Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0072

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0072

Улаанбаатар хот

С.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 924 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 924 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С-д холбогдох хэсэг буюу С.С-ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн С.С-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0924 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С-д холбогдох хэсэг буюу С.С-ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 тоот захирамжаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д Инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 4-ийн 210 МВТ-ын дулааны дэд станцаас гарсан уурын шугамыг дагуулан У-18 дугаар цэг хүртэл 2Ф800 мм-ийн шинээр барих 4.2 км дулааны шугам, түүний хамгаалалтын бүсэд зориулан 5.04 га газар эзэмших эрх олгосон байна.

Нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 тоот захирамжаар 1702 м газрыг аж ахуйн зориулалтаар олгосон газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн үед нийслэлийн Засаг даргын 2014 оны А/273 захирамжаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д газар эзэмших эрх олгосон байдаг.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжийн 1.3 дахь заалтын С.С-д холбогдох хэсэг буюу С.С-ын эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0924 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.

Нэхэмжлэгч С.С-с Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамж нь газар эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, тус захирамжийн 1.3 дахь заалтаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн зориулалтаар олгогдсон газарт дулааны шугамын ажлыг хийхдээ миний эзэмшил газрын дундуур явуулж байгаа нь газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна, газрыг түрээсэлж тодорхой орлого олох боломжтой байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ... Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон газар нь 2 дугаар цахилгаан станцын хамгаалалтын бүсэд олгогдсон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч С.Соёмбыг газартай давхацсан хэсгийг хүчингүй болгохдоо Улсын дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолыг үндэслэсэн нь учир дутагдалтай байна.

Улсын дээд шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.С-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн боловч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д нэхэмжлэгчийн газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нөхцөл байдал, үйл баримт өөрчлөгдсөн байх тул урьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсны дараа тухайн газарт, өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр татах дулааны төв магистрал шугамын трассыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/482-15 дугаар зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу хийгдсэн гэх хариуцагчийн тайлбар, тухайн газар дээгүүр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 113 дугаар тогтоолын дагуу хотын баруун хэсгийн дулаан хангамжийг сайжруулах дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор 4.2 км-ийн урттай дулааны шугамын ажил хийгдэж байгаа гэх гуравдагч этгээд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн тайлбаруудаас үзэхэд маргаж буй газар нь цаг хугацааны хувьд хэдийд инженерийн шугам сүлжээний зориулалтаар төлөвлөгдсөн байсан, хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, тусгагдсан бол ямар байдлаар тусгагдсан, Нийслэлийн Засаг дарга тухайн газрыг шугам сүлжээний зориулалтаар олгохоос өмнө Газрын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх, тухайн газрыг эзэмших эрх олгох нь дүүргийн Засаг дарга эсвэл Нийслэлийн Засаг дарга нарын хэнийх нь эрх хэмжээний асуудал болох талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д дулааны шугам барих зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хэдий хэмжээний газар давхцаж байгаа, дулааны шугам, аль хэсгээр явж байгаа, уг шугамын хамгаалалтын зурвас хэдий хэмжээний газрыг хамарч байгаа, нэхэмжлэгчээс дулааны шугамд ороогүй зэргэлдээ газрыг шилжүүлэн авахаар хандаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна энэ асуудлаар талууд маргаагүй гэж дүгнэх боломжгүй, эдгээр нөхцөл байдал тодорхой болсноор нэхэмжлэгчээс маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэгдэхийг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 924 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ