Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0378

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, 

Маргааны төрөл: татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. (цахим), хариуцагч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Б.Мгаас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол гаргажээ.
  2. Эрх чөлөөний эвсэл намын *******ын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолоор нэр дэвшигчид сонгуулийн сурчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж, нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар тус тус шийдвэрлэж, Эрх чөлөөний эвсэл намын нэг дансаар сонгуулийн сурчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөж явуулж, холбогдох байгууллагад тайлан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.1. Иргэн Б.М нь 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.

  1. “Н” ХХК Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр бүхий 40 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлтийг мөн өдрийн 09/09 дүгээр албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

3.1. Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр албан бичгээр Эрх чөлөөний эвсэл намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй, “Н” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр дүгнэлтийг нөхөн ирүүлсэн үндэслэлээр зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т зааснаар харьяаллын дагуу Сангийн яаманд шилжүүлсэн байна.

3.2. Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Үндэсний аудитын газрын албан бичигт дурдсан үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх зөрчилд холбогдох нэр дэвшигч нарт шийтгэл оногдуулахаар Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч*******д ханджээ.

3.3. Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгээр Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдлийг хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн байна.

  1. Ийнхүү Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.С 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжилт сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар хэрэг нээжээ.
  2. Улмаар улсын байцаагч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсаар Эрх чөлөөний эвсэл намын нэр дэвшигч Б.М () нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгосон байна.
  3. Иргэн Б.М нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсийн татварын улсын байцаагч Ж.С нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг гаргаж, нэхэмжлэгч намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тодруулбал, намайг “Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчил гаргасан” хэмээн буруутгаж, Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгосон. Тухайн торгууль нь хууль бус буюу намайг торгох үндэслэлгүй байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг үндэслэлгүй, хууль бусаар торгож хохироосон тул би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. ... Татварын улсын байцаагч намайг “зардлын дансаа бүртгүүлээгүй” хэмээн буруутгасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан. Иймд сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын данс бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Харин нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улсын төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам нь ... сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж, 5.1-т “... иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, ... намд элсэх, ... тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй” гэж, 7.1-т “Нам дараах эрхийг эдэлнэ” гэж, 7.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” гэж тус тус заасан.

Үүний дагуу иргэд бид өөрсдийн үзэл бодлын үүднээс нам байгуулах, намд элсэх, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэрэгслээ өөрсдөө чөлөөтэй сонгох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох Эрх чөлөөний эвсэл нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Эрх чөлөөний эвсэл намын төлөөллийн төв байгууллaгa болох *******аас 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай. Тогтоолыг гаргаж, тус Тогтоолын 1 дэх заалтаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа Эрх чөлөөний эвсэл намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх Тогтоолын 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж, Тогтоолын 4 дэх заалтаар “Тус тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан Эрх чөлөөний эвсэл намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. Сонгуулын ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Эрх чөлөөний эвсэл намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Эрх чөлөөний эвсэл намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл Эрх чөлөөний эвсэл намын *******ын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаар Тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

Эрх чөлөөний эвсэл нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй. Иймд Эрх чөлөөний эвсэл нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан “намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж, сонгуульд оролцсон гэж бодож байна.

Сонгуулийн тухай хуулийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгаа эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан. Хуулийн тус заалтын дагуy намын сонгууль эрхэлсэн байгууллагын намын болон тус намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг эрхлэх явуулах боломжтой юм. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийх бөгөөд нэр дэвшигч өөрөө сонгуулийн сурталчилгаа хийхгүй тул тэрээр зардал гаргахгүй юм. Эрх чөлөөний эвсэл нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн юм. Үүнийг 2020 оны болон 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн зөвшөөрч, тус агуулгаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан болно. Бид энэ талаар сүүлд Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандаж, бичгээр хариу авсан. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/1000 дугаар албан бичигт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслээс нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа нөхцөлд нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн. Иймд Эрх чөлөөний эвсэл нам, тус намаас нэр дэвшигчдийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй болно ...” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх чөлөөний эвсэл нам сонгуульд оролцохдоо нэр дэвшигчид нь хандив авахгүй, зардал гаргахгүй гэдэг 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан сенатын тогтоол байгаа. Тэгээд энэ тогтоолыг бид яагаад сонгууль эхлэхээс өмнө өөрсдийн сонгуульд оролцох арга хэлбэрээ сонгоод өөрсдийн тогтоолоо гаргасан бэ? гэдэг эхний зорилт маш чухал. 2020 онд Зон олны нам байхдаа бид сонгуульд мөн л энэ хэлбэрээрээ оролцож байсан. 2024 онд бид сонгуульд оролцохдоо хувь хүний эрх чөлөө хязгаарлагдмал төр гэх мөрийн хөтөлбөртэйгөөр оролцсон. Мөрийн хөтөлбөрийн маань гол агуулга нь цомхон бүтэцтэй үр дүнтэй ажилладаг багтай байя. Мөн бид залуучуудын улс төрийн оролцоог мөнгөөр хязгаарладаг байх боломжгүй, улс төрийн оролцоо хүн эвлэлдэн нэгдэж улс төрийн үзэл баримтлалтай байх нь бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх. Бид оролцоог хангаж өгөх туйлын зорилттой оролцлоо. Энэ бол бидний хувьд маш чухал. Бид өөрсдөө цаасан дээр бичсэнээ хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй. Бид үүнийг багаасаа сурах хэрэгтэй. Бид үүнийг залуугаасаа өөрсдөө хийж хэрэгжүүлж ирдэг байх ёстой. Энэ зорилтоороо бид оролцсон. Үүнийгээ Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороонд хэлж байсан. Сүүлийн 8 сарын хугацаанд үргэлжилж буй зөрчлийн хэргүүдийг хянан шалгах үйл ажиллагаа, шүүхийн энэ урт процесс үнэндээ Эрх чөлөөний эвсэл намыг залхаан цээрлүүлэх гэсэн төрийн байгууллагуудын, Засгийн газрын захиалгатай үйл ажиллагаа. Энэ бол улс төрийн хэрэг юм байна лээ гэдгийг бид нар ухаарч байна. Энэ бол Эрх чөлөөний эвсэл намын залуучууд яагаад хандив аваагүй юм, яагаад сонгуулийг бага зардлаар зохион байгуулсан юм, энэ нь хуульд нийцсэн юм уу, энэ хүмүүс өөрсдийнхөө эрхийг хамгаалах ямар гарц гаргалгаа байгаа вэ? гэдэг дээр огт тулгуурлаагүй. Бид үүнийг нотлох хэрэгтэй, хууль зөрчөөгүй гэдгээ батлах хэрэгтэй хэмээн чин үнэнчээр явж ирсэн. Гэвч үүний цаана агуулагдаж байгаа далд санаа угаас улс төрийн зорилготой байсан гэдэг нь урт хугацааны туршид харагдаж байна. Төрийн байгууллагууд өнөөдөр ажил хэргээ яг л ийм байдалтай явуулж байдаг юм байна. Хоорондоо уялдаа холбоогүй байдаг юм байна. Үүнийх нь хөлд дандаа иргэд үрэгдэж байдаг юм байна. 8 сарын хугацаанд бид намаараа бараг л 21 аймагт очсонгүй. Угтаа монголын татварын алба нь иргэдээ залхаан цээрлүүлэх, дарамт шахалт үзүүлэх байдлаар төсвийн орлогыг бүрдүүлдэг юм биш үү? гэж харагдаж байгаа. Нээгээгүй дансыг яаж бүртгүүлэх юм гэдэг логик зөрчилтэй асуултад бид хариулах хэрэгтэй болсон. Бид хуулийн гаргалгаагаар үүнийгээ тайлбарлаж байгаа. Бид Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 36 дугаар зүйлийн 36.2-ыг хэрэгжүүлсэн, Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-ыг хэрэгжүүлж өөрсдийн дотоод зохион байгуулалт бүтцээ сонгосон юм гэж ярих хүртэл илүүц. Яагаад гэвэл энд бид нарт шийтгэлийн хуудсыг бичиж байгаа хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үүнийх нь гарт дандаа жирийн албан хаагчид нь үрэгддэг юм байна. Захиалагч нар нь цаанаа орж суучхаад наанаа энгийн иргэдээ төрийн жинхэнэ албан хаагчидтайгаа муудалцуулаад шүүхийн цаг зав, тог, ус, цахилгаан, интернэтийн төлбөр бараад сууж байдаг юм байна гэдгийг бид 8 сарын хугацаанд харлаа. Хувийн байгууллагуудад ажилладаг залуучууд ажлаа хийж чадахгүй ингээд явж байна. Б.М гэдэг нэр дэвшигчээс анх мэдүүлэг авсан. Бид данс нээгээгүй сонгуульд ийм байдлаар оролцсон гэж мэдүүлгээ өгөөд явсны дараа та нотлох баримтаа аваад ирээрэй гэж хэлж явуулчхаад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа нь дуусахаас өмнө яаран сандран мэдүүлэг авах нэрийдлээр дууссанаа шийтгэлийн хуудсаа бичиж өгч шууд явуулсан байдаг. Би Чингэлтэй дүүрэг дээр манай намын 4 нэр дэвшигчид өдөр дараалаад шийтгүүлснийг гайхаад байгаа. Тэгээд энэ хүмүүс чинь өөрийнхөө буруугүйг нотлох баримтууд нь өөр дүүргүүд дээр очихоор тэр нь нотлох баримт болоод хэрэг нь хэрэгсэхгүй болж байдаг. Чингэлтэй дүүрэг дээр 4 хүн шийтгүүлж байдаг. Ямар учир агуулгатай юм бэ? Яагаад иргэдийгээ улс төрд сонгуульд оролцсоных нь төлөө зардал гаргаагүйнх нь төлөө 10,000,000 төгрөгөөр шийтгээд байгаа юм. Энэ чинь энгийн эрүүл саруул ухаантай хүн сонсоход хүртэл шал утгагүй сонсогдож байна. Энэ магадгүй Эрх чөлөөний эвсэл намыг төр засгийн үйл ажиллагааг эрчимтэй шүүмжилдэг залуучуудын дуу хоолойг хорих гэсэн санаа зорилготой байж болно. Гэхдээ бид 2028 онд энэ агуулгаараа л оролцоно. Яагаад гэвэл сонгуульд оролцоно гэдэг чинь ерөөсөө зардал мөнгөтэй байх шаардлагатай биш. Зардал мөнгө гаргасан юм уу, хууль бусаар хандив авсан юм уу? гэж Б.М гэж нэр дэвшигчийн хувийн данснуудын мэдээллийг нь бүгдийг нь авсан байсан. Хувиараа бизнес эрхэлж худалдаа хийдэг хүн байсан. Бүх өдрийнх нь орлогыг нь гаргаж ирээд авчихсан байсан. Тийм атлаа энэ хүн чинь сонгуульд оролцохдоо зардал мөнгө гаргаагүй гэдгээ нотолж чадахгүй байх чинь эцсийн дүндээ иргэдээ буруугүй гэдгийг нотолж чадахгүй, төрийн байгууллагуудын, Үндэсний аудитын газрын гомдол гэх захиалагчдаа үйлчилж байгаа хэрэг юм шиг харагдаж байна. Биднийг шалгаж эхэлсэн даруйд бид ийм юм яриагүй, 8 сар төрийн байгууллагуудын үүд сахиж шүүхийн үүд сахиж явж байгаагийнхаа үр дүнд би дүгнэлтээ хэлж байгаа юм. Энэ бол улс төрийн захиалгатай хэрэг юм байна лээ. Үүнийг Б.М нэр дэвшигчийг шалгасан байцаагч сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Хоёрхон л удаа Б.М байцаагчтай уулзсан. Бид 120 зөрчлийн хэрэгт шалгагдсан хүмүүс. Тэгээд ийм байдлаар хүнийг гүтгэж байгаа нь хүртэл нам дотроо нэр дэвшигчдийг хагаралдуулах зорилготой байсан юм уу? Танай Б.М гэж нэр дэвшигчийг очиход танай намаас чамайг хамгаалж хэн ч ирээгүй гэж хэлж байдаг төрийн байгууллагатай байж болохгүй. Ер нь хүмүүс хийж байгаа ажлаа бодож байх хэрэгтэй. 1 төгрөгийн зардал гаргаагүй хүнийг 10,000,000 төгрөгөөр шийтгэх нь хэр зохимжтой вэ, хэр шударга вэ? Энэ Зөрчлийн тухай хууль чинь шударга ёсны зарчмыг баримтал гэж хуулийнх нь үзэл баримтлалд эхний хуудсандаа биччихсэн үг өгүүлбэр байгаа. Тэгээд энэ нь шударга юм уу? Сонгуульд оролцоно гэдгийг ийм өндөр зардалтай, ийм явдал чирэгдэлтэй байна гэж хэн тунхаглаад байгаа юм бэ? Үүнээс хойш бид яаж бага зардлаар оролцох вэ? гэдэг дээр толгойгоо ажиллуулж байх хэрэгтэй. Үүнийг ч гэсэн төрийн байгууллагууд яаж хангагдаж байна гэдгийг асууж лавлаж байх хэрэгтэй. Төрийн байгууллагууд иргэдээ нэр дэвшигчдийг тэр байцаагчийнхаа өрөөний үүдэнд суулгаж байхын оронд Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас тайлбар мэдээлэл авахад хангалттай. Тэрийг нь авч өгөхгүй байсан учраас бид хэргийн материалуудад амаараа хэлээд байсан юмыг нь албажуулаад албан бичгээр аваад ирэхэд тэр хүн өөрийгөө буруугүй гэдгийг нотолж чадахгүй байгаа. Нэг төгрөгийн зардал гаргаагүй гэдгээ нотолж чадахгүй байна. Бид өнөөдөр хэлж байгаа үг, үйлдэл бүрээ ямар үр дагавартай вэ? Ялангуяа төрийн байгууллагынхан өөрсдөөсөө асууж байх хэрэгтэй. Б.М гэдэг нэр дэвшигч чинь хөөрхий худалдаа наймаа хийдэг эгэл жирийн татвар төлөгч байгаа. Тэгээд энэ хүн ингээд шүүхийн хаалга татаад явсан бол 3 дугаар сард хэрэг нь нээгдсэн одоо 05 дугаар сар гэхээр 2 сар явах байсан. Тэр хүн тэрний оронд худалдаа наймаагаа хийгээд худалдааны төвөө өргөжүүлээд татвараа төлөөд явж байсан нь энэ улсад хэрэгтэй байдаггүй юм уу? Ийм байдлаар төрийн байгууллагууд хоорондоо уралдаа холбоогүй ажиллаж байна. Энэ бол нэр дэвшигчдийг залуучуудыг улс төрийн оролцоотой байхад нь дарамт шахалт үзүүлсэн залхаан цээрлүүлсэн зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
  2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус болсон гэж үзэж байгаа. Ингэхдээ материалын эрх зүйн хувьд болон процессын эрх зүйн хувьд адилхан алдаатай захиргааны акт гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт процессын хувьд ямар зөрчилтэй вэ? гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлая. Дараах процессын зөрчлүүд гарсан. Нэгт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай гомдол мэдээллийг хэзээ хүлээж авсан бэ? гэдэг нь тодорхой бус байсаар байсан. Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдлыг шилжүүлсэн. Сангийн яамны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр Татварын ерөнхий газарт шилжүүлсэн. Татварын ерөнхий газрын 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн байгаа. Эрх бүхий албан тушаалтан Ж.А зөрчлийн гомдол мэдээллийг хүлээж аваад тэмдэглэл үйлдсэн байгаа. Гэхдээ тэмдэглэл үйлдсэн боловч тухайн тэмдэглэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт заасан шаардлагыг хангадаггүй. Мөн ямар байдлаар шаардлага хангадаггүй гэхээр гомдол мэдээллийг хэзээ хүлээж аваад байгаагаа тусгаагүй явчихсан байдаг. Тийм учраас хэзээ хүлээж авсан нь тодорхой бус, үүнээс болоод Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан хугацааг баримталсан уу, үгүй юү гэдгийг дүгнэхэд хэцүү нөхцөл байдал үүссэн. Энэ асуудалтай холбоотой Татварын ерөнхий газраас бид тайлбар баримт авахад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бид Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс рүү шилжүүлсэн. Энэ албан бичгийг Чингэлтэй дүүрэг тухайн өдөртөө хүлээж авсан гэдэг талаар тайлбар баримтыг ирүүлсэн. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ажлын 5 хоногт багтаагаад зөрчлийн хэрэг үүсэх эсэх асуудлыг шийдэх учиртай. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу ажлын 10 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээсэн. 7 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх ёстой байтал 10 хоногийн дараа буюу хоёр 7 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээсэн. Энэ ажлын 5 хоног өнгөрсний дараа зөрчлийн хэрэг нээгээгүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа дууссан үндэслэлээр тухайн үедээ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Дараа нь харьяаллын дагуу шилжүүлнэ гэдэг маань бас ажлын 5 хоногийн дотор гарах ёстой шийдвэр байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1 дээр зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлбэл гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор харьяаллын дагуу шилжүүлнэ гэсэн. Гэтэл энэ журмыг баримтлаагүй. Үндэсний аудитын газраас 09 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Сангийн яам руу шилжүүлсэн. Сангийн яам үүнийг 10 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газар луу шилжүүлээд байгаа. Энэ нь хугацаа хэтрүүлсэн. Тэгээд Татварын ерөнхий газраас Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээд байгаа үедээ хугацааг хэтрүүлчихсэн байгаа. Үүнээс болоод анх Үндэсний аудитын газар гомдол мэдээлэл гаргаснаас хойш 1 сар 5 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээгдэж байгаа. Дараа нь зөрчлийн тухай гомдол мэдээллийг Чингэлтэй дүүрэгт Ж.А гэдэг улсын байцаагч хүлээж аваад тэмдэглэл үйлдсэн. Гэтэл Ж.С гэдэг улсын байцаагч зөрчлийн хэрэг нээгээд хэргийг шийдвэрлээд байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.4-д хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтныг удирдах албан тушаалтны шийдвэрээр өөрчилнө гэж заасан. Тэгэхээр дарга нь шийдвэр гаргаж байж Ж.А байцаагчийг Ж.С байцаагчаар томилж өөрчлөх ёстой. Гэтэл ийм шийдвэр байхгүй үүнийг өмнө П.Э*******ы нэхэмжлэлтэй хэрэг дээр Ж.А гэж байцаагч тайлбарлахдаа файлд нь байгаа би үүнийг гаргаж хэрэгт нь хийгээгүй албажуулаагүй орхигдуулчихсан юм байна, энэ алдаа болсон байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тэгэхээр Ж.С гэдэг улсын байцаагч энэ зөрчлийн хэргийн хувьд томилогдсон эрх бүхий албан тушаалтан биш учраас энэ хүн зөрчлийн хэрэг нээх, зөрчлийн процесс ажиллагаа явуулах шийтгэлийн хуудас ногдуулах эрх бүхий хүн биш байсан. Дараа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.2 дээр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэсэн. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Ингэснээр зөрчлийн процесс прокурорын хяналтад орно. Гэтэл Үндэсний аудитын газраас Сангийн яам руу, Сангийн яамнаас Татварын ерөнхий газар луу, Татварын ерөнхий газраас Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлэхдээ прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хяналтад ороогүй. Гагцхүү 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээгдээд бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр энэ хүртэл явагдаж ирсэн ажиллагаанууд бүгдээрээ хууль бус байгаа. Эрх бүхий албан тушаалтан маань зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн баримтуудыг танилцуулаагүй. Тухайлбал зөрчлийн хэрэг нээсэн тогтоолоо танилцуулаагүй, хугацаа сунгасан тогтоолоо танилцуулаагүй. Үүний улмаас баримт шийдвэрүүдийн талаар ямар нэгэн хүсэлт гаргах гомдол гаргах хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй. Тухайлбал зөрчлийн хэрэг үүсгэх тухай тогтоолд тогтоолыг холбогдогчид танилцуулна. Тэгээд холбогдогч ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэдэг байдлаар зааж байгаа. Тийм боловч танилцуулаагүй байгаа учраас гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй процесс цааш үргэлжилсэн байгаа. Дараа нь ямар асуудлаар зөрчлийн хэрэг нээсэн бэ? Ямар асуудлаар шийтгэлийн хуудас ногдуулаад байгаа вэ? гэдгийг бид харах нь чухал. Зөрчлийн хэрэг нээсэн асуудлаар шийтгэлийн хуудас ногдуулаагүй. Шийтгэлийн хуудас ногдуулж байгаа, торгож байгаа асуудлаар зөрчлийн хэрэг нээгээгүй байдаг. Энэ ямар учиртай гэхээр зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг харвал сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн. Өөрөөр хэлбэл аудитын тайлангаа хугацаандаа ирүүлээгүй гэсэн. Гэтэл торгохдоо зардлын дансаа бүртгүүлсэнгүй гэдэг байдлаар торгосон гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр энэ зөрчлийн хэрэг нээгээгүй асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад шийдвэр гаргаж байгаа явдал нь хууль бус. Угтаа бол анх зөрчлийн хэрэг нээхдээ л энэ хүнийг ямар асуудлаар буруутгаж байгаа вэ? гэдгийг өөрт нь тайлбарлаад энэ хүн хуульд заасан ямар асуудлаар буруутгагдаж байгаа вэ? гэдгийг мэдэх эрхээ хэрэгжүүлээд энэ хүрээндээ өмгөөлөгч авах уу, үгүй юү эсвэл өмгөөлөгчгүйгээр оролцох уу? Энэ буруутгаж байгаа асуудлын талаар ямар тайлбар баримт гаргаж өгөх вэ? гэдгээ шийдээд явах ёстой байсан. Гэтэл энэ нь зөрчигдсөн. Мөн зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авахдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаагүй. Тийм учраас энэ хүн ийм эрхтэй гэдгээ ойлгоогүй мэдүүлэг өгөөд явсан. Тэгэхээр мэдүүлэг авсан баримт нь бас хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримт юм. Дараа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т шийтгэлийн хуудсанд юу юуг заах вэ? гэдгийг хуульчилсан. Нэгдүгээрт шийтгэлийн төрөл хэмжээ, ямар тогтоогдсон нөхцөл байдлыг заана гэсэн. Тэгэхээр ямар нөхцөл байдлыг тогтоогоод, түүнд ямар шийтгэл ногдуулж байгаа вэ? гэдгээ заах ёстой. Гэтэл шийтгэлийн хуудаст аудитын тайлангаа хугацаандаа ирүүлээгүй гэдэг асуудлыг шалгаад олсон нь гэснээ, тэр олсон нь гэдгийн дараа ямар нөхцөл байдлыг тогтоогоод олоод байгаа юм бэ? гэдгийг бичих ёстой байтал хоосон орхисон. Тэгэхээр ямар нөхцөл байдлыг олоод шийтгэл ноогдуулж байгаа гэдэг нь тодорхой бус. Хоёрдугаарт 10,000,000 төгрөг гэж бичээд байгаа боловч 10,000,000 төгрөгөөр торгож байна гэдэг үг үсэг байхгүй. Одоо ингээд торгосон юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа боловч иргэнд тухайн үедээ таныг 10,000,000 төгрөгөөр торгож байгаа гэдгийг ойлгомжтой байдлаар акт гаргаагүй. Энэ захиргааны актад тавигдаж байгаа утга агуулга ойлгомжтой байна гэдэг шаардлагыг зөрчиж байгаа хэрэг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангахгүй байгаа. Материаллаг эрх зүйд ямар алдаатай вэ? гэхээр Эрх чөлөөний эвсэл нам 2020 оны сонгуульд ч гэсэн энэ агуулгаар оролцсон. Тухайн үедээ Зон олны нам гэдэг нэртэй байсан. Энэ агуулгаар хандив авахгүй, зардал гаргахгүй, сурталчилгаа хийхгүй. Харин нам нэгдсэн байдлаар сурталчилгаа хийнэ гэж оролдсон. Энэ үед татварын байцаагчид энэ хүмүүсийг торгоогүй. Харин Үндэсний аудитын газраас гомдол гаргасныг татварын байгууллага бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. ******* аймагт 1 удаа данс нээгээгүй бүртгүүлээгүй торгосон. Үүнийг эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргатал ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Ингэхдээ энэ хүмүүс дансаа нээгээгүй, данс нээх үүрэггүй юм байна, нэгэнт данс нээгээгүй учраас бүртгүүлэх үүрэггүй юм байна гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Үүнийг татварын байгууллага хүлээн зөвшөөрөөд гомдол гаргаагүй. Тэгэхээр Эрх чөлөөний эвсэл нам буюу тухайн үеийн нэрээр Зон олны нам ямар ойлголттой болсон бэ? гэвэл нэр дэвшигчид данс нээхгүй байж болох юм байна, хандив авахгүй сурталчилгаа хийхгүй бол данс нээхгүй юм байна. Энэ нь хууль ёсны юм байна гэдэг ойлголтыг тухайн үедээ баттай авсан. Яагаад гэвэл түүхэнд ч тэгж шийдлээ, татварын байгууллага нь ч хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр энэ хууль ёсны итгэл үнэмшлийн үндсэн дээр 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд мөн адилхан аргаар оролцсон. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтаар торгосон гэж ярьж байгаа боловч зардлын дансыг бүртгүүлэхгүй байх гэдэг зөрчил байгаа. Харин зардлын данс нээгээгүй гэдэг зөрчил байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийг зардлын данс нээгээгүй гэдгээр торгох боломжгүй. Харин бүртгүүлээгүй гэж торгох гэж байгаа бол нээгээгүй дансыг угаасаа бүртгүүлэх боломжгүй. Сүүлд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч гэсэн бидний нэхэмжлэлтэй маргааныг энэ агуулгаар тайлбарлаж шийдэж явж байгаа. Би сүүлд шүүхэд өгсөн нэмэлт тайлбар гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг эш татсан. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Энэ бол ******* аймагт гарсан маргаан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бас н.С*******ын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдсэн. Энэ бол ******* аймагт торгуулсан Эрх чөлөөний эвсэл намын нэр дэвшигч байгаа. Хоёулаа Эрх чөлөөний эвсэл намын нэр дэвшигчид, энэ хүмүүс бүгд ижилхэн Б.Мтай нэг нам. Тэгээд намын сенатын тогтоол гараад зардлын данс нээхгүй, хандив авахгүй, зардал гаргахгүй гэж сонгуульд оролцсон. Тэгэхээр сенатын тогтоолоо хэрэгжүүлсэн хүмүүс ижилхэн нөхцөл байдалтай байгаа. Хууль хэрэглээний хувьд ч гэсэн ижилхэн нөхцөл байдал байгаа. Тийм учраас энэ агуулгаар хуулийг тайлбарлаж хэрэглэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдалд хүрнэ гэж үзэж байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоод нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

10. Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С би, Үндэсний аудитын газраас 2024 тоны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн дугаар Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт ******* дугаар Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэргээр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Эрх чөлөөний эвсэл намын нэр дэвшигч () Б.М нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлсэн.

Тодруулбал, Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил, гэж татварын улсын байцаагчид хуулиар харьяалуулсан тул дээрх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлэхэд Б.М нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ба Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн дугаар “Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт ******* дугаар “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтаар тус тус нотлогдож байна

Улмаар “Н” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0/24-44 дугаар хараат бус Аудитын дүгнэлт, Үндэсний Аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай”, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар “Зөрчил шийдвэрлүүлэх тухай”, Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” албан бичгүүдээр нэр дэвшигч Б.Мг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.., 57 дугаар зүйлийн 57.3-д хэсэгт “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.“Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэр дэвшигч Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлэг, тайлбартаа: Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө огт данс нээгээгүй, аливаа хүн хуулийн этгээдээс хандив тусламж аваагүй зөвхөн намын үндсэн дансаар нэгдсэн байдлаар зардлаа тайлагнана. Миний хувийн хоол унааны зардлаа би өөрөө гаргаж байсан гэж мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь хандив авсан, эс авсан ч сонгуулийн зардлын дансыг нээж, бүртгүүлэн хуулийн дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000.00 (арван сая) төгрөгөөр торгож, дүгээр шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон болно.

Иймд татварын улсын байцаагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчэс тус шүүхэд гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудасны харьяаллын дагуу шилжүүлэх бүртгэх ажиллагаа надаас хамаарахгүйгээр процессын дагуу явагдаад надад ирсэн. Ирснээс хойш би хугацааны хувьд процессын асуудал гараагүй. Тэгээд би тухайн зөрчлийг хүлээж аваад Б.М нэр дэвшигчтэй утсаар холбогдоод тайлбарлаад, энэ тухайгаа яриад өөрийг нь дуудан ирүүлээд бүх учир тайлбарыг нь яриад бид хоёрын хооронд ийм хугацааны дагуу шалгана. Тэгэхдээ үүнийг би прокурорын хяналтын дагуу сунгуулна, удирдах эрх бүхий албан тушаалтнаараа ийм хэмжээний хугацааг сунгуулах, ийм хугацааны дагуу өөрийн чинь ажлыг шалгана гэдгийг хамгийн анхны уулзалтаар мэдэгдсэн. Тэгээд бүх шалгалтын явцад зөрчил байгаа гэдгээ өөрөө анхнаасаа хэлсэн. Тэгэхдээ намын нийтлэг тайлбар өгч байсан. Бид зохих хууль журмынхаа дагуу шийдвэрлэсэн. Зөрчлийн шийтгэлийн хуудас дээр олсон хэсгээ орхисон байна гэж сая дурдагдсан. Тухайн олсон хэсгийг зөрчлийн хэрэг нээснээс дуусах хүртэл хугацаанд энэ хүнийг зөрчил гаргасныг нь энэ хавтас баримтаар нотолсон. Нотлох баримтуудаар үйлдэл нь тогтоогдсон учраас орхиод явчихсан байна. Энэ тайлбараа албан ёсоор хэлье. Энэ дээр бичээгүйгээс болоод тухайн нэр дэвшигчийн эрх ашиг хөндөгдөөд ч юм уу, ямар нэгэн нухацтай асуудал үүсээгүй, үүсэх боломжгүй гэдгийг нь би өөрийн зүгээс тайлбарлаж байна. Тэгээд ямар нэгэн улс төрийн шахалт ч юм уу, тийм дэмжлэг юу гэдэг юм ялангуяа бид нарын хувьд тийм асуудал үнэндээ байхгүй. Бид гүйцэтгэх албан тушаалтан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Тэгээд ажил үүргийнхээ хүрээнд аль болох зөв зүйтэй шийдвэр гаргаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хүмүүс байгаа. Энэ үүргийнхээ дагуу ажилласан. Б.Ц гэдэг эмэгтэйтэй би уулзаж байгаагүй. Б.М нэр дэвшигчтэй 2 удаа уулзсан, утсаар мэдээж ярьж байсан. Процессыг тухайн үед нь тайлбарлаж байсан. Үүнд тэр дэвшигчийг гүтгэсэн тийм хувийн харилцаа байхгүй. Энэ эмэгтэйтэй би ерөөсөө уулзаж байгаагүй” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Анх Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг Сангийн яаманд хүргүүлсэн байдаг. Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Татварын ерөнхий газарт ирж, Татварын ерөнхий газраасаа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн цахим бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Энэ нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Чингэлтэй дүүрэг гомдол мэдээллийг хүлээн авсан. Гомдол мэдээллийг хүлээн авсан татварын улсын байцаагч Ж.А гэж байгаа нь би байна. Гэхдээ надад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цаасаар ирээд бүртгэлийг хийж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Хугацааны хувьд алдаатай зөрүүтэй зүйл гарсныг жишээлбэл би гомдол мэдээлэл хүлээж авахдаа 10 дугаар сарын 22-ны өдөр гэж бичсэн нь миний алдаатай үйлдэл байсан гэдгээ өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Үүнээс бусад тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх хугацаа алдсан зүйл байхгүй гэдгээ хэлье. Хоёрдугаарт нь харьяаллын дагуу шилжүүлсэн. Энэ болохоор улсын байцаагч нар гомдол мэдээллийг хүлээн аваад зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалд буюу тухайн Татварын хэлтэс 4 нэгжтэй. Хяналт шалгалтын нэгжийн дарга Ц.Т******* харьяаллын дагуу шилжүүлэх тогтоолоор шилжүүлсэн. Үүнээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт хамааралтай 5 нэр дэвшигч шалгагдсан. Зөрчлийн талаар харьяаллын бус шийтгэл ногдуулсан гэж байгаа. Ерөнхийдөө зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээллийг хүлээж аваад Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан бичиг дээр дурдагдсан данс бүртгүүлээгүй, Үндэсний аудитын газарт дүгнэлтээ хугацаанд нь хүргүүлээгүй, тайлагнаагүй гэсэн гомдлын утгатай үг үсгийг шийтгэл дээр бичсэн байдаг. Гэхдээ данс бүртгүүлээгүй гэдэг зөрчил орсон байгаа. Энэ нь зөвхөн шийтгэлийн хуудасны дээд талын тодорхойлох хэсэг дээр буюу ямар гомдол мэдээлэл хүлээж авсан талаарх дээр дурдагдсан. Б.Мд нэр дэвшигчтэй холбоотой Ж.С байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсанд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэдэг нь хуулийн үг үсгээрээ бичигдсэн байгаа. П.Э*******ых дээр 10,000 гэж бичээд орхичихсон байсан. Энэ шийтгэлийн хуудсан дээр Ж.С байцаагч хуулийн зүйл заалтыг тодорхой бичсэн. Татварын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн тухай хуульд зөрчсөн зөрчлийг шалгасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 51.3-т зааснаар тухайн нэр дэвшигч нам, эвсэл маань Банкны тухай хуультай нийцүүлэн сонгуулийн зардлын 1 данс нээлгэх хуулийн заалттай байгаа. Мөн сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хуулиар хүлээсэн байсан. Татварын улсын байцаагч нар маань зөрчил шалган шийдвэрлэх явцдаа холбогдох нотлох баримтуудаар нотлоод Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж шийтгэсэн. Нэхэмжлэгч талаас улс төрийн агуулгатай гэж үзээд байх шиг байна. Татварын улсын байцаагч нар хуульд заасан үүргээ хэрэгжүүлдэг, чиг үүргийн хувьд ч татварын улсын байцаагч нар маань Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т зааснаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийг шалгадаг. Хуулийн заалтад данс нээж бүртгүүлэх үүрэг байсан. Анх сонгуульд оролцохдоо ч гэсэн нам эвсэл маань залуу улс төрийн хүчин бага зардлаар оролцох боломжтой байна гэдгээ зарлаад сенатын тогтоолоороо тогтоогоод ажилласан байж болно. Гэхдээ хуульд дансаа нээж бүртгүүлэх гэдэг үг үсэг ороод энэ хуулиар хариуцлагажуулсан учраас татварын улсын байцаагч хуулийн дагуу л арга хэмжээ тооцсон. Энэ дээр ямар нэгэн улс төрийн шинжтэй агуулга бидэнд байхгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Татварын улсын байцаагчийнхаа шийтгэврийг дэмжиж байна” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3.“Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4.“Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21.“Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

3.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэх, нээлгэсэн дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байх ба дээрх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар шийтгэл оногдуулах юм.

  1. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх үүргээ зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулах эрх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагчийн харьяалалд хамаарах боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан шийтгэлийг оногдуулах эрх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид хамаарч байна. 

3.1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарлаж байх боловч зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” гэж үндэслэлээ тодорхойлсон нь өөрийн харьяалалд хамаарахгүй асуудлаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. 

3.2. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Татварын ерөнхий газраас мэдээллийг ирүүлэхдээ Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэдгийг сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх зөрчлийн шалтгаан болгон дурдсан байх ба Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс мэдээллийг хүлээн аваад (удирдах албан тушаалтан болон эрх бүхий албан тушаалтан хэн аль нь) Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.”Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;”, 3.”Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.”, 6.4 дүгээр зүйлийн 1.“Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.” гэж зааснаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэхээр байжээ. 

  1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигчид холбогдох зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгийг дотоод сүлжээгээр (ERP системээр) Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагч Ж.А гомдол мэдээллийг хүлээн авсан талаар баримт үйлдсэн байхад татварын улсын байцаагч Ж.С 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийтгэл оногдуулжээ. 

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.”Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 1.4.шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх;” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтныг өөрчилсөн удирдах албан тушаалтны шийдвэр зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байх ба татварын улсын байцаагч Ж.Аыг өөрчилсөн удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр татварын улсын байцаагч Ж.С шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцэхгүй гэж үзлээ. 

  1. Мөн хуулийн 1.6 дугаар зүйл 4.“Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.”, 6.1 дүгээр зүйлийн 2.”Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: … 2.4.зөрчлийн хэрэг нээх.” гэж заажээ. 
  2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч татварын улсын байцаагч Ж.А 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гомдол мэдээллийг бүртгэсэн байхад татварын улсын байцаагч Ж.Сгийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар дурдаж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна. 

6.1. Дээрх хуулийн заалт болон нөхцөл байдлаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ажлын 5 өдрийн шийдвэр гаргах ба дүүргийн татварын хэлтэс хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 5 хоногийг тооцохоор мөн сарын 23-ны өдрийн 24 цагаар шийдвэр гаргах хугацаа дуусчээ. 

  1. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн Хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын Дээд шүүхэд санал оруулах хүсэлтийг гаргасан ба энэ тохиолдолд шүүх Улсын Дээд Шүүхэд санал оруулах шаардлагагүй гэж үзлээ.

8.1. Харин сонирхогч этгээд тус асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд гомдол, мэдээлэл гаргах боломжтой юм.                                                                       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.22, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.1 дэх заалт, 6.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Мгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтстийн улсын байцаагч Ж.Сгаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН