Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 117

 

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Засаг дарга,

Архангай аймгийн Боловсрол, соёл

 урлагийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг

                                                       Х.Батсүрэн

                                                       П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

            Нэхэмжлэлийн шаардлага: “Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.Аыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай”

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2018/0036 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0101 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2018/0036 дугаар шийдвэрээр: 1. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ааас Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу F үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Б.А-ыг ажлаас халах тухай Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газарт/-д даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0101 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2018/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан.

4. Хариуцагч Боловсрол, соёл урлагийн газраас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу нэхэмжлэгч Б.А-ын үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, хангалтгүй буюу “F” үнэлсэн. Гэтэл захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ярилцлага хийж, үнэлгээг танилцуулаагүй... хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй, хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Гэтэл аймгийн Засаг дарга нь өөрийн эрхлэх хүрээний агентлагаар дамжуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах эрхтэй. Мөн Боловсрол, соёл урлагийн газрын бүрэн эрхийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” гэж тусгайлан заажээ.

5. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг ...хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, Төсвийн тухай хуулийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд...”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж хариуцагчийн эрхийг тусгайлан заасан. Энэ нь нэхэмжлэгч Б.А-ын гэрээний биелэлтийг Боловсрол, соёл урлагийн газар үнэлж, аймгийн Засаг даргад ирүүлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас хариуцлага тооцсон нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй гэж үзэж байна.

6. Нэхэмжлэгчийн гэрээний биелэлтийг хэрхэн дүгнэсэн, ямар ямар ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас илэрхий байтал захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хариуцагчийн зүгээс зөрчил дутагдал огт гаргаагүй этгээдэд хариуцлага тооцсон зүйл огт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

7. Дээрх баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэт нэг талыг /гаргасан зөрчлийг үл хайхарч/ барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

8. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0036 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0101 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          10. Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “F” үнэлгээгээр үнэлсэн, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар “... аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр Б.Аыг “үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалж” шийдвэрлэсэн, Б.А уг тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан үндэслэлээ “...миний үр дүнгийн гэрээний тайланг үнэлж дүгнэхдээ Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн, ... илт хууль бус захиргааны акт юм, ... /үүнийг/ үндэслэн ажлаас халсан ... нь хууль бус” гэж, хариуцагчаас “...Б.А нь жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээр нийт 8.9 оноо буюу F үнэлгээ авсан, үүний дагуу аймгийн Боловсрол, соёлын газрын  даргаас Б.Аыг ажлаас халах арга хэмжээ авах санал ирүүлснийг үндэслэн ажлаас халсан ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “төсвийн шууд захирагч ... нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах”-аар заасныг үндэслэн Үр дүнгийн гэрээ байгуулсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газар Б.А-ын 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “F” үнэлгээгээр дүгнэж, тус газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр уг дүнг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

            12. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “... .аймаг .../-ийн/ Засаг дарга тухайн шатны орон нутгийн ... төсвийн /ерөнхийлөн захирагч байх/”-аар, 16 дугаар зүйлийн 16.4.18-д “...төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн ... /шууд захирагч байх/”-аар заасны дагуу Архангай аймгийн Засаг дарга нь “төсвийн ерөнхийлөн захирагч”, тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А нь “төсвийн шууд захирагч” бөгөөд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  “төсвийн шууд захирагч ... нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах”-аар, 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх”-ээр тус тус заасан байх тул хариуцагч Архангай аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газарт “төсвийн шууд захирагч” Б.А-ын 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг  үнэлж, дүгнэх эрх хуулиар олгоогүй гэж үзнэ, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй зөв байна.

            13. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Боловсролын газар хэрэгжүүлэхээр заасан нь Төсвийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхэд хамаарахгүй тул энэ үндэслэл дурдаж гаргасан хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

            14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ... /тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох/”-оор заасан, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах буюу “төсвийн шууд захирагч”-ийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэсэн хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын маргаан бүхий үнэлгээ илт хууль бус болох талаар шүүхүүдийн дүгнэлт зөв, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу нэхэмжлэгч Б.А-ын үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, хангалтгүй буюу “F” үнэлсэн ... /нь хууль зөрчөөгүй/, ... ирүүлсэн үнэлгээг үндэслэн аймгийн Засаг дарга хариуцлага тооцсон нь ... /хуульд нийцсэн/, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг огт зөрчөөгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            15. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... /тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болох/”-оор, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “... ажлаас халах /сахилгын шийтгэлийг эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ногдуулах/”-аар, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т “... /үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь/ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ... хариуцлага тооцох”-оор тус тус заасан, нэхэмжлэгч Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “F” үнэлсэн үнэлгээ нь дээрх байдлаар илт хууль бус болох нь тогтоогдож байх тул  “... өмнө нь сануулах сахилгын шийтгэлтэй байсан, жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээр нийт 8.9 оноо буюу F үнэлгээ авсан  .../-аар/ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр  нэхэмжлэгч Б.Аыг “үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар шийдвэрлэсэн Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий Б/18 дугаар захирамж нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т заасантай тус тус нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн шүүхийн шийдвэр, магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байна.

            16. Иймд, хариуцагч  Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэт нэг талыг /гаргасан зөрчлийг үл хайхарч/ барьж, хууль буруу хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 109/ШШ2018/0036 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0101 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА