Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00988

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00644 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Б.Э-од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 34 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, үүнээс хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасаж, 34 000 000 төгрөгийг хариуцагч Б.Э-оос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С-той хамтарч бизнес хийх зорилгоор Б.С-гийн дүү Б.Б-гээс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 17 678 000 төгрөг Б.С-гийн дансанд орсныг Б.С-гийн данснаас хүмүүст зээлүүлээд, түүний эргэн төлөлтөд нийт 21 141 000 төгрөг буцаж Б.С-гийн дансанд орсон. Миний хувьд 34 000 000 төгрөгөөс 21 141 000 төгрөгийг хасаад 12 589 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э-оос 28 891 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 5 108 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 302 408 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Б.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг Б.С-гийн дансаар дамжуулж авсан. Үүний дараа зээлийн эргэн төлөлт мөнгийг Б.С-гийн дансанд хийж эргэж төлж байсан. Нэхэмжлэгч өөрөө тооцоогоо буруу хийж шүүхэд хандсан. Үндсэн зээл болон хүүг эргэн төлөөд 12 589 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, түүний гаргаж өгсөн баримтад хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагчийн гаргасан тайлбар баримтыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 44 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 10 000 000 төгрөгөөр багасган, 34 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Э- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 14 000 000 төгрөг, нийт 34 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 17 678 000 төгрөгийг Б.С-гийн дансаар хүлээн авч, эргэн төлөлтөд нийт 21 141 000 төгрөгийг буцаан төлсөн тул одоо 12 589 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Б- нь 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч Б.Э- нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-7-р тал/

 

Дээрх зээлийн гэрээний 7.3-т Б.С-гийн 5007420705 дансаар 3 сарын 14-нд хүлээн авсан гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний 7.3-т заасан дансанд энхболдод зээлэв гэх гүйлгээний утгатайгаар 17 678 000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 8-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, харилцан гарын үсгээ зурсан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч Б.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих нийт төлбөрийг тодорхойлохдоо дансаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 17 678 000 төгрөгөөс хүү тооцож, үндсэн зээл 17 678 000 төгрөг, 12 сарын хүү 21 213 600 төгрөг, нийт 38 891 600 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцсэн байна. Нөгөө талаар, хариуцагчийн зөвшөөрлөөр зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээд болох Б.С- нь 20 000 000 төгрөгийг хариуцагч Б.Э-од хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 17 678 000 төгрөгөөс хүү тооцсон нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Э- нь бусдад зээлдүүлсэн мөнгөний хүү Б.С-гийн дансанд ордог байсан, үүнээс 21 141 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-гийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Б.С-гийн дансанд хариуцагч Б.Э-ын бусдад зээлдүүлсэн мөнгөний хүү орсныг нэхэмжлэгч Б.Б-гийн зээлийн үүрэгт тооцох үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул 12 589 000 төгрөг төлөх ёстой гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд зээлийн нийт үүрэг 38 891 600 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасаж, хариуцагч Б.Э-оос 28 891 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 5 108 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. Хариуцагч нь хохирсон гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00644 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 408 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ