Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 03

 

 

2024     01        16                                              2024/ДШМ/03

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000296 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар бургууд ургийн овогт *******ын Гантулга, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ******* нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч ажилтай М.Сэргэлэнгийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар М.Сэргэлэнтэй маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас С.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Хар бургууд ургийн овогт *******ын Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хар бургууд ургийн овогт *******ын Гантулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,

4.5 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь хийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, тавихыг Ховд ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь ямар байдлаар хоорондоо үгүйсгэгдэж байгааг шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно" гэж хуульчилсан.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч М.Сэргэлэн нь Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч ажилтай, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажлын газрын үнэмлэх, алба хаагчдын ажлын хуваарь зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хууольд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба гэж заасан.

Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч ажилтай М.Сэргэлэн нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ******* нутаг дэвсгэрт 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 18-19 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байхдаа 36-38 хоү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан шүүгдэгч С.Гантулгыг зогсох дохиог өгсөн боловч зогсохгүйгээр чигээрээ явж зах руу тойрч ороод захын дээд талд зогсоход нь араас нь очиж зохицуулагчийн зогсох дохио зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцсон талаар мэдэгдэж, торгуулийн хуудсыг өгөхөд уг үйлдлийг эсэргүүцэж цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэж биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч М.Сэргэлэнгийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаар эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах талаар дээд шатны албан тушаалтан болон прокурорт гомдол гаргаагүй нь дээрх зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5.2 Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно гэж заасан бөгөөд цагдаа-зохицуулагч М.Сэргэлэн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгслийг зогсоох, шалгах, шаардлага тавих эрхийг олгосон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 31.6 Цагдаагийн алба хаагчийн зогсох дохио, шалгуулах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн бол хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагчийн зогсох дохио өгөхөд зогсоогүй үйлдэлд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч цагдаагийн албан хаагчийн биед халдаж байгаа үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж үзэхээр байна.

5.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд иргэн ******* нь цагдаа, зохицуулагч М.Сэргэлэнгийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцож тухайн үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцсон гэж цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг хангасан байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой ******* нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай М.Сэргэлэнтэй маргалдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Прокурорын газраас шүүгдэгч С.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            2. Анхан шатны шүүх “хохирогч буюу хууль сахиулагч нь хууль ёсны шаардлагаа тавьсан эсэх нь тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч *******д эрх үүргийг нь тайлбарлалгүйгээр шууд торгох хуудас бичсэн байна” гэх агуулгатай дүгнэлт хийж прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

            3. Прокурор эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дүгнэлт хийж бичээгүй, хэргийн бодит байдал нийцээгүй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

            3.1 Цагдаагийн алба хаагч М.Сэргэлэн нь тухайн үед шүгэл үлээж, дохио мод хэрэглэж жолоочид ойлгомжтой байдлаар зогсоох дохио өгсөн эсэх, мөн жолоочид торгох шийтгэл оногдуулахдаа түүнд эрх үүрэг тайлбарлаж өгсөн эсэх нь шүүгдэгч С.Гантулгын “намайг үндэслэлгүй торголоо” гэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг цохиж, биед нь гэмтэл учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

            Гэтэл шүүх “цагдаагийн алба хаагч М.Сэргэлэн нь тухайн үед шүгэл үлээж, дохио мод хэрэглэж жолоочид ойлгомжтой байдлаар зогсоох дохио өгөөгүй, жолоочид торгох шийтгэл оногдуулахдаа түүнд эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчийн шаардлага хууль ёсны биш байна” гэх агуулгатай дүгнэлт хийж шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Харин жолооч ******* нь цагдаагийн алба хаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргах, цагдаагийн алба хаагч хууль, дүрэм журам зөрчсөн эсэхийг шалгуулж арга хэмжээ авахуулах талаар дээд шатны албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй байхад “намайг үндэслэлгүй торголоо” гэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг цохиж, биед нь гэмтэл учруулсан байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу түүнийг цохиж биед нь гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Харин цагдаагийн алба хаагч М.Сэргэлэнгийн зогсоох дохио өгснийг жолооч ******* мэдээгүй, эсхүл мэдсэн боловч мэдээгүй дүр эсгэж зогсолгүй явсан үйлдэл нь дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 23 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байж болох юм.

3.2 Иймд шүүгдэгч С.Гантулгын “албан үүргээ гүйцэтгэж цагдаагийн алба хаагч С.Сэргэлэнг намайг үндэслэлгүй торголоо” гэх шалтгаанаар цохисон буюу хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хохирогчийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь нэг үйлдлээр нийлмэл гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байна.

            4. “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

 2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР