Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

      М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн

      нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Уранчимэг,

            ялтан М.Баяраагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            ялтан Э.Содномцэрэн, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр,                                           

            ялтан А.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт холбогдох 201525031669 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Мөнхөөгийн Баяраа, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; албан ёсны оршин суух хаяггүй,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1234 дүгээр тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын үндэслэн эдлээгүй үлдсэн 13 жил 5 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

            2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

            2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 cap 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтэрсэн. /регистрийн дугаар: У392010195/

 

            2. Өндөрийнх овгийн Эрдэнийн Содномцэрэн, 1992 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 47а тоотод оршин суух,

            2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх. /регистрийн дугаар: АЮ92061614/

 

3. Шаргачин овгийн Алтанбулагийн Лхагвасүрэн, 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскваторын операторч мэргэжилтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 9 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ93091554/

 

М.Баяраа нь давтан үйлдлээр, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын урд талын авто зогсоолд байрлуулсан С.Жанхорын эзэмшлийн 08-02 УБҮ улсын дугаартай автомашины баруун хойд талын хаалганы жижиг цонхыг хагалан орж, эд зүйл хулгайлан 2.129.840 төгрөгийн хохирол учруулсан,

М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нар бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Г 524б тоотод оршин суух Д.Алтанзагасын байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1015в тоотод оршин суух Д.Золзаяагийн байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 74 дүгээр гудамжны 816б тоотод оршин суух С.Мөнхжамбын гэрийн хаалгыг эвдэн орж хөөрөг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.Лхагвасүрэн нь Э.Содномцэрэн, М.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Г 524б тоотод оршин суух Д.Алтанзагасын байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

М.Баяраа /ялтай байхдаа/, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлснаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.Баяраад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил хорих ял оногдуулж, М.Баяраад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, М.Баяраагийн цагдан хоригдсон 117 хоног, Э.Содномцэрэнгийн цагдан хоригдсон 10 хоног, А.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 14 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, эд хөрөнгө битүүмжлээгүйг, шүүгдэгч Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Баяраагаас 2.129.840 төгрөг гаргуулж хохирогч С.Жанхорт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Баяраа гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь цагдан хоригдож байхдаа Содномцэрэн, Лхагвасүрэн нартай хамтран хийсэн хэргээ үнэн зөвөөр мөрдөн байцаагчид хэлж, мэдүүлэг өгсөн. Харин шүүхийн шатанд хэрэгтэй уншиж танилцуулаагүй. Байцаагч хэрэгтэй танилцах шаардлагагүй гэсэн. Учир нь би бичиг үсэг огт мэдэхгүй, хэл ярианы хөгжил муугаас болоод бичиг үсэг сураагүйн дээр бүтэн өнчин хүн юм. Асрах төвд  2004 оноос 2006 оны хооронд амьдарч байгаад хэрэгт холбогдон ял эдэлсэн. Улмаар Нарантуул худалдааны төвд тэрэг түрж хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөөрөө айлын хашаанд түрээсийн байшин хөлсөлж амьдардаг байсан. Тэр үед Содномцэрэн, Лхагвасүрэн нартай танилцаж найз нөхөд болсон. Уг хэрэгт холбогдож дахин гэмт хэрэгт хийхдээ давтан, хөөн хэлэлцэх хугацаатай гэдгийг ойлгож ухамсарлаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Э.Содномцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.” гэв.

 

            Ялтан А.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй.” гэв.

 

Ялтан М.Баяраагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Баяраа бичиг, үсэг мэдэхгүй гэдгээр өмгөөлөгчөөр томилогдон оролцож байгаа. М.Баяраагийн хувьд тухайн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжиж байна. Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээндээ шийдвэрлэнэ үү.” гэв.

 

Ялтан Э.Содномцэрэнгийн өмгөөлөгч Д.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13ы өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан. Шүүгдэгч Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нар нь хохирлоо барагдуулж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болсон учраас шүүх тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.    

 

Ялтан А.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү. Ялтан М.Баяраагийн гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт А.Лхагвасүрэнг 14 хоног цагдан хоригдсон гэж алдаатай бичсэн. Тэрээр цагдан хоригдоогүй юм. Техникийн алдаа гарсан учраас өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоохын зэрэгцээ зөвхөн гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа тэдний эрхийг хасч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагаа явуулаагүй, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

1. М.Баярааг 4 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад мөрдөн байцаалтын шатанд зөвхөн хохирогч С.Жанхорын эд зүйлийг хулгайлсан хэрэгт яллагдагчаар татаж, байцаасан /1-р хх 179-182/, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарыг 3 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад Э.Содномцэрэнг хохирогч Д.Алтанзагас, Д.Золзаяа нарын эд зүйлийг хулгайлсан хэрэгт, А.Лхагвасүрэнг зөвхөн хохирогч Д.Золзаяагийн эд зүйлийг хулгайлсан хэрэгт тус тус яллагдагчаар татаж байцаасан /1-р хх 183-190/ нь хууль бус гэж үзнэ.

 

Яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэлд холбогдсон хэргийг бүхэлд нь хамруулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, гомдол гаргах, тухайн хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгөх, баримт сэлт гаргах, нотлох баримт шалгуулах гэх мэт яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.     

 

2. Хохирогч С.Жанхорын мэдүүлгээс үзэхэд түрийвч, монетон гинж, 1,000 ам.доллар, 200,000 төгрөг хулгайд алдсан гэжээ. /1-р хх-10/ Тухайн өдрийн Монгол банкны ханшаар ам.долларыг тооцож, бэлэн мөнгийг нэмбэл 2,192,840 төгрөг болж байна. Үүн дээр түрийвч, монетон гинж 130,000 төгрөгөөр үнэлэгдсэн /1-р хх-15/-ийг нэмж үзвэл 2,322,840 төгрөгийн хохирол учирсан тооцоо гарч байгаа нь яллах дүгнэлтээс зөрүүтэй.

Хохирогч Д.Алтанзагасын алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 2,415,000 төгрөг /1-р хх-219/ болсон байхад прокурорын яллах дүгнэлтэд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан мэтээр буруу бичсэнээс гадна алдагдсан гар утсыг хохирлын тооцоонд оруулаагүй зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг ба уг хохирол хулгайлагдсан эд хөрөнгийн төрөл, тоо хэмжээ, шинж чанараар тодорхойлогддог. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд “... эд зүйл хулгайлж...” гэж хэт ерөнхийлөн тусгаж хохирогчдын чухам ямар нэр төрлийн, хичнээн төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлагдсан болохыг бичилгүй орхисон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураахыг шүүхэд үүрэг болгосон бөгөөд хуулийн энэ заалтын биелэгдэх боломжийг хангах зорилгоор мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоож, битүүмжилсэн, эсхүл хураан авсан байх учиртай.  

 

            Гэтэл А.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх автомашиныг мөрдөн байцаалтын шатанд тогтоож дээрх хуулийн заалтыг биелүүлэх талаар байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд хохирогч Д.Алтанзагасын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн тухай дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн А.Лхагвасүрэнг М.Баяраа, Э.Содномцэрэн нартай бүлэглэн хохирогч Д.Алтанзагасын эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдоогүй гэж үзсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байтал мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн, А.Лхагвасүрэн цагдан хоригдоогүй байхад 14 хоног цагдан хоригдсон гэх мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.             

            Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул М.Баяраагийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Баяраа, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол М.Баяраад урьд авсан цагдан хорих, Э.Содномцэрэн, А.Лхагвасүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                                       

                                    ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

                                               

                                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН