| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00410/И |
| Дугаар | 307/ШШ2025/00580 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2025/00580
2025 04 15 307/ШШ2025/00580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00410/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж, ******** давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 17 дугаар баг, Өргөө, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ад холбогдох,
"Зээлийн гэрээний үүрэгт нийт 712,550 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
/хариуцагч М.*******ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан 712,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 305,825 төгрөг, зээлийн хүүд 283,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,755 төгрөг нийт 712,550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М.******* нь нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 27-ны өдөр өөрийн цахим шуудангаар хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 06-ны өдөр 211223-42219 дугаартай зээлийн гэрээ байгуулан 320,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 1552 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа тул зээлийн төлбөрийн үлдэгдэл 305,825 төгрөг, хүү 283,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,755 төгрөг, нийт 712,550 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т: Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.******* нь нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 27-ны өдөр өөрийн цахим шуудангаар хүлээн авсан боловч дээрх хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй, мөн 2025 оны 04 сарын 11-ний өдөр түүний 85770810 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд За ойлголоо гэсэн хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын үйлдсэн шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
5. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч талын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т: зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
6. Хариуцагч М.******* нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан атлаа хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,652 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 21,652 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.*******аас 712,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,652 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ