Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 307/ШШ2025/00593

 

 

 

 

 

 

 

2025 04 16 307/ШШ2025/00593

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ********* өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

"Тээврийн хөлс нийт 1,118,513,481 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, Б.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б.*******

Гэрч: Г.-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-иас нийт 1,118,513,481 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХХК нь ******* Төмөрлөгийн ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүдэр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний хугацаа явц дундаа сунгагдаад, нэмэлт өөрчлөлт ороод 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан. ******* ******* ХХК-ийн менежер Г.-, ******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн холбогдох албан тушаалтан, тээвэр ложистик хариуцсан дарга нартай худалдан авалтын талаар очиж уулзаж гэрээ байгуулах талаар тодруулахад худалдан авалтын хэлтсийн дарга Б.Туглацогт манайх дараагийн тендерийг зарлана, тэр хүртэл тээврийн ажлыг зогсоохгүй, ажил саатуулахгүй явуулж бай, танайхтай нэмэлт гэрээ байгуулна гэж хэлсэн. Үүний дагуу тээврийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Энэ явц дундаа дээрх тухайн албан тушаалтнуудтай холбогдоод гэрээ хийгдэж байна уу? гэхэд холбогдох албан тушаалтнууддаа танилцуулж байна, дарга байхгүй байна гэдэг асуудлыг хэлээд яваад байсан. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 39 тээврийн хэрэгслээр 1667 тээвэр хийж, 151,667.4 тонн хүдэр тээвэрлэж хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд ******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.тэй тооцоо нийлсэн байдаг. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу гэрээ дууссанаас хойших 806,535,270.1 мөнгө гэдэг акт үйлдээд харилцан баталсан байдаг. Үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гэрээний дагуу 41,999.6 тонн хүдрийг тээвэрлэж, 311,943,666 төгрөгийн тээврийн хөлсний авлага дахин үүсэж, нийт төлбөрт 1,118,513,481 төгрөг болсон боловч хариуцагч нь одоог хүртэл төлбөрийг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Талууд хүдэр тээвэрлэсэн үйл баримт болон тээврийн хөлсний үнэлгээний талаар маргаагүй болохыг дурдах байна. Харин хариуцагч байгууллага бол эрхгүй этгээд зөвшөөрч тээврийг хийлгэсэн гэдэг агуулгаар маргаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон ******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн хооронд анх 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулагдсан. Үндсэн гэрээний сунгасан хугацаа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч байгууллагаас ******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн албан тушаалтнуудтай уулзаж, амаар зөвшөөрөл олгож, ажлыг эхлүүлэх санал тавьсны дагуу тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Энэ нь итгэмжлэл огт хийгдээгүй эсхүл хийгдсэн боловч хожим нь хүчин төгөлдөр бусад тооцуулахад хэлцэл хийсэн этгээд буюу гуравдагч этгээдийн эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт байдаг. Компанийн зүгээс хэд хэдэн албан тушаалтан гарын үсэг зурж, бичгийн гэрээ байгуулагддаг. Худалдан авах ажиллагааны газруудад тээвэр ложистик хийгдсэн тухайн тээврийн гэрээг сунгах талаар урьдчилсан байдлаар амаар хэлээд дараа нь бичгээр байгуулагдсан асуудлууд байдаг. Яг энэ зарчмаар гэрээг бол сунгагдах юмаа энэ ажлыг тасалдуулахгүй хийгээч ээ гэсэн нь гэрч н.ын мэдүүлгээс харагдаж байна. Тухайн үед гадна тээврийн зөвшөөрөл өгсөн хүн нь манай хүн мөн байсан. Гэхдээ би зөвшөөрөл олгоогүй байсан хэдий ч удирдлагууддаа танилцуулъя, гэрээний төсөл боловсруулсан гэх гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Мөн энэ асуудлаар гэрч Г.- мэдүүлсэн. Итгэмжлэл олгосон эсэхийг мэдэх боломжгүй. Тээвэрлэлттэй холбоотой асуудлыг тухайн албан тушаалтан гэрээний хугацааг сунгана гэж амаар хэлж байсан учраас энэ хүмүүс шууд төлөөлсөн эсэх талаар мэдэх боломжгүй байсан юм. Мөн дээрээс нь тээврийн ажил хийгдэж байх явцад нэхэмжлэлд дурдсан сар гаруйн хугацаанд ******* Төмөрлөгийн *******ийн зүгээс, эрхтэй этгээдүүдийн зүгээс зогсоох, хугацаа чинь дууссан шүү гэдэг талаар мэдэгдэл тайлбар ирүүлж байгаагүй. Харин ирүүлсэн даруйд нь буюу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор энэ тээврийг зогсоосон. Хуулийн этгээдийг эрхгүйгээр төлөөлөх этгээд сар гаруй хугацаанд буюу гэрээ дууссан гэдгийг мэдсэн. Дээр дурдсанчлан харуул хамгаалалттай, албан бичгээр цохолт хийгээд пүүлэгч нар пүүлээд тооцоо гаргаад, нягтлан тооцоо нийлж байна гэдгийг гүйцэтгэх захирал нь мэдсээр байж төлөөлөх эрхгүй этгээдэд зөвшөөрөл олгоод, тээвэрлэлт хийж байхад үйл ажиллагааг хориглоогүй. ******* ******* ХХК-иас манай гэрээний хугацаа сунгагдсан байна гэж ойлгоод, гэрээний үүргээ биелүүлсэн. Дээрх зохицуулалтаар бол нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хамгаалагдах ёстой гэж үзэж байна. Мөн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацааг манай талаас сунгагдсан гэж үзэж байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ? гэхээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, уурхайгаас тухай бүрд нь цохолт хийгээд зөвшөөрсөн байдал, зааварчилгаа өгөөд хүдэр тээвэрлэлт хийсэн нь нотлогдож байгаа юм. Уг гэрээний дагуу ******* ******* ХХК нь ******* Төмөрлөгийн ******* ХХК-иас ирүүлсэн материалын дагуу хаана, хаашаа, хэдэн тонн төмрийн хүдрийг тээвэрлэх талаар зааврыг авч ажлыг хийсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар 1,118,513.481 төгрөгийг хариуцагч ******* Төмөрлөгийн ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. Энэ хугацаанд ******* ******* ХХК-иас хүн хүч, шатахуун, машин техникийн элэгдэл гэсэн дээрх зардлыг гаргаж, ******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн хүдэр тээвэрлэх худалдах, худалдан авах гэрээний дагуу компаниудад хүргэж өгөх ажлыг ******* ******* ХХК хийж гүйцэтгэсэн гэв.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу ******* ******* ******* ХХК-иас зарласан нээлттэй тендерт шалгарч, 2022 оны 10 сарын 20-ны өдөр хүдэр тээвэрлэлтийн гэрээг хийж, тээврийг гүйцэтгэсэн. Дээрх гэрээний хугацаа дууссан тул талууд харилцан тохиролцож, тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасныг үндэслэн тус гэрээний ажлыг нэмэгдүүлэн хугацааг нэг жилээр буюу 2024 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, хүдэр тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг байгуулан хамтран ажилласан.

Нэхэмжлэгч тал хүдэр тээвэрлэлтийн гэрээ ба нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдтэй холбоотой үүргийн гүйцэтгэл дээр маргаагүй гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан үеийн ажил гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийн асуудлаар ******* ******* *******т ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг дурдан нэхэмжлэлд тусгасан нь тухайн ажилтнууд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий, хууль ёсны эрх зүйн үр дагавар үүсгэх этгээдүүд мөн эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлага бий болж байна.

******* Төмөрлөгийн ******* ХХК-ийн анхны үнэлгээний үнэ нь 3,976,000,000 төгрөг байсан бөгөөд 2 удаагийн нэмэлт өөрчлөлтүүдээр гэрээний үнэ 2,077,318,000 төгрөгөөр нэмэгдэж нэхэмжлэгч тал нь төлбөрөө авсан байдаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй бол уг нэмэлт, өөрчлөлт илт хууль бус байна гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно, 40.1.1-т захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах гэж заасан. Яг энэ агуулгаар төрийн аудитын газрыг хамгийн том шалгалтын байгууллага юм болов уу? гэж боддог. Үүний дагуу шалгагдаад гэрээ хууль бус гэж тогтоогдоод манай дээр шаардлага нь ирсэн. Нөгөө талаас 2 хуулийн этгээд байсан бол иргэний эрх зүйн чөлөөт зарчмын дагуу боломжтой гэж харж байна. Гэтэл нэг талд нь төрийн өмчит хуулийн этгээд байна. Анх сонгон шалгаруулж эхлэхээс энэ хуулийг баримталж явдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриагаар А цэгээс Б цэг хүрсэн энэ маргаан хоёр хуулийн этгээд байсан бол яах аргагүй хэлэх үг байхгүй. Нотлох баримтын 96 хувь нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байдаг. Манайхаас гаргасан нотлох баримт цөөхөн байгаа. Гэхдээ энэ эрсдэл нь буцаад хүчин төгөлдөр байх юм уу? шалгаж тогтоодог байгууллага нь гаргаад ирсний дараа шүүх шийдвэрээ гаргасан байсан бол арай үнэнд нийцэх болов уу гэсэн бодолтой байна Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Компанийн тухай хуульд зааснаар хэлцэл хийгээд байгаа этгээдүүдэд компанийн гүйцэтгэх захирал буюу удирдлагаас хэлцэл хийх итгэмжлэл буюу эрх олгосон шийдвэр байхгүйг дурдаж байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 806 сая төгрөгийн асуудлыг нэхэмжлэгч талаас ярьж байна. Жишээ нь: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын баталсан санхүүгийн анхан шатны бүртгэлийн журам гэж байдаг. Энэ журам дээр баталсан маягтын дагуу хийгддэг. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх ёстой. Үүнийг зөрчөөд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн. Энэ журмаараа нягтлан бодогч зөвшөөрсөн тамга тэмдэг байх ёстой. Манайх төрийн өмчит компани бөгөөд аливаа шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр, гагцхүү хууль журамд захирагдах ёстой. Нэмэлтээр тээвэрлэлт хийгдсэн. Б. гэдэг хүнийг дурдаад зөвшөөрсөн гэдэг утгаар тээвэр хийсэн. Гэвч Б. нь өөрөө мэдүүлэгтээ надад тийм эрх мэдэл байхгүй, холбогдох албан тушаалтанд дамжуулж өгнө гэдэг агуулгаар няцаадаг. Шүүхэд хууль сануулаад мэдүүлэг өгөхөд хэлдэг. Хүдэр тээвэрлэхтэй холбоотой талууд маргадаггүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж байна. Үндсэн гэрээний нэмэлт өөрчлөлт хийхдээ гэрээний үнэ нэмэгдсэн асуудал байдаг. Яг энэ агуулгаар төрийн аудитын газар шалгаад дүгнэлт гаргасан. Тэгэхээр шат шатандаа журам зөрчигдсөн нөхцөл байдлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Гэрээ дүгнэсэн актыг гэрээ дүгнэх эрх олгосон шийдвэр байдаггүй. ******* ******* ХХК-ийн тамга тэмдэг дарсан байдаг. Хууль, журмын ноцтой зөрчилтэй, гэрээгүйгээр аман байдлаар зохицуулалттай гэрээг хийсэн юмаа гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Хүдэр тээвэрлэлтийн гэрээ, түүний хавсралт, 2023 оны 12 сарын 12-ны өдрийн Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, хүдэр тээвэрлэлтийн хөлсний өглөгийн нэгтгэл тооцоо, ******* ******* ХХК-ийн 2024.06.16-30 хооронд ТТТХУ-аас тээвэрлэлтийн хүдрийн мэдээ, уурхайн тээврийн баримт, ******* ******* ХХК-ийн 2024.05.17-31 хооронд ТТТХУ-аас тээвэрлэсэн хүдрийн мэдээ, уурхайн тээвэр жагсаалт, ******* ******* ХХК-ийн 2024.06.1-30 хооронд ТТТХУ-аас тээвэрлэсэн хүдрийн мэдээ, уурайн тээвэр жагсаалт, ******* ******* ХХК-ийн санхүүд гаргасан өргөдөл, Хүдэр тээвэрлэлтийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, төлбөрийн баримт, ******* ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 01/37 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн албан бичиг, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 01/39 дугаартай албан бичиг, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 01/36 дугаартай албан бичиг, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 01/41 дугаартай албан бичиг, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл, ******* ******* ХХК-ийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 01/48 дугаартай албан бичиг, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл, Хүдэр тээврийн хөлсний өглөгийн нэгтгэл тооцоо, ******* ******* ******* ТӨХК-ийн ДТҮ/АГ/202203 дугаартай хүдэр тээвэрлэлтийн жолооч нарын тээврийн өглөгийн жагсаалт, 2024 оны 12 сарын 09-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

6. Хариуцагч талаас ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 02/838 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Пийк ом аудит ХХК-ийн 2025 оны 03 сарын 15-ны өдрийн 25/128 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 03 сарын 14-ний өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага зэргийг шүүхэд ирүүлсэн болно.

7. Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч талаас 2024 оны 05 сарын 01-ний өдрийн Бүтээгдэхүүний наряд №2024/ТТТХУ-54, 55, 56, 58, 59, 60, 61, хүдэр тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл 2024.05.29, ******* ******* ХХК-ийн 2024.5.1-16, 2024.05.17-31, 2024.06.01-15, 2024.06.16-30-ны хооронд тус тус ТТТХУ-аас тээвэрлэсэн хүдрийн мэдээнүүдийг гаргаж өгсөн бөгөөд мөн зохигчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.оос авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нийт 1,118,513,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Хүдэр тээвэрлэлтийн гэрээний дагуу төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэсэн бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 39 тээврийн хэрэгслээр 1667 рэйс хийж, 151667,4 тонн хүдэр тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсний төлбөрийг төлөөгүй тул шаардлага гаргасан гэх агуулгаар тодорхойлж байна.

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан бөгөөд энэхүү татгалзлын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан бөгөөд хариуцагч байгууллага нь Төрийн өмчийн компани тул аливаа бичгийн гэрээгүй, тендер шалгаруулахгүйгээр ажил үйлчилгээг бусдаар хийлгэх боломжгүй тул гэрээгүйгээр тээвэр хийсэн хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

4. Хэрэгт 2022 оны 10 сарын 20-ны өдрийн №ДТҮ/АГ202203 дугаартай гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр 2022 оны 10 сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тээвэрлүүлэгч талын заасан маршрутын дагуу төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх, хүнд даацын автомашинаар 700,000 тонн төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх гэрээний нийт үнэ 3,976,000,000 төгрөг, нэг тонн төмрийн хүдрийг Төмөртолгойн хүдрийн уурхайгаас Дархан терминал хүртэл зайд 1 тонн хүдэр тээвэрлэх ажлын хөлс 5,680 төгрөг байхаар тус тус тохирсон байна./хх-ийн 121-126 дугаар хуудас/

Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн ДТҮ/АГ/202203+1 дугаартай гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний хүртэл сунгаж, Төмөр толгойн хүдрийн уурхайгаас Дархан таван нуур болон Дархан импекс ХХК-ийн эзэмшлийн ачилт буулгалтын талбай хүртэл төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэхээр, гэрээний үнийг Дархан импекс ХХК-ийн талбайд 1 тонныг 7,040 төгрөг, Таван нуур ХХК-ийн талбайд 1 тонныг 6,830 төгрөг байхаар тогтоож, өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 182-183 дугаар хуудас/

Мөн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г талууд байгуулж, гэрээний төлбөрт өөрчлөлт оруулж, нэг тонн төмрийн хүдрийг захиалагч талын эзэмшлийн Төмөр толгойн уурхайгаас Дархан терминал хүртэлх зайд ажлын хөлс 6,720 төгрөг, Дархан импекс ХХК-ийн талбайд 1 тонн төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх ажлын хөлс 8,080 төгрөг, Дархан таван нуур ХХК-ийн талбайд 1 тонн төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх ажлын хөлс 7,870 төгрөг байхаар нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 127-128 дугаар хуудас/

Эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх, тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т: Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын маргааны зүйл нь 2024 оны гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаа буюу 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тээвэрлэсэн тээврийн хөлстэй холбоотой бөгөөд энэхүү хугацаанд тээвэрлэлт хийсэн талаар талууд маргаагүй, харин Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд бичгийн гэрээгүйгээр бараа, ажил үйлчилгээ худалдан авах боломжгүй тул хөлс төлөхөөс татгалзаж, маргадаг болно.

Хариуцагч талаас үүнийхээ үндэслэлийг нотлохоор Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 03 сарын 14-ний өдрийн албан шаардлагыг ирүүлсэн бөгөөд тус албан шаардлагаар дээр дурдсан гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.4-т заалтуудтай нийцэхгүй байна гэж дүгнэж, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээгүйгээр хүдэр тээвэрлэлтийн төлбөрийг шилжүүлсэн зөрчлийг арилгаж, биелэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газарт ирүүлэхийг шаардсан байна.

Энэ шаардлагад дурдсан төлбөр нь бичгээр байгуулсан гэрээний хугацаанд биелүүлсэн үүрэгтэй холбоотой байна.

6. Хэрэгт авагдсан хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн пүүлэгчийн гаргасан ******* ******* ХХК-ийн ТТТХУ-аас тээвэрлэсэн хүдрийн мэдээгээр 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл тээвэрлэлт хийсэн, талуудын тайлбараар ийнхүү тээвэрлэлт хийхдээ хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захиалгаар, түүний зөвшөөрлөөр уурхайн талбайд нэвтэрч тээвэрлэлт хийж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал тээвэрлэсэн хүдрийн хэмжээг нийт 151,667.4 гэж тодорхойлсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ийн талбайн мастерын гаргасан мэдээгээр тогтоогдож байна. /хх-ийн 242 дугаар хуудас/

Хариуцагч тал тээвэрлэлтийн хугацаа, тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, мөн тооцсон үнийн дүнгийн хэмжээ зэрэгт маргаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тээврийн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хууль тогтоомжид заасны дагуу гэрээ, хэлцэл хийгдэх журамтай бөгөөд энэхүү журмыг зөрчсөн, гэрээг бичгээр хийгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь хэлцлийн нөгөө талын биелүүлсэн үүргийг үгүйсгэх, хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан тээврийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 5,750,517 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,750,517 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,118,513,481 /нэг тэрбум нэг зуун арван найман сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750,517 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,750,517 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ