Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,

Маргааны төрөл: нэхэмжлэгчид олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Нэхэмжлэгч Ж.Бийн Нийслэлийн дүүргийн 4 дүгээр хороо, тын 5 дугаар гудамж, ******* хаягт байрлалтай 425.4 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг үндэслэн Үйлчилгээний орон сууцны барилга болох 16 давхар, 1 зоорьтой барихаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зургийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулжээ.
  3. Дээрх 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1113 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар шийдвэрээр Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
  4. Ийнхүү Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулж Нийслэлийн Ерөнхий архитектор 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж, дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байна.
  5. Нэхэмжлэгч Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулж Нийслэлийн Ерөнхий архитектор 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаварт “тухайлсан зураг төсөлтэй, давхар талбайн харьцааны 3.2 үзүүлэлтийг баримтлан 1360 м.кв-аас хэтрүүлэхгүй төлөвлөнө” гэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2024/8599 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан Нийслэлийн Ерөнхий архитекторыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

7. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие Ж.Б нь Улаанбаатар хот, дүүрэг. 4 дүгээр хороо, д *******, ******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 425,4 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон, тухайн газар дээрх 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 4/ “… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. …” гэж заасан тул Миний бие нь өөрийн өмчлөлийн газар дээр үйлчилгээтэй орон сууц барихаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Улмаар Үйлчилгээтэй 16 давхар орон сууцны загвар зургийг “Хархорум дизайн” ХХК-иар зуруулж, Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулаад байсан.

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг надад хаяглан “… 2019 оны дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулга дурдсан байсныг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Энэ албан бичгийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй бөгөөд зөвхөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг дурдсан байсан.

Тухайн үед миний бие нь Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан “...миний өмчлөлийн газар дээрх 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгосон захиргааны актаа өгөөч...” гэх агуулгатай хүсэлт гаргахад Хот байгуулалт, хөгжлийн газар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд “... Архитектур төлөвлөлтийн даалгаварыг ийм албан бичгээр ийм байдлаар хүчингүй болгодог...” гэсэн тайлбарыг хэлсэн тул миний бие нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, архитектур төлөвлөлтийн даалгавраа хүчинтэй үлдээхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан захиргааны хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 1 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн 1-д “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, Шүүхийн шийдвэрийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар нь шинэ акт гаргаагүй бол Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичиг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж заасан.

Шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дууссан, энэ хугаацаанд дахин акт гарсан талаар надад мэдэгдээгүй тул миний бие нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг хүчингүй болж миний өмчлөлийн газар дээрх 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар хүчинтэй үлдсэн гэж ойлгож байгаа болно.

Тодруулбал, Хот байгуулалт, хотын стандартын газар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд дахин акт гаргаагүй гэж үзэж байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу бусад барилгын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг Хот байгуулалт, хотын стандартын газар дур мэдэж батлах эрх байхгүй, ямар нэгэн байдлаар захиалагч, зураг төсөл зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд аливаа хүсэлтийг гаргаж байж Хот байгуулалт, хотын стандартын газар буюу төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаа хийдэг. 2024 оны 05 дугаар сард юм уу, 06 дугаар сард ч юм уу? Манайх иргэн Ж.Бээс тухайн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулъя гэсэн ийм агуулгатай хүсэлтийг бол ямар нэгэн байдлаар өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу бид баталчихсан гэдэг агуулгатайгаар тайлбарлаад байгаа. Шүүхийн шийдвэр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор ямар нэгэн захиргааны акт гаргаарай л гэдэг үүрэг өгсөн. Тэгэхгүй бол хүчингүй болгоод байгаа чинь өөрөө хүчингүй болно шүү гэдэг ийм агуулгатай шийдвэр гарсан. Энэ хугацаанд батлагдаагүй. Ямар сайндаа манайх гүйцэтгэх хуудас бичүүлэхээр шүүх рүү хандаад, шүүхээс хүчингүй болчхож байгаа юман дээр дахиж гүйцэтгэх хуудас бичихгүй гэдэг агуулгатай аман тайлбар хэлээд буцааж байсан тохиолдол байгаа. Сая хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байна. Манайх энд тэмдгийг дардаг, дараагүй байхдаа иргэдэд өгдөггүй. Гэхдээ нэг хүн өөр дээрээ удаасан гэдэг ийм агуулгатай тайлбарлачхаж байгаа. Энэ бол одоогийн нөхцөл байдалд буюу Ж.Бийн нөхцөл байдалд тохирохгүй тайлбар. Яагаад гэхээр энэ талд нь шүүхийн шийдвэртэй хугацаа тоологдоод эхэлчихсэн үргэлжлээд явж байгаа. Энэ бол ямар нэгэн байдлаар Ж.Бийн эрх өмнөхөөс нь дээрдээгүй тохиолдолд маргана гэдэг нь ойлгомжтой байсан. Өмнө нь маргаад явчихсан ийм агуулгатай байсан. Тэгэхээр 05 дугаар сарын 27-ны өдөр гэдэг хугацааг талууд аль аль нь ойлгож байсан. Аль болох хурдан энэ шийдвэрийг гаргах шаардлагатай байсан. Өөрөөр хэлэх юм болбол тэр юун дээрээс тогтоогдож байна гэхээр хэдийгээр 06 дугаар сарын 20-ны өдрийн огноотой ажлын албаны тэмдгийг дарж хуудас бүрийг баталгаажуулаад байгаа ч гэсэн дээр нь компьютероор шивэхдээ 05 дугаар сарын 27 гэсэн. Энэ бол шүүхийн шийдвэрийн хугацаанд бид баталсан шүү гэдгийг сүүлд нь тайлбарлах зорилготой. Өнөөдрийн энэ тайлбараа хэлэх зорилгоор 05 дугаар сарын 27-ны өдөр гэдэг. Гэхдээ бүртгэж хуудас бүрээр нь баталгаажуулж иргэдэд олгох боломжтой болгож байгаа хүн өөрийнхөө авсан өдрөөрөө л огноолж байгаа. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр 05 дугаар сарын 27-ны өдөр гэдэг хугацаа тоологдчихсон асуудал үүсэж байгаа гэдгийг төрийн захиргааны байгууллага мэдэж байсан. Гэхдээ авсан хүн нь энийг 05 дугаар сарын 27-ны өдөр баталчхаад байхад нь 06 дугаар сарын 20-ны өдөр ч гэдэг юм уу ингээд дарах энгийн бусад хүлээхэд асуудалгүй байгаа хүмүүс шиг биш. Хугацааны тоолуур яваад байсан. Тийм учраас бусадтай адил ингээд тавьчихсан байсан юм гэдэг ийм тайлбар энэ нөхцөл байдалд нийцэхгүй байна. Тэгэхээр 2 агуулга л байгаа. Эхнийх нь дур мэдэж бусдын газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлах эрх олгогдоогүй, хүсэлт гаргаагүй тохиолдолд тийм эрх олгогдоогүй. 2 дахь нь хэрвээ сүүлд 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан гэж хэлэх гэж байгаа бол шүүхийн шийдвэрт заасан хугацаандаа багтаж гараагүй байна. Тийм учраас өмнөх архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон акт хүчингүй болсноор өмнөх архитектур төлөвлөлтийн даалгавар хүчинтэй хэвээрээ үлдэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад өгөөч гэж хүсэж байгаа” гэжээ.

9. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ дүүргийн 4 дүгээр хороо т *******, ******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 425.4 м.кв газрыг иргэн А.Юд олгосныг үндэслэн 2019 оны ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2019 онд иргэн Ж.Бээс ирүүлсэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтийг судлахад 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар өмчлөх эрх иргэн Ж.Б рүү шилжсэн байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартайгаар шинэчлэгдэн батлагдсан.

Тус газарт Төрийн орон сууцны корпорацаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний 1/410 дугаартай ирүүлсэн албан бичгээр “... 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/415 тоот захирамжийн дагуу баталсан Яармаг орчмын багцын хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн “*******” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 146 нэгж талбар хамаарагдахаас 15 нэгж талбарын эзэмшигч, өмчлөгчид болон иргэн А.Ютэй 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх” хоёр талт гэрээ байгуулсан боловч үргэлжлүүлэн гурван талд гэрээ байгуулахаас татгалзсан тухай албан бичгийг ирүүлсэн.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад “Барилга байгууламж захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах” гэж заасан байх бөгөөд иргэн А.Ю нь архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахдаа Төрийн орон сууц корпорацитай хоёр талт гэрээ байгуулсан тухай мэдээллийг тус газарт ирүүлээгүй нь төрийн байгууллагыг илтэд хуурсан байна.

Загвар зургийн тухайд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Загвар зураг батлагдсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.) 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэн хүчингүй болсон. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь “******* төслийн 1 дүгээр ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын талбайд хамаарч байгаа бөгөөд үүнээс шалтгаалан гүйцэтгэгч компанийн зураг төслүүд өөрчлөгдөх, төслийн ажил удаашрах зэрэг хүндрэлүүд байгаа буюу 131 иргэний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд тус газраас 2019 оны дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болох тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10/769 дугаартай албан бичгээр иргэн Ж.Бд мэдэгдэж, 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх тухай албан бичгийн агуулгыг тайлбарлаж, хүрэлцэн ирж гардаж авах тухай удаа дараа сануулсан боловч мэдэгдлийг гардаж аваагүй, очиж авна гэж хариулсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгээр 2019 оны дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй, 2-д шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар нь шинэ акт гаргаагүй бол Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичиг хүчингүй болохыг мэдэгдсүгэй гэж шүүхийн шийдвэрт тусгасан.

Дээрх шүүхийн шийдвэрийн 3.13, 3.14 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар сонгох боломжийг захиргааны байгууллага албан тушаалтанд олгосон учраас хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс аль нэг боломжийг сонгож, нэхэмжлэгч Ж.Бийн өмчлөх эрхийн зөрчлийг арилгах үр дагавар бүхий дахин шинээр акт гаргах боломжийг олгох нь зүйтэй гэж дүгнэж Ж.Бийн эрхийг сэргээсэн шийдвэрээ гаргах хүртэл уг актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тус газраас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Захиргааны актыг мэдэгдсэн тухайд:

Нэхэмжлэгчийн дүү гэх Ж.Б******* нь нэхэмжлэгчийг төлөөлж тус газарт хэд хэдэн удаа ирж уулзалт хийж байсан бөгөөд Ж.Б*******ийн ******* дугаар луу залгаж шинэ архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тухай мэдэгдсэн. Утсаар ярихад “За ойлголоо өөрөө очиж авна гэж хэлсний дагуу захиргааны байгууллагаас баталгаат шуудангаар хүргүүлээгүй болно.

дүүрэг 23 дугаар хороо Хангарьд ордны А блок, 2 давхар 205 тоот өрөөнд 2024 орны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Б******* иргэн, аж ахуй нэгжүүдийг хүлээн авч уулзсан. Ж.Б******* нь мөн адил газрын даргатай холбогдох хэд хэдэн асуудлаар уулзаж, барилгын тухай хууль болон холбогдох норм дүрэмд нийцүүлэн шинэ архитектур төлөвлөлтийн даалгавар батлах асуудлаар ярилцаж байр сууриа илэрхийлсэн байдаг. Шинэ даалгавар олгох эсэх асуудлыг огт мэдээгүй байсан гэх зүйл огт байхгүй болно.

Иймд 2024 оны ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “… шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ж.Бд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Тус архитектур төлөвлөлтийн даалгавар нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна гэсний дагуу нэхэмжлэгийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй өнөөгийн барилагажилтын нөхцөл байдалтай уялдуулж барилгажих боломжит хэмжээгээр барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэмд нийцүүлэн баталсан болно.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурьдагдаж байгаа батлагдан гарсан өдрөө мэдэгдээгүй гэдэг нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч уг актыг хэзээ мэдсэн бэ гэдэг талаар тайлбарлаж маргадаг. Иргэн Ж.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* гэж хүн байдаг. Энэ хүн нь Хот байгуулалт, хотын стандартын газар, Хот байгуулалт хөгжлийн газар, бүр цаашилбал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нэртэй байхад нь тухайн хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан архитектор хүн. Энэ хүн манай байгууллагын архитекторууд болон бид бүхнийг таньдаг мэддэг. Тэгээд энэ акт батлагдсаны дараа буюу 05 дугаар сарын 27-ны маргаан бүхий даалгавар батлагдахаас өмнө буюу 04 дүгээр сарын 27, 28-ны өдөр хавьцаа Нийслэлийн Ерөнхий архитектор Г.Б******* гэдэг хүн Ж.Б******* болон Аргамаг компанийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Энэ уулзалтаараа Ж.Б*******ад уг шүүхийн шийдвэрийн дагуу ийм даалгавар батлагдаж байгаа гэдэг талаар мэдээлэл өгсөн байдаг. 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсаны дараа миний бие Ж.Б******* гэдэг хүн рүү утсаар ярьсан байдаг. Би утсаар ярьсан тэмдэглэл буюу албан ёсны зүйлийг тэмдэглэж баталгаажуулж аваагүй нь миний хувийн алдаа. Гэхдээ би “05 дугаар сарын 27-ны огноотой танай дээр ийм даалгавар батлагдаж байгаа шүү, та ирж аваарай” гэдгийг Ж.Б*******ад ах дүүгийн харилцаатай гэдэг юм уу, танил талын харилцаагаараа би актын талаар мэдээлэл хүргээд утсаар ярьсан. Тэгэхэд “би хөлөө гэмтээчихлээ одоо танай руу нэг ажлаар очно тэгэхдээ би даалгавраа гардаад авчихъя” гэдэг харилцан яриа утсаар өрнөөд дууссан байдаг. Тэгээд дуусаад дараа нь манай өрөөгөөр орж ирсэн. Орж ирэхэд нь би “та нээрээ даалгавраа аваагүй байгаа шүү дээ, аваарай” гээд би ажлын алба руу ороод даалгаврыг нь аваад өөрт нь нэг хувийг нь өгсөн байдаг. Нөгөө хувь нь манай архивд хадгалагдаж байгаа. Өнөөдрийн энэ даалгаврыг хүчингүй болгож өмнөх даалгаврыг сэргээх гээд байгаа барилгын норм дүрэм зөрччихөөд дараа дараагийн барилгажих боломжгүй актыг метр квадратын зөрөө дээр үндэслэж сэргээх гээд байгаа нь боломжгүй нөхцөл байдалтай. Таны туйлын хүсэл юу юм бэ? барилгажих боломжтой байдлаар таны эрх ашгийг хангаад байхад яагаад ийм боломжгүй даалгаврыг сэргээх гээд байгааг нь ойлгохгүй байна. Хоёрдугаарт тэр даалгаврыг ямар боломж нөхцөлөөр ч гэдэг юм уу, яаж батлуулж авсан нь бас асуудалтай. Тэгээд өмнөх шүүхийн маргаан дээр ч гэсэн даалгавар олгосон тал дээр хэн нэгэн ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин албан бичгээр цуцалсан агуулга дээрээ маргаж байсан байдаг. Тэгээд зөвхөн уг маргаан бүхий акт дээр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэж бичээгүй. А даалгавар манайхаас буюу Нийслэлийн Ерөнхий архитектор болон Хот байгуулалт, хотын стандартын газраас боловсруулж хянагдаж батлагдаж гарахдаа энэ загвар, ийм дараалалтай, ийм агуулгаараа гардаг. Зөвхөн шүүхийн шийдвэрийн 02 дугаар сарын 27-ны өдрийг 05 дугаар сарын 27-ны өдөр гэдэг байдлаар даалгаврыг батлаагүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг даалгавар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг хөндсөн нь ойлгомжгүй тодорхойгүй байгаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
  2. Иргэн Ж.Бийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон ”Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1113 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар шийдвэрээр Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.”Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;” Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9.”Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.” гэж зааснаар шүүхийн дээрх шийдвэрт хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гараагүй тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцоход Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд батлан гаргасан байна.

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.“Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;” гэж заасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаварт 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий архитекторын ажлын албаны тэмдэг дарсан нь түүнийг батлан гаргасан огноонд хамаарахгүй гэж үзлээ.

  1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.”Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заасанд нийцүүлэн нийтийн газрын 60%-д тааруулж хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан гаргажээ.

4.1. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар шийдвэрт “... 3.11.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэх эрх олж авсан ******* ТӨХХК нар нь Ж.Бийн хувийн өмчийн халдашгүй байдлын үүднээс түүнтэй тохиролцох, мөн түүний хийж гүйцэтгэхээр зорьж байгаа ажил нь Эко яармаг-1 төслийн зорилго, агуулгатай нийцэж байгаа тул төсөлдөө хамруулах талаар судалж үзэх, эсхүл түүний газрыг өөр газраар сольж барихаар төлөвлөсөн барилгыг үргэлжлүүлэн барих боломж олгох зэрэг түүний эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэх олон сонгох боломжууд байна. … 3.16.Энэ шүүхийн шийдвэр нь хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Бтэй харилцан тохиролцож түүний хэрэгжүүлэх төслийг ******* ТӨХХК-ийн төсөлтэй уялдуулах, эсхүл Б.Бд өөр байрлалд газар олгож, түүний төслийг дэмжих, өөр бусад боломжуудыг сонгож шинээр шийдвэр гаргаагүй тохиолдолд Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичиг хүчингүй болох, Ж.Бийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар сэргэх хууль зүйн үр дагавартай болно. …” гэж дурдсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохгүйгээр хуульд нийцүүлэн дахин гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд “Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан иргэн Ж.Бээс Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН