Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

 

2024      01         16                                             2024/ДШМ/02

 

*******д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Алимаа, Н.Очирбат, нарийн бичгийн дарга, Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000221 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн ******* ургийн овогт Баярсайханы Баясаа, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* ******* төв уурын зууханд галч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* оршин суудаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 48/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосгон уул ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Хуавэй Б612эс-25д (Huawei B612s-25d) загварын үүрэн холбооны гэр интернэт төхөөрөмж хулгайлан авч 120'000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт Баярсайханы Баясааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.5 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож гэр интернэт төхөөрөмж 1 ширхгийг, 1 ширхэг залгуурын хамт хохирогч Тоосгон уул ХХК-д буцаан олгож, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, Д.Алимаа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Тоосгон уул ХХК-д 120,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* байгууллагын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж зааж өгсөн бөгөөд давж заалдах шатны шүүхэд тухайн зүйл заалтыг хэрэглэж болохгүй гэж зааж өгөөгүй буюу хэрэглэж болохоор байна.

5.2 Иймд гэмт хэрэг үйлдсэн шинж, хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хйиж шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******г 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* ******* 5 дугаар (Баянхошуу) багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосгон уул ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Хуавэй Б612эс-25д (Huawei B612s-25d) загварын үүрэн холбооны гэр интернет төхөөрөмж хулгайлан авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* ******* 5 дугаар (Баянхошуу) багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосгон уул ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Хуавэй Б612эс-25д (Huawei B612s-25d) загварын үүрэн холбооны гэр интернет төхөөрөмж хулгайлан авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч Лхамхүү нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар гэр интернет төхөөрөмж хурааж авсан, үзлэг хийсэн тэмдэглэл,  төхөөрөмжид үнэлгээ тогтоосон тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

5.1 “Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч манай байгууллагын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13ы өдрийн 2023/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******г 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 (хоёр) жилийн” гэснийг “1 (нэг) жилийн” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай. 

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧ                                              Д.КӨБЕШ

 

                                                ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР