Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 584

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би иргэн Х.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн   Засаг  даргын   2015   оны   6   дугаар   сарын   25-ны   өдрийн А/550 тоот захирамжийн Х.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Б******* миний 2900 м.кв газрыг "үйлчилгээний зориулалтаар" эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тухайн зориулалт, хэмжээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, “Б*******" ХХК-ийн захиалгат "Оффис-үйлчилгээ, авто зогсоолын зориулалттай барилга байгууламжийн техникийн төсөл"-ийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлахдаа Х.Б******* миний эзэмших эрх бүхий 2900 м.кв газрыг оруулан баталсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б*******гийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан зөвшилцөж, тухайн  маргаан бүхий нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хамтран төсөл хэрэгжүүлэх байдлаар нэхэмжлэгч Х.Б******* болон гуравдагч этгээдээр оролцож буй “Х*******” ХХК-иудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Хамтран ажиллах” гэрээг байгуулаад байна. 

    Ийнхүү дээрх асуудлаар талууд харилцан тохиролцож, маргааны шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг иргэн Х.Б******* нь гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гаргах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

          Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б******* нь өөрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******т нэхэмжлэлээс бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг итгэмжлэлээрээ олгосон болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                        Л.ӨЛЗИЙСАЙХАН