| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00075/И |
| Дугаар | 316/ШШ2025/00319 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 316/ШШ2025/00319
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 316/ШШ2025/00319 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, ** хороолол, *** тоот хаягтай Н*** ХХК /РД:5*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Х** сумын засаг дарга, түүний Тамгын газар /РД:9*******/-т холбогдох
Гэрээний үүргийн үлдэгдэл 16,000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй, 316/2025/00075/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов..
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн анги, засаг даргатай 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Хуш модны, самар түүж бэлтгэх гэрээ № ОДМ-10/2021 дугаартай 40 тонн /дөчин тонн/ хуш модны самрыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр болох Зэрлэгийн нуруу гэх газрын 111-р хэсэглэлээс түүж бэлтгэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалаар хуш модны самрын нөөцийн төлбөр 1КГ тутамд 800 /найман зуун/ төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу 1кг тутамд 50/тавин/ төгрөгийн татвар төлөхөөр "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ын 4.5-д заасны дагуу бэлтгэх самрын нөөцийг өөрийн хөрөнгөөр тогтоолгох харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээт зөвшөөрлийн хугацааг 2021.10.07-aac 2021.12.20-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэхээр тогтоосон. Тус гэрээний хүрээнд манай байгууллагын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн Монголын татварын албаны 2211000777392 дугаартай төлбөрийн даалгаврын дагуу 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг тус өдөр төлсөн мөн Тэмдэгтийн хураамжид 2.000.000 /хоёр сая/ төгрөг, талбай тусгаарлалт 3.625.000 /гурван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг тус тус тушаан 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдөр 16 сая төгрөгийн үнэлгээ бүхий 20 тонн хуш модны самар бэлтгэн ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг авч авсан. Үлдэгдэл 20тонн авах гэсэн боловч улсын онцгой комиссын шийдвэрээр дахин бэлтгэх болон тээвэрлэх боломжгүй болж бэлтгэх хугацаа дууссан 2022 онд дахин бэлтгэх зөвшөөрөл хүссэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/290 дугаар тушаалын хавсралтын дугаар тухайн жилд ханшийн зөрүү гарч 1КГ тутамд 1400 /мянга дөрвөн зуун/ төгрөг болгосноор өмнөх хэрэгжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой журам боловсруулагдаагүй. Бөгөөд тухайн асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд болон Улсын ойн газарт хандсан боловч гэрээ байгуулсан орон нутагтай асуудлаа шийдүүл гэх гэдэг хариу өгсөн.
Иймд гэрээ байгуулсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг дарга, түүний тамгын газар, ойн ангиас гэрээний үнийн үлдэгдэл 16 сая /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хуралдааны өмнө харилцан тохирч би өмгөөлөгчөө байлцуулан бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 онд Ноён голомт ХХК-г Хүдэр сумтай гэрээ хийж байх үед би төрийн сангийн ня-бо-оор ажиллаж байсан. Энэ талаар сайн мэдэж байгаа учраас намайг хариуцагчийн төлөөлөгчөөр томилсон. Бид эвлэрсэн, эвлэрлийн дагуу асуудал шийдүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин самар ургасан жил л самар түүх асуудал яригдана, самар ургах асуудал байгалиас шалтгаалдаг учир зарим жил самар ургадаггүй энэ байдлыг нөгөө талтай ойлгож ярилцсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар болон саналдаа: ...Нэхэмжлэгч тал түүний төлөөлөгч, мөн хариуцагч талын төлөөлөгч нар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээнд асуудлыг тодорхой тусгасан тул шүүхээс гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна гэв.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Н** ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Х** сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдуулан Гэрээний үүргийн үлдэгдэл 16,000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэв.
1. Нэхэмжлэгч Н*** ХХК-ийн нэхэмжилсэн 16,000,000 төгрөгт тооцож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Х*** сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны 10 сарын 07-ны өдрийн №ОДМ-10/2021 тоот гэрээний үүргийг хангаж, түүж бэлтгээгүй 20 тонн хуш модны самрыг ургацын жилд нөхөн түүлгэж бэлтгүүлэхээр харилцан тохирч эвлэрэв.
2. Хуш модны самрын нөөцийг буюу ургацтай жилийн мэдээллийг нэхэмжлэгч, хариуцагч хэн алиндаа мэдэгдэх үүргийг хүлээв.
3. Дээрх байдлаар нөхөн түүж бэлтгэх 20 тонн хуш модны самрын байгалийн нөөц ашигласны болон улсын тэмдэгтийн хураамж, байгалийн нөхөн сэргээлтийн, нөөцийн мэдээлэл таславч тогтоосны төлбөрүүдийг нэхэмжлэгч тал урьдчилсан төлсөн болохыг дурдаж байна.
4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд гарын үсэг зуран баталгаажуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гарган өгч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцов гээд гарын үсэг зуржээ.
Нэхэмжлэгч Н*** ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Х** сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 16.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 16.000.000 төгрөгийг самрын ургацтай жил, самрыг түүж гэрээний үүргийг биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хуульд харшлах зүйлгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 759 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н*** ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг дарга, түүний Тамгын газар /РД:9*******/-аас гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 16.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт самрын ургацтай жил, самрыг түүж гэрээний үүргийг биелүүлэхээр хүлээн зөвшөөрч эвлэрсэн, нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.
4.Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ