах, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах”,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30/22 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “гэрээ байгуулахыг хүсч”,

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64/22 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө сруулалтын газарт хандан “гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлэх” тухай,

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02/23 албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан “магадлалаар баталгаажсан үнийн өсөлтийг тооцон ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн батлах тухай” албан бичгүүдийг тус тус хүргүүлж, мөн биечлэн очиж уулзаж байсан.

Гэрээний хугацааг хамгийн сүүлд сунгахдаа “2019 оны зураг төсөв, бараа материалын үнэ 2.6-3 дахин өссөнтэй холбоотой төслийн санхүүжилт хүрэлцэхгүй болсноос шалтгаалан гэрээний хугацаандаа гүйцэтгэх боломжгүй хүндрэл учирсан” гэсэн шалтгаан заасан.

Захиалагч тал нь манай явуулсан дээрх албан бичгүүдийн дагуу гэрээт ажлын үнэ, төсвийг бодитоор шийдвэрлэх үүргээ Барилгын тухай хууль, гэрээний Ерөнхий нөхцлийн дагуу шийдвэрлэхгүй орхигдуулсан.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар Захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3.барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх; 37.1.10.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.12.барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх; 37.1.13.барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах чиг үүрэгтэй.

Гэтэл хариуцагч нар нь цар тахал, инфляц өссөн шалтгаан, түүнтэй холбоотойгоор барилгын ажлыг тухайн нөхцөлтэй уялдуулан дахин магадлах, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан, санхүүжилтийг 2024 оны байдлаар тооцож олгох үүргээ биелүүлээгүй, энэ асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулснаас шалтгаалан гүйцэтгэгч тал хохирсон.

Шүүхэд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтэд: “Г” ХХК нь 2019 оны 07 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын хоорондох хугацаанд дүүргийн 31 дүгээр хороонд байрлах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, цахилгааны дэд өртөөг барихад нийт 4,771,338,715 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж гарсан.

Харин барилгын үлдэгдэл ажилд 2024 оны байдлаар 1,138,259,273 төгрөгийн санхүүжилт зарцууулагдахаар байна” гэжээ.

Захиалагч талаас гэрээ байгуулсны дараа нэмэлт ажил хийхийг даалгасан, тухайн нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсний дараа барилгын ажлыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага гарсантай холбоотойгоор цаг хугацаа алдсан, Захилагч нар нь тухайн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүйгээс шалтгаалан барилгын ажил гүйцэтгэх хугацаа өнөөдрийг хүртэл саатаж байна. Гүйцэтгэгч байгууллагаас барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд зориулж 2021 оноос хойш нэмэгдсэн зардлаар цалингийн нэмэгдэлд 603,301,139 төгрөг, цахилгааны дэд өртөөг гүйцэтгэхэд нэмэлтээр 193,304,719 төгрөгийг гаргасан, барилгын бүрэн бүтэн байдлыг хангахын тулд 78,000,000 төгрөгийг тус тус зарцуулж, гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд нөхөн ногдуулалтын актаар 56,269,742 төгрөгийн татварын төлбөр хүлээж, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай банкнаас зээл авсан зээлийн хүүгийн төлбөрт 37,626,637 төгрөгийг төлсөн байна. Үндсэндээ Барилгын ажил гүйцэтгэх гэрээг анх 3,227,688,848 /Гурван тэрбум хоёр зуун хорин долоон сая зургаан зуун наян найман мянга найман зуун дөчин найм төгрөгөөр тооцсон боловч захиалагч талын анх гаргасан шийдвэрийн өөрчлөлт, нэмэлт ажил гүйцэтгэсэнтэй холбоотойгоор гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсноос шалтгаалан 1,543,649,867 нэмэлт зардлаар нийт ажлын 89 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Одоо үлдэгдэл ажилд шаардлагатай 1,138,259,273 төгрөг зайлшгүй шаардлагатай болно.

Дээрх нөхцөл байдлыг ззахиалагч талаас барилгын зураг төсөвт нэмэлт магадлал хийх замаар тогтоож, гэрээт ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжтой байсан хэдий ч энэ ажлаа үргэлжлүүлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан болно.

Иймд “Г” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээ №” тоот гэрээг цуцалсан Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагч талаас хэлж байгаа тухайн үед авсан арга хэмжээнүүд үнэн. Бүгдийг нь нэгтгээд цаг хугацааг дурдахгүй хэллээ л дээ. Жишээ нь биднийг нарыг гадна цахилгааны ажил буюу 465,000,000 төгрөгийн ажлыг 2020 онд зураг төсөл нь батлагдсанаар хий гэж албан шаардлага хүргүүлээд бид 2021 онд буюу 11 дүгээр сард улсын комисс ажиллуулаад бүрэн хүлээлгэж өгчхөөд дахиад 1 жилийн дараа буюу 2022 оны 12 дугаар сард гэдэг чинь бараг тухайн зураг төсөл гараад батлагдсанаас хойш 2 жилийн дараа тэр хугацаанд Ковид-19 цар тахлаас үүссэн үнийн өсөлт барилгын материал бүх юм нь өссөний 2 жилийн дараа бид нарт мөнгийг олгож байгаа. Үүнээс үүдэлтэй бидний дунд нь хохирсон хохирол гэдэг дүнг гаргаж ирж хэлж байгаа. Үүнийг цаг хугацааг ерөөсөө дурдахгүйгээр хэлж байна. Хоёрдугаарт манай захиалагч талаас ажил эрчимжүүлэх тухай албан бичиг удаа дараа өгсөн гэж байна. Үүнтэй адилхан бид ч гэсэн энэ ажлыг явуулахын тулд энэ асуудлыг шийдэж өгөөч, энэ мөнгийг шийдэж өгөөч, та нар цаг хугацаандаа гүйцэтгэлээ олгооч гэдэг шаардлагыг мөн удаа дараа өгсөн боловч эс үйлдэл адилхан гаргасан. Тэрийг нотлох баримтаар буюу манайхаас гаргасан албан бичгүүд дээр цаг тухай бүрд нь хандсан байгаа. 968,000,000 төгрөгийн хохирол юунаас үүдэлтэй вэ? гэхээр хамгийн гол нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Барилга хот байгуулалтын сайдын 95 дугаар тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зураг төсөл нь магадлалаар орсон төсөл арга хэмжээг бүгдийг нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар тарифт цалинг 3 дахин өсгөсөн байгаа. Үүнтэй уялдуулж олгох ёстой гэдэг тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолын дагуу бид манай компанид цалингийн зөрөөг олгож өгөөч бид нар 1991 төсөвт өртгийн цалингаар ажилчдаа амьдрал дээрээ цалинжуулж хүрэхгүй байна гэдгийг албан бичгээр хандсан боловч бид нарт ямар нэг шийдвэр хариу огт өгөөгүй. Тэгээд цаанаас нь төсвийн ерөнхийлөн захирагч нарт гаргасан тогтоол шийдвэртэй хамааралтай үйлдлүүдийг манай компанид цаг тухайд нь олгохгүй цалингийн зөрөө дээр 1 ч үйлдэл гаргаагүй. Материалын 507,000,000 төгрөгийг олгосон гэж хариуцагч талаас хэлж байна. Гэвч манайд 75%-ийг нь олгосон буюу 460,000,000 гаруй төгрөгийг нь олгоод үлдсэн хувийг нь олгоогүй. Хоёрдугаарт 577,000,000 төгрөгийг Барилга хот байгуулалтын сайд анх гаргахдаа энэ компани материалын зөрөөн дээр алдсан учраас манай компанид 100% олго гэдэг болохоос биш захиалагч компанийг олгох мөнгө дотроос өөрсдийнхөө захиалагчийн хяналтын зардал гэдэг мөнгийг аваад мөнгийг нь дутуу олгоод гэрээгээ байгуулчихсаныг бид бүтэн авсан гэж бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 цар тахал 2019 оны 12 дугаар сард анх Франц иргэнээс үүдэлтэйгээр эхлээд 2021 онд Монгол Улс даяар хөл хориотой барилга байгууламжийн ажил 1 ч явагдаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. 2021 оны 04 дүгээр сараас эхлээд хөдөлгөөн орж эхлэхдээ давхар ажилчдыг машин техникийг инженер техникийн албадыг онцгой байдлын газраас гаргасан зөвшөөрлийн дагуу дугаар нэртэй нь ажилд оролцуулж явсан. Энэ бүгдээс үүдээд Улаанбаатар хотод материал нь байхгүй өсчихсөн маш хүнд байдалтай өнөөдрийн байдалд амьдрал дээр 95%-д хүргэчихсэн байгаа. Манай газраас олгосон санхүүжилт 89% ч очоод үзэхэд ямар ч газар батлаад өгөхөөр 95%-д нь хүргэчихсэн маш бага хэмжээний ажил үлдчихсэн байх үед гэрээгээ цуцалчихсан. Манай зүгээс бүх нөөц бололцоогоороо хамтарч ажиллаж төслөө дуусгая гэсэн сэтгэл зүрхтэй ажилласнаас гадна, үүнээс үүдээд бид банк бусаас, банкнаас, хувь хүнээс маш их зээл авч өнөөдрийг хүртэл өрөнд маш их идэгдсэн. Татвар дээр гэхэд 560,000,000 төгрөгийн өртэй, хувь хувьсгалын өр нийлээд 1,000,000,000 гаран төгрөгийн өртэй дуусгах гээд хичээгээд явж байх үед гэрээг цуцлаад ардаас нь ингээд манай үлдэгдэл ажил дээр магадлал хийлгээд тэр зураг төсөл дээр ахиж шинэ компани тендер шалгаруулна гэсэн байдалтайгаар хандсанд бид нар гомдолтой байгаа учраас өнөөдрийн байдалд нэхэмжлэл гаргаад явж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ерөнхийд нь хариуцаад гүйцэтгэл зэргийг хянаад явж байхад гэнэт Н*******гын Тамгын газрын даргын тушаал шийдвэр гарчихсан. Хэргээс харвал гэрээ цуцалсны дараа хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ ажлаа явуулаач ээ, хийгээч ээ гээд яваад байсан. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ? гэхээр Н*******гын Тамгын газар гэрээ сунгаснаа ч мэдээгүй юм уу? гэнэт шийдвэр гаргачихсан. Гүйцэтгэгчид юу ч мэдэгдээгүй. Манай гүйцэтгэгчийн хувьд ерөнхийдөө бараг ажлыг дуусчихсан байсан. Үүнд бодитой үнэлгээ өгөөгүй. Тэгээд гэрээг цуцалсан шийдвэр нь зорилгодоо нийцээгүй. Гэрээг цуцалснаараа яаж урагшлуулах вэ? Нөгөө компанитайгаа учраа ололцоход гялс дуусгах талаас нь анхаарахгүй цуцалъя гээд шийдвэр гарсан. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн баримталж байгаа 56 дугаар зүйлийн 56.3 зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Цаашид хэлэлцээд хохирол учруулахаар бол гэж байгаа. Барилгын ажлыг бараг бүрэн бүтэн хийчихсэн. Саяын ярьдгаар бүх засал чимэглэл хийсэн. Цахилгааны узел зэрэг жоохон ажил үлдчихсэн байгаа. Үүнийг цаашид илтэд хохирол учруулна гэж яаж үзэж шийдээд байгаа юм. Үүнтэй холбоотой гаргасан ямар нэгэн судалгаа шинжилгээ ч гэдэг юм уу тийм зүйлүүд огт байхгүйгээр гэнэт гүйцэтгэгчид хохирол учруулах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр. Хоёрдугаарт Н*******гын Тамгын газрын дарга нь эрхээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт шилжүүлээд цуцалсан байгаа. Бид яагаад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг хамтран хариуцагчаар татаад байгаа юм гэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар энэ нөхцөл байдлуудыг мэдсээр байж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12.“барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх”, барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах чиг үүрэгтэй гэдэг агуулгаараа хариуцагч нарыг хамтран хариуцагчаар татаж оруулж ирсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүрэг гэрээний ерөнхий нөхцөлд заасан үүргийг захиалагч талаас хангалттай хэрэгжүүлээгүй байж гэрээг цуцалсан нь хууль бус тул гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгоод холбогдох нэмэлт хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож хохирлыг гаргуулж өгөөч гэсэн шаардлагыг дэмжиж байгаа. Гэрээг цаашид байгуулахтай холбоотой асуудалд үнийн дүнг заах нь хариуцагч талын эрхэд хэтэрхий орсон гэж үзэж байгаа бол зохих хууль журмын дагуу нэмэлт гэрээ ч гэдэг юм уу, цаашид гэрээг үргэлжлүүлэхийг даалгахыг хариуцагчид даалгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа” гэжээ.

7. Хариуцагч н*******гын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Н*******гын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/632 дугаар захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байдаг.

дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны едрийн А/170 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК-тай 3,277,688,848 (гурван тэрбум хоёр зуун далан долоон сая зургаан зуун наян найман мянга найман зуун дөчин найм) төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Г” ХХК-тай байгуулж, гэрээнд заагдсан ажлыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад өгөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүйгээс гэрээг сунгуулах хүсэлт ирүүлсэн. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалт оруулах байсныг удаа дараагийн сунгалт хийж одоог хүртэл гэрээт ажлыг дуусган хүлээлгэн өгөөгүй байна.

2023 оны төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, У******* 2021 оны 11 дүгээр сарын 12-ны 88 дугаар тогтоол, Н*******гын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/127 дугаар захирамж, Б*******ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот магадлалын ерөнхий дүгнэлт, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/564 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн гэрээний үнийн дүнг материалын үнийн өсөлтийн дүн болох 577,880,546 (таван зуун далан долоон сая найман зуун наян мянга таван зуун дөчин зургаа) төгрөгөөр нэмэгдүүлж 4,271,553,769 (дөрвөн тэрбум хоёр зуун далан нэгэн сая таван зуун тавин гурван сая долоон зуун жаран ес) төгрөгөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний үнийн дүнд тохируулга хийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №-НӨ дугаартай гэрээг байгуулан тухайн ажлыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон. Нэхэмжлэгч “Г” ХХК-д санхүүжилт болох 3,802,836,478 (гурван тэрбум найман зуун хоёр сая найман зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг олгосон.

Гэрээний 4 дүгээр заалтад заагдсан ажил болох Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлыг өнөөдрийг хүртэл “Г” ХХК нь бүрэн хийж дуусгаагүй байна.

Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч “Г” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэрээ 2019 онд байгуулагдсан. Үүнээс хойш гэрээ удаа дараа сунгагдаж байсан. Энэ сунгагдаж байсан шалтгаануудын дунд байгаа 1 шалтгаан нь нэмэлт ажил гарсан. Гэхдээ гэрээ анх 3,227,688,848 төгрөгөөр маргаан бүхий ажил буюу ******* ажлыг хийж дуусгах ёстой байсан. Үүн дээр нэмэгдээд тухайн ажлыг хийж байх явцад цахилгааны дэд өртөө хийх ажлын шаардлага гарснаар нэмэлт ажилтай нь холбогдуулаад 465,884,375 төгрөгийн гэрээг дахин хийж мөнгийг олгосон байгаа. Ингээд цар тахал гарсантай холбогдуулаад үнийн өсөлт буюу 557,880,546 төгрөгөөр гэрээний үнэд өөрчлөлт оруулаад нийт гэрээний үнийг 4,271,553,769 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээний үнэд тохируулга хийгээд байгуулагдсан. Тухайн үед цар тахлаас улбаатайгаар гэрээний хугацаа хойшилсон. Гэхдээ үүнтэй холбоотойгоор үнийн өсөлтийн тодорхой хэмжээний санхүүжилт өгсөн. Ажил хийхгүй байна гэдэг талаар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж байсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас удаа дараа энэ ажлыг хугацаандаа хийгээч гэдэг албан бичгүүдийг хүргүүлсэн байгаа. Тэгээд гэрээг хэрэгжүүлэх хугацаанд ажлыг эрчимжүүлэхгүй, ажлыг хийж гүйцэтгэхгүй байсан учраас гэрээ цуцлагдах үндэслэл үүсэж ирсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

9. Хариуцагч Н*******гын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэнэт гэрээг цуцалчихсан гэж байна. Гэрээг ерөөсөө гэнэт цуцалсан юм байхгүй. Удаа дараа инженерүүдэд нь албан бичиг өгч мэдэгдэж байсан. Тэгээд захиргааны гэрээн дээр нийтийн ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бол нөгөө талаас дангаар цуцалж болно гэж Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа. Тийм болохоор гэнэт гэрээг цуцалсан зүйл байхгүй цаг тухайд нь мэдэгдэж байсан. Тэгээд ажлыг эрчимжүүлэхгүй удаа дараа хийхгүй байгаа учраас гэрээг цуцалсан” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Н*******гын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/632 дугаар захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байдаг.

Төсөл арга хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалт зохион байгуулагдаж “Г” ХХК шалгарсан. Гүйцэтгэгч “Г” ХХК нь гэрээт ажлыг хугацаанд нь хийгээгүйгээс шалтгаалан удаа дараа гэрээ сунгагдсан. Захилагчийн техник хяналт хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид удаа дараа ажлыг эрчимжүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй байдаг. Иймээс гэрээ цуцлах шаардлага үүссэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
  2. Тодорхойлох хэсэг дурдсанчлан нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны дугаартай 3,227,688,848 төгрөгийн төсөвт ажлын гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Н*******гын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга нартай байгуулсан байна.

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 56 дугаар зүйлийн 56.1.”Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.”, 56.2.”Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээ цуцална.”, 56.3.”Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.”, 56.4.“Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ”, 58 дугаар зүйлийн 58.1.”Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ. Тайлбар: Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно.”, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.“Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.3.”Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.” гэж заажээ.

2.2. Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр албан бичгээр “... Уг төсөл арга хэмжээний гэрээний хугацааг удаа дараа сунгаж, түүнчлэн ажлыг дуусгах талаарх шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэн өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3, Захиргааны ерөнхий хуулийн 56.3, Гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж байгаа үүгээр мэдэгдье” гэж дурдан нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, ******* /Улаанбаатар хот, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээг цуцалжээ.

2.3. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт болон дээрх үйл баримтаас үзвэл 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын 2023/33-15 дугаар тэмдэглэлээр гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.4. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч гэрээнд заасан ямар үүргийг ноцтой зөрчсөн болон түүнийг хэрхэн тогтоосон нь тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан гэрээ цуцлах үндэслэл тодорхой байх шаардлагад Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр шийдвэр нийцээгүй байна.

2.5. Тодруулбал анх барилга ашиглалтад оруулах хугацаа зөрчигдсөн гэх боловч талууд харилцан тохиролцон гэрээг сунгасан, захиалагч нь гэрээний гүйцэтгэл ямар явцтай байгаа болон тухайн гэрээнд заасан ажил дуусаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоосон баримт байхгүй буюу ажил гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн уг гэрээний сунгасан хугацаа нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах байтал уг хугацаа дуусаагүй байхад 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм.

2.6. Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий захиргааны актаар гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч тухайн гэрээг зөрчсөн болохыг нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч гэрээний хүчинтэй хугацаанд нэмэлт ажлын болон үлдэгдэл ажлын санхүүжилт авахаар хандсан гэх боловч үүнийг олгохоос татгалзсан гэх хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

3.1. Өөрөөр хэлбэл гэрээ цуцалсантай холбоотой хохирол учирсан гэх үндэслэл болон бараа материалын үнийн өсөлт болон ажилчдын цалингийн өсөлттэй холбогдуулан холбогдох төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр байхгүй байх ба харин цаашид гэрээ үргэлжилж байх хугацаанд нэхэмжлэгч гэрээний зохицуулалтын дагуу нэмэлт болон үлдэгдэл ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр хандах боломжтой ба тухайн харицлаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

3.2. Иймд нэгэнт хариуцагчийн хохирол учруулсан болон үлдэгдэл ажлын төлбөр олгохоос татгалзсан үйлдэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.“Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1.“шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 16,520,000 (арван зургаан сая таван зуун хорин мянга) төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК  бүрэн төлжээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.”Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шинжээчийн зардал болох 16,520,000 (арван зургаан сая таван зуун хорин мянга) төгрөгийн 50 хувь болох 8,260,000 (найман сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Г” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 сарын 18-ний өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээ дугаар гэрээг цуцалсан Н*******гын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр  гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч н*******гаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шинжээчийн зардал 8,260,000 (найман сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг хариуцагч Н*******гын Тамгын газрын даргаас гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН